Криптокономи
Биткойн хэмээх зүйл олны “шуналыг” малтаж, автсан хэд нь олборлолт хийж, хүртсэн ашгаараа бусдын атаархлыг төрүүлж эхэлсэн. Супер цикл нь 2016-2017 онд тохиосон биткойн блокчейн гэх технологид суурилдаг, крипто валют гэх шинэвтэр ойлголт байсан учир энэ талаар мэдээлэл бас мэдлэгтэй хүн тийм ч олон байгаагүй. Одоо ч зарим хүн энэ төрлийн валютад итгэл үзүүлэхгүй хэвээр байна. 2018 оны есдүгээр сарын байдлаар дэлхийн крипто валютын нийт зах зээлийн хэмжээ 202 тэрбум ам.доллар байгаагийн 112 тэрбум нь биткойнд ногдож байна.
Дэлхийг харвал…
Технологид суурилсан цахим шилжилт нэг өдрийн уртыг үдийн цайнд ойртуулж буй нь ойрын 20, 30 жилд эрчээ алдахгүй үзэгдэл байх талаар судлаачид, шинжээчид ярих болсон. Дэлхийн томоохон бизнесмэнүүд, Засгийн газрууд блокчейн технологид хөрөнгө хаяж, хүчээ үзэж крипто валютаар өрсөлдөж байна. Хэрэглээ нь санхүүгийн салбараар хязгаарлагдахгүй блокчейн технологи Америк, Хятад, Япон тэргүүтэй орнуудын дижитал чадавхын илэрхийлэл болоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн “Сангийн сайд” нь болохоор амбийцлаж буй. Хятад улс 2014-2017 оны нэгдүгээр сар хүртэл дэлхийн крипто валютын арилжааны 90 хувийг бүрдүүлж байсан боловч 2017 оны сүүлээр тохиосон биткойны ханшийн хөөрөгдлийн оргил үед тус улсын эрх баригчид крипто валютын арилжааг зогсоож, албажаагүй зах зээлийг “намнаж” байсан.
Харин өнгөрсөн хоёр жилд өмнөд хөршийн бодлого тодорхойлогчид криптог дахин сонирхох болж Хятадын Ардын банк блокчейнд суурилсан цахим валют гаргахаар зэхэж буйг тус банкны Төлбөр тооцооны хэлтсийн дэд захирал Му Чангчун мэдэгдсэн. Дэд захирал Му Чангчун “Төв банк яагаад цахим валют гаргахаар шийдсэн бэ гэхээр цахим төлбөрийн харилцаа сайтар хөгжиж байгаагаас гадна цахим валют гаргаснаар мөнгөний бодлого, үндэсний мөнгөн тэмдэгтийн хууль ёсны статусыг хадгалж үлдэх юм” гэжээ. Тэгвэл хойд хөршид ч гэсэн блокчейн технологи ашиглан Сингапурт төвтэй Trafigura компанитай крипто валютын шилжүүлэг амжилттай хийсэн талаар “Сбербанк”-ны ТУЗ-ийн даргын нэгдүгээр орлогч Алесандр Ведякин Дорнын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдсэн. Тэрбээр “Бид олон улсын түүхий эдийн зах зээлд тэргүүлэгч Trafigura-тай блокчэйн ашиглаж анхны арилжаагаа хийсэн бөгөөд цаашид уг технологийг хөгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн ярьжээ.
ОУВС-ийн гаргасан Casting light on Central Bank Digital Currency тайланд бэлэн мөнгөний үүрэг хумигдаж, цахим мөнгө олноор нэвтэрч буйг дурдаад “Төв банкууд цахим мөнгө гаргах нь мөнгөний хувьслын дараагийн эрин үе болно. Түүхэнд мөнгөний үндсэн үүрэг хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй, харин хэрэглээнд тааруулан дүр төрхөө хувьсган өөрчилж байсан. Эдийн засгийн олон салбар цахимжиж байгаа нь Төв банкуудыг өөрсдийн гэсэн цахим мөнгө гаргах хэрэгцээг нэмэгдүүлж байна. Төв банкуудын гаргаж байгаа цахим мөнгө нь нэг ёсны Засгийн газрын баталгаатай валют гэсэн үг. Ийм валютаар өнөө үед бидэнд байгаа технологийн хөгжлийн тусламжтай бүхий л төрлийн гүйлгээг найдвартай, өртөг багатай, шуурхай гүйцэтгэх боломжтой” гэж дүгнэсэн байгаа юм.
Гэхдээ маш олон орон тус технологид суурилсан валютыг бүрэн нэвтрүүлэхээс татгалзаж байгааг орхиж болохгүй. Тухайлбал, 2.4 тэрбум хэрэглэгчтэй Facebook компани Libra хэмээх крипто валют ирэх онд гаргахаар зарласан ч Францын Ерөнхий сайд Брюно Ле Мэр хэрэглэгчдийн эрсдэл, мөнгөний бодлогод учруулж болзошгүй сөрөг үр дагаварыг шийдвэрлэх арга хэрэгсэл бий болох хүртэл libra валютыг Европт хөгжүүлэх ямар ч алхмыг хүлээж авахгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. ОУВС болон бусад нөлөө бүхий орнуудын Төв банкууд цахим эдийн засгийн системийн эргэлт болсон валютыг блокчейн технологид суурилсан, төвлөрсөн удирдлагатай гаргах нь дээрх эрсдэлийг бууруулах боломж хэмээн харж буй аж.
Мода Монголд
Гурван жилийн өмнө монголчууд ч мөн “Эгэрэг”-тэй болж крипто үндэстэн болох дөхсөн. Гэвч 2017 онд цахим төлбөр тооцоо, цахим мөнгөтэй холбоотой баталсан хууль, түүнийг дагасан журмаар бол “Эгэрэг” цахим мөнгөний шаардлага хангаж чадаагүй. Хуульд зааснаар “Цахим мөнгө” гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэн бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хэлэх бөгөөд цахим хэтэвчинд байршина гэжээ. Монголбанкны тодорхойлолтоос үзвэл манай улс крипто валютыг хориогүй ч бас хүлээн зөвшөөрөөгүй, гэхдээ цахим мөнгө гэж үзэхгүй. Энэ талаар Төв банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Эгэрэг” хэмээх крипто валют гараагүй шалтгааныг “Блокчейнтэй холбоотой ямар нэг бодлогын зохицуулалт байхгүй учраас бид зөвшөөрөл өгөх этгээд биш байсан. Төвлөрсөн удирдлагагүй байвал бид цахим мөнгөний зөвшөөрөл олгохгүй” гэлээ. Өдгөө манай улсын Төв банкны албан ёсны зөвшөөрөлтэй ганц л цахим мөнгө байгаа нь “Мобифинанс” ББСБ-ын гаргасан candy. Монголын зах зээлд одоогийн байдлаар тав орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний цахим мөнгө эргэлдэж буй бөгөөд үүнийг 1.4 сая хүн “Мобиком корпораци”-ийн гэрээт болон гэрээт бус худалдаа, үйлчилгээний 6000 цэгт төлбөр тооцоо хийхэд ашиглаж буй.
Сandy болон цахим мөнгөний зөвшөөрөл хүссэн төлбөрийн хэрэгслүүд нь блокчейнд суурилаагүй, төгрөгөөс өөр валютад хөрвөх боломжгүй бөгөөд бусад төрлийн цахим мөнгө эсвэл цахим төлбөрийн үндсэн хэрэгслээр л дамжин гүйлгээнд орох ёстой гэх мэт сул тал ихтэй байгаа юм. Гэтэл “Дэлхий нийтээрээ л крипто валютыг цахим мөнгө гэж үзэж байна” хэмээн СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, профессор З.Оюунцацрал онцолсон. Хэдий энэ төрлийн мөнгө нь финтекүүдийг дэмжсэн, эдийн засгийн давуу тал олонтой гэж буй ч манай улсын хувьд дэлхийн технологийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадаагүй, бодлогын бичиг баримт огт байхгүй, өдгөө баталсан тодорхойлолтууд хангалттай бус гэж дүгнэж болохоор. Тодруулбал, Монголбанкны хувьд блокчейны талаар технологийн болоод хүний нөөцийн чадавх байхгүй, хууль эрх зүйн орчин ч бүрдээгүйг Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хэллээ. Гэхдээ улс бодлогоо гаргаад явбал Монголбанк судалгаа хийж, төлбөрийн системийг бүрдүүлэхэд идэвхтэй ажиллах боломжтой хэмээн тэрбээр мөн онцолсон. Финтек компаниудын зүгээс ч Монголбанкнаас блокчейн технологид суурилсан цахим валют гаргаж, төвлөрсөн удирдлагаар хангах санал тавьж байгаа аж.
Үүрэн холбооны операторууд, финтек болон зарим банк хамтран блокчейнд суурилсан монгол төгрөгийг stable coin буюу тогтвортой валют хэлбэрээр гаргахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд төгрөгийн хөрвөх чадвар сайжирна гэж тэд харж буй.
Хувь хүний датаг хэрхэн ашиглах талаар маш нарийн, тодорхой зохицуулалт шаардлагатай
Гэвч блокчейнд суурилсан крипто валютыг цахим мөнгө гэж үзэх хууль эрх зүйн үндэс бүрдэхгүй, улмаар хэрэгжихгүй бол хувийн хэвшлийн санаачлагууд ажил хэрэг болж, ард түмэнд үр ашгаа өгөх, цаашлаад Монгол Улсын цахим мөнгөний шилжилтийг эрчимжүүлж чадахгүй.
Олон улсын цахим валют арилжааны www.coinmarketcap.com цахим хуудаст 2810 крипто валют бүртгэлтэй байгаагийн 70-80 хувь нь цаанаа ямар нэг баталгаагүй, хэн гаргасан нь тодорхойгүй буюу эрсдэл өндөртэй гэж trade.mn-ийн гүйцэтгэх захирал Б.Хатанболд тайлбарласан. Энэ нөхцөлд үүсэх эрсдэлийг тухайн хувь хүн өөрөө л даахаас аргагүй. Харин эртхэн шиг бодлогоо гаргаад, зохицуулалтаа хийж, нэгдсэн удирдлагаар хангаад явбал сайн дурын үндсэн дээр явж буй крипто валютын арилжаа албажиж, тэр хэрээр Монголд орох валютын урсгал ч нэмэгдэх давуу талтай. Гэвч наана нь ядаж хувь хүний датаг хэрхэн ашиглах талаар маш нарийн бөгөөд тодорхой зохицуулалт шаардлагатайг финтекийн төлөөлөл анхааруулж буй. Тэрчлэн финтек болгон хэрэглэгчийн датаг цуглуулж, хүн бүр гарч ирсэн цахим мөнгөний тоогоор цахим хэтэвч буюу апп ашиглавал хэрэглэгчид өөрт нь асар төвөгтэй. Мөн цахим хэтэвч болон цахим хэлбэрээр байршиж буй дансны ялгаа, крипто валют гэж яг юуг хэлэх гэх мэт тодорхой болгох зүйлс олон байна. Монгол Улсад цахим мөнгөний шилжилт амжилттай хийхийн тулд нийтээрээ ойлголцох нэг хэлтэй болоход энэ мэт ойлголтуудыг нэгтгэх нь чухал.
Өдгөө дэлхий дахинд цахим мөнгөний хэрэглээг карт, электрон болон ухаалаг хэрэгсэлд байршсан мөнгө, крипто валютын түвшинд харж болж байна. Илүү том зургаараа бол банкны болон харилцаа холбооны дэд бүтцэд суурилсан цахим мөнгөний хөгжлийн дараагийн үе нь блокчейн технологид суурилсан крипто валют болж таарах нь. Гэхдээ манай улсад крипто валютыг хуулиар хүлээн зөвшөөрөөгүй учраас цахим мөнгө гэж үзэх арга байхгүй. Шинэ технологийн давалгаа тэртээ тэргүй биднийг дижитал ертөнц рүү хаман авч байна. Тиймээс нэгэнт эхэлсэн дижитал шилжилт банк, санхүүгийн салбарт хүчээ авч байхад айж, зугатаад байх учиргүй гэдгийг “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Ч.Ганхуяг манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.