Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг удааширснаас банкны зээлийн эрэлт, нийлүүлэлт хязгаарлагдсаныг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар мэдээллээ.

Эдийн засгийн тэлэлтийг дагаад өнгөрсөн хоёр жилд өсөлттэй байсан банкны зээл энэ хагас жилд 4.6 хувиар буурч, 17.3 их наяд төгрөг болов. Үүнээс хэрэглээний зээл 17 хувиар агшсан байна. Зээл агшихад цар тахлаас гадна Монголбанкны 2019 оноос хэрэгжүүлж буй хэрэглээний зээлийг хязгаарлах арга хэмжээ гол нөлөө үзүүлснийг албаны эх сурвалжууд хэллээ. Хэрэглээний зээлийн агшилтыг дагаад автомашины импорт 33 хувь, цахилгаан барааны импорт найман хувиар тус тус буурчээ. Хоёрдугаар сараас иргэдийн хэрэглээний зээл буурч эхэлсэн нь цар тахлын нөлөөнд хамгийн мэдрэмтгий байсныг харуулж буйг Монголын банкны холбооны судлаачдын клубын гишүүн Г.Батзориг онцолсон юм. Нийт зээлийн ангиллыг авч үзвэл хадгаламж барьцаалснаас бусад төрлийн зээлийн хэмжээ хумигджээ. Өөрөөр хэлбэл, иргэд хадгаламжаа ашиглаж эхэлсэн байна.

Гэнэтийн хөл хорио эдийн засаг царцах шалтгаан болж, улмаар иргэдийн хугацаа хэтэрсэн зээл нэгдүгээр улиралд 40 орчим хувиар өссөн байна. Харин дөрөвдүгээр сараас Монголбанкнаас иргэдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт 21 хувь болж саарчээ. Гэхдээ хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр энэ оноор дуусгавар болно. Үүний дараа хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ огцом нэмэгдэх эрсдэлтэй байгаа юм.

Бизнесийн зээл олголт арай хожуу буюу энэ оны тавдугаар сараас буурч эхэлсэн бөгөөд хагас жилийн байдлаар нийтдээ гурван хувиар буурч, 8.2 их наяд төгрөгт хүрээд байна. Харин чанаргүй зээл нийт зээлийн 11 хувийг эзэлж, 1.9 их наяд төгрөгтэй тэнцжээ. Задалж харвал уул уурхайн салбарт гурван зээл тутмын нэг, тээврийн салбарт таван зээл тутмын нэг нь чанаргүйджээ. Цар тахлын эсрэг хатуу хөл хорио, түүхий эдийн үнийн бууралт, нүүрс, зэсийн экспорт саарсан зэрэг нь уул уурхай, тээвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын компаниудад сөргөөр нөлөөлж чанаргүй зээл нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Гэхдээ дотооддоо цар тахлыг алдахгүй, нүүрсний экспорт одоогийн эрчээрээ явбал эдийн засгийн суурь орчин аажмаар сэргэж оны төгсгөлд бизнесийн зээл олголт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Мөн Монголбанкны дөрөв ба зургадугаар сард гаргасан бодлогын хүүг есөн хувьд хадгалах шийдвэр оны төгсгөлд илүүтэй мэдрэгдэж, улмаар зээлийн жилийн өсөлт 1-2 хувьтай байх бөгөөд зээлийн өсөлтөд байгууллагын төгрөгийн зээл жин дарна гэж үзэж буй аж.

Банкны салбарт туссан цар тахлын бас нэг сүүдэр нь долларжилт юм. Нийт хадгаламжийн 20 орчим хувийг эзэлж байсан валютын хадгаламж жилийн хугацаанд 48 хувиар нэмэгдэж, нийт хадгаламжийн 29 хувьтай тэнцжээ. “Саарал жагсаал”-тай холбоотой мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард цацагдсан үеэс төгрөгтэй харьцах ам.долларын ханш өнөөг хүртэл тогтмол нэмэгдэж буй. Мөн цар тахлын нөлөө, сонгуулийн дараа төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт нь иргэд, байгууллагууд төгрөгийн хадгаламжаа долларт хөрвүүлэхэд нөлөөлсөн байна. Хамгийн бодитоор, оны эхэнд Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийсэн нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, улмаар ханш өсөхөд нөлөөлжээ.

Гэхдээ Монголбанкнаас хэрэгжүүлж буй долларжилтын эсрэг бодлого үр дүнгээ өгч, ирэх оны тавдугаар сар хүртэл их хэмжээний валютын гарах урсгал байхгүй тул долларын хадгаламжийн өсөлт оны төгсгөлд 27 хувиар саарах хүлээлттэй байна.

Монголбанкны долларжилтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд иргэд, байгууллага хооронд валютын гүйлгээг зогсоож, валютын харилцах дансанд хүү тооцохыг хориглосон. Мөн Хадгаламжийн даатгалын корпораци ам.долларын хадгаламжийг даатгахаа больж буй. Нөгөөтэйгүүр, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхээр алт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, алт олборлогчдыг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээр дэмжиж байгаа бөгөөд үр дүнд нь гадаад валютын нөөц 800 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

tselmeg tselmeg