Зэсийн эринд цахиур хагалах технологи

T.Amarjargal T.Amarjargal
2021-08-12 17:41:07
Ангилал: Эдийн засаг

Зэсийн эрэлт ихсэж, үнэ өсөх асар том циклийн өмнө бид ирээд байна. Ялангуяа цар тахлын нөлөөгөөр “зэсийн шинэ эрин” эхэлж байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. 2035 онд зэсийн эрэлт одоогийн түвшнээс 43 хувиар өснө гэж McKinsey компанийн дэргэдэх Дэлхийн хүрээлэнгийн судалгаанд дурдсан бол Олон улсын зэс судлалын групп одоогоос дөрвөн жилийн дараа таван сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж тооцоолжээ. Энэ бол 30 орчим Оюу Толгойн үйлдвэрлэлтэй тэнцэхүйц хэмжээний хомсдол юм. Мөн Хятадад үйлдвэрлэл хөгжиж байгаатай холбоотойгоор зэсийн хэрэглээ Ази тив рүү шилжиж байна. 2019 оны байдлаар зэсийн нийт эрэлтийн 70 хувь нь Азид төвлөрчээ.

Харин манай улс зэсийн шинэ эринд  бэлэн үү? Одоогоор Оюу толгой зэсийн баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авч байна. Харин зэсийн агууламж өндөртэй хэсэг буюу нийт нөөцийн 80 гаруй хувь нь уурхайн гүнд оршдог.

Хэрэв Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орвол тус уурхай дэлхийн хамгийн том таван уурхайн нэг болно. Өөрөөр хэлбэл, манай улс дэлхийн зэсийн зах зээлд “том тоглогч” болно гэсэн үг.  Гэхдээ гүний уурхайн гүн рүү тэмүүлэхэд “бэлтгэл” хэрэгтэй. Учир нь Оюу толгойн гүний уурхайн хамгийн гүн босоо ам нь Блю Скай цамхгийг 12 давхарласантай дүйцэх юм. 

Өдгөө олборлоход төвөгтэй гүний уурхайд блоклон нураах технологи тохиромжтой гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ердөө 20 хүрэхгүй гүний уурхай эл технологийг ашиглаж байна.

Блоклон нурааж олборлох технологи

Блоклон олборлох арга нь уулын даралтын хүч болон газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурж эхэлдэг байна. Улмаар тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөж, хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурж орж ирдэг аж. 

Энэхүү технологийг нутагшуулах зорилгоор ‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ сэдэвт олон улсын цахим симпозиумыг Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль өнөөдөр зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг симпозиумын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд нар үг хэллээ. Мөн зэсийн томоохон нийлүүлэгч болох Чили улсын Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай,  АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн очир эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүд блоклон нураах технологийн арга туршлагаасаа хуваалцаж байна. Харин манай улсаас ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид болон Рио Тинто, Оюу толгой компанийн төлөөллүүд илтгэл хэлэлцүүлэв. 

Төмрийн хүдрийн далд уурхайд анхлан нэвтрүүлж, их гүнтэй зэсийн порфирийн ордуудад түгээмэл хэрэглэх болсон блоклон нураах технологи нь 100 гаруй жилийн түүхтэй ч Монгол Улсад анх удаа нэвтэрч буй учраас нарийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатай байгааг талууд онцолсон.

Блоклон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр. Гэхдээ цаашдын үйл ажиллагааны зардал нь бусад аргатай харьцуулахад хямд байдаг аж. Оюу толгойн менежментийг хариуцагч Рио тинто групп блоклон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг гэдэг утгаараа Монголд энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр иржээ. Тухайлбал, Рио Тинто групп болон Оюу толгой компаниас ШУТИС-д 2.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр санамж бичиг байгуулсан. 2025 оныг дуустал хэрэгжүүлэх эл хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн геотехникийн нарийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, Олон улсын геотехникийн төв байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн өнгөрсөн хичээлийн жилд геотехникийн анхны мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөртөө элсэлт авч эхэлснээ ШУТИС мэдэгдлээ. 

Түүнчлэн УУХҮЯ энэ онд Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.  Эрхзүйн орчин бүрдсэнээр “критикал минерал” хэмээн нэрлэгдэж буй чухал ач холбогдол бүхий ашигт малтмалыг хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулалт татах цогц зохицуулалт бий болно гэж салбарын сайд Г.Ёндон симпозиумын үеэр онцолсон юм.

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal