Маск “үнэд орох” цаг

B. Misheel
2020-03-04 19:14:09
Ангилал: Коронавирус

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс маскийн хэрэглээ огцом нэмэгдсэнээр хомсдол үүсээд буй. Монгол Улс нэг удаагийн маск үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэртэй. “Мөнхийн тун” компанийн “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр 2020 оны гуравдугаар сарын байдлаар 700 мянга орчим маск үйлдвэрлээд байна. Энэ жил тус компани 500 мянган маск үйлдвэрлэхээр төлөвлөсөн ч гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас оны эхний хоёр сард төлөвлөгөөгөө ийн давуулан биелүүлжээ. 

Уг үйлдвэр өдөрт найман мянган маск үйлдвэрлэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын хэрэгцээг хангадаг байсан бол үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор өдөрт 35-40 мянгыг үйлдвэрлэж буйг үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэ хэллээ. Амны хаалтны эрэлт ихэссэн энэ үед тус компани нэмэлтээр гурван сая маск үйлдвэрлэх түүхий эдийн нөөц татаад буй. Энэ хэмжээний маск үйлдвэрлэж байгаа ч маскийн олдоц муутай гэх хүмүүсийн гомдол тасрахгүй байгаа нь тус компани үйлдвэрлэсэн амны хаалтаа ЭМЯ, НЭМГ, Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, байгууллагууд болон эрсдэлтэй бүсүүдэд ажиллаж буй хүмүүст нийлүүлж, худалдаанд гаргахгүй байгаатай холбоотой. 

                                                                                                                                                          Монголд үйлдвэрлэж буй нэг удаагийн маск

 

ГЕГ-ын мэдээллээр манай улс нэг удаагийн амны хаалтыг  БНСУ, БНХАУ болон Турк зэрэг улсаас импортолдог. Өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улс  төрөл бүрийн амны хаалт нийт 509 мянган ширхэгийг импортолсон бол 2020 оны нэгдүгээр сард зөвхөн нэг удаагийн амны хаалт 559 мянган ширхэгийг импортолжээ. Тухайлбал, БНСУ-аас 85 мянга, Хятадаас 56 мянга, Турк улсаас 418 мянган ширхэгийг тус тус оруулж ирсэн байна.

Коронавирусээс нэг удаагийн маск хамгаалж чадах эсэх дээр дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэтгэлцсээр байна. Харин Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг амны хаалтуудыг 0.007 микрон буюу коронавирусээс 10 дахин бага хэмжээтэй тоосонцрыг хэр шүүж байгааг тодорхойлох туршилт хийжээ. Туршилтын дүнд үйлдвэрийн зориулалттай 3М амны хаалт нь агаар дахь 0.007 микрон хүртэл хэмжээтэй тоосонцрыг 95 хувь харин нэг удаагийн маск 80 хувь шүүж байжээ. Үүнээс дүгнэхэд N95 болон нэг удаагийн маск шинэ коронавирусийн халдвараас хамгаалах боломжтой юм. 

Нэг удаагийн маскийг халдвартай орчинд хоёр цаг тутамд, хэвийн орчинд хамгаалах зорилгоор хэрэглэж байгаа бол олон хүнтэй газар байгаа эсэхээс хамааран 4-8 цаг тутамд солих хэрэгтэй аж. Мөн энэ төрлийн маскийг ариутгасан орчинд тусгай хувцас болон бээлийтэй хэрэглэдэг тул өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа бол гараа тогтмол угааж, ариутгах зэргээр давхар хамгаалах хэрэгтэйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.

Сонирхуулж дурдахад, “мэс заслын” буюу нэг удаагийн маскийн анхны хувилбарыг XIX зууны сүүлч XX зууны эхээр мэс заслын үед болзошгүй халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж эхэлжээ. Энэ төрлийн маскийг Францын мэс засалч Пол Бергер 1897 онд нэгэн мэс заслын үеэр зүүж байсан хэмээн түүхэнд үлдсэн байдаг аж. Тэрбээр зургаан давхар маарлиар хийсэн тэгш өнцөгт маскийн дээд талыг толгойныхоо ард уяагаар тогтоож, доод талыг нь мэс заслын хормогчтойгоо холбон тогтоож мэс засал хийдэг байсан бөгөөд мэс заслын үед маск зүүхийн ач холбогдлын тухай судалгааны бүтээл бичсэн юм.

 

B. Misheel