Жуулчид дүүрэн Баянзагийн зун
Өмнийн говийн нүд алдам тал.Тэнгэрт бүртийх ч үүлгүй. Наран авхайн хурц гэрэл говийг төөнөнө. Зэрэглээ татсан сайран дээгүүр дэлхийд Монголын говийг анхлан таниулсан Баянзагийг үзэхээр жирийлгэж яваа минь энэ. Наймдугаар сарын дунд үе бол жуулчдын хөл татардаг хугацаа. Харин энэхүү аялал жуулчлалын бүс биднийг гаднын жуулчид дүүрэн угтлаа. Нийслэлд ховорхон харагддаг “алдартай” фургон говьд олноороо явна. Жуулчдыг соронзон мэт татдаг, хүн төрөлхтний үүсэл гаралтай ч холбоотой судлагдсаар ирсэн, эртний түүхийг агуулсан Баянзаг бол дэлхийн түүхийн гэрч бүхий бүс нутаг юм.
Баянзагийн хөндийд нэгэн цагт далай тэнгис цэлэлзэж, араатан амьтад бэлчсэн үзэсгэлэнт газар нутаг байжээ. Аварга том биетэй өвсөн болон махан идэшт протоцератопс, овираптор, велосираптор нарын үлэг гүрвэлүүд нуурын эргээр олноороо амьдарч, архиралдан ноцолдож, амь зуухын төлөөх тулаанд орж, өсөж үржиж, амьд ертөнцийн нэгээхэн хэсгийг бий болгосон байжээ. Монголын өмнийн говиос төрөл бүрийн үлэг гүрвэлийн өндөг, чулуужсан олдворууд олноороо олдож буй нь үүнийг батлах бөгөөд 70 сая жилийн өмнөх Цэрдийн галавын төгсгөлийн ийм нэгэн зураглалыг өгүүлэх юун.
“Mongolian Economy” сэтгүүлийн баг наймдугаар сарын дундуур үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь, тэр дундаа үлэг гүрвэлийн анхны өндөг олдсон Булган сумын Баянзагаар аялсан юм. Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр бидэнтэй хамт аялж, хөтөч хийв. Х.Түмэндэлгэр бол Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж яваа мэргэжлийн хүн юм. Говийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрийгөө зориулж буй түүнтэй хамт аялж, говийн түүхийн талаар сонсож явсан нь бидний хувьд ихээхэн аз завшаан байлаа.
Даланзадгадын төвөөс Баянзаг хүртэл 100 км. Гэхдээ бид Ёлын ам, Ханбогд жуулчин, Гурван тэмээтийн жуулчны баазаар орж явсаар үдийн алдад зорьсон газраа ирэв. Жуулчид шууд Баянзаг руу орохгүй. Эхлээд мэдээллийн төвөөр үйлчлүүлнэ. Мэдээллийн төвд тус газрыг олж нээсэн АНУ-ын Байгалийн түүхийн музейн судлаач Рой Чэпмен Эндрюсийн багийнхан, үлэг гүрвэл, эртний ан амьтан, жигүүртэн шувуудын тухай сонин содон мэдээлэлтэй музей үзнэ. Дараа нь үлэг гүрвэлийн өндгийг хэрхэн анх олсон талаарх баримтат кино үзэж, илүү тодорхой мэдээлэл авна. Ингээд энэхүү тусгай хамгаалалттай газарт дотоодын жуулчид 3000 төгрөг, гаднын жуулчид 10000 төгрөг төлж нэвтэрнэ.
Мэдээллийн төвөөс нэг км орчим яваад аяллын бүс дээр ирж машинаа тусгай зогсоолд тавина. Тэндээс цааш алхахад сувинер бэлэг дурсгалын цэг бий. Тэнд эсгийгээр хийсэн том, жижиг тэмээ, шаахай болон төрөл бүрийн дурсгалын зүйлс зардаг. Биднийг очиход солонгос жуулчид дүүрэн, тэд худалдан авалт маш их хийж буйг хараад баярлаж явлаа. Энэхүү цэгээс цааш жаахан алхаад зорьсон, хүссэн газраа очно.
Эртний түүхийн арвин дурсгалыг агуулсан Баянзагийн хөндий. Үнэхээр гайхалтай. Говийн зуны орой намуухан, чив чимээгүй. Хязгаар нь үл харагдах цэлгэр хөндий нүднээ ихийг өгүүлэх мэт цэлийн байна. Олон сая жилийн өмнө араатан амьтдын амьдрал буцалж байсан өлгий нутгийг харж, амьд бүхний эх булаг болсон нуур тэнгисийг би төсөөллөө.
Говийн наран хэвийжээ. Наран жаргах үед Баянзаг улам үзэсгэлэнтэй болно. Энд заг мод ихээр ургадаг учир Баянзаг хэмээн нэрийджээ. Эрт цагт нутгийн хүмүүс мянган тэмээ туугаад ороход тэмээний бараа харагддаггүй байсан хэмээх хууч яриа бий. Харин дэлхийд “Улалзах цонж” нэрээрээ алдаршсан газар юм. Далайн ёроолын шаварлаг хурдас нь эгц цавчим мөргөцөг үүсгэн сонирхолтой тогтцыг бүтээжээ. 20-50 орчим метр өндөр эгц цавчим эрэгтэй бөгөөд Монгол орны хамгийн том цавуудын нэг юм.
Эдгээр цав нь галын дөл мэт улаан хөрстэй. Наран жаргах үед цавууд улам үзэсгэлэнтэй болж, дүрэлзэн асаж буй мэт улалзан харагдана. Байгалийн гайхалтай нэгэн агшныг үдшийн бүрийд ийн үзнэ.
Гадаадын жуулчдад нэн сонирхолтой байгаа нь илт. Тэд Баянзагийн содон газруудад очиж, зураг авахуулж, бичлэг хийнэ. Жуулчдад бол амьдралд нь нэг тохиох гайхалтай агшин ажээ. Ховор сонин тогтоцтой, түүх өгүүлсэн говьд аялж буйгаа тэд бие сэтгэлээрээ мэдэрч явааг бид харж байлаа. Солонгос залуусын цав цагаан өнгийн хувцаслалт, Улалзах цонжийн гал мэт улаан өнгөтэй хоршихоор жуулчдад тун чиг таатай сэтгэгдэл төрүүлж буй нь бахархалтай. Ийм л учраас гадаадын жуулчид говь руу тэмүүлдэг байх нь гэж бодно. Сүүлийн жилүүдэд зөвхөн гаднынхан бус дотоодын жуулчдын говь руу аялах урсгал нэмэгдсэн байна. Говийн наран ув улаан туяа цацруулан шингэхийг бид Улалзах цонжоос харж, зураг, видео болон сэтгэл зүрхэндээ буулгаж авлаа.
Эртний хүмүүсийн суурин
Монголчуудын нэн эрт үеийн хосгүй түүхэн өвийг хэвлийдээ хадгалсаар өнөөг хүрсэн энэ газарт эртний хүмүүсийн суурин бий. Баянзагийн энэ хөндийд арван мянга гаруй жилийн өмнө эртний хүмүүс амьдарч байсан суурин газрыг Рой Чэпмен Эндрюс 1920 онд говьд хийсэн судалгааныхаа үеэр нээж олсон юм. 70 сая жилийн өмнөх Цэрдийн галавын төгсгөл үед өвсөн, махан идэштэн амьтдын өлгий нутаг байсан Баянзаг 10 мянган жилийн өмнө эртний хүмүүсийн эх нутаг болсон ховор түүхтэй газар билээ.
Эндрюсийн багийн дараа 1990-ээд онд Монгол-Орос-Америкийн хамтарсан экспедиц, 2019 онд Польшийн судалгааны баг Баянзагт иржээ. Тэд эртний хүмүүс энд л үүссэн байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй явсан тухай манай хөтөч ярилаа. Түүнчлэн Өмнөговь аймгийн Булган сумаас 60 орчим км-т Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дурсгал буюу Чулуун зэвсгийн дархны газар нэртэй газар байдаг. 10 мянган км талбайг хамарсан том хөндийд чулуун зэвсгийн үеийн их хэмжээний үлдэгдэл бий аж. “Талингарын шал гэх жижиг нуурын хөвөөний орчимд энд тэндгүй гал түлж байсан оромнууд, чулуун самбар зэрэг эд хэрэглэгдэхүүн олноор байдаг. Бидний таамаглаж буйгаар боржин үүсэлтэй чулуугаар хийсэн самбарууд дээр сулхир, суль түүж, нунтаглаж гурил шиг болгож идэж байсан болов уу. Манай говьд суль, сульхир элбэг ургадаг. Энэхүү газарт бүхэл бүтэн чулуун зэвсгийн үйлдвэрлэл байсан юм. Эртний хүмүүсийн амьдарч байсан хамгийн чухал суурин газар гэж үздэг” хэмээн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ярилаа.
Цайны зам ба тэмээн жингийн цуваа
Баянзагийн сайран дундуур хурдлан давхиж явсан манай машин Баянзаг руу орохын өмнөхөн гэнэт тоормоз гишгэн зогсов. Урд 15 тэмээний хөшөө барьж байгаа харагдана. Хөтөч маань машинаас буугаад тэмээг биш ямар нэгэн зам харагдаж байна уу гээд баруун зүг рүү заав. Сайн харвал, бүдэгхэн мөртлөө өргөн зам зүүнээс баруун тийш дурайжээ. Энэ бол бас л түүх өгүүлэх зам.
100 жилийн өмнө Рой Чэпмен Эндрюс торго, дурдан, бөс бараа тээвэрлээд Хятадаас гарч Ховд хот, түүнээс цааш явахаар зорьж буй 200 тэмээтэй 16 эрчүүд бүхий Махмудын худалдаачидтай яг энэ зам дээр уулзсан байдаг. Энэ тухай тэрбээр “Эртний хүний мөрөөр” номдоо “энэ зам Монголын эртний нийслэл Хархорин, түүнээс цааш Ховд, Улиастай тэгээд Туркестан, Кашгартай холбогдож байсан нь бүр Марко Пологоос ч өмнө байсныг” дурьдсан нь бий. Мөн тэрбээр “Хятадын Хаалганаас баруун хойш, 600 бээрийн газарт, Ховд орох худалдааны замын дэргэд эртний хүмүүсийн амьдарч байсан суурин бий” гэж тодорхойлсон байдаг.
“Тухайн үед Монголын говьд Хятадын Хаалганаас өөр баримжаа авчих суурин газар байгаагүй. Үүнээс харвал, Хаалганаас Ховд хот орох зам бол манай эртний алдартай Цайны зам болж таарч байгаа юм” гэж хөтөч ярилаа. Цайны зам нь Торгоны замтай адилхан. Торго дурдан, бүс бараа зэрэг худалдаалж болох бүх зүйлийг энэ замаар тээдэг байжээ. Хятадын Бээжингээс гарч, Хөх хотоор дамжаад Монголын өнөөгийн Гашуун Сухайтын боомтоор ороод Өмнөговийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Булган сумын нутгаар дамжсан, эдүгээ маш тод үлдсэн, дөрвөн метр шахуу өргөн зам бол эртний алдартай Цайны зам мөн гэж судлаачид үзсэн байдаг. Цай, торго болон Монголд хийдэггүй эд өлөг, материалын худалдаанаас гадна олон улсын түүх соёлын харилцааг үүсгэж байсан эртний түүхт зам болох нь тодорхой ажээ.
Өмнөговь аймаг энэхүү замыг Цайны замын судлаач доктор О.Сүхбаатартай хамтран тодорхойлж, улмаар хамгаалалтад авч, уг газарт 100 гаруй тэмээн жингийн цуваа бүхий аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.
Үүний эхлэл нь болсон 10 тэмээний загварыг хийж буйг бид харлаа. Баянзаг үнэхээр л түүхэн дурсгалаар дүүрэн баян газар юм гэж бодсоор Баянзагийн зуны аяллыг дуусгав.
Баянзагийн дулаахан намар
Говьд налгар намар болж байна. Нарны элч дулаахан. Говь намрын шаргал өнгөнд хувирчээ. Өнө эртний түүх, өв соёлын баялагтай Баянзагт хэдэн зуун сая дахь намар нь ийн ирж буй бол. Жуулчдын улирал дуусах дөхөж буй ч говьд гаднын жуулчид аялсаар явна. Баянзагийн бүсэд намрын өнгөнөөс гадна нэг л зүйл өөрчлөгджээ. Наймдугаар сард ирэхэд барьж байсан 10 тэмээний хөшөө дуусаж, Цайны замаар ачаа ачсан 10 тэмээ зүүнээс баруун тийш чиглэн явж байнам.
Миний бие энд анх удаа ирэхдээ Баянзагийг үзэх хүсэлдээ хөтлөгдөн яарч байсан билээ. Харин яг нэг сарын дараа буюу есдүгээр сарын сүүлчээр дахин ирэхдээ “Эртний хүний мөрөөр” номонд “орж”, Баянзагийн хөндийг арай өөр нүдээр харж, гүн бодолд ууслаа. Дэлхийд Монголын говийг анхлан таниулсан энэхүү газрын талаар арвин их мэдлэг, мэдээлэлтэй болжээ. “Эртний хүний мөрөөр” номын зохиогч бол Рой Чэпмен Эндрюс. Монголын говьд хэрхэн аялж, судалгааныхаа ажлыг хийсэн тухай, анхны үлэг гүрвэлийн өндгийг хэрхэн олж, Монголын говийн үзэсгэлэнт байгалийг бахдан биширч бичсэн тухай ном юм. Эндрюс 100 жилийн өмнөх улс төр, эдийн засаг, геололитикийн хүнд нөхцөлд хэний ч мэдэхгүй, хэний ч төсөөлөхгүй Монгол хэмээх улс орон руу алсын Америкаас зориод ирсэн эр зоригтон. Хатуу ширүүн уур амьсгалтай говьд чи мөнгөө үргүй хоосон булах нь хэмээн хэлэх хүмүүсийн эсэргүүцлийг сөрөн зогсож, Монголын говиос л эртний хүмүүс болоод ан амьтдын ул мөрийг олно гэсэн сэтгэлийн зөндөө хөтлөгдөн ирсэн судлаач.
Эх орон нэгтнүүдээсээ олон зуун мянган доллар босгож, манай өмнийн говийн элсэнд зориулсан хүн бол Эндрюс. Түүний номоос Баянзагийг, говийн баялгийг нээж олохын тулд ямархан бэрхшээл туулсныг мэдэж авна. Тэрбээр Америкийн соёлт, хөгжсөн ертөнцөөс илүүтэй Монголын говьд элсэн шуургатай тэмцэж, цөлийн амьтдыг агнан гөрөөлж, Улалзах Цонжоос наран мандаж, наран шингэхийг харж зогсохдоо илүү дуртай байсан гэдэгт би итгэлтэй байна.
Манай өмнийн говь америк судлаачийн багийг гар хоосон буцаагаагүй. Түүний мөнгө ч элсэн цөлд хоосон үрэгдээгүй. Тэрбээр Баянзагийн хөндийгөөс хосгүй үнэт олдворууд олж, тэмээн жингийн олон цуваа бүхий баялгийг эх нутаг руугаа авч явсан. Богц дүүрэн бэлгийн хариу ч удахгүй гарч, Монголын говь дэлхийд танигдаж, “Дүрэлзэн асч буй толгод” нэрээр алдаршсан түүхтэй. Түүний говиос олсон үлэг гүрвэлийн өндөг, яс бусад бүх зүйлс өнөөдөр АНУ-ын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа ажээ.
Эндрюс номдоо “Би энэхүү сайхан газрыг нээлээ. Энэ ганцхан газар бидэнд бүхэл бүтэн говиос хүсээд баршгүй их баялгийг хайрласан билээ. Надаас хойш төмөр зам барьж, би Баянзагийг вагоны цонхоор харах ч юм билүү. Бусад улс орны эрдэм шинжилгээ, судалгааны багууд шил даран ирж тус газрыг улам өргөн судлах байх аа” хэмээн бичсэн нь бий. Тэрбээр 1925 оны наймдугаар сарын 2-ны өдөр үлэг гүрвэлийн өлгий нутгийг сүүлчийн удаа харж, гунигтайхан орхин явснаа бичсэн байдаг.
Түүний мөрөөр судалгааны олон улсын багууд Баянзагийг зорьж ирсэн билээ. Харин төмөр зам барьж, Улалзах Цонжийг вагоны цонхоор харах цаг хараахан ирээгүй байна. Гэхдээ Эндрюсийн гаргасан түүхийн жимээр олон мянган жуулчин Өмнийн говийг зорьж ирсээр байна. Түүний бичсэн номыг уншаад аялах хүсэл төрлөө, эсвэл түүний номыг барьсаар говьд ирдэг гадны жуулчид олон байдаг ажээ.
Би ч бас “Эртний хүний мөрөөр” хоёр дахиа ирж, Улалзах Цонжийн намрын өнгөнд уусан байнам.
Д.Бэхбаяр 2023.08-09 сар