Монгол орон баян. Төв Азийн цээжинд цохилох тус улсад газрын гүн дэх эрдэс түүхий эдээс илүү их баялаг хадгалаастай. Тэр нь Монгол түмний уламжлалт ёс заншил, түүх соёлын арвин өв юм. Манай сэтгүүл “Made in Mongolia” булангийн нийтлэлээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Хөвчит нум” ХХК-ийн зөвлөх Ж.Сүхбаатар, түүний хүү нум сум урлаач С.Болдбаатар нартай уулзаж бэлтгэлээ.

Нарны гэрэлд цацрах хөвөн цагаан цас, жавар шингэсэн цэнгэг агаар биднийг угтлаа. Дулаанхаан уулын өвөр, Ерөө голын хөвөөнд орших энэхүү тосгон одоогоос 51 жилийн өмнө байгуулагджээ. Манай сэтгүүлийн сурвалжлах баг тус сумын нум сум урлаач Ж.Сүхбаатарынд очсон юм. Нутгийнхан нь түүнийг анддаггүй юм билээ. Тэрбээр 52 жил ханилсан гэр бүлийн хүн Ж.Даваагийн хамт биднийг дотно угтсан. Халуун цай ууж, орон нутгийн брэнд талх амталж, Дархан-Уул аймагт үйлдвэрлэсэн хиам, тавагтай идээгээр дайлуулах зуур орон нутагт үйлдвэрлэл хөгжжээ гэж бодогдов. Биднийг тэднийд очсон даруйд Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас хүүгээ дагуулсан зочин ирэв. Тэрбээр авч яваа нумаа гарган үзүүлж, юу нь болохоо байсныг мэдэхийг хүссэн юм. Сүхбаатар урлаач нумыг эргүүлж тойруулан хэсэг зуур шинжсэний эцэст “Шөрмөс нь хөндийрсөн байна” гэсэн онош тавилаа. Ирсэн зочны нэр алдрыг Х.Говь гэдэг бөгөөд 1957 оноос нум сум харваж байгаа аж. Тэрбээр Сүхбаатар гуайн тухай бидэнд хандаж “Үндэсний сурыг хөгжүүлэхэд гэр бүлээрээ хувь нэмрээ оруулж байгаа буянтай буурал байгаа юм. Улаанбаатараас энэ хүний нум сумны үйлдвэрлэлийг сурвалжлахаар ирсэн та бүхэнд талархаж байна” хэмээв. Монгол Улсад гарын 10 хуруунд багтах нум сум урлаач байдаг аж. Тэдний хоёр нь Дулаанхаанд амьдардаг. Улсын мэргэн Ж.Сүхбаатар, спортын мастер З.Баатар нар монгол нум сум урлах ухааныг хүүхдүүддээ зааж сургах их үйлийг хийсэн ахмадууд юм. Сүхбаатарын Болдбаатарын нум сумны урланд зочиллоо.

                                                                                               Эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум

“Хөвчит нум” компанийн урлан багийн Захиргааны байрны хажууд байрлах аж. Урлангийн зууханд гал дүрэлзэн асна. Өрөөний голд модон ширээнүүд байрлуулжээ. Дээр нь урлаж буй нум, янгирын эвэр, хусны үйс, бодын шөрмөс, тасын өд, хайч, цавуу тавиастай. Биднийг урландаа хүлээж авсан Болдбаатар нум хийх талаар тайлбарлаж өгсөн юм. Уламжлалт монгол нум сумыг мал, амьтны түүхий эд ашиглан гар аргаар хийсээр иржээ. Үүнд, үхэр, янгирын эвэр, бод малын шөрмөс, хусны үйс, хулс ордог. Ан амьтны гаралтай түүхий эдээр хийдэг тул нум сум хувиралттай /мал, амьтны гаралтай түүхий эдүүдийн физик чанар өөрчлөгддөг/, байдаг. Монгол нум сумын онцлог нь чухам үүнд оршино. Нумын гурван бие буюу гол бүтцэд эвэр, хулс, бодын шөрмөс ордог аж. Дэлхийн олон орны нум сумтай харьцуулбаас манай нум шөрмөстэйгээрээ ялгардаг. Тийм ч учраас эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум гэж хэлдэг. Нум сум харвахаас өмнө нумаа “эвшээлгэдэг” нь учиртай. Эвшээлгэнэ гэдэг нь нумынхаа хатуу, зөөлнийг нь тохируулж чангаахыг хэлж байгаа аж. Энэхүү үйл нь шөрмөсний физик чанар алдагдахаас сэргийлж байгаа гэсэн үг. Сүхбаатар гуай сумны хүнд, нумны хатуу зөөлөн, хүний бяр чадал тэнцэж байж харваач болдог тухай ч хуучилсан.

Нум сум урлахад ордог ихэнх түүхий эдийг дотоодоосоо базаадаг. Харин хулсыг Хятадаас авдаг байна. Нэг нуманд 12-13 төрлийн материал ордог бөгөөд чимхлүүр ажил ихтэй. Түүхий эдээ бэлдэж нум сум хийхэд 4-6 сарын хугацаа зарцуулах нь ч бий. Нааж, зүйх гээд нарийн ажиллагаатай учраас тэр. Хулс, эвэр хоёрыг наагаад хатсаны дараа шөрмөсийг нь тавьдаг. Наалт наанадаж дөрвөөс зургаан сарын дотор хатдаг. Ер нь бол бүтэн нэг жил болж байж гүйцэд хатах үйл явц явагддаг. Нумыг удаан хатаах тусмаа хамгийн сайн бат бэх болдог гэж Болдбаатар ярив. Үйлдвэрлэлийг голдуу сэрүүний улиралд явуулах нь тохиромтой аж. Учир нь бүх материал амьтны гаралтай тул зун түүхий эдийн олдоц муугаас гадна хэт халуунд нум хатдаггүй талтай. Тухайлбал, шөрмөсийг мах бэлтгэлийн үеэр “Махимпэкс”-ээс 2900 төгрөгөөр худалдаж авдаг байна. Гэвч сүүлийн үед ченжүүд шөрмөсийг их хэмжээгээр авч, Япон руу гаргах болсон нь нум сум урлаачдын хувьд түүхий эдийн хомсдол үүсгэж болзошгүй юм. Японд бодын шөрмөсийг боловсруулж тансаг зэрэглэлийн хоол хийдэг байна. Янгирын эврийн олдоц ч гэсэн сүүлийн үед муудсан гэнэ. Иймд янгиртай газрын харваачдаас эвэр авч, оронд нь нум сум авах маягаар хамтрах болсон байна. Нэг нум бэлдэхэд нэг кг орчим шөрмөс, янгирын хос эвэр, тас шувууны өд ордог аж. Сумаа улиас, хус, бургасаар гэхчлэн олон төрлийн модоор хийж болох ч эднийх голдуу улиасаар урладаг. Эвэр, шөрмөсийг наахдаа малын арьс, турууны найрлагатай цавуу ашигладаг байна.

Түүнчлэн нум сумны үйлдвэрлэлд хүний оролцоо их. Шөрмөс урах ажлыг л гэхэд нэгээс хоёр хүн хийнэ. Эврээ хөрөөдөх, халаах, тэгшлэх ажлыг мөн хоёр хүн гүйцэтгэнэ. Дамжлага, чимхлүүр ажил ихтэй энэхүү үйлээр хийсэн нум сум бүр бэлэн бүтээгдэхүүн болдоггүйг ч Болдбаатар учирлав. Эвэр хэт элэгдэж, гэмтсэн, эсхүл буруу хөрөөдсөн бол дахиж хийхээс аргагүйд хүрдэг аж. Жишээ нь, бодын шөрмөсийг урахад нэлээд эв дүй шаардана. Эвгүй татвал тасардаг тул эвийг нь олж урт уртаар нь таслах хэрэгтэй гэнэ. Ажлын оргил үеэр зургаан хүн ажиллах бөгөөд бусад үед түүхий эдээ боловсруулах зарим ажлыг гэрээр хийдэг аж. Орчин үед техник, технологи өндөр хөгжиж байгаа ч нум сум урлан бүтээх ажлын хамгийн багаар бодоход 70 хувь нь заавал гар аргаар бүтэх ёстой гэж Сүхбаатар гуай өгүүлсэн. Одоогийн байдлаар эднийх бүтээгдэхүүнээ 90 хувь гар аргаар хийж байна. Үнийн хувьд дөрвөн сумтай нумыг 400 мянгаар, хоромсог саадагтай гоёлын нум сумыг 600 мянган төгрөгөөр хийж байна. “Хөвч нум” компани жилдээ 60-70 нумын захиалгыг аймаг, орон нутаг, жуулчны байгууллага, тэр ч байтугай гадаадаас авдаг байна. Орос, Америк, Франц, Германаас ч захиалга ирэх нь бий.

Эрийн гурван наадмын нэг болсон Монгол үндэсний сур харваа нь Хүннүгийн үеэс үүсэлтэй. Ан ав хийж, хоол тэжээлээ бэлдэх, агнасан ангийн арьсаар дээл хувцсаа хийж өмсөх байдлаар үүссэн түүхтэй. Хүннүгийн үед Монголын урчууд нумаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай хийдэг болжээ. Түүнчлэн сумаа өдтэй болгосон. Ингэснээр нумын хүч чадал нэмэгдэж, сум нь өмнөхөөсөө хол явдаг болсон байна. Нум сум хөгжлийн гурван үеийг дамжсан байна. Эхний буюу хүй нэгдлийн үед ан хийдэг байж, дараа нь эх орноо батлан хамгааалах, эр цэргийн зэвсэг болсон. Харин хожим энх цагийн бүтээн байгуулалтын үед спортын хэрэгсэл болж, 1960 оноос өргөнөөр хөгжсөн. Эмэгтэйчүүд энэ үеэс л сур харваанд оролцдог болжээ. Манайд халх, урианхай, буриад гэсэн гурван төрлийн харваа байдаг гэж Сүхбаатар гуай сонирхуулсан юм. Халх харвааг 75 метрээс, буриад, урианхай харвааг 40 метрээс харвана. Эдгээрийн нум нь адил, сумнууд нь харин өөр байдаг аж.

Төрийн ордонд залсан нум

Сүхбаатар гуай хүү Болдбаатарын хамт хоёр жил хагасын хугацаанд уртаараа хоёр метр 50 см нум, нэг метр 50 см урт (ердийн нумын урт нь хоёр метр 30 см, сум нь метр байдаг) сум урлажээ. Үүнийгээ 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр залсан аж. Тэд Чингисийн үед нум сумаа шүтэж, төрийн цагаан сүлдний дэргэд тахидаг байсан ёс заншлаас санаачилсан байна.

Сүхбаатар гуай Дорнод аймгийн Халх сумын уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул хүн. Тэрбээр хөдөлмөрийн гараагаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Мод боловсруулах комбинатад зүсэх машинистаар эхлүүлж байжээ. Мөн тэрбээр үндэсний сурын харвааг үе залгамжлан харваж ирсэн удмын зургаа дахь үеийн харваач. Түүний ач, зээ нар эдүгээ найм дахь үеийнхэн болсон ажээ. Тэрбээр зах зээлийн шилжилтийн үед нум сум урлах ухааныг хойч үедээ дэлгэрүүлэн үлдээх үүднээс Бугант тосгоны захирагчийнхаа үүрэгт ажлыг хүлээлэн өгсөн гэдэг. Ийнхүү 1995 онд “Эвэр нум” нөхөрлөлийг Шаамар сумын Дулаанхаан тосгоны гуравдугаар багт байгуулсан түүхтэй. Ж.Сүхбаатар гуай “Эвэр нум” нөхөрлөлөө 2002 оноос “Хөвчит нум” ХХК болгон өргөтгөж, хүүБолдбаатартаа өвлүүлэн өгч тэтгэвэртээ суужээ. Гэсэн ч тэрбээр компанидаа зөвлөх хийж, 1964 оноос хойш Сэлэнгэ аймгийн Үндэсний сурын товчооны даргаар улиран сонгогдон ажилласаар. Эднийх өнгөрсөн хугацаанд хүүхдийн болоод том хүний, бэлэг дурсгалын 1000 орчим нум үйлдвэрлэсэн байна. Мөн нумаас гадна сум, товх, хайгуул, хөвч зэрэг дагалдах хэрэгслийг хийдэг. Монгол Улсад нум сум харвах ёс заншил өргөн дэлгэрч, үндэсний үйлдвэрлэл өргөжин хөгжих болтугай.

/Сэтгүүлийн архиваас оруулав/

B. Misheel