Л.Нямбаяр: Гашуунсухайт автозамыг бүс нутгийн онцлох бүтээн байгуулалтаар шалгаруулсан

Mongolian Economy
2020-12-10 17:38:51
Ангилал: Уул уурхай

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяртай Гашуунсухайтын автозамд хийгдэж буй бүтээн байгуулалтын болон бусад ажлууд, нүүрс тээвэрлэлтийн талаар ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК дэд бүтцийн ямар төслүүд, автозамын ажил хариуцдаг вэ?
-Асгатын ордын дэд бүтэц, байгалийн хийн хоолой болон бусад охин, хараат компанийн дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байна. Мөн 2014 онд Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт-Ганц мод боомт хүртэлх 239 км замыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэж өгсөн. Бид тус замын засвар, арчилгаа, ложистикийн ажлуудыг хариуцдаг.

-Гашуунсухайтын автозамын ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой ямар ажлууд хийгдэж байна вэ?
– Монгол Улсын коксжих нүүрсний гол экспорт Гашуунсухайт боомтоор гардаг. Жил бүр нүүрсний тээвэрлэлт өссөөр байна. 2014 онд 6.5 сая тонн нүүрсийг тус замаар тээвэрлэж, экспортолсон бол энэ тоо өнгөрсөн жил 20.6 сая тонн болж өссөн байна.

Зам ашиглалтын хувьд, экспорт харьцангуй бага байсан 2015, 2016 оны үед замаас олох орлогыг дагаад засварын ажлыг цаг тухайд нь хийж чадаагүй, хуримтлагдсан эвдрэл их байсан. 2017 онд хийсэн судалгаагаар замын 10 гаруй хувь нь эвдрэлтэй байсан гэсэн тооцоо гарч байв. Ингээд сүүлийн гурван жилд зам засварын ажилд онцгойлон анхаарснаар эвдрэлийн тоо хэмжээ эрс багассан. Үүнийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, тээвэрчид ч хэлдэг. Тухайлбал, 2019 онд “Баянзам тээвэрчдийн холбоо”-ноос Тавантолгойн бүс нутагт хийгдсэн олон ажлаас зам засварын ажлыг онцлох бүтээн байгуулалтаар шалгаруулсан. Мөнгөн дүнгээр нь илэрхийлбэл, 25 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн зам засвар, арчлалтын ажилд зарцуулснаас гадна замын менежмент, гэрээт цагдаагийн алба, эрүүл мэндийн үзлэг зэрэгт жил бүр нийт 8-9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Онцолж хэлэхэд, өнгөрсөн жил 48.5 км замд өнгө хучилтын ажил хийсэн. Уг зам анх баригдахдаа зургаан см зузаантай тавигдсаныг дахин 5-6 см-ээр нэмж, замын чанарыг сайжруулсан. 2017, 2018 онд тус бүр таван км, өнгөрсөн жил 48.5 км замд өнгө хучилтын ажил хийлээ. Энэ жилийн тухайд коронавирус, хөл хорионоос шалтгаалаад экспортын хэмжээ буурсан, санхүүгийн хүндрэл зэргээс шалтгаалан төлөвлөсөн зарим ажлаа хийж чадаагүй. Гэхдээ одоогийн байдлаар 9.2 км замд өнгө хучилт хийж гүйцэтгээд байна.

Мөн зам засварын ажилд бид шинэ технологи нэвтрүүлсэн. Нүүрс тээврийн замд хүнд даацын ачааны машинууд байнга явдаг учраас өвөл, зунгүй эвдрэл гардаг. Тиймээс жилийн дөрвөн улиралд замын ажлыг хийж болох хүйтэн асфальтын технологийг нэвтрүүлсэн. Сүүлийн хоёр жилд бид зам дээр гарсан 600 гаруй нүх, эвдрэлийг хүйтэн асфальтаар засварласан.

-Тээвэрчдийн ажиллах орчныг сайжруулах чиглэлд юу хийж байна вэ?
– Зөвхөн зам засварын ажлаас гадна дагалдах дэд бүтцүүдийг хөгжүүлэх, 10 гаруй мянган жолоочийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Өдөр болгон тодорхой тооны машин ямар нэг байдлаар саатаж, эвдэрдэг. Энэ тохиолдолд замын зорчих хэсгээс маш хурдан чөлөөлж, бусад тээвэрчдэд саадгүй тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг олгох шаардлагатай. Энэ нь ганц машины асуудал биш, Монгол Улсын нүүрсний экспорт тэр өдрөө саатахад хүрнэ гэсэн үг. Тиймээс бид зам дээрх зогсоолуудын тоог нэмж, өргөтгөн, хогийн цэг, бие засах газруудыг бий болгосон. Өнгөрсөн жил “Юнител” компанитай хамтран уурхайгаас боомт хүртэлх зам дагуу үүрэн холбооны дөрвөн антенныг суурилуулснаар жолооч нар дуудлага хийх, тусламж дуудах нөхцөл бүрдсэн. Мөн кабиндаа 24 цагаар тээвэрт явж байгаа жолооч нарт соён гэгээрэх боломжийг бүрдүүлж, ТББ-уудтай хамтран ФМ радио байгуулсан. Тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сүүлийн хоёр жилд зам дээр 800 орчим тэмдэг суурилуулаад байна.

Энд нэг талаасаа замын тухай ярьж байгаа мэт боловч зөвхөн зам биш, тээвэртэй холбоотой бүхэл бүтэн систем юм. 10 гаруй мянган тээвэрчин, тэдэнд үйлчилгээ үзүүлж буй иргэд гэж бодохоор сумаас том төвлөрөл энд бий болчихоод байна шүү дээ. Тиймээс ЦЕГ-тай хамтраад цагдаагийн албыг ажиллуулаад гурван жил болж байна. “Бид нэг амьтай шүү” соён гэгээрүүлэх аяныг ЦЕГ-тай хамтран зохион байгуулснаар замд гарах хэрэг зөрчил буурсан. Мөн тоосжилт өндөртэй орчинд ажиллаж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудалд бид анхаарч, 2018 онд жолооч нарыг үзлэг, оношилгоонд хамруулж байсан.

Түүнчлэн, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтраад тээвэрчдэд зориулсан сэтгүүл гаргах, НДЕГ-тай хамтран нийгмийн даатгалын үйлчилгээний ач холбогдлыг сурталчлах зэрэг ажил хийлээ. Зам сайжирч байгаа. Гэхдээ бид асуудлыг цогцоор нь харахыг зорьж байна. Жолооч эрүүл байх нь тухайн тээврийн компанийн эсвэл ЭМЯ-ны үүрэг, “Эрдэнэс Монгол”-д хамаагүй гэж үзэж болохгүй.

– Нүүрс бол Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр. Тэгвэл Гашуунсухайт автозамын эдийн засагт үзүүлж буй нөлөөг хэрхэн үнэлэх вэ?
– Өнгөрсөн жил Монгол Улсын нийт коксжих нүүрсний 56 хувь энэ замаар экспортод гарсан. Дээрээс нь 10 гаруй мянган хүн орлого олж, гэр бүлээ тэжээж байна. Зам дагуу засвар үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа бий болж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын ААН-үүд засвар, үйлчилгээ хийж, жолооч нарт үйлчлэх цогцолборууд баригдаж байгаа нь гадагшаа гардаг мөнгөний урсгал тодорхой хэмжээгээр багасхад нөлөөлөх юм.

Мөн 2500 машины зогсоол, жолооч нарын амрах, хооллох, хувцсаа угаалгах, эмчлүүлэх, машиндаа засвар, үйлчилгээ хийлгэх зэрэг бүх хэрэгцээт үйлчилгээг цогцоор нь шийдэх үйлчилгээний төв байгуулагдаж байна.

-Автозам тавьснаас хойш ойр орчмын хөрсний элэгдэл буурсан уу?
-Өмнө нь хулгайн тээвэр замын хажуугаар их явдаг байсан. Сүүлийн жилүүдэд хяналт сайжирснаар хулгайн тээвэр байхгүй болсон. Одоо уурхайгаас Цагаан хад руу уртын тээвэрлэлт зөвхөн хатуу хучилттай авто замаар явж байна. Харин богинын зарим тээвэр орон нутгийн шороон замаар явж байгаа. Ер нь хөрсний асуудал багассан. Замаас илүүтэй нүүрс буулгах, ачих явцад маш их тоосжилт үүсдэг нь гол асуудал болж байна.

Нүүрс ачиж буулгах талбайг цементэн хучилттай, тоосжилт бага үүсгэхээр зохион байгуулах шаардлагатай.
Жишээ нь, Хятадад битүү талбайд, шөнийн цагаар нүүрс ачих буулгах зэрэг зохицуулалтыг хийдэг. Ачиж, буулгах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан задгай тэвшээр нүүрс тээвэрлэх явдалд тодорхой зохицуулалт хийх шаардлагатай нь анзаарагддаг.

Одоогийн байдлаар Гашуунсухайт чиглэлд 2000 гаруй чингэлэгтэй машин нүүрс тээвэрлэж байна. Энэ бол ложистикийн дараачийн дэвшилтэт алхам юм. Учир нь чингэлэгтэй нүүрсийг шилжүүлэн ачсанаар нүүрсний жингийн хорогдол, чанарт гарах сөрөг нөлөөлөл багасна гэсэг үг.

– “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авто замаар хийх тээвэр буурах вий гэсэн болгоомжлол байна. Цаашид автозамаар хийх нүүрсний тээвэр ямар төлөвтэй байх бол?
– Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нүүрсний экспорт харьцангуй өсөлттэй байсан. Гэвч хэчнээн эрэлт байсан ч боомтын хүчин чадлаас экспортын хэмжээ шууд хамаарна. Гашуунсухайт боомтоор өдөрт хамгийн ихдээ 1500-1600 машин нүүрс экспортолсон байна.

Харин 2019 онд тус боомтын өргөтгөлийн ажлыг Монгол Улсын Засгийн газраас эхлүүлсэн нь экспортод эерэг нөлөөлөл үзүүлэх болов уу. Хэдийгээр дэд бүтцийн олон төсөл хэрэгжиж байгаа ч системээр нь хараад боомтын хүчин чадал, технологийг сайжруулж, тоог нэмэгдүүлбэл авто замаар дамжих экспорт тогтвортой байх боломжтой.

Мөн одоогийн байдлаар Тавантолгойн бүлэг ордын экспортод чиглэсэн Цагаандэл-Уулын боомт хүрэх 270 км автозам, Ханги мандалын боомт хүрэх 435 км автозам, Гашуунсухайт боомт хүртэлх 250 км замын төслүүд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжихээр болоод байна. Ингэснээр Өвөр Монголын ӨЗО-ы Баян-Нуур, Алшаа, Бугат аймгуудад ахиу хэмжээний нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Тэр хэрээр автозамаар хийх тээвэр нэмэгдэх хандлагатай байна.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

 

Mongolian Economy