Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн төсөөлөл

Mongolian Economy
2023-09-22 12:36:18
Ангилал: Эдийн засаг

Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөрийн “Mongolian Economy” сэтгүүлд 2023 оны хоёрдугаар сард бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Ковид цар тахлын өмнө жилд дунджаар хагас сая жуулчин хүлээн авч байсан манай улсад өнгөрөгч 2022 онд 290.414 гадны жуулчин хүрэлцэн ирж, 350 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөгийн орлого олсон хэмээн БОАЖЯ-наас мэдээлсэн. Харин дэлхий дахинаа 900 сая хүн гадаад улс руу аялал хийсэн нь 2021 оноос хоёр дахин их буюу Ковидын өмнөх өсөлттэй жилүүдээс даруй 63 хувиар нэмэгдсэн болохыг ДАЖБ (UNWTO) зарлажээ. Ялангуяа Европ, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь аялал жуулчлал өнгөрөгч онд Ковидын өмнөх үеэсээ 80-83 хувь болж сэргэлт явсан нь олон улсын агаарын тээврийн урсгал, бүс нутаг доторх нислэгийн эрэлт, ковидын хязгаарлалтыг эрс сулруулсантай шууд хамааралтай байлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” (Welcome to Mongolia) болгон зарлаж, эхний жилд нэг сая жуулчин хүлээн авах маркетингийн зорилт дэвшүүлсэн нь анхны удаа биш ч хэрэгжүүлэхээр ажиллаж буй алхмууд, тухайлбал, визийн хөнгөлөлт чөлөөлөлт, агаарын тээврийн нислэгийн харьцангуй чөлөөт бодлого, гадны жуулчдад зориулсан татварын буцаан олголт зэрэг гадаад улсаас Монгол руу аялахад дэмжсэн бодлого, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд эерэг үр дүн гарах прогноз дэвшүүлж болмоор. Гэвч аялал жуулчлалын салбар нь, ялангуяа олон улсын аялал жуулчлалын худалдаа нь бизнесийн эрэлт, нийлүүлэлтийн дагуу; түүний суурь механизм болсон бизнесийн орчин, компаниудын өрсөлдөх чадварын түвшин, хэмжээнээс шууд хамаарна. Түүнчлэн дэлхий нийтийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хэрэглэгчийн санхүүгийн хийгээд сэтгэл зүйн хамаарал зэрэг маш нарийн эмзэг хүчин зүйлээс донслон хамаарч байдаг салбар гэдэг нь өнгөрсөн жилүүдэд ч маш тодорхой харагдсан. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хүндрэлүүд, ялангуяа өндөр инфляц, эрчим хүчний хямрал, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал, ложистикийн гацаа, хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн хомсдол болон геополитикийн тогтворгүй байдал, тухайлан хоёр хөрш оронд үүссэн асуудлуудаас улбаалаад 2023 оны аялал жуулчлалын салбарын төлөв байдал тодорхойлогдох нь дамжиггүй ээ.

Манай улсын хувьд 2023 онд сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их наяд төгрөгт хүргэж, ДНБ-ий 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглүүлсэн үйл ажиллагаагаа явуулахаар зорьж буй талаар төрөөс зарласан. Ийм амбиц, зорилгыг мэргэжлийн бодлого, шалгуурын үүднээс анхааран чиглүүлж, цаашид анхаарах зарим асуудлыг хөндөж үзье.

Аялал жуулчлал нь манай улсын стратегийн үндсэн салбарын нэг. Тийм итгэл, найдлага ч бүрэн байна. Гэхдээ янз бүрийн зөрөөтэй тоо, сонирхогчдын хувь ойлголт, туршлагаар бус харин ч энэ салбарын жинхэнэ нөлөөлөл, ил ба далд боломж бололцоо, цаашдын бодлого стратегийг илүү бодитой нэг мөр тодорхойлох нь зайлшгүй. Үүний тул эдийн засгийн баттай үзүүлэлт, дата бидэнд нэн чухал. Ялангуяа “аялал жуулчлал”-ын салбар хэмээх малгайн дор эдийн засгийн ямар тодорхой дэд болон үндсэн салбаруудыг оруулж тооцох эсэх, аялал жуулчлалын систем нь хэрхэн яаж бүрдэх, ямар арга замаар хөгжих тухай суурь бодлого, үндэслэлийг тодорхойлох хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар бол дундын, хам дэд салбаруудын нийлэмж, оролцооноос бүрддэг. Агуулгын хувьд амралт (vacation), зугаалга (excursion), чөлөөт цаг (leisure), сувилал (sanitarium), ахуй үйлчилгээ (public service), худалдаа (trading)-ны нэрийдэл салбаруудын дундаас хамаардаг.

Эл бүх онцлогыг тусгасан дэлхийн улс орнуудын дийлэнх нь баримтлан хэрэгжүүлдэг, аялал жуулчлалын салбарын жич аргачлал бол “аялал жуулчлалын дагуул дансны арга” (tourism satellite account) мөн. Энэ нь тухайн улсын аялал жуулчлалын салбарын цар хүрээ, хамрагдах үндсэн болон дэд салбар, тэдгээрт үлдэх орлого, өгөөжийг нарийвчлан гаргадаг салбарын тусгайлсан тооцооллын систем. Манайд ийм тусгайлсан статистик аргачлал байдаггүй учир аялал жуулчлалын салбарын шууд (direct), шууд бус (indirect), дам (induced) нөлөөлөл, дэд салбаруудыг хэрхэн тооцож хамруулах нь янз бүр байна. Өөрөөр хэлбэл, гаднаас манайд ирж буй жуулчдын хөлийн мөр, нэгж долларын хуваарилагдах өгөөж, ашиг шимийг хүртэгч салбар бүрийн гинжин хэлхээ, зургийг бүрэн гаргаж байж салбарын хөгжил, өсөлтийг бодитойгоор анализ хийж чадна.

“Даян дэлхийн аялал жуулчлалын зөвлөл” (WTTC) хийгээд “Оксфорд Экономикс”-оос хамтран гаргадаг улс орнуудын аялал жуулчлалын секторын эдийн засгийн нарийвчилсан судалгаанд манай улсын аялал жуулчлалын үйлчилгээний борлуулалтыг Ковидын өмнөх үе буюу 2019 онд бараг нэг тэрбум ам.доллар (925.1 сая): үүнээс 622 сая нь олон улсын жуулчдаас, 303 сая нь дотоодын аялагч жуулчдаас олсон бол 2021 онд борлуулалтын нийт хэмжээ 2019 оныхоос бараг 3.4 дахин буурч, 290.9 сая ам.доллар болжээ. Дотоодын аялагчдын борлуулалт бараг хэвээрээ буюу 257.3 сая ам. доллар зарцуулсан бол олон улсын аялагчдын хувьд 33.6 сая болж үндсэндээ гүнзгий уналт болжээ. (Хүснэгт 1)

Монголын аялал жуулчлалын салбарт хамрааруулж тооцох нэгж салбаруудыг багтаасан бүтэн зураглалыг гаргаж, үүгээр дамжих эдийн засгийн өгөөж бүрийг тооцсон нарийн нягт зорилгыг тодорхойлж, тохирсон менежментийн бүтцийг гаргах ёстой. Ингэснээр энэ салбар нь дангаар Аялал жуулчлалын яам гэж бие дааж явах эсэх, эсвэл Соёлын яамтай нэгдэн ажиллах, үгүй бол Байгаль орчинтой хослох тэргүүтэн салбарын бүтэц-менежмент нь тодорхой болно.

Цаашилбал, манай аялал жуулчлалын эрэлт-нийлүүлэлтийн тохиргоо, бизнесийн моделийг сайтар судлан үзэх шаардлага байна. Бутан, Намиби, Коста-Рика зэрэг улс бие даасан эко, үндэсний гэх аяллыг буюу жуулчдын тоо цөөн, чанар өгөөж нь арвин аяллын тодорхой төрөл хэлбэрүүдийг дэмжин хөгжүүлэхээ зарлан бодлогоо явуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын язгуур эрх ашгийг аялал жуулчлалын салбар нь шууд болон шууд бусааар дэмжин хөшүүрэг болж ажиллах системийг гаргаж ажилладаг гэсэн үг. Энэ бол аялал жуулчлалын эрэлт ба нийлүүлэлтийг тодорхой бодлого дор явуулна гэсэн үг. Нэг талаас зах зээлийн өөрийнх нь жам, хууль дагуу, нөгөө талаас улсын эрх ашиг сонирхол дагуу аялал жуулчлал тодорхой хяналттайгаар хөгжих бодлого юм.

Манай улс бодлогын бүх баримт бичгүүддээ аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үүднээс, үндэсний соёл-нүүдэлчин аяллыг хөгжүүлнэ хэмээн заасан. Энэ бүхэн зүгээр л нэг лоозон төдий бус, харин ч манай аялал жуулчлалын эрэлт нийлүүлэлтийн тодорхой концепц байх ёстой.

Инбаунд буюу гаднаас Монголд аялах, дотоодын амралт аялал бол манай салбарын стратегийн үндсэн чиглэл. Дэлхийн аяллын зах зээл дээр Монголын инбаунд тур гэдэг нь хээр гадаа явах аялал (outdoor expedition)-аар тухайлсан зах зээлийн эрэлтийн хэв шинжийг үүсгэсэн. Тиймээс гаднаас аялагчдын дийлэнх нь буюу 80 гаруй хувь хөдөө хээрээр хийх аяллын эрэлт байдаг. Энэ нь манай аялал жуулчлал нь цаг агаараас хамааралт, явуулын (outdoor touring & driving), адал явдал- туршлагын (adventurous -experimental ) төрөл зүйл бүхий аяллын төрлийн эрэлт олон улсын зах зээл дээр байршдаг (market positioning) гэсэн үг. Тиймээс инбаунд идэвхтэй улирал нь цаг агаар, хээрээр аялах тохь тух, аюулгүй байдлын нөхцлүүдээс шууд хамаарч 6-9 сарын хооронд голчон идэвхждэг учир үйлчилгээний байгуулагуудын нийүүлэлтийн хомсдол, хүний нөөц, бараа үйлчилгээний үнэ өндөр болох эрсдэл их. Ялангуяа үйлчилгээний төрөл, хэлбэр нийлүүлэлтийг өргөтгөн нэмэгдүүлэх (maximizing supply) нь бүтэн жилийн хувьд ашигтай ажиллахад бус харин ч хоосон өрөө, тогтворгүй ажлын байр, маржин бага бизнес болж хувирдаг.

Бодлого чиглэлийн хувьд зуны улирлын хээрийн аялал нь манай аялал жуулчлалын салбарын өрөм гэж болно. Хэрэглэгчид янз бүр байгаа. Долоо хоногийн 5000 доллар төлдөг онцгой люкс аяллаас өдрийн 50 доллар төлөгч бие даагч сегмент бүрийн аяллын үйлчилгээний коридор, өртгийн сүлжээг манай аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллага удирдаж явах нь чухал.

Нэг талаас манай улс нээлттэй болж олон улсын, гадны жуулчдын компаниуд шууд ажиллах боломжтой болох нь Монголд ирэх жуулчдын тоог өсгөн нэмэгдүүлэх, аяллын эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой мэт авч ирсэн жуулчны бүрийн эдийн засагт орох нэгж өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд хамааралтай биш. Өөрөөр хэлбэл, манай улсад ирж буй гадны жуулчдын 60 гаруй хувь нь тур операторуудын зохион байгуулалтайгаар, үлдсэн хувь нь аялагч жуулчин хэмээх тодорхойлолтонд багтдаг бие даагч, найз нөхөд, алба амины бусад зорилгоор хүрэлцэн ирж, ямар нэг үйлчилгээ авч буй зорчигчид болно. Ковидын өмнөх үзүүлэлт ёсоор 400.0 мянга хүрэхгүй жуулчдыг хүлээн авч буй манай компаниудын эрэлтийг үүсгэгчдийн хэв шинж нь 5-10 хоногийн Азийн голдуу жуулчид ба 14-өөс дээш хоногтой барууны жуулчид байна. Ингэхдээ эдийн засагт оруулж буй өгөөж, үйлчилгээний нийлүүлэлтийн механизм нь оновчтой бус байна. Жишээлбэл, манай аяллын үйлчилгээний нийлүүлэлтийн багцын дийлэнх нь тээвэр, байрлах үйлчилгээ, хоол унд гэсэн суурь гурван чиглэлээс бүрддэг. Энэ нь жуулчны төлж буй зардлын 65 орчим хувь нь тийш чиглэдэг гэсэн үг. Гэтэл эдгээр үйлчилгээний үнэ нь улам бүр өндөр болж, тэгсэн атлаа өөрийн суурь зардал өртөг нь өндөр, бүтэн жил дагуух эрэлт-нийлүүлэлтээ тооцвол алдагдалтай байх ч магадлалтай. Тиймээс зуны жуулчны орлого нь ашигтай байх нь улам хэцүү болно. Ийм эдийн засгийн эргэлтэд аяллын тур компани ч, үйлчилгээний компани ч тэсч ажиллахад хүнд. Үр дүнд нь компани бүр өөрсдөө бүгдийг хийж, хармаандаа орсон жуулчныг өөрсдийн салбар үйлчилгээний компани, буудал, баазаар дамжуулж дундаас нь ашиг гаргахад хүргэдэг. Энэ бол эрэлт-нийлүүлэлтийн эрүүл систем биш. Аяллын тур компаниуд чухамдаа өөрсдийн “ялгарахуйц” аялал, турыг бүтээж, өндөр ашиг олох ёстой. Энэ бол наад зах нь манай аяллын бүс бүсчлэл, аяллын зорих газрын зохион байгуулалттай менежмент, Зорих газрыг удирдагч компаниудыг (DMO: destination management company) хөгжүүлэх, тийм бизнес моделийг нэвтрүүлэх эрх зүй, орчныг хэлж байна.

Нэг сая жуулчин авахын тулд манай эрэлтийн циклийг аль болох муруйсган өргөтгөж, улиралын хамааралт бус аяллуудыг, болон тур операторуудын хамааралт хийгээд бие даагч шууд жуулчны харьцааг ижилхэн өргөтгөх шаардлагатай. Ингэхдээ гол баримтлах стратеги бол үндэсний компаниудад орох өгөөжийн удирдлагыг (yield management) нэмэгдүүлэхэд чиглэсэн орчин, эрх зүйг бүрдүүлэх ёстой. Үүнд манай хөрш улсууд хийгээд шууд нислэг бүхий орнуудын зах зээл чухал ач холбогдолтой. Хоёр хөрш, Турк, Солонгос Япон улс руу хийх эрэлтийг чөлөөт цагийн аялал, албан хэргийн аялал, эвент үйл явдлын аялал, бусад аяллын хэмээх чиглэл дор тусгайлан хувааж зуны бус цагийн эрэлтийг бүтээхэд чиглүүлэх нь чухал. Үүнийг бий болгоход эхлээд ерөнхий соёлын харилцаа, тусгайлсан эвент арга хэмжээг зохион байгуулахаас эхэлж үйлчилгээний нийлүүлэлтийн сувгаа бэлдэх ёстой. 2019 оны байдлаар манай аялал жуулчлалын эрэлтийг бүрдүүлэгч эхний улсыг 2022 оны албан статистик үзүүлэлтээр харьцуулан үзье. БНХАУ-аас 2019 онд 168.292 (хил хаалттай), ОХУ-аас 141.927, 2022 онд: 145.759, БНСУ-аас 2019 онд 101. 279, 2022 онд: 51.869, Япон улсаас 2019 онд 24.419, 2022 онд 6942, Турк улсаас 2022 онд 5.352 жуулчин иржээ.

Дэлхийн аялал жуулчлалын салбар 2023 онд Ковидын өмнөх үеийн үзүүлэлтэндээ хүрэх гол зорилго тавьсан. Монгол Улсын хувьд 600 гаруй мянган гадны жуулчдыг авах шаардлагатай гэсэн үг. Ерөөсөө энэ нь манай зуны улирлын үйлчилгээний нийлүүлэлтийн даац болой. Гэхдээ зургаа ба наймдугаар сарын эхэн үеийн нийлүүлэлт 50 хувь байдгийг анхаарах хэрэгтэй. Үүнийг нэмэгдүүлэхэд бид хавар, намрын сардаа хамаарах жуулчдыг чухалчлах хэрэгтэй. Улиралаас эс хамаардаг төрлүүд болох Хятад жуулчдын автомашинтай аяллууд, ОХУ-ын дэлгүүрийн хямдралын худалдан авагчид, Солонгос, Туркийн тодорхой эвент уралдаан, тэмээний аялагчдыг 3,4,5 болон 10,11,12-р саруудад онилсон эрэлт үүсгэх идэвхжүүлэлтийг тогтмол явуулах ёстой.

Манай улсад гаднаас ирж буй жуулчдын тоо ба түүнээс манай үйлчилгээний компаниудад орж буй эдийн засгийн өгөөж нь харилцан адилгүй байна. Монгол Улсад зочилж буй гадаадын жуулчдын тоо нь БНСУ-ыг оролцуулаад бусад улсын гадагш чиглэсэн аяллын (outbound) зах зээлийн нэг хувиас бага хувийг эзэлж байгаа ба улс орон бүрт зах зээлийг хөгжүүлэх боломж байгаа юм. БНСУ-ын гадагш чиглэсэн аяллын зах зээл сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа бөгөөд Монголыг зорих жуулчдын тоо хурдацтай нэмэгдэж буй шалтгаан ч олон буй. Монголыг зорих жуулчдын тоо нь гадагш чиглэсэн аяллын зах зээлийн өсөлтөөсөө илүүгээр нэмэгдэж байгаа орон бол ОХУ юм. Япон улс нь БНХАУ, ОХУ, БНСУ-ыг бодвол Монголд очиж байгаа жуулчдын тоогоороо цөөхөн бөгөөд угаасаа гадагш чиглэсэн аяллын зах зээл нь бусад оронтой харьцуулахад бага, өсөлтийн хувь ч тийм өндөр биш байдаг.

Зуны аяллууд болон онгоцны тийзийн үнэ олдоц нь өндөр, манай үйлчилгээний төрөл хэлбэр нийлүүлэлт нь бусад улстай харьцуулахад өрсөлдөхүйц бус юм. Тиймээс манай аяллууд нэмүү өртөг шингээсэн сонирхолтой үйлчилгээнээс илүүтэй, язгуур байгаль соёлын суурь нөөцөөрөө л зах зээлийн нэг хувь хүрэхгүй хэрэглэгчийг татах гэж үзэж байна. Байгаль, соёлын эх суурь нөөцөө байгаагаар нь үзүүлэхэд тогтвортой хөгжлийн бодлого, GSTC (global sustainable tourism criteria) зэрэг стандарт шалгууруудыг нэвтрүүлэх нь зайлшгүй. Нөгөө талаас тийм эх нөөцийг баттай ая тух, аюулгүй байдал, амралтын үйлчилгээгээр хангаж байж нэмүү өртөг үйлдвэрлэгдэнэ. Энэ нь шууд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, аялах газрын менежмент, хүний нөөцийн зохицуулалт, санхүү эдийн засгийн урамшууллын системээс хамаарах нь гарцаагүй.

Монгол бол хоёр том хөршийн дунд орших том нутаг дэвсгэртэй, эрс тэс уур амьсгалтай хүн ам цөөн улс. Энэ нь манай давуу бас сул тал болдог. Агаарын тээвэр нь манай улсын геополитик, тусгаар тогтнолын нэг үндэс. Үүнтэй адил, Монголын аялал жуулчлалын тулгуур нь агаарын тээврийн хөгжил, уян хатан байдал, үнэ, урсгал, маршрут хийгээд онгоц буудлуудын даац хүчин чадлаас шууд хамаардаг. Манай агаарын орон зайд хийх агаарын тээврийн компаниудын нислэг, зорчих коридор нь үнэндээ манай хоёр хөршөөс шууд хамааралтай. (хүснэгт 2)

Гэвч дотоодын нислэгүүд, хуваарь үнэ, гарц зэрэг нь эргээд аяллын компаниудын баталгаатай ажиллах, эрэлтийг бий болгох суурь түшиц нь болж өгдгийг дахин тэмдэглүүлштэй. Дотоодын нислэгийн тээврэлэлтийн хувьд “МИАТ” 2019 оноос 81, 2020 оноос 71, харин “Хүннү эйр” 88 орчим, “Аеро Монголиа” компани 2020 оноос тав орчим хувиар багассан. 4С, 4D ангиллын олон улсын нисэх буудлуудыг байгуулах (Ховд, Мөрөн, Дэглий Цагаан, Чойбалсан, Гурвансайхан болон Өндөрхаан 3C), зах зээлийн урсгал, үйл ажиллагааны баталгаатай байдлыг бүтэн жилийн цикль дунд эргэлдүүлж ажилуулах нь манай аялал жуулчлал-агаарын тээврийн хамтын менежментийн нэг асуудал.

Төмөр замын тээвэрлэлтийг аялал жуулчлалын зорчигч тээврээр дэмнэн хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой. 2019 оны байдлаар, төмөр замын тээврээр 2,9 сая хүн (2019 он, ҮСХ) зорчсон нь, өмнөх оноос 14.6 хувиар өсөж, 2010 оноос 16.2 хувиар буурчээ. Сүүлийн жилүүдэд төмөр замын зорчигчдын тоо тогтмол буурч байгаа нь авто замын дэд бүтэц хөгжиж хот хооронд зорчигчдын дийлэнх нь автобус, машинтай зорчих болжээ. Манай улс дахь аялал нь бүхэлдээ автозам дээрх аялал. Учир нь дотоодын агаарын тээврээр зорчсон ч төрөл бүрийн авто техникээр зорчдог. Оросын фургон муу, Япон жип гоё хэмээх нь өрөөсгөл, энэ бол зах зээлийн хуулиар явагддаг. Аюулгүй байдал, ая тух үйлчилгээнд оролцогчид нь баталгаа хяналтаа тавих нь зүйн хэрэг. Төмөр замаар Улаанбаатар хот доторх түгжрэлийг сааруулж Толгойт өртөөнөөс-Төв вокзал- Энх тайвны гүүр- Амгалан өртөө хооронд Рэйлбус үйлчилгээг нэвврүүлэх, галт тэрэгний жуулчин тусгай вагон, цувааг гаргаж шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх нь хавар, намар, өвлийн улиралын аялалд чухал ач холбогдолтой.

Манай аялал жуулчлалын эрэлтийг улам бүр өргөтгөх бас нэмэгдүүлэх, зах зээлд төрөл бүрийн сегментүүдийг өдөөж, урин дуудаж байх нь зөвхөн төрийн юм уу, ТББ-ын үүрэг бус. Цахим хийгээд биет, аяллын үзэсгэлэн яармаг хийгээд виртуал сурталчилгааг хослуулан контент үйлдвэрлэлийг дэмжин, тасралтгүй бүтээлч аргуудыг эрэлтийг нэмэгдүүлэхэд ашиглах нь аливаа улс орны хувьд төр, хувийн хэвшлийн хамтын менежмент, маркетингийн зорилго бүхий бие даасан байгууллагын үүрэг байдаг. Үүнийг ихэвчлэн “Аялал жуулчлалын товчоо, байгуулага” (NTO-national tourism organization, board) хэмээн нэрлэж дундын санхүүжилтээр шийдсэн байдаг. Гадны хүмүүсийг Солонгос улс руу татах ажлыг КТО хэмээх байгуулага хариуцдаг нь ийм учиртай.

Харин аялал жуулчлалын үйлчилгээний нийлүүлэлтийн менежментийг Монголын аялал жуулчлалын нөөц боломжийг хамгаалан, даац чиглэлд тохируулан, оролцогч талууд бие биенийхээ үйл ажиллагааг хохироохгүй явуулах зохицуулалтыг ассоциаци холбоод явуулдаг.

Манай улсын аялал жуулчлалын салбар 2023 онд нэг талаас өндөр амбиц бүхий зорилтыг хэрэгжүүлэх, нөгөө талаас Ковидын дараах дэлхий аяллын салбарт үүсч буй сорилтыг давж, өөрийн салбартаа шинэ өөрчлөлтийг авч ирэх түүхэн чухал цаг ажээ. Дэлхийн аялал жуулчлалын судалгаанаас үзэхэд 2023 онд дэлхийн жуулчдын тоог Ковидын өмнөх өндөр үзүүлэлтийн 85-95 хувьд хүрэхээр төсөөлөн тооцсон. 2019 онд 1.5 тэрбум хүмүүс гадагш аялсан гэвэл 1.2 орчим тэрбум буюу өнгөрсөн оны 900 саяаас 20 орчим хувийн өсөлттэй хүмүүс аялах болов уу гэж төсөөлж байгаа. Монгол Улсын хувьд 570 мянган жуулчны 90 хувь болсон 510 гаруй мянган жуулчин хүлээн авна гэх нь дэлхийн тооцоолол дагуу болох юм. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлэхэд зөвхөн онгоцны суудлын тоог нэмэгдүүлэх төдий бус, өвөл, хавар, намрын жуулчид, хил орчмын аялал, манай аяллын үнэ ба өртгийн сүлжээний тохироо тун чухал үүрэгтэй. Ялангуяа үндэсний компаниуд хамтран ажиллах, улмаар аяллын зорих газрууд дээрх төвлөрсөн аяллыг бий болгож ажиллах нь чухал. БНХАУ-ын тэг ковид бодлого, хятад хэлт зах зээлийн гадагшаа аялах урсгалыг тооцон нэмэгдүүлэх нь нэн чухал байна.

Ковид-19 цар тахлын дараах дэлхийн аяллын салбарт үүсэж буй сорилтыг давж, шинэ өөрчлөлтийг авч ирэхтүүхэн чухал цаг үед ирээд байна.

Expedia, Viator, Booking зэрэг цахим компаниудын гаргасан судалгааг үзэхэд соёлын тэс өөр газар, соёлын шок болсон газруудад аялахыг нийт аяллын захиалга хийж цахим орчинд эргэлдэгчдийн 50-иас илүү хувь байна гэжээ.Тусгайлсан хөтөлбөр програм үгүй (off program), хээрийн романс (outdoor romance), өөрийгөө сорих (challenge by journey), оф-грийд (off-grid touring), дурсамж сэдрээсэн (nostalgic experience), хямд атлаа дурсгалтай (budget friendly) уян хатан, чөлөөтэй (flexibility), нийгмийн сүлжээгээр дамжсан (travel through social media) аяллын хэлбэрүүд ирэх он жилүүдэд түгээмэл дэлгэрэх учраас манай аялал жуулчлалын салбарын эрэлт, нийлүүлэлт, захиалгын систем, аяллын хэлбэр, багцууд нэлээн өөрчлөгдөх нь дамжиггүй ээ. Ямартай ч 50 орчим хувь нь уламжлалт удирдлага, хөтөлбөртэй зохион байгуулалттай аяллууд, үлдсэн нь төрөл бүрийн бүтээлч арга хэлбэрүүд аяллын салбарт гарч ирэх нь. Үүний цаана манай өөрийн бизнес эрхлэгчид, компаниудын ойлголцол, эв нэгдэл, хамтын ажиллагаа үндсэн зарчим нь болох ёстой.

Дамбын Гантөмөр (Sc.D)
Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн
2023.02 сар

 

Mongolian Economy