Л.Дулмаазул: Дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд гол үүрэг гүйцэтгэнэ
Их Британийн ЗГХЭГ-ийн Төслийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажилладаг Л.Дулмаазултай Оксфордын их сургуулийн төгсөгчдийн холбооноос хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Та Их Британийн Засгийн газарт ямар шинэ албан тушаалд очсон бэ?
-Би 2020 оны арванхоёрдугаар сараас Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд бүтэц, төслийн удирдлагын газарт төслийн санхүүгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шууд удирдлагад ажилладаг. Их Британид 600 тэрбум фунт стерлингтэй тэнцэх дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн тэн хагасыг нь хувийн сектороос санхүүжүүлдэг. Одоо эрхэлж байгаа ажил үүргийн хүрээнд манай нэгж нь арилжааны зохицуулалттай сангууд, баталгаа болон яамны санхүүжилт гэх мэт олон төрлийн санхүүгийн шинэ болон хуучин механизмуудыг ашиглан хувийн секторын дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажилладаг. Дэд бүтэц, төслийн удирдлагын газар нь мөн Санхүүгийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайдуудад зөвлөгөө өгөх замаар Засгийн газрын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шинэчлэн сайжруулах үйл явцад оролцох чиг үүрэгтэй.
-Хэрэг эрхлэх газарт ажиллахаас өмнө хаана ажиллаж байсан бэ?
-Би Монголд төрж, нүүдэлчин соёл уламжлал дунд өсөж торнисон учраас шинэ орчин нөхцөлөөс гадна ялгаатай соёл, байгууллагад төвөггүй дасан зохицож чаддаг гэж боддог. Би соёлын хувьд өөр хоорондоо ялгаатай олон улсад янз бүрийн хүмүүстэй харилцаж, санхүүгийн өрсөлдөөнтэй салбарт ажиллаж үзсэн.
Ажлын гараагаа анх Лондонд банкны салбараас эхлүүлж улмаар Ази, Европ, Ойрхи Дорнод, Африкийн зах зээлд хөрөнгө босгох, төслийн санхүүжилтийн салбарт нийт 15 гаруй ажил ажилласан туршлагатай.
-Ингэж ажиллах хугацаанд санхүүгийн салбарт хүйсийн тэгш байдал хэр өөрчлөгдсөн гэж та үзэж байна вэ? Мөн энэ өөрчлөлтийг хурдасгах хүчин зүйл нь юу байж болох вэ?
-Санхүүгийн салбарт ажилласан он жилүүдээ эргээд харахад саяхныг болтол миний ажиллаж байсан алба нэгж дотор надаас өөр эмэгтэй бараг л байгаагүй учраас минийхээр энэ чиглэлд тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил гарч байгаа. Цөөнхийн төлөөллийн хувьд эрчүүд давамгайлсан орчинд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зоригтой, өөртөө бүрэн итгэлтэй байх шаардлагатай. Эрэгтэй хүмүүс одоог хүртэл дэлхий даяар бүхий л салбарт ноёлсон хэвээр байгаа нь миний гайхширлыг төрүүлдэг.
Илүү олон эмэгтэйг удирдагч, бизнес эрхлэгч болгохын тулд бид бүгдээрээ хичээж, дэмжих хэрэгтэй.
Үүнийг дэмжих нэг чухал арга нь лобби бүлгүүд болон санхүүгийн янз бүрийн механизм ашиглах юм. Үүнээс гадна бид гэрээсээ ажиллах, хүүхэд асрах зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, ажлын цагийн уян хатан систем нэвтрүүлэх гэх мэт хувийн амьдралаа шийдэхэд нь туслах дэмжлэгийн илүү өргөн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.
-Та яагаад Оксфордын Бизнесийн удирдлагын магистрт суралцахаар шийдсэн бэ? Эндээс олж авсан хамгийн чухал мэдлэгээ бидэнтэй хуваалцаач?
-Оксфордод суралцаж төгссөн нь өнөөг хүртэлх миний хамгийн том амжилтын нэг юм. Тэнд сурч байхдаа би цэвэр эрчим хүчний стартап компани байгуулсан, тиймээс нь миний хувьд үнэхээр онцгой жил болсон! Миний амьдралын дэндүү онцгой цаг үе. Хажуугаар нь хүүгээ төрүүлсэндээ үнэхээр бахархалтай байгаа.
Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрөөс олж авсан мэдлэгийн тухайд хамгийн чухал нь би дэлхийн хэмжээний профессоруудаас суралцаад зогсохгүй өргөн мэдлэгтэй ангийнхнаасаа ч бас ихийг мэдэж авсан. Хичээл дээр нэг профессор “Шилдэг их сургуулийн боловсрол өөрт чинь байгаа нөөц боломжийг ил гаргадаг бол жинхэнэ бодит хүч нь тэр нөөц боломжоороо юу хийж чадах вэ гэдэгт оршино” гэж хэлж байсныг нь тод санаж байна. Мэдлэг боловсролдоо оруулсан хөрөнгө оруулалтаа ашиглаж, ашиг тусыг нь дээд зэргээр хүртэх боломж хүн бүрд байдаг гэж би боддог.
2012 онд Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах урам зориг өгч, сурахын хажуугаар хүүхдээ асарч, хувийн амьдралаа зохицуулах боломжийг олгож, зааж зөвлөж байсан тус хөтөлбөрийн орлогч декан Кэти Харвид маш их талархаж буйгаа онцлон хэлмээр байна.
Сайд бизнесийн факультетын анхны монгол оюутан нь болж суралцсан бахархаж явдаг.
-Сургуулиа төгссөнөөс хойш Оксфордтой ямар нэг байдлаар холбоотой байгаа юу?
-Би Оксфорд болон тус бизнесийн сургуулийн төгсөгчдийн холбоотой одоо болтол холбоотой байгаа. Марк Вентреска профессорын ачаар бид уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, энтрепренершипийн чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Оксфордын Эрчим хүчний төгсөгчдийн клуб байгуулан ажиллаж байна. Энэ нь оюутнуудад тусалж, өргөн хүрээнд харилцаа холбоотой байх чин хүсэл эрмэлзэлтэй салбарын шилдэг мэргэжилтнүүдийг томоохон сүлжээ юм.
-Оксфордын бизнесийн сургуулийн төгсөгчдийн холбооны бусад гишүүдэд, санхүүгийн салбарын карьерт нь та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ментор болон үлгэр дуурайлал авах хүнтэй байх нь таны карьерт хүчтэй нөлөө үзүүлж, их түлхэц болдог. Карьерын эхэн үедээ байгаа бүх хүмүүст зөвлөхөд салбараа бүрэн мэддэг сайн ментортой болоорой гэж хэлье. Оксфордын бизнесийн сургуулийн төгсөгчдийн холбоо нь таныг карьераа ахиулахад шууд болон шууд бусаар тусалж чадах нэг хүсэл зорилготой хүмүүстэй холбоо тогтоох гайхалтай боломж юм.
-Таны дараагийн сорилт юу вэ? Та цаашид юу хийж бүтээхийг зорьж байна вэ?
-Би тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилтыг дэлхий даяар хэрэгжүүлэхэд чиглэсэн ногоон төслүүдийг санхүүжүүлэх хувийн болон төр засгийн хүчин чармайлтуудыг дэмжихийг маш их хичээдэг. Хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох болон Ковидын дараах сэргэлтийн энэ шилжилтийн цаг үед Засгийн газарт ажиллах нь хэцүү хэрнээ их үр өгөөжтэй. Дэд бүтэц нь цаг ямагт аливаа улсын хөгжлийн нэг чухал хэсэг нь байсаар ирсэн бөгөөд ирэх 20-30 жилийн хугацаанд энэ салбар тэг зорилтын хэрэгжилттэй уялдаж хөгжих болно.
Ковидын дараах сэргэлтийн гол зорилтуудын нэг нь дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, ингэхдээ технологи, байгаль орчин, нийгэм, компанийн засаглал (БОНЗ) мөн тогтвортой хөгжлийг тэргүүлэх эгнээнд тавих хэрэгтэй. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд гол үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн өсөлтийг бий болгож, шинэ боломжуудыг нээж, хүмүүсийн амьдралыг дээшлүүлнэ.
Оксфордын их сургуулийн Сайд бизнесийн факультетийн вэбсайтад гарсан ярилцлагыг орчуулав.