Монгол Улс авлигын индексээр 110 дугаарт жагсаж байна
Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эдийн засагч, эрдэмтэн судлаачид оролцсон “Монголын эдийн засгийн чуулган-2022” өчигдөр Төрийн ордонд эхэлж, өнөөдөр салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Монголын эдийн засгийн чуулган нь эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын судлаачид, гадаадын төлөөлөгчдөөс бүрдсэн талууд өөрсдийн байр сууриа солилцож, бүтээлч хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээнд өрнүүлж байна. Энэ удаагийн чуулганыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Эдийн засгийн чуулганыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. “Шинэ сэргэлтийн бодлого” эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцлон гол төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.
Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан.
Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина.
Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарьж,“Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлэн усны нөөцийг хуримтлуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн форумаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Төрийн албаны бүтцийг шинэчлэн, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцан ажиллаж эхэллээ. Тус төв иргэдийн дуудлагыг алдахгүй хүлээж авдаг болсон гэдгийг тэмдэглээд иргэд, олон нийт санал хүсэлтээ өгөөрэй, тус төвд хамгийн олон ирсэн санал, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж ажиллана гэв.
Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно гэлээ.
Чуулганы эхний нэгдсэн хуралдаан “Шинэ сэргэлтийн бодлого-Эдийн засагт үүсч буй сорилт боломж” сэдвийн хүрээнд өрнөлөө. Дэлхий дахинд үүсэж буй шинэ нөхцөл байдал, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд бүх талын нөөц боломжийг дайчлах талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Уг хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийг оролцуулахад түлхүү анхаарна гэдгээ илэрхийсэн.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дэлхийн эдийн засагт сөрөг шок, тодорхой бус байдал нэмэгдсэн энэ цаг үед валютын орох гарах урсгалын зөрүүн дээр түр зуурын хүндрэл үүсч байгаа ч удахгүй энэ бүхэн хэвийн байдалдаа орно гэдгийг илэрхийлэв. Төв банк хуулийн дагуу Монгол Улсын гадаад валютын нөөцийг удирдаж, хамгаалах үүрэгтэй бөгөөд валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар буюу импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байгааг мөн онцлов.
“Төрийн бүтээмжийн сэргэлт авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн чиглүүлэгч модератороор Монгол телевизийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, Панилистаар УИХ гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нар оролцлоо.
Эл хэлэлцүүлгийн үеэр Төрийн өмчит зарим компанийг олон нийтийнх болгох асуудал яригдаж эхний ээлжинд Хөрөнгийн биржийг олон нийтийн болгох асуудлыг шийдвэрлэх нь зөв гэдэгт оролцогчид санал нэгдэв. Ингэхдээ хууль эрхзүйн орчинг нарийвчлан бүрдүүлэх ёстой гэдгийг панилистууд онцолсон. Монгол Улс авлигын индексээр 110 дугаар байрт байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр авлигыг бууруулах зорилтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж байлаа.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд болсон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 дахин нэмэгджээ. Гэхдээ мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бий болгох зайлшгүй шаардлагатай гэсэн санал “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага” салбар хуралдаанаар гарсныг чиглүүлэгч Модератороор “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр танилцууллаа.
Түүнчлэн “Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар – Үнэ, ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн гадаад орчинд үүссэн нөхцөл байдал, үр дагаврын талаар танилцуулгыг хийж, сорилтын үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын талаар тайлбар хийв. Төв банк макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгт -төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг аваад буй.
Ийнхүү “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын эхний өдрийн нэгдсэн болон салбар хуралдаанууд өндөрлөсөн.
Харин яг одоо Төрийн ордонд нэгдсэн болон салбар хуралдаанууд ид өрнөж байна.
Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүнтэй болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.