Тэрбээр хувийн болон улсын салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн. Анх 2005 онд хувийн бизнесээ эхлүүлснээр олон асуудал амьдралд нь тулгарчээ. Тэр бүхнийг шийдэх гэж алдаж, онож явсаар эцэстээ өөрт нь тулгарч байгаа асуудал бүр үнэндээ хүний тархинд л байдгийг ойлгосноо дурдсан юм. Улмаар Цэгцтэй сэтгэлгээг судалж эхлэн, 2013 оноос системийн болон логикийн арга барилыг ашиглан байгууллагуудад менежментийн үйлчилгээ үзүүлдэг “ТУС солюшн” ХХК- ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Аливаа бизнесийн байгууллага тулгарсан асуудлаа өөрсдөө шийдэж чадахгүй болохоороо танай байгууллагад ханддаг байх. Энэ тохиолдолд танай компани тухайн байгууллагатай хамтын ажиллагаагаа хаанаас эхэлдэг вэ?

Удирдаж байгаа хүмүүстэй нь ярилцахаас эхлээд тухайн байгууллагад хэрэгжиж буй дүрэм, журмыг зохиоход ашигласан үзэл баримтлалыг шалгадаг. Энэ бүхэн бидэнд юу хэлэх вэ гэхээр сэтгэлгээний цэгцийг нь л хэлээд өгчихөж байгаа юм. Дээр нь яаж зорилгоо тодорхойлсон байна? Тэр байгууллагын бүх хүн нэг зүг рүү харж ажиллаж байна уу? Ажлаа хийхэд хэрэгцээтэй мэдээлэл нь хүртээмжтэй байна уу? Ажилчид үүргээ гүйцэтгэж байгаа эсэх? Гүйцэтгэхгүй бол гүйцэтгэдэг болгох хариуцлагын тогтолцоо нь байна уу, үгүй юу?

Энэ мэтчилэн энэ олон хэв шинжийг шинжих үйл явц их төвөгтэй. Гэвч энэ бүхнийг хийсний дараа л эцсийн дүгнэлт гарч ирнэ.

Та байгууллагын бүх хүн нэг зорилгын төлөө явж байна уу үгүй юу гэдгийг шалгадаг гэж хэллээ. Үүнийг яаж шалгаж, сайжруулдаг вэ?

Энийг тайлбарлахад маш их зүйл ярих болно. Хамгийн энгийн жишээ аваад тайлбарлая л даа. Гэр бүлийн маргаан яагаад үүсдэг вэ? Эхнэрийн толгойд хайрын тухай нэг загвар байгаа. Нөхрийн толгойд ч мөн өөр нэг загвар бий. Ингэснээр эхнэр өөрийнхөө хайраар нөхрөө хайрлана, нөхөр ч мөн тэгнэ. Энэ хоёрын хайрын тухай загвар өөр учраас эцэстээ маргаан үүснэ. Үүнийг шийдэх хамгийн энгийн арга нь хоёулаа урд урдаасаа харж байгаад л хайрын тухай ойлголтоо нэг болгохоос эхэлнэ. Яг л үүнтэй адил асуудал байгууллага дээр үүсдэг. Ажилчдын хувьд ажлын тухай ойлголт янз, янз. Хүн бүр ажлын тухай ялгаатай ойлголттой явж байдаг. Тэгэхээр байгууллага бүх ойлголтоо нэг болгох хэрэгтэй. Уг нь заавал үүнийг нэг мундаг гадны байгууллага ирж хийлгүй өөрсдөө хийж болохоор энгийн зүйл.

Менежментийн зөвлөгөө өгдөг компани өөрсдөө өндөр түвшинд ажилладаг байх шаардлагатай байх. Захирлын хувьд та ажилтнууддаа ямар шаардлага тавьж цаашлаад хэрхэн сургаж, хөгжүүлдэг вэ?

Хүн болгонд тавигддаг шалгуур адилхан байх ёстой. Дарга, цэргээр нь ялгаад эхэлвэл энэ бүхэн бизнес байхаа больчихно. Ажлаа хийнэ гэдэг танин мэдэхүйн процесс. Танин мэдэхүйн арга барилд суралцах гэдэг маш чухал учраас бид шинээр ажилд авч байгаа хүмүүсийг шинэ ажилтны хөтөлбөрт оруулдаг. Ингэснээр хамгийн түрүүнд танин мэдэхүйн арга барилд тэднийг суралцуулна. Энэ нь аливаа асуудалтай тулгарахад асуудлаа таньж мэддэг, дараа нь түүнийг үүсгээд байгаа шалтгаанаа таньж мэддэг явдалд сургадаг. Эцэст нь, тэрхүү асуудлыг шийддэг аргыг нь таньж мэддэг байх хэрэгтэй. XXI зуунд бидний эзэмших гээд байгаа энэ чадваруудыг XIII зуунд өвөг дээдэс маань маш сайн эзэмшсэн байсан учраас л дэлхийг байлдан дагуулсан. Үүний гол нууц нь сэтгэлгээ, эмх цэгц, хатуу сахилга бат. Би ингэж л боддог.

Тэгэхээр та ажилчдаа хамгийн богино хугацаанд хэрхэн танин мэдэхүйн аргад сургадаг вэ?

Ажилчдыг сургах гэхээсээ илүүтэй тэднээр ажлыг нь хийлгэж байгаа нь маш том сургалт юм. Ажлаа эмх цэгцтэй, хатуу сахилга баттай гүйцэтгэдэг болгох нь л тэр хүнийг ажлын байранд нь сургаж байна гэсэн үг. Цаашилбал, илүү туршлагатай ажилчид нь шинэ хүмүүстээ зааж зөвлөх замаар харилцан бие, биенээ дэмждэг арга бий. Ажлаа явуулдаг гол арга маань одоо хэлэлцүүлэг болчихоод байна. Хэлэлцүүлгийн үеэр маш их танин мэдэхүйн үйл явц болдог. Дээр нь нэмээд байгууллага дээр гарсан зөрчил болгоныг бид оношилдог. Энэ зөрчил хэзээ үүссэн, хэн үүсгэсэн гэх асуултууд биш энэ зөрчил яагаад гарав гэдэг хамгийн чухал асуулт.

Заавал эзэмшсэн байх шаардлагатай ур чадваруудыг шинэ ажилчид ямар түвшинд эзэмшсэн байгаа гэж та харж байна?

Миний бодлоор өнөөдөр Монголын бизнесийн салбарт ажиллахад шаардлагатай чадваруудыг 100 хувь гэвэл боловсролын салбараас зөвхөн 20-25 хувийн л чадвартай хүмүүс ирж байна.

Шинэ ажилчдад дутагдаж байгаа чадваруудын талаар?

Сэтгэлгээний эмх цэгц, үүн дотор аливаа асуудлыг цогцоор нь хардаг чадвар маш ихээр дутагдаж байна. Логик сэтгэлгээ, судалгаа шинжилгээ болон багаар ажилладаг ур чадвар орно. Мөн төвөгтэй асуудлыг задлан шинжилснээр шийдэл гаргаж ирэх ур чадвар дутагдаж байна. Шинэ ажиллах хүчинд саяны дурдсанчлан маш олон ур чадвар дутагдаж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг судалгаанууд бий. Амьдралд яг л ийм ур чадварууд дутагдаж байна.

Гаргасан компанийн загваруудаа өөрийн компанид туршиж үзэж байсан гэсэн. Энэ тухайгаа ярина уу?

Байшинтай болъё гэж бодож байгаа хүмүүс эхлээд байшингийхаа зургийг гаргадаг. Энэ нь оюун санааныхаа загварыг гаргаж байна гэсэн үг. Ямар цонх, хаалгатай, ямар загварын байшин болохыг шийднэ. За ингээд энэ загварын дагуу одоо байшингаа хийнэ. 10 хүнтэй байгууллага байгуулах гэж байна гэж бодъё. Чи байшин зурж байгаа шигээ байгууллагаа зурж чадах уу? Алба, хэлтэс, нэгжийг нь тодорхойлж байгаа бол чи байгууллагынхаа бүтцийг л гаргаж байна гэсэн үг. Гэтэл байгууллагын чинь суурь нь хаана байна цонх, хаалга болон мэдээллийн суваг нь хаана байна гээд маш их зүйл бий. Улс төрчид сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц гээд олон янзаар хийдэг. Тэр зураг биш зүгээр л зохион байгуулалтын бүтэц. Бид системийн аргачлалыг гаргаснаар үүнийг ашиглаад байгууллагыг дүрслэлтийн хэлбэрт оруулж загвар зурдаг боломжтой болгосон. Түүнийгээ ашиглаад манай баг Үндсэн хуулийн шинжилгээ хийсэн юм.

Та системийн онолыг ашиглаж Монгол Улсын Үндсэн хуульд анх удаа шинжилгээ хийсэн тухай болон аливаа зүйлийг харьцуулж байж зөв дүгнэлт гарч ирэх тухай дурдсан. Зөв замаар явсан, буруу замаар явсан өөр Монгол Улс гэж байхгүй тул бид улсаа ямар улстай харьцуулахад хамгийн дөхөм бэ?

Аливаа дүгнэлтийг хийхдээ заавал нэг юмтай харьцуулах хэрэгтэй болдог нь хүний бодож, сэтгэхийн зайлшгүй нэг нөхцөл. Хүний харьцуулах үйл явц үндсэндээ гурван төрөл. Нэг нь өөрийгөө өнгөрсөнтэйгээ харьцуулдаг, хоёр дахь нь хажуудахтайгаа, гурав дахь нь өөрийнхөө зорилготой харьцуулдаг. Зорилготойгоо харьцуулдаг аргаа олохгүй болохоор бид нэг бол өнгөрсөнтэйгээ харьцуулдаг, нэг бол хажуудахтайгаа харьцуулдаг. Ингэснээр зорилгоо тодорхойлж чаддаггүй. Хүн зорьсон зүйлдээ тэмүүлэх учиртай. Тэрнээс хэн нэг хүнийг дуурайж явах ёстой биш. Монгол Улсын жишиг улс гээд л хүмүүс ярьдаг. Монгол Улс Сингапурыг, Америкийг, Финландыг яагаад дуурайх ёстой гэж? Монгол Улс түүх, уламжлал, газар зүйн болон цаг агаарын байршлын маш их онцлогтой. Үүнийгээ дагаад хүмүүсийн сэтгэлгээ нь ч ялгаатай төлөвшдөг. Тэгэхээр монгол хүмүүс зорилгоо өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Бид залхуу учраас тэгээд л нэг бэлэн шийдэл, бэлэн загвар хайгаад байдаг. Энэ бол бидний сэтгэлгээнд гардаг нэг алдаа. Өөрсдийн загварыг гаргаж чаддаггүй. Бид зорилгоо гаргаж ирж чаддаггүй учраас улсаа өнгөрсөнтэй нь харьцуулдаг. Гэвч энэ нь харьцангуй ойлголт. Бид бага зэрэг сайжраа л биз. Гэхдээ энэ нь үнэхээр зорилгодоо хүрэхүйц хэмжээнд байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд зорилгоо загварчлах хэрэгтэй юм.

Зорилгоо загварчлах эхний алхам юу вэ?

Эхлээд манай нийгмийн хүмүүс юу ч мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх. Өнөөдөр нийгэмд буй бүх асуудал юунаас үүдсэн гэхээр бидний сэтгэлгээнээс үүдсэн. Сэтгэлгээний цаана юу байна вэ гэхээр бидний мэддэггүй юмнууд маш их байна. Мэддэггүй зүйлээ жагсааж байгаад мэдэхгүй болгоныгоо мэдэж аваад л яваад байх хэрэгтэй.

Та хүмүүсийн гаргадаг сэтгэлгээний нийтлэг алдаануудын тухай дэлгэрүүлнэ үү?

Угаасаа чадахгүй гэж шалтаглан бид юу ч оролдож үздэггүй. Гэвч хүсвэл хэзээ ч чадна. Бид зүгээр л түүнийг хүсэхгүй байгаа байхгүй юу. Хэрэв юм суръя, мэдье гэж байгаа бол эргэн тойрондоо болохгүй байгаа юм болгоныг өөр дээрээ авч ир. Хариуцлагатай бай. Хамгийн том аюул бол бид мэддэггүйгээ мэддэг гэж бодоод яваад байдаг. Өөрөөсөө хариуцлагыг холдуулахгүй байх нь илүү мэдэх, илүү амжилтад хүрэх гарц. Өөрөө мэдэхгүй хүн хамгийн аюултай нь өөр нэг мэддэг болов уу гэсэн хүн дээр очдог. Тэгээд тэр хүн нь хор өгсөн байсан ч аваад л залгичихдаг. Мэдэхгүй байхын аюул нь энэ юм. Урдаас чинь хараад яриад байгаа хүний үнэн, худал яриад байгааг ялгаж шүүж чадахгүй. Гол нь бид өөрсдөө мэдэхийн төлөө явахгүй байгаа нь л эмгэнэл байна.

Та системийн сэтгэлгээний талаарх ойлголтыг анх хэрхэн мэдэж авч байсан бэ?

2005 онд хувийн секторт орсноос хойш олон л удаа унаж, босож үзлээ. Гашуун туршлага гэх үү дээ. Хийсэн бүх алдаа, оноо минь миний амьдралын багш. Хүн уначихаад “Өвдөгөө шалбалчихлаа” гээд босоод ирдэг. Үүнтэй л адил байнгын эрэл хайгуул хийсээр, азаар системийн сэтгэлгээ гэдэг зүйлийг олж уншиж байсан юм. Бидэнд асуудал байгаа бол тэрний үүсгүүр нь хаана байна гэхээр бидний сэтгэлгээнд л байна. Өөр хэнээс ч битгий хай. Ингэж чадвал хүн тэр хэрээрээ мэддэггүй зүйлээ мэдэж авна. Цаашаа амжилт өөдөө найдвартай гишгүүрүүд дээр гишгээд л явна. Амжилтад хүрэхээс өмнө алдаа, бүтэлгүйтэл заавал гарна. Тууштай явах хэрэгтэй. Алдаа болгоныг л давуу тал болгох хэрэгтэй.

Өөрийнхөө гаргаж байсан алдаанаасаа хуваалцаач?  

Өмнө нь байгууллага дээр хоёр хүн хэрэлдэж байхад бид хоёуланг нь загнаад эвтэй, найртай бай гээд явуулчихдаг байсан. Гэтэл байгууллага дээр чинь хоёр хүн хэрэлдэж байна гэдэг нь тухайн байгууллагын систем доголдож байна гэсэн үг. Тэр хэрүүл системийн онолоор зөрчил гэж нэрлэж байгаа юм. Ингээд тэр зөрчил ямар хэлбэрээр илэрдэг вэ гэхээр нөгөө ашиг сонирхлын зөрчил, ойлголтын зөрүү, мэдээллийн зөрүү, ажлын хэмжүүрийн зөрүү зэргээс үүснэ. Гэтэл энэ бүхнийг хэн тогтоодог вэ гэхээр байгууллагын эрх баригч буюу захирал л тогтоодог шүү дээ. Товчхондоо, байгууллагын дүрэм, журам ажиллахгүй байгаа нь хоёр хүн хэрэлдэж байгаагаар илэрч байна гэсэн үг.

Та байгууллагын ажилчдаа бүтээмжтэй бас бүтээлчээр ажиллуулахад юунд анхаардаг вэ?

Шидэт арга гэж байхгүй. Хариултыг ойлгохын тулд ажил хийнэ гэдэг нь өөрөө таньж мэдэх үйл явц гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ажил хийж байгаа хүн шинэ зүйл бүтээж байгаа гэсэн үг. Шинэ санаагаа олно. Цуглуулсан өгөгдөл мэдээллүүдийнхээ холбоосыг гаргаж ирнэ. Тэгснээр тэрхүү мэдээллүүдээ цэгцлээд шинэ санаануудаа гаргана. Тэгэхээр цэгцтэй сэтгэж, ажлаа хийхэд шаардлагатай зөв мэдээллээ цуглуулах хэрэгтэй. Бид бүтээлч байна гэхээр холын том юм бодоод байдаг. Үгүй. Бүтээлч сэтгэлгээ гэдэг хоёр зүйлийн байрыг солихыг л бүтээлч гээд байгаа юм. Хүн бүрийн толгойноос бүтээлч сэтгэлгээ гарна. Угаасаа амьдрал ингэж шаарддаг.

Сайн онол байхад л тэр байгууллага болон хүмүүс шууд хэрэглэх боломжтой гэж ойлгодог. Гэтэл хэрэглэж буй орчин хүмүүсээсээ хамаараад өөр үр дүн гарах тохиолдол бий. Монгол хүний онцлог үүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийн цаана монгол хүний сэтгэлгээ байдаг. Гэхдээ герман, монгол хүнд адилхан загвар, адилхан мэдээлэл өгөхөд нэг л дүгнэлтэд хүрнэ. Монгол ахуйн онцлог бидний сэтгэлгээнд нөлөөлж байдаг. Минийхээр бол, монгол хүн хоёр онцлог шинжтэй. Нэгд, гайхалтай задгай сэтгэлгээтэй. Зүүн Европт ч юм уу бусад оронд очихоор хүүхдүүд анхнаасаа энийг хийж болохгүй гээд байдаг. Харин монгол хүүхдүүд эсрэгээрээ яагаад болдоггүй юм гэсээр байгаад болохгүй юмнуудыг туршиж байж санаа нь амардаг. Гэвч үүнийгээ дагаад маш том сул талтай. Маш замбараагүй сэтгэдэг. Логик үйлдлээр дамжих ёстой үе шатыг хуучин капитализм алгасаж байна гэдэг шиг алгасаад явчихдаг. Тэгэхээр дүгнэлтүүд нь дандаа хуудуутай буруу болчихдог. Цаашлаад дүгнэлт дээрээ үндэслээд гаргаж байгаа шийдвэрүүд нь ч ямар байх нь ойлгомжтой. Миний бодлоор монгол хүний энэ сэтгэлгээг цэгцтэй болгочихвол монгол хүнд хийж чадахгүй зүйл байхгүй. Цагаа л зөв ашиглаж анхнаасаа зөв цэгцтэй сэтгэхэд суралцах хэрэгтэй. Хамгийн үнэтэй нөөц бол цаг шүү дээ. Чи хүнд өгч болдоггүй, авч болдоггүй, гэхдээ байнга хорогдож байдаг.

B. Misheel