Инфляцын ташуур

Mongolian Economy
2023-10-12 12:05:19
Ангилал: Дэлхий 2023 онд

Эрчим хүчний үнэ, бодлогын хүү нэмэгдэхийн хэрээр Европын эдийн засаг олон сорилттой тулгарч байна.

Инфляц хэсэг хугацаанд өндөр байв. Гэвч 1922 оны зунаас юмны үнэ огцом нэмэгдлээ. 1914 онд 0.30 герман марк байсан талх 1922 оны зургадугаар сард найм, оны эцэст 160 марк болж өссөн. Дараа нь Германд гиперинфляц болж, мөнгөн тэмдэгт нь үнэ цэнгүй боллоо. Яг 100 жилийн дараа дайнаас үүдсэн өндөр инфляцтай Европ дахин нүүр тулав. Азаар гиперинфляц болох магадлал алга. Учир нь Европын орнуудын эдийн засаг хүчтэй хэвээр, өрийг зохих түвшинд барьж, инфляцтай тэмцэж байна. Гэвч 2023 онд эрчим хүчний хямрал, үнийн өсөлтийн улмаас эдийн засгийн удаашрал үүснэ, дараа нь сэргээх тамтай үйл явц эхэлнэ.

Эрчим хүчнээс эхэлье. Хийн экспортоо багасгаж, үнээ өсгөх замаар Орос эрчим хүчийг Барууны улсуудын эсрэг зэвсэг болгон ашиглаж байна. Харамсалтай нь Францын цөмийн олон реактор засвартай, усан цахилгаан станцууд гангийн улмаас бараг ажиллаагүй. Өндөр өртөгтэй хийгээр ажилладаг үйлдвэрүүд энэ орон зайг нөхөхөөс өөр аргагүй болсон.

2023 онд Европт эрчим хүч үнэтэй хэвээр байна. Шингэрүүлсэн байгалийн хийн импортоо нэмсэн ч хангамж ихээр өсөх боломжгүй. Хийн агуулахууд дүүрэн, дулаан намрын ачаар хавар гэхэд агуулах арай хоосрохгүй. Газрын тос үйлдвэрлэгч орнууд газрын тосыг ховор, үнэтэй хэвээр байлгана. Францын цөмийн станцууд ажиллаж эхлэх ч үнийг бууруулахаар хэмжээний цахилгаан үйлдвэрлэхгүй.

Тиймээс инфляц төсөөлснөөс өндөр болно. Эрчим хүчний үнийн өсөлт зогссоноор инфляц 2023 оны турш механикаар буурах нь гарцаагүй. Гэвч зарим эрчим хүчний үнэд хязгаар тогтоосон, урт хугацааны гэрээгээр зохицуулж байгаа учраас тултал нэмэгдээгүй байна. Бусад салбарын хувьд эрчим хүчний үнийн шокоос болж үнэ өссөөр байна. Алдагдсан орлогыг нөхөхийн тулд цалинг өсгөснөөр компаниудын зардал нэмэгдэнэ. Аж ахуйн нэгжүүд ашгийн маржинаа хадгалахын тулд зардлаа хэрэглэгч нарт “шингээнэ”.

Өмнөх уналтуудаас ялгаатай нь дэлхийн эдийн засаг Европт тусламжийнгараа сунгахгүй.

Хэрэглэгч, компаниуд эл цохилтыг мэдэрч, хүлээлгийн байдалд шилжинэ. 2022 онд аялал, тансаг рестораны эрэлтийн ачаар эдийн засаг дахин сэргэсэн. Цар тахлын дараа эрэлт огцом сэргэж, үүнээс улбаатай нийлүүлтийн сүлжээний гацаанаас шалтгаалж захиалгадаа дарагдсан аж үйлдвэрийн салбарын хувьд энэ нь аманд орсон шар тос шиг байв. Гэвч 2023 онд өрхийн төсөв хоёр давхар цохилтод өртөнө: цахилгааны төлбөр болон бодлогын хүү өндөр хэвээр байх учраас ипотекийн зээлийн төлбөр дагаад өснө. Компаниуд ялгаагүй хүнд байдалд орох учраас хөрөнгө оруулалтаа танана. Энэ бүхэн Европын эдийн засгийг удаашралд хөтөлнө.

Өмнөх уналтуудаас ялгаатай нь дэлхийн эдийн засаг энэ удаа Европт туслахгүй. Бодлогын өндөр хүү, эрчим хүчний хямрал, чанга доллар нь дэлхий даяар өсөлт болон эрэлтийг сулруулах учраас Европын аж үйлдвэрийн салбарын экспортын захиалга 2023 оны турш бага байна.Эрчим хүчний үнэ буурч, Америк инфляцаа хяналтад авсан цагт л дэлхийн эдийн засгийн өсөлт Европт дэм болно. Гэвч 2023 онд ийм зүйл болохгүй.

Ганц сайн мэдээ нь хөдөлмөрийн зах зээл. Хөгшчүүд тэтгэвэрт гарч, залуу бөгөөд цөөн тоотой шинэ үе ажлын байранд гарч байгаа учир Европ ажиллах хүчнээр дутмаг болсон. Тиймээс ажилтнаа халахаас өмнө компани хоёронтоо бодож, дэмжлэгийн өгөөмөр схем нь ажлын байрыг хадгалахад тусална. Олон хүн ажлаа алдах бус цахилгааны өндөр үнэ, моргэйжийн өндөр хүүд санаа зовно.

Төрөөс өрх, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлснээр Европ 2023 онд гүнзгий уналтаас сэргийлнэ. Сонгогчдоо цахилгааны өндөр төлбөрийн дарамтаас хамгаалахыг улсууд хичээсээр байна. Ингэснээр сонгогчдын бодит орлогыг бууруулахгүй хамгаалж, эдийн засагт үзүүлэх эрчим хүчний хямралын үр дагаврыг хязгаарлах юм. Үүнээс гадна инфляцаас үүдэлтэй улс төрийн зөрчилдөөнийг намжаахад тус болох учиртай.

Mongolian Economy