Ирэх 4 жилд төлөх өр ГВАН-өөс 3.5 дахин их

Avatar tselmeg tselmeg
Нийтлэгдсэн огноо: 2019-12-02 18:09:57
Ангилал: Эдийн засаг

Манай улсын адаад өрийн хэмжээ 29.9 тэрбум ам.доллар бөгөөд үүний тэн хагасыг ирэх дөрвөн жилд барагдуулах ёстой. Гэвч энэ нь Гадаад валютын албан нөөц (ГВАН)-өөс 3.5 дахин их үзүүлэлт юм. Тиймээс ирэх жилүүдэд олон улсаас дахин санхүүжилт татах буюу өрийг өрөөр дарахаас өөр сонголтгүй байгаа. Албаныхны баримталж буй байр суурь нь санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг аль болох бага байлгахад анхаарч байгаа бөгөөд үүнд ГВАН-ийн зохистой хэмжээ чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс Монголбанкнаас ГВАН-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхийн эдийн засгийн орчин болоод эрсдэл, баримталж буй бодлогоо нээлттэй хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон зочдын байр суурийг хүргэж байна.

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Төлбөрийн тэнцэл алдагдалтай бол валютын нөөц хорогдоно, ашигтай гарвал нэмэгдэнэ. Улсын гадаад өр зөвхөн Засгийн газрын түвшинд биш нийтдээ өсөж байгаа. Ирэх дөрвөн жилд төлөх ёстой 14.4 тэрбум ам.долларын таван тэрбум нь хүүгийн төлбөр бол үлдсэн нь үндсэн өр.

Гадаад өрийг эргэн санхүүжүүлэхэд хүү нь харьцангуй бага түвшинд байх ёстой. Үүний тулд гадаад валютын нөөц зохистой түвшинд байх хэрэгтэйг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудтай уулзах үед анзаарагддаг. Хэдийгээр өнгөрсөн гурван жилд гадаад валютын нөөц нэмэгдсэн боловч нөгөө талд өрийн хэмжээ үүнээс ч илүүгээр өссөн. Энэ нь цэвэр дүнгээрээ валютын орох урсгалыг бий болгож чадахгүй байгааг харуулж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл: Ам.доллар улс орнууд ГВАН-ийн ийн 60 орчим хувийг эзэлж, худалдааны 40-өөд хувийг гүйцэтгэж байна. Компанийн өрийн хувьд ч гэсэн голлох валютуудтай харьцуулахад ам.долларынх 7-8 дахин их байна. Мөн хөгжиж байгаа орнуудын гадаад өрийн 70-80 хувь нь ам.доллараар илэрхийлж буй бөгөөд өрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн томоохон эрсдэл болж байна. 2000 оноос хойш тасралтгүй нэмэгдэж байсан өр 2008 оны хямралын дараа хямд эх үүсвэртэй зээлэээр улам эрчимтэй тэлсэн.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Хуримтлал багатай орны хувьд уул уурхай болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага нь урсгал дансны алдагдалд хүргэж байгаа. Урсгал дансны алдагдлыг ГШХО болон зээл тусламжаар нөхөж ирсэн. Сүүлийн хоёр жилд Монголбанк ГВАН-ийг нэмэгдүүлэхэд идэвхтэй хийж буй ажил бол экспортлогч томоохон компаниудаас валют шууд худалдан авч байгаа явдал.

Валютын нөөц тодорхой шалгууруудыг хангаж байгаа ч ОУВС-ийн аргачлалаар тооцвол дахиад бараг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай.

 

 

Avatar

tselmeg tselmeg