Дэлхий 2024 онд ямар байх вэ

Mongolian Economy
2024-01-04 12:38:55
Ангилал:

Амьдрал гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Зэвсэгт мөргөлдөөн, дэлхийн эрчим хүчний газрын шинэ зураг, хиймэл оюун гээд олон талбарт дэлхий толгой эргэм хурдаар өөрчлөгдөх боллоо. Дэлхийн талаарх ойлголтыг тань үргэлж шинэлэг байлгах, цаашид юу болох талаар хэлж өгөх нь бидний зорилго юм. Эхлээд ирэх онд анхаарах ёстой 10 сэдвийг танилцуулъя.

Vote-a-rama!

Асар олон сонгогчийг хамарсан сонгуулиуд дэлхий даяар болох учир ардчилал анхаарлын төвд орно. Нийт 4.2 тэрбум хүн амьдардаг 70 гаруй улсад ирэх жил сонгууль болно. Хэдий олон сонгууль болох ч ихэнх нь чөлөөт, шударга бус учраас ардчилал хөгжихгүй.

Дэлхийн хэмжээний америк сонголт

Дахин ерөнхийлөгч болох боломжтой Дональд Трампын хувь заяаг сонгогчид, шүүх шийдвэрлэнэ. Цөөн чухал мужийн хэдэн арван мянган сонгогч л эцсийн дүнд нөлөөлж магадгүй. Харин үр дүн нь дэлхийн хэмжээнд мэдрэгдэж, уур амьсгалын бодлого, Украиныг дэмжих зэрэг бүхий л талбарыг хамарна. Оросын сонгуулийг луйвардах учир В.Путины хувь заяа орос бус америк сонгогчдоос илүү их шалтгаална.

Хүч хая, Европ
Урт удаан үргэлжлэх дайнд зориулж Украинд үзүүлэх батлан хамгаалах, эдийн засгийн тусламжаа Европ нэмэгдүүлэхийн зэрэгцээ ЕХ-ны гишүүн болох замыг нь засах хэрэгтэй. Энэ нь зөв алхмаас гадна Трамп төрд гарч, Америк тусламжаа татах эрсдэлээс сэргийлнэ.

Ойрхи Дорнодын гамшиг

Хамас Израил руу дайрч, Израил Газын зурваст дайн дэгдээсэн нь тус бүс нутгийг орвонгоор нь эргүүлж, палестинчуудын зовлонг дэлхий үл хайхардаг гэх үзлийг өөрчлөв. Цаашид дайн улам даамжрах уу, эсвэл энхтайван тогтоох шинэ боломж болох уу? Энэ бол хүч нь тарамдсан супер гүрэн Америкийн хувьд адармаатай, аюултай дэлхийд дасаж чадах эсэх сорилт юм.

Олон туйлт замбараагүйтэл

Азитай түншлэх, Хятадтай сөргөлдөхөд анхаарах гэсэн Америкийн төлөвлөгөөг Украин, Газын зурвасын дайн нураав. Оросын анхаарал сарниж, нөлөө нь буурчээ. Дэлхий даяар намжинги зөрчлүүд сэргэж, орон нутгийн шинжтэй хүйтэн дайнууд эрчимжив. Америк тэргүүтэй “хоёр туйлт үе” дууссан учир дэлхий улам их зөрчилд бэлдэх ёстой.

Хоёр дахь хүйтэн дайн

Хятадын өсөлт буурч, Тайванийн асуудал хурцдаж, дэвшилтэт технологид хүрэх Хятадын замыг Америк хаасаар байгаа учир “шинэ хүйтэн дайн”-ы тухай яриа нэмэгдэв. Гэхдээ Хятадаас бага хамааралтай болохыг зорьж буй Барууны компаниудад ингэх нь амар биш. “Дундаж түвшний улсууд”-ын дэмжлэгийг авахыг Баруун, Хятад хичээнэ.

Эрчим хүчний шинэ газар зүй

Цэвэр эрчим хүчний шилжилт нь шинэ ногоон супер гүрнүүдийг бий болгож, эрчим хүчний газрын зургийг дахин зурж байна. Лити, зэс, никель илүү чухал, нефть, хий болон түүнийг нийлүүлдэг улсууд чухал биш болно. Ногоон эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн геополитик, худалдааг өөрчилж, тооцоолоогүй ялагч, ялагдагчдыг гаргаж ирнэ. Уур амьсгалд ээлтэй бодлогыг жирийн хүмүүсийн эсрэг элитүүдийн онол гэж үзэх нь нэмэгдэнэ.

Тодорхойгүй эдийн засаг

Барууны эдийн засаг 2023 онд төсөөлснөөс сайн байсан ч тайвшрах болоогүй. Бодлогын хүү урт хугацаанд өндөр байх нь компани, хэрэглэгчдэд хүнд тусна. Банкууд болон арилжааны үл хөдлөхтэй холбоотой тэдний үйл ажиллагаанд анхаар. Хятад дефляцад орж магадгүй.

Хиймэл оюуны сэргэлт

Бизнесүүд ашиглаж, хууль тогтоогчид зохицуулж, технологи сонирхогчид сайжруулсаар байна. Зохицуулалтын зөв арга хэрэгслийн тухай маргаан ширүүсэж, хүн төрөлхтөнд хиймэл оюун заналхийлж байгаа эсэх тухай яриа нь эрх баригчдад давуу тал үүсгэх гэсэн ов мэх гэх хардлага гарна. Хиймэл оюуныг буруугаар, санаандгүй зүйлд ашиглах нь нэмэгдэнэ. Хамгийн том нөлөө нь юу вэ? Код хурдан бичих.

Дэлхийг нэгтгэх үү?

Парисын олимп, сансрын нисэгч сарыг тойрох, крикетийн ДАШТ хүн төрөлхтнийг баясгаснаар үзэл бодлын ялгаа түр мартагдана. Гэвч дэлхий нийт нэгдэж, энх тайван тогтоно гэж үзэгсэд мухардалд орох магадлалтай.

Эдгээр трендийн дэлгэрэнгүйг болон супер баатрын тухай киноноос эхлээд сансрын хөлөг хөөргөх зардал зэрэг 2024 онд ажиглах ёстой чухал зүйлсийн талаар “Трендлайн” бүлгээс уншаарай. Дэлхий 2024 сэтгүүл танд ирэх жид зүг чигээ олоход туслах замч болно.

 

Том Стэндэж
The World Ahead 2024 дугаарын редактор

 

 

Mongolian Economy