ЖДҮ сан зөвхөн зээл биш …
УИХ-аас Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлаад таван сар болж байна. Ажилгүйдэл, ядуурал нийгмийн асуудал хэвээр байгаа, зарим тооцоогоор ихэссэн өнөөгийн нөхцөлд уг хууль нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг илүү бодит болгож амьдралд ойртуулах нэг алхам гэж үзэж болно. Мөн бизнесийн ертөнцөд өрнөж буй өөрчлөлт, цаг үеийн шаардлагыг тусгасан заалтууд шингэж орсон.
Сүүлийн жилүүдэд гарааны компани, энтрепренер, бичил бизнес эрхлэгч гэх мэт ойлголтууд шинээр бий болж “ЖДҮ эрхлэгч гэж хэн бэ?” гэдэг нь тоо, хэлбэр, чанарын хувьд өөрчлөгдсөн. Хуучин хууль ойлголтыг цэгцлэх талд шаардлага хангахгүй байсан бол шинэчилсэн хуулиар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчийг ажилтны тоо, борлуулалтын орлогын үүднээс цэгцэлж өгчээ. Тодруулбал, та 10 хүртэл ажилтантай бол бичил, 10-50 бол жижиг, 50-200 бол дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болно. Борлуулалтын орлогын хувьд 300 саяас 2.5 тэрбум хүртэл орлоготой компаниудад энэ хууль үйлчилнэ. УИХ-ын гишүүдийн ЖДҮ сантай холбогдсон дуулианы дараа энэ сангийн зээлийн үр өгөөжийг яаж оновчтой болгох вэ, төр жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бодитой дэмжих чадамжтай юу гэдэг асуулт хурцаар тавигдсан. Тиймээс уг хуулинд төр ямар хэлбэрээр дэмжих тухай заалтууд оржээ. Тодруулбал, ААН-үүдэд кластераар, бүсчилсэн хэлбэрээр хөгжих боломжийг бий болгоно гэжээ.
Эхлээд кластерыг авч үзье. Үнээний фермийн төсөлтэй иргэн, сүү боловсруулах цехийн төсөлтэй хоёр иргэнд төсөл нь хэдийгээр сайн байсан ч тус тусад нь зээлийн төсөл өгвөл үр дүнтэй багатай. Харин тэд хэрхэн сүү нийлүүлж, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай тохиролцон хамтдаа төсөл бичвэл кластер болж төслийн үр ашиг, хэрэгжих магадлал тэр хэрээр дээшилнэ. Сүүг нь зөөх тээврийн компанийн гуравдагч хүнийг ч энэ кластерт татан оролцуулж болно. Тодруулбал, ААН-үүдэд кластераар, бүсчилсэн хэлбэрээр хөгжих боломжийг бий болгоно гэжээ. Эхлээд кластерыг авч үзье. Үнээний фермийн төсөлтэй иргэн, сүү боловсруулах цехийн төсөлтэй хоёр иргэнд төсөл нь хэдийгээр сайн байсан ч тус тусад нь зээлийн төсөл өгвөл үр дүнтэй багатай. Харин тэд хэрхэн сүү нийлүүлж, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай тохиролцон хамтдаа төсөл бичвэл кластер болж төслийн үр ашиг, хэрэгжих магадлал тэр хэрээр дээшилнэ. Сүүг нь зөөх тээврийн компанийн гуравдагч хүнийг ч энэ кластерт татан оролцуулж болно.
Энэ мэтээр ямар нэгэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох шат дамжлага бүр хариуцах эзэнтэй, бүгдээрээ хамтарсан байдлаар зээл авбал өрсөлдөх чадвартай, нэмүү өртгийн бөх бат сүлжээ бүхий бизнес болж босно. Хэрэв кластерууд бүрэлдээд бодитоор ажиллаад эхэлвэл зах зээлд төрөлжилт явагдана. Үнээний фермийн эзэн зөвхөн сүү нийлүүлэлтдээ анхаарснаар үнээгээ олон болгоход хөрөнгө, цаг хугацаагаа зарж чадна. Боловсруулах цехийн эзэн технологио сайжруулах, бүтээмжээ дээшлүүлэхэд анхаарна. Ингэснээр фермийн эзэн улам олон үнээтэй болж, цехийн эзэн цехээ үйлдвэр болгож, илүү олон дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулах болно. Сүүг нь зөөдөг тээврийн компанийн эзний ашиг орлого нэмэгдсэнээр бизнесээ улам тэлж бусад үйлдвэрийн сүүг зөөх хүчин чадалтай болно.
Энэхүү хуулинд орсон өөр нэг чухал зүйл бол ЖДҮ эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих. Учир нь Монгол шиг жижиг зах зээлд “Хэнд борлуулах вэ?” гэдэг асуулт “Хичнээн хэмжээний зээл авах вэ?” гэдгээсээ чухал. Төрийн худалдан авалт гэдэг бол баталгаатай худалдан авалт. Баталгаатай худалдан авагч байнаа гэдэг зээлийн хөрөнгөөр бий болсон бүтээгдэхүүн мөнгө олж чадна гэсэн үг. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Хэрэв энэ заалт амжилттай хэрэгжвэл төрийн худалдан авалтыг тойрсон импортын бүтээгдэхүүн голлосон шахааны нийлүүлэлтийн орон зай хумигдаж, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон үндэсний бүтээгдэхүүн,үйлчилгээний борлуулалтын орон зай тэлнэ.
Монгол Улсад 2007 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсанаас хойш энэ талаарх төрийн бодлого голдуу зээл олгоход анхаарч ирсэн. Гэвч жижиг, дунд бизнесийг дэмжихэд зөвхөн зээл өгөх, хүүг нь багасгах, батлан даах, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх нь хангалтгүй гэдэг нь тодорхой болов. Тиймээс шинэчилсэн хуульд санхүүгийн бус замаар хэрхэн дэмжих талаар дэлгэрэнгүй тусгаж өгчээ. Орчин үед бизнес эрхлэгчдэд мөнгөнөөс дутуугүй үнэтэй зүйл нь зах зээлийн мэдээлэл болсон учраас жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн хүний нөөцийг чадавхижуулах, бизнесийн зөвлөх үйлчилгээгээр хангах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаагаар дэмжих, шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэгт нь туслах талаар хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮ сан бизнес эрхлэгчдийг мөнгөн хөрөнгөнөөс гадна оюун, мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх чиглэлд нэлээд анхаарч ажиллах хууль батлагдсан гэж дээрх хуулийг санаачлагчид үзэж байна.
Түүнчлэн шинэчилсэн хуулиар ЖДҮ сангийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох эрх зүйн боломж бий болсон аж. Тухайлбал, технологийн ач холбогдол өсөн нэмэгдэж буй цаг үеийн шаардлагыг дагаад наад зах нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цаашлаад мэдээллийн нэгдсэн сан бий болгоно. ЖДҮ-ийн талаар нээлттэй мэдээллийн сан бий болвол энэ санг тойрсон дуулиан гарах үндэсгүй болно.
2019 онд ЖДҮ сангаас зээл олгох журмыг баталсан нь ч сангийн үйл ажиллагааг илүү либерал хэв шинжтэй, шударга болгоход чиглэсэн аж. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Б.Батцэцэгийн ярьснаар шинэчилсэн журмаар олгосон эхний зээлийн хэмжээ өмнөхөөс хоёр дахин бага буюу 47 тэрбум байсан ч хүртээмж нь хоёр дахин нэмэгдэж 467 иргэн, ААН-д зээл олгогджээ. Түүний онцолсноор сангийн үйл ажиллагаа зээл өгчихөөд эргэн төлөлтөө нэхээд суухдаа гол нь биш зээлдэгчтэйгээ үргэлж хамтран ажиллахад чиглэнэ.
Үүнээс гадна, өөр нэгэн авууштай зүйл бол жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй хэмжээний мөнгөн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар зарцуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгасан явдал юм. Энэ нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд төрийн зүгээс эргэлтийн шинжтэй бодлого хэрэгжүүлж эхэлсний илрэл юм.