Д.Батжаргал: СЭЗИС ажил хэргээ засаж залах ухаан нэртэй онлайн хөтөлбөр хөгжүүлж байна

Mongolian Economy
2021-11-24 11:44:30
Ангилал: Боловсрол

СЭЗДС-ийн Хамтын ажиллагаа бизнес хөгжлийн төв, чадамжид суурилсан шаталсан виртуаль нээлттэй хөтөлбөрийн эрхлэгч, захирал Д.Батжаргалтай ярилцлаа.

-Санхүү эдийн засгийн их сургууль цаг үеийн нөхцөл байдал, дэлхийн өөрчлөлттэй холбоотойгоор бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрөө шинэчилжээ. Онлайнаар явуулах шинэ хөтөлбөрийг санал болгох болсон шаардлагуудын талаар ярина уу?

– Онлайнаар сургах хөтөлбөр дэлхий дахинд 1990 оноос, интернэт үүссэн цагаас бий болсон. Танхимын, интерактив, багш сурагчийн харилцан суралцах, идэвхтэй сургах аргыг манай улс 2015 оноос ухаалаг, цахим сургалт гэж нэрлэж ирсэн. Үүнийг манай сургууль сүүлийн хоёр жилд шинэчлэн хөгжүүлэлт хийж байна.

Бид бизнесийн удирдлага гэдгийг монгол хэлэнд “Ажил хэргээ засаж залах ухаан” гэж хөрвүүлсэн. Хүн ажлаа хийнгээ, засаж залангаа ажил хэргээ засаж залах ухаанд суралцана гэсэн үг. Хүн бүрийн орлого олохын тулд хийж буй зүйл бол бизнес буюу таны эрхэлж байгаа ажил юм. Ажил хэргээ засаж залах ухаан нь тоног төхөөрөмжөөс гадна хамт ажиллаж байгаа хүмүүс хэрхэн хамтарч, бие биенээ дэмжиж байна гэдгээс их хамаардаг. Үүнийг бизнесийг удирдах удирдлага гээд хэлээд заншчихсан. Уг нь бол хүн хамтдаа ажиллаж, амьдардаг учраас ажил бүтээлийнхээ үр шимийг хүртэхийн тулд зайлшгүй хамтран эвтэй, бие биенээ дэмжиж ажиллах ёстой. Яг энэ зарчмаар бид сургалтаа шинэчилж байна.

Бид 2020 оны нэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан бэлтгэл хөтөлбөрийг эхлүүлж, долоодугаар сараас нь элсэлтээ авсан. Бэлтгэл хөтөлбөрөө бид дунд сургуулийн ахлах ангийнхан болон их дээд сургуульд орохоор бэлдэж байсан хүүхдүүдэд зориулж зургаан сарын турш тасралтгүй явуулсан юм. Дараа нь шатлалаа ахиулаад дээд сургуулийн диплом, улмаар магистрын хөтөлбөр болгохоор бэлтгээд туршаад явж байна. Хамгийн гол онцлог нь магистрын хөтөлбөрт суралцагсад заавал танхимд ирж багшаар заалгах шаардлагагүй. Ажлаа хийж байх үедээ өөрийгөө сайжруулаад, дадлагажин өөрийгөө сургаад явна. Мэдээж багш (бид сурган боловсруулах баг гэж нэрлэж заншиж байгаа) хажуунаас нь зөвлөн чиглүүлж, засч залаад явах хөтөлбөр юм. Хүн ажил дээрээ алдаа оноогоо ухаарах гэдэг хамгийн сайн суралцах арга болохыг бид сайн мэддэг. Энэ арга зүйг ойлгосон хүн суралцагч нарт хажуунаас нь зөвлөж, чиглүүлж явна гэсэн үг.

Бизнесийн онлайн сургалт маань магистрын анхны төгсөлтөө хийх гэж байна.

-Энэ хөтөлбөр уламжлалт бизнесийн магистрын хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ? 

-Манай уламжлалт бизнесийн магистрын хөтөлбөр явж байгаа. Хажуугаар нь туршилтын журмаар уламжлалт аргаа ийм хэлбэр лүү шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн юм. Гол ялгаа гэвэл сурах хугацаа богино. Танхимын сургалт доод тал нь 1.5 жил байдаг.

Хөтөлбөрийн хүрээнд хоорондоо уялдаа холбоотой хоёр төрлийн хичээл үзнэ. Нэгдүгээрт, иргэншихүй хичээл орно. Иргэн болж төлөвшихийн тулд хүн өөрийгөө сайн таньж мэдэх хэрэгтэй. Үйлдлээ хэрхэн залах, үйлдэл юунаас бий болдог гэдгийн учир шалтгааныг тайлбарлаж өгнө. Үйлдэл хийдэг учир шалтгааныг нь мэдчих юм бол хүн сэтгэл хөдлөл, бодлоо удирдаж чаддаг болно.

Бодит хэрэгцээ нь хүн бүрт өөр байдаг. Энэхүү хэрэгцээ юунаас бүрддэг вэ гэхээр материаллаг буюу хоол хүнс, орон байр, хувцас, автомашин, гар утас зэрэг орно. Оюуны хэрэгцээ гэж бас бий. Энэ нь хүн оюуны таашаал авахын тулд сайхан юм харж, баясаж, инээх хэрэгтэй болно. Бид материаллаг зүйл хэрэглээд бие махбодийнхоо хэрэгцээг хангадаг бол оюуны хэрэгцээгээр хүн болсныхоо утга учрыг мэдэж, баясаж аз жаргалтай амьдардаг.

Өнөө үед хэрэгцээгээ хангахын тулд хүмүүс төрөл бүрийн мэргэжил эзэмшиж байна. Тэгэхээр энэ чадвартай хүмүүсийг нийлүүлээд гарч буй эцсийн үр дүн, бүтээгдэхүүнийг үнэ цэн гэдэг.

Үнэ цэнийг бүтээхийн тулд хоёроос дээш хүмүүсийг нийлүүлээд байгууллага болгож удирдах хэрэгтэй. Тэр удирдах хүмүүсийг бэлтгэх нь бизнесийн удирдлагын ухааны мастерт буюу ажил хэргээ засаж залруулах ухаанд гаргуун болно гэсэн үг.

Үүний дараагийн зайлшгүй мэдэх ёстой нэг зүйл бол хүн хэрэгцээгээ хангахын тулд арга, технологи зохиодог. Энэ арга, технологийн ард чадамжтай хүмүүс зогсож байдаг. Тэгж байж байгууллага болоод хүний хэрэгцээг хангадаг.

Хүмүүсийн тэр чадамжийг, өөрийнхөө үйлдэл, сэтгэл зүй, бодлоо удирдах учир шалтгааны хэлхээ холбоогоор засаж залах ухааныг ойлгосон хүмүүс хамтран нэгдээд байгууллага болж бусад хүмүүсийн хэрэгцээг хангадаг. Үүнийг бид бизнес гэж нэрлэдэг. Энэ олон бизнесийн ажил хэргүүдээс бүхэлдээ үүсэж байгаа нь эдийн засаг юм.

-Хоёрхон хичээл үзнэ гэлээ. Бизнесийн магистрт сурах гэж буй хүмүүс их том юм сурах зорилготой орж ирнэ шүү дээ.

-Нэг хичээлийн цаана олон хичээлийн агуулга бий. Тухайлбал, хүн өөрийгөө таньж мэдэхийн тулд бие нь эрүүл, ухаан нь саруул, өөрийнхөө үйл хөдлөл, сэтгэлзүйг хянаж чаддаг байх хэрэгтэй. Юмны учир шалтгааныг ойлгодог байх хэрэгтэй. Байгаль шинжлэлийн олон хичээлийг мэддэг байх ёстой.Технологийн горим гэдгээр маш чухал мэдлэг, мэдээллийг олж авсан байх ёстой.

Уламжлалт хөтөлбөрийн хичээлүүд бүгд байгаа. Хөдөлмөрийн харилцаанд орохын тулд ажлын байрны тодорхойлолт яаж хийдэг, хөдөлмөрийн гэрээгээ хэрхэн байгуулдаг, хөдөлмөрийн нөхцөл ямар байх ёстой вэ гэдгээс цаашлаад хөдөлмөрийнхөө үйлдлийг бүртгүүлэх, цалин хөлс, шагнал урамшуулал гэх мэт сэдвүүд бүгд бий.

-Ажил хэргээ засах ухааны сургалт нь бизнесийнхэн, ер нь л  орлогоо дээшлүүлэх гэж ажиллаж буй хүмүүст зориулсан хөтөлбөр гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Бүх насны, бүх ажил мэргэжлийн хүнд хамаатай. Ажиллангаа өөрийнхөө ажлыг сайжруулаад суралцах ухаан. Заавал цагаа бүртгүүлж багшаар номлуулах шаардлагагүй, өөрөө өөртөө багш болно.

-Манайхан ихэнхдээ самбарын өмнө багш зогсоож заалгах хүсэлтэй байдаг шүү дээ.

-Нэгдүгээрт, та өөрөө гүн бат мэдлэгтэй, сайн чадамжтай болохыг хүсэж байна уу? Хэрвээ хүсэж байгаа бол аль нь дээр вэ гэдгээ сонгох юм. Хүнээр заалгаад сурсан нь дээр үү, эсвэл хүнээр зөвлөж чиглүүлээд, ажил дээрээ гаргасан алдаа оноогоо харж ойлгож ухаараад засаж, заалгаад явсан нь дээр үү гэдгээ сонгох хэрэгтэй. Нөгөө талдаа цаг хугацааны хувьд богино, төлбөр хямд. Учир нь сургууль заавал том байшин барьж, хүмүүсийг нэг дор цуглуулж танхимд бэлдэх шаардлагагүй боллоо. Интернэтийг Монголын бүх хүн хэрэглэдэг, үүгээр дамжуулаад дэд бүтийн асуудлаа шийдчихсэн.

Хаанаас ч орсон цахимаар холбогдоод арван хүн тутамд нэг хүн зөвлөн чиглүүлнэ гэж бид тооцсон. Багш гэж байхгүй, сурган боловсруулагч, чиглүүлэгч баг гэж харин явна. Нэг нь агуулга, арга зүйг нь удирдаад ахлана, бусад нь туслаад явна. Дадлагажигч багш буюу арай илүү чадамжтай, илүү сурч мэдсэн нь дараагийнхаа шатны залуусыг залж чиглүүлэх ажлыг хийнэ.

Суралцагсад ажлынхаа чөлөө заваар ороод суралцах боломжтой. Хоногийн 24 цагийн хэзээ ч орсон чөлөөтэй, нээлттэй.

Уншиж судлах материал, бодож эргэцүүлэх сэдэв, бие дааж хийх зүйлс гээд сургалтын хөтөлбөр бүгд байна. Бусад мэргэжилтэн судлаачдын лекц яриа ч бий. Энэ бүгдийг үзэж судлаад явж байх үедээ чиглүүлэгчээсээ заавар зөвлөгөө аваад явна гэсэн үг. Нэг хичээлийг нэг сар тасралтгүй иймэрхүү байдлаар судалж дууссаны дараа дүн тавина. Дүн тавихдаа ганцхан багш үнэлэхгүй, хөндлөнгийн хүн үнэлгээ өгнө. Хамгийн ойр дотны гэр бүлийн гишүүн, ажлын хамт олон, хамтран ажилладаг түнш, удирдаж байгаа удирдах ажилтнаас гадна үнэлгээ өгөх хүн нь зөвлөн чиглүүлэгч нь байх юм.

-Бизнесийн удирдлагын шинэ хөтөлбөрийн анхны оюутнууд төгсөх гэж байна. Онлайн сургалтыг хэр их хүн сонирхож байна вэ?

-Энэ хөтөлбөрт бүртгүүлсэн 60 гаруй хүн байна. Үүнээс хамгийн идэвхтэй сонирхон суралцаж байгаа нь 30 суралцагч. Би өөрөө энэ хөтөлбөрийг санаачлаад удирдан чиглүүлж, хөндлөнгийн хүний үнэлгээг нь уншаад явж байгаа учраас сайн мэднэ. Байгууллагаа өөрчилж сайжруулсан, албан тушаал дэвшсэн, өөрийнх нь удирдан хийж байгаа төсөл хөтөлбөр нь амжилттай хэрэгжээд батлагдсан, гэр бүлийн харилцаа нь сайжирсан зэрэг эерэг сэтгэгдэл уншихад сэтгэл хангалуун байдаг.

Хөтөлбөрийг цаашид тасралтгүй сайжруулах ёстой.Тийм учраас бид сар бүрийн 15-нд гарц, үр дүнгийн үнэлгээний хурал хийдэг. Энэ хурлаар засаж залруулах, сайжруулах зүйлс, магистрын ангид суралцаж байгаа энэ оюутанд ямар хичээлээр, ямар дүн тавих вэ гэдгийг ярилцаж шийдвэр гаргадаг. Үүн дээр үйлдэлд суурилсан бүртгэл хөтлөгдөөд явна. Магистрантын үйлдлээс хамаарч ямар дүн авах нь шалтгаална. Сурган боловсруулан, чиглүүлэгчийн багийн гишүүд дэмжин тусалж байгаа хүмүүс хэдий хэмжээний цалин, урамшуулал авах уу гэдэг нь бас үүгээр шийдэгдэнэ. Үйлдэлд суурилсан бүртгэл нэвтрэхээр дүгнүүлж байгаа магистрант шударга үгүйг нь өөрийн үнэлгээгээр бичнэ. Цалин хөлс авсан хүн өөрийн оруулсан хувь нэмэртэй дүйцэж байгаа эсэхийг бас дүгнэж болно.

-Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш нар хичээл бэлтгээд оруулаад байгаа гэж ойлгож болох уу?

-Хичээлүүд учир шалтгааны хэлхээ холбоогоор ар араасаа цувраад явна. Хичээлийн төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлэг хийнэ. Энэ хэлэлцүүлэг дээр манай ажлын юу нь болохгүй, юу нь болж байна, бизнесээ сайжруулахад юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг дээр бодол санаагаа илэрхийлээд, бусдадаа хүлээн зөвшөөрүүлээд үндэслэл, нотолгоогоо гаргаад, дүгнэлтээ танилцуулна. Үүнийгээ бид хөгжлийн семинар гэж нэрлэсэн. Хөгжлийн семинарын дараа нэг асуудлыг голлон авч тэрийгээ шийдэх, гарц гаргалгааг нь санал болгохын тулд энэ асуудал яагаад үүссэн учир шалтгааныг нь олох, тухайн үүссэн асуудлыг засаж залруулах боломж нөхцөлийг нь судлах хэрэгтэй. Хамгийн сүүлд төсөл боловсруулж хамгаална. Хамгаалуулах хүмүүс нь манай сургуулийн сургасан багш нар байна. Тухайн суралцагчийн ажлын газрын удирдах албан тушаалтан, өөрөөр хэлбэл, таны шууд удирдлага заавал байна. Тухайн хүнийг сургах гол зорилго байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шүү дээ.

Хоёрдугаарт, та өөрөө энэ хөтөлбөрт хамрагдсанаараа юу сурч мэдсэн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх асуудал яригдаж байгаа юм. Хамтран ажиллагчид болон удирдлагыг нь тухайн хүний үнэлгээнд татан оролцуулаад байгаа нь ийм байдлаар аливаа ажил хэргийг засаж чиглүүлдэг юм шүү гэдгийг түгээн дэлгэрүүлж байгаа хэрэг. Ер нь зөвлөх үйлчилгээ давхар явагдаж байна гэсэн үг. Сурч байгаа магистрантынхаа байгууллагыг хөгжүүлэх үйчилгээ үзүүлж байгаа хэрэг.

-Бизнесийн удирдлагын магисттрын бэлтгэл хөтөлбөр гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ? 

-Яг одоо УИХ-ын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэж байгаа. Цахим боловсролыг хүлээн зөвшөөрөх нь тодорхой болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 31 гэхэд Боловсролын тухай багц хууль батлагдчихсан байх болов уу. Түүний дараа өөрчлөлт явах байх. Заавал цаасан диплом авах гээд байгаа хүмүүст тэрийг нь бэлдээд хамгаалуулах зөвлөлөөр оруулна. Энэ зөвлөл хүлээн зөвшөөрч байвал цаасан дипломоо гардан авч болно.

Цахим боловсролоор явахаар блокчэйнээр баталгаажсан диплом гэж авна. Боловсролын зэрэг авснаа бусдад танилцуулахад заавал цаас барьж гүйх шаардлагагүй. Сургаж байгаа байгууллага нь цахимаар бие даан хэрхэн суралцсан, тэрийг нь бүгдийг баталгаажуулаад Хамгаалуулах зөвлөл рүү явуулна. Үүнийг л блокчэйнээр баталгаажсан диплом гэж нэрлэж байгаа юм. Үүнд бэлдэхийн тулд мэргэжлийн бэлтгэл хөтөлбөр гэж нэрлэсэн.

Уламжлалт хөтөлбөрөөр суралцагсдад сонголт бий. Уламжлалтаас бизнесийн удирдлагын онлайн шинэ хөтөлбөр рүү шилжих боломжтой. Мастерын зэрэг авахын тулд Хамгаалуулах зөвлөлөөр орж судалгааны ажлаа хамгаалсан байх ёстой. Бүрэлдэхүүнийг нь Боловсролын сайдын тушаалаар томилдог. Элсүүлэхдээ 30-аас дээш кредит суралцах, заавал бакалаврын зэрэгтэй байх, хэдэн жил ажилласан байх ёстой гэх зэрэг шаардлага тавьдаг. Харин энэ шинэ хөтөлбөр бол хүссэн хүн бүр суралцах боломжтой гэдгээрээ онцлог. Нэг чухал зүйл нь боловсрол олгох үйл явцад эрдмийн эрх чөлөө гэж байдаг. Хүн бүр өөр өөр өнцгөөс бодож хандах нь тухайн хүний эрх чөлөө юм. Өөрөө суралцах нь эрх чөлөө мөн. Багш заавал өөрийнхөө үзэл бодлыг тулгахгүй.

-Элсэлтээ хэрхэн авах вэ?

-Интернэт ашиглаж чаддаг хүнд зориулсан хөтөлбөр учраас интернэтээр элсэлтийн мэдээллээ зарлана. Сонин дээр тавих шаардлагагүй. Сар бүрийн эхэнд элсэлт авч байгаа. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 4-5 долоо хоног. Сар бүр элсэлт авахаар сургалт тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг. Жилийн 40 долоо хоногт багтаан энэ сургалтыг тасралтгүй явуулна гэсэн зарчим баримталж байна.

-Шинэ зүйл эхлүүлэхэд алдаа дутагдал гарах нь бий. Ямар сул талууд ажиглагдав?

-Зарим залуус өөрөө бие даан сурна гэдэгтээ итгэдэггүй. Энэ хөтөлбөр нь хүний суралцах хүсэл эрмэлзэл, тэмүүлэл дээр суурилсан сургалтын арга зүйгээр явдаг. Энэ арга зүй харилцаа холбооны хөгжлөөр дамжуулаад алсын зайнаас цахимаар явуулах боломжтой болчихлоо. Заавал бөөгнөрөөд бие биедээ халдвар тараагаад, нэг байшинд цуглах шаардлагагүй боллоо. Монголын бүх сумын 95 хувьд нь шилэн кабель хүрчихсэн. Тэгэхээр алсын зайн сургалт явуулах бүрэн боломжтой. Үүний цаана олон асуудлыг шийдэж боломж харагдаж байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдээ сайн боловсролтой болгохыг хүсдэг. Тэр сайн боловсрол хаана байна гэхээр Улаанбаатар хотод, танхимд гээд итгэчихсэн байна. Тэгвэл интернэтийн хөгжлөөр дамжуулан улсын хаанаас ч энэхүү хөтөлбөрт суралцах боломжийг манай сургууль нээж өгч байгаа юм.

-Сүүлийн үед бизнесийн зөвлөх компани, коүч хийдэг хүн олон болсон. Эдгээр байгууллага, хүмүүсийн сургалтаас юугаараа ялгаатай вэ? 

-Уялдаа холбоо нь илүү ахисан түвшинд хангагдсан гэж тодорхойлж болно. Хүний наад захын анхдагч хэрэгцээгээр тоглоом хийж болохгүй. Бид хүний биеийг олж төрөхдөө сайхан амьдрах гэж төрсөн. Тэр чадамжийг л бид олгох хүсэлтэй. Түүнээс гоё дуучин болмоор байна, гоё алхдаг болмоор байна гэсэн сонирхол дээр нь суурилаагүй. Энэ бол боловсролын зэрэг биш чадвар олгож байгаа нэг хэлбэр.

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болжээ. Ер нь бизнесийн салбарын алдаа оноо юу байсан гэж та дүгнэж байна вэ?
-Бизнесийн салбарынхны гол зовлон нь хөгжиж боловсорсон хүн дутмаг байгаад оршиж байна. Сайн машин, техник хэрэгсэл байна. Баялаг байна. Харин сайн боловсорсон хүн алга. Бизнесмэнүүд өөрсдөө ч, ажилтнууд нь ч боловсроогүй. Боловсроогүй хүмүүс нэгдээд ажил эрхлэхээр бие биенээ муулна, сэтгэл санаагаар унана, атаархана, түгшинэ, нойргүйднэ. Тэгээд сүүлдээ бие махбодь нь өвддөг. Улмаар хувийн амьдрал, гэр бүлийн уур амьсгал нь эвдэрдэг.

Хамгийн боловсролтой, дэлхийд алдартай их сургуулиудад сурсан гээд байгаа хүмүүс нь байгаль дэлхийгээ хөнөөсөн хортон дайсан болчихоод байна. Байгаль дэлхийгээ сүйтгэдэг хүмүүс нь боловсролтой хүн болчихоод байна. Бизнесийн захирлууд өөртөө цаг гаргадаггүй. Зав болохгүй байна гэдэг бол шалтгаан биш, шалтаг. Хэрвээ чи оюуны хомсдолтой бол шалтгаан байж болно. Харин эрүүл саруул, бодож сэтгэж чаддаг хэрнээ өөрийгөө хөгжүүлэхгүй байна гэдэг шалтгаан, шалтаг хэлж суух ёсгүй. Хүн хоол иддэгтэй адил юмны учрыг олох гэдэг нь бас л нэг хэрэгцээ. Өөрийгөө хөгжүүлэхгүй байх нь өөрийнхөө хэрэгцээг мэдэхгүй байгаатай ижил.

 -Захирлууд өөрсдийгөө хөгжүүлэхгүй, ажилтнуудаа хөгжүүлэхгүй, ажилтнууд ч сурч мэдье гэсэн хүсэл тэмүүлэлгүй байгаа нь гол дутагдал гэж үзэж байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Боловсорсон хүн байхгүй. Боловсролын системдээ ч асуудал байна. Төр засгийн бодлого, ухаан дутсан ч зүйл байна. Ажил төрлөө, гэрээ, биеэ засах ухаан дутмаг явж ирлээ.

-Тэгвэл цаашдаа бизнесийн салбарынхан ямар замаар замнах хэрэгтэй вэ? Удирдлагууд юунд анхаарах хэрэгтэй вэ? 

-Хөгжиж цэцэглэе гэвэл ажлынхаа гүн рүү ороод, тэндээс учир шалтгаанаа олоод, алдаа дутагдлаа засаж залруулаад бизнесээ хөгжүүлээд явах ёстой. Хэрэв алдаа дутагдал руугаа өнгийгөөд харвал хүнээ хөгжүүлэх асуудал нэгдүгээрт гарч ирнэ. Хоёрдугаарт, хүмүүс хоорондоо нэгдэн нийлж үнэ цэнтэй, утга учиртай зүйл хийх учраас хүмүүсийг нэгтгэж, удирдан залах ухаанд суралцах шаардлагатай. Тэр ухаан нэг л өдөр тэнгэрээс бууж ирээд толгойд суухгүй. Үүнийг ажил, амьдралынхаа гүнээс л суралцах ёстойг өөрийнхөө гүн бат итгэл үнэмшил болгоод өөрийгөө дасгалжуулаад явах хэрэгтэй. Хувь хүний хөгжилдөө цаг зав гаргаж дадах хэрэгтэй. Ажил явдгаараа явж л байна. 24 цагаас нэг цагийг нь хувь хүний хөгжилдөө зарцуулж чадахгүй байгаа шалтгаан юу юм гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Түгжрэлээс, стрессээс, зурагтаас болоод өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаа бол түүнийгээ л больчих. Хэрэв тэгж чадвал эрүүл амьдрах хэв маягт ч сайнаар нөлөөлж эхэлнэ.

-Танай сургуулиас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг Монгол Улсын их, дээд сургуулиудад цоо шинээр нэвтэрсэн, анхдагч гэж тодорхойлж болох уу?        

-Тийм, анхных. Бид энэ чиглэлээр их, дээд сургуулиас гадна ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сургуулийн өмнөх насныханд зориулсан хөтөлбөр боловсруулна. Цаашдаа эхийн хэвлийд бойжих хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр боловсруулах ч санаа байна. Гэхдээ цаг нь болоогүй. Үүнийг ойлгож мэдрээд аргагүй юм даа гэтэл нь хүлээх хэрэгтэй. Зөв зүйлийг зөв цагт нь хийж байж зөв болдог.

-Магистраас дээш түвшний хөтөлбөр бий юу?

-Докторын хөтөлбөр бий. Энэ хөтөлбөр нь учир шалтгааны хэлхээ холбоог илүү ахисан түвшинд харахад чиглэнэ. Юмыг алсаар нь харна, том зургаар нь харна гэж ярьдаг шүү дээ. Жишээ нь, Монголын эдийн засаг, дэлхийн эдийн засаг 2021 онд юу болов гэдгийг л цогцоор нь харж, учрыг нь олж чаддаг чадавхтай, чадамжтай хүнийг л бизнесийн удирдлагын доктор гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг засдаг, өвчин нь тэнд байдаг юм шүү гээд хэлчихдэг хүнийг л доктор гэнэ.

 

 

 

 

 

Mongolian Economy