Катрин Ивкоф: Бидний цаашдын харилцаа ногоон өсөлтийг түүчээлэхэд чиглэнэ

T.Amarjargal T.Amarjargal
2022-04-06 18:03:45
Ангилал: Ярилцлага

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофтой тус улсын Ногоон хөгжлийн бодлого, чиг хандлагын талаар ярилцлаа. 

-Бидний урилгыг хүлээн авсан эрхэм Элчин сайд танд баярлалаа. Юуны өмнө Канад улс ногоон хөгжлийн бодлого, онцлох зорилтуудын талаар та манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Ийм чухал сэдвээр ярилцах боломж олгосонд баярлалаа. Канадын ногоон хөгжлийн үндсэн бодлогыг “Цэвэр өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Пан-Канадын хөтөлбөр” гэж нэрлэдэг. Энэхүү хөтөлбөр болон Канадын ногоон хөгжлийн бүхий л бодлого, зорилтууд бохирдлыг бууруулах, эдийн засгаа өсгөх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Канадын Засгийн газар 2016 онд нийт канадчуудын саналын үндсэн дээр Пан-Канадын хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөрт нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулах 50 гаруй арга хэмжээг тусгасан байдаг.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 онд нүүрстөрөгчийн ялгаралтыг 227 сая тонноор бууруулна гэсэн зорилготой байна. Хэрэв нүүрстөрөгчийг ийм хэмжээгээр бууруулж чадвал энэ нь Канадын түүхэн дэх хамгийн их бууралт болно.

Мөн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчийг хэмнэх, цахилгаан тээврийн хэрэгсэл болон цэнэглэх дэд бүтцийг нэмэгдүүлэх, шинэ технологийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Үүний үр дүнд шинэ ажлын байрны тоо ч эрс өсөж байна. Канадын Засгийн газар 2015 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, ногоон өсөлтийг дэмжихэд 100 тэрбум канад долларын хөрөнгө оруулалт хийсэн. Ногоон хөгжилд тэмүүлж, инновац, ногоон ажлын байрыг дэмжин, ижил зорилготой улс орнуудтай хамтран ажилласнаар Канад улс илүү уян хатан, тогтвортой, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгож байна.

-Ногоон ирээдүйг бүтээхэд хамгийн чухал зүйл ногоон санхүүжилт. Канад улс ногоон санхүүжилтээ хэрхэн удирдаж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг даван гарах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Канад улс уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн санхүүжилтийн хэмжээгээ нэмсээр байна. Мөн хөгжиж буй улс орнууд руу ногоон санхүүжилтээ чиглүүлж байна. 2021 онд болсон “Их 7”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Канад улс олон улсын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн санхүүжилтээ өмнөх амлалтаасаа даруй хоёр дахин нэмэгдүүлж буйгаа мэдэгдсэн. Энэхүү амлалтаа 2021-2026 оны хооронд биелүүлэх бөгөөд таван жилийн хугацаанд 5.3 тэрбум канад долларын санхүүжилт олгоно. Канад бол НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (GCF)-ийн найм дахь том хандивлагч. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Суурь конвенц (UNFCCC) төдийгүй хөгжингүй орнуудын олон улсын хандивлагчдын Парисын хэлэлцээрээр томоохон үүрэг хүлээсэн улс орнуудын нэг. Иймээс хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох хүчин чармайлтыг нь дэмжихэд онцгой анхаардаг.

Манай улс 2015 оноос хойш Уур амьсгалын ногоон санд 600 сая канад доллар хандивласан.

Үүнд Монголын уур амьсгал, цэвэр эрчим хүчний зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт ч багтаж байгаа. Канад улс тус санг дэмжсэнээр ногоон ирээдүйг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.  Нэмж дурдахад, Канадын Уур амьсгалын сангаар дамжуулан 200 сая канад долларыг Ази дахь хувийн хэвшлийнхэнд зориулан хандивласан нь бүс нутгийн хөгжилд маш том дэмжлэг болсон. Тус санхүүжилт ус хангамж, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, газар ашиглалт, байгалийн нөөцийн менежмент, дэд бүтэц, эрэг орчмын хамгаалалт, гамшгийн эрсдэлийн менежмент, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой тээвэр, хог хаягдлын менежмент болон жендерийн мэдрэмжтэй үйл ажиллагаанд чиглэж байгаа. Энэхүү ногоон санхүүжилтийн үр шимийг 100 мянга орчим иргэн аж, ахуйн нэгж хүртсэн байна. Мөн Канадын Уур амьсгалын сан 18 мегатонн хүртэлх хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулсан нь нэг жилийн хугацаанд 3.5 сая орчим автомашиныг хэрэглээнээс хассантай тэнцэх үзүүлэлт юм.

Элчин сайд Катрин Ивкоф Хөвсгөл аймагт

Хөвсгөл нуурын эрэг дээр. 2020 он

-Ногоон хөгжилд түүчээлэхийн тулд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний оролцоог хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

-Манай улсын хүрээлэн буй орчноо хамгаалах, эдийн засгаа хүчирхэгжүүлэх бодлогууд нь хоорондоо салшгүй уялдаатай байдаг. Эдийн засгаа хүчирхэг бөгөөд уян хатан байлгахын тулд байгаль орчноо хамгаалах ёстой гэдгийг бид бүх талаар хүлээн зөвшөөрдөг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах Канадын хүчин чармайлтыг манай улсын хөтөлбөр, төлөвлөгөөнөөс илхэн харж болно. Тухайлбал, бид Парисын хэлэлцээрээр 2030 он хүртэл хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээсэн. Энэхүү үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд “Эрүүл орчин, эрүүл эдийн засаг” төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөг дээр дурдсан Пан-Канадын хөтөлбөрт үндэслэн боловсруулсан бөгөөд 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус төлөвлөгөөнд орчны бохирдлыг бууруулж, хүчтэй, уян хатан, хүртээмжтэй эдийн засгийг бий болгоход чиглэсэн 64 бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг багтаасан. 

“Эрүүл орчин, эрүүл эдийн засаг” төлөвлөгөө нь таван үндсэн бүрэлдэхүүнтэй. Эхнийх нь эрчим хүчний алдагдлыг бууруулах явдал юм. Энэ хүрээнд орон сууцны эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийг дэмждэг. Үр дүнд нь ногоон ажлын байр нэмэгдэж, амьдрал илүү тав тухтай болно. Харин хоёр дахь нь эрчим хүчний хүртээмжийг сайжруулах замаар цэвэрхэн, хямд төсөр, байгальд ээлтэй тээврийг нэмэгдүүлэх зорилт юм. Үүний тулд бид сэргээгдэх эрчим хүчний технологид хөрөнгө оруулалт хийж байна. Мөн хотуудыг эрүүлжүүлж, түгжрэлийг бууруулахын тулд утаагүй тээврийн хэрэгсэл, цахилгаан авто машин зэрэг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглахыг бодлогоор дэмждэг. 

Гуравдугаарт, Канад улс бохирдолд төлбөр ногдуулсаар байх болно. Нүүрстөрөгчийн бохирдолд төлбөр тогтоох нь эдийн засаг төдийгүй байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн үр нөлөөтэй байдаг. Өрхүүдэд шууд татаас олгохын зэрэгцээ 2030 он хүртэл нүүрстөрөгчийн бохирдлын төлбөрийг аажмаар нэмэх болно.

Төлөвлөгөөний дөрөв дэх гол талбар бол аж үйлдвэр. Тус салбарт ногоон өсөлтийг түүчээлж, давуу талыг нь нэмэгдүүлэх боломж бий.

Тиймээс Засгийн газраас Канадын компаниудыг илүү инновацлаг байж, дэлхий дахинд хэрэгцээтэй шийдлүүдийг хөгжүүлэхэд нь дэмждэг. Бодлого, урамшуулал, хөрөнгө оруулалтаар дамжуулан орчны бохирдлыг бууруулах, цэвэр эдийн засагт шилжихэд нь анхаардаг. Ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ нүүрстөрөгчийг аль болох бага ялгаруулж, байгальд ээлтэй технологи ашиглахыг нь бид бүхий л талаар дэмждэг. Энэ бол шинийг санаачлагч компаниуд, бизнес эрхлэгчдээ дэмжиж буйн нэг илрэл юм. Ногоон хөгжлийг эрхэмлэсэн, ирээдүйг зөвөөр харсан бизнес эрхлэгчдээ дэмжихийн хэрээр канадчууд урт хугацаанд сайн цалинтай ажлын байртай байх баталгаа нь нэмэгдэж байна. 

Харин тав дахь гол зүйл нь байгалийн хүчийг ашиглах явдал юм. Канадын Засгийн газар хоёр тэрбум мод тарьж, байгалийн орон зайг ашиглан нөхөн сэргээхээр төлөвлөж байна. Ингэснээр бохирдлыг бууруулж, цаг агаарын эрс тэс үзэгдэлд илүү тэсвэртэй байх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр биологич, хот төлөвлөгч, цэцэрлэгч, мод тарих хүмүүсийн олон мянган ажлын байрыг бий болгоно. Бидний энэ зорилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэг тэрбум мод тарих санаачилгатай жишиж болох юм. 

Ташрамд дурдахад, Канадын Засгийн газар 2050 он гэхэд тэг ялгаруулалтын зорилтдоо хүрнэ. Мөн энэ зорилтоо баталгаажуулсан хууль тогтоомжийг ч өргөн бариад байна. Канад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буйн тод илрэл нь 100 хувь цахилгаан эрчим хүчний ирээдүйд тэмүүлж буй тэмүүлэл юм. Дэлхийн шинжлэх ухаан ч үүнд чиглэж байна. Нүүрсхүчлийн хийн ялгаралтыг тэглэх зорилтод хүрэхийн тулд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргах ёстой. 

-Канад улс ногоон хот, цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэнт байгалиараа алдартай. Энэ бүх ногоон орон зайгаа хайрлан хамгаалахын тулд юунд анхаардаг вэ? 

-Канадад дэлхийн намгархаг газар болон ой тайгын 25, цэнгэг усны нөөцийн 20 хувь нь бий. Мөн Атлантын далай, Номхон далай, Хойд мөсөн далай дахь манай улсын эргийг тооцвол дэлхийн хамгийн урт эргийн шугамтай улс нь Канад. Түүнчлэн жигүүртэн шувууд, загас, хөхтөн амьтдын хамгийн таатай амьдрах орчин нь манай улсад байна. Тиймээс эдгээр үнэт баялгийг хайрлан хамгаалах нь Канад улсын онцгой үүрэг юм. Канадын хоёр сая гаруй км.кв газар нутаг, далай тэнгисийг хэдийнэ хамгаалсан. Гэвч бид үүгээр зогсохгүй. Канадын Засгийн газар 2025 он гэхэд Канадын газар нутаг (нийт 2.5 сая км.кв), цэнгэг усны дөрөвний нэгийг, Канадын далай тэнгисийн дөрөвний нэгийг (нийт 1.44 сая км.кв) хамгаалахаар ажиллаж байна. Ийнхүү бид нийтдээ дөрвөн сая км.кв буюу Монгол Улсын нутаг дэвсгэрээс 2.5 дахин том газар нутаг, далай тэнгисийг хамгаалахаар зорьж байна.

Манай улсад “Паркс Канада” хэмээх агентлаг байдаг. Тус агентлаг Канадын байгаль хамгаалах хүчин чармайлтад онцгой үүрэг гүйцэтгэдэг төдийгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хариуцдаг хамгийн эртний агентлаг юм. 

Түүнчлэн Паркс Канада нь нутгийн уугуул иргэдтэй хамтран ажилладаг. Тус байгууллага 110 гаруй жилийн турш үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, түүхийн дурсгалт газрууд, далайн хамгаалалтын бүсүүдийн нэгдсэн системийг удирдаж ирсэн. Өдгөө 171 түүхийн дурсгалт газар, 47 үндэсний цэцэрлэгт хүрээлэн, таван далайн хамгаалалтын бүсээс бүрдэж байна. Цаашид ч үйл ажиллагаа нь өргөжин шинэ хүрээлэнгүүдийг эгнээндээ нэгтгэх болно. Үүнд хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд ч багтана. Одоо үед хот дотор цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, суралцах, оюун санаа, бие бялдраа хөгжүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг хүмүүс улам бүр мэддэг болж байна. Канадчуудын 70 гаруй хувь нь хотын төвд амьдардаг. Тиймээс Канадын Засгийн газар үндэсний хэмжээнд Хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эл хөтөлбөрөөр дамжуулан 130 сая канад долларын хөрөнгө оруулалт хийж, хотын орчныг хамгаалахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ ажилд Паркс Канада агентлаг томоохон үүрэг гүйцэтгэж, хаана, ямар хэмжээний хүрээлэн байгуулах, оролцогч талуудтай хэрхэн  хамтарч ажиллах гээд бүхий л зүйлд нарийн төлөвлөлт судалгаатай оролцдог. 

Баян-Өлгий аймагт болсон Бүргэдийн баярын үеэр. 2020 он

-Канад улс ногоон хөгжлөөр дэлхийд тэргүүлдгийн хувьд, туршлагаасаа бусад улс орнуудтай хэрхэн хуваалцаж байна вэ?

-Канад улс дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд олон улсын тавцанд ажиллаж ирсэн баялаг түүхтэй. Их 7, Их 20, НҮБ болон олон улсын томоохон форумд тэргүүлэх үүрэгтэй оролцдог. Энэ хэрээр уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх дэлхийн тэмүүлэлд тууштай түлхэц үзүүлж ирсэн. Бид ногоон хөгжлийн туршлагаа бусад улс оронтой олон талаар хуваалцдаг. Энд би Канадын олон талт ажлын онцлох үйл явдал, уур амьсгалд ээлтэй ухаалаг хөдөө аж ахуй болон цэвэр технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн олон улсын хөгжлийн тусламжийн ажлуудаасаа жишээ татъя. 

Худалдааг либералчлахын хэрээр байгаль, орчны өндөр стандарт шаарддаг чөлөөт худалдааны хэлэлцээрүүд Канадын олон талт ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон. Мөн манай улс уур амьсгалд ээлтэй бараа үйлчилгээ, худалдааг дэмжихийн тулд бодлогын хувьд шийдтэй алхам хийж, олон улсын хэмжээнд гэрээ, хэлэлцээр байгуулсан. Тухайлбал, Канад-Европын Холбооны Эдийн засаг, худалдааны иж бүрэн хэлэлцээр (CETA), Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр (CPTPP), Канад-АНУ-Мексикийн хэлэлцээр (CUSMA) зэргийг энд дурдаж болно. 

Түүнчлэн 2017 онд Канад улс Их Британи улстай хамтран Нүүрсний хэрэглээнээс татгалзах хамтарсан холбоо (PPCA)-г байгуулсан. Тус холбоо нүүрсний эрчим хүчээс үе шаттай татгалзаж, 2020 оноос хойш ахин нүүрс олборлохгүй байх тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгад маш том хүч нэмсэн. Өдгөө тус байгууллага 110 гаруй гишүүнтэй болж өргөжөөд байна. Үүнд  үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэргүүлэгч буяны байгууллагууд багтдаг. Нүүрсний хэрэглээнээс татгалзах хамтарсан холбоо нь дэлхийн зах зээлийг цэвэр, тогтвортой эрчим хүч рүү чиглүүлэгч гол байгууллага болоод байгааг энд онцолъё.  

Хөдөө аж ахуй бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий салбаруудын нэг төдийгүй дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын гол эх үүсвэр юм.

Дээр дурдсан Уур амьсгалд ээлтэй, ухаалаг хөдөө аж ахуйн загвар нь тус салбарт өсөлт бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөө аж ахуйн дэвшилтэт загвар юм. Энэхүү загварын үндэс суурь нь 2010 онд болсон Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Гаагийн бага хурлын үеэр тавигдсан. Ухаалаг хөдөө аж ахуйн загвар амжилттай хэрэгжсэнээр уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, хөдөө аж ахуйг нэгдсэн уялдаа холбоотой болгож, энэ нь эргээд хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ Канадын олон улсын хөгжлийн тусламж нь эмзэг бүлгийн тариаланчдыг, ялангуяа эмэгтэй тариаланчдыг дэмжин ухаалаг хөдөө аж ахуйн арга хэрэгсэл, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Нөгөөтээгүүр цар тахал дэлхийн ногоон сэргэлтийг дэмжсэн гэвэл хилсдэхгүй. Ялангуяа улс орнууд эдийн засгийг сэргээх хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн бодлого төлөвлөгөөг илүү нарийн тусгаж байна. Мөн цэвэр технологи нэвтрүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, зохицуулалтын тогтолцоог бодлогоор дэмжин эдийн засгийн өсөлтийг өдөөх талаар улс үндэстэнүүд чухалчлах боллоо. Энэ бол ногоон сэргэлтийг дэмжиж байгаагийн тод илрэл. 

Канад улс цэвэр технологийн салбарт тэргүүлдэг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг сүлжээ, уур амьсгалд ээлтэй ухаалаг хөдөө аж ахуй болон хог хаягдлыг дахин боловсруулах шийдлүүдийг энд дурдаж болох юм. Үүнээс гадна бид түнш орнуудтайгаа эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч байна. Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй арга хэмжээ, санаачилгууд ч үүнд хамаарна. Бидний цаашдын харилцаа ногоон өсөлтийг түүчээлэхэд чиглэх болно

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Элчин сайд танд баярлалаа. 

-Ярилцах боломж олгосонд баярлалаа. Канадын ногоон хөгжилд чиглэсэн санаачилга, үйл ажиллагаа уншигчдын сонирхлыг татна гэж найдаж байна.

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal