Нашида Саттар: Яг одооноос эхлэхгүй бол оройтно

Дэнсмаа
2022-07-20 09:00:11
Ангилал: Нийгэм

НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттартай ногоон хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо ногоон эдийн засагт шилжих асуудлыг тусгасан. Харин хэрэгжүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг та юу гэж тодорхойлж байна вэ? 

-Монгол Улс ногоон эдийн засагт шилжихийг эрмэлзэх олон шалтгаан байна. Шалтгаанаа зөв тодорхойлж Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай. Бид одоо л экологийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн санал санаачилга, төсөл хөтөлбөр боловсруулан үр дүнтэй хэрэгжүүлж эхлэхгүй бол оройтно.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, Орос Украины дайнтай холбоотойгоор томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд хүндрэл учирч болзошгүй. Энэ санхүүжилтийн дутагдлыг нөхөхийн тулд хувийн хэвшлийг татан оруулах хэрэгтэй. Байгаль экологийн өөрчлөлт бол зөвхөн Засгийн газрын асуудал биш. Засгийн газар маш зөв бодлогоор хангаж чадвал хүлээлтээс давсан үр дүн гарч болно.

-НҮБ гишүүн орнуудынхаа эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах зорилго бүхий байгууллагын хувьд Монгол Улс болон бусад хөгжиж буй орнуудад ногоон хөгжлийн чиглэлээр ямар бодлогын дэмжлэг үзүүлж байна вэ?  

-Улс орон бүр зорилтот түвшинд хүрэхийн тулд ногоон хөгжил, судалгаа шинжилгээ, технологийн салбарт хөрөнгө оруулж, ДНБ хэмжээг нэмэгдүүлбэл урт хугацаанд нийгэм, эдийн засагт эерэг үр өгөөж гарах юм. Монгол Улс НҮБ-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран хөгжиж буй орнууд руу чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлсээр байна. 

Үүнээс гадна аливаа улс орны ногоон хөгжлийн шийдлүүд тухайн улс орноос гарна гэж үздэг. Улс орон бүр цаг үеийн нөхцөл байдал, уламжлал, голлох салбартаа тулгуурлан хөгжлийн хөтөлбөрөө оновчтой боловсруулах нь чухал. 

Мөн Казахстан, Узбекистан зэрэг ойролцоо цаг уурын нөхцөл байдалтай хөдөө аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг улсуудтай туршлага солилцон хамран ажиллаж болно. Мал аж ахуй эрхэлдэг улс орнуудын бэлчээрийн асуудлыг шийдвэрлэсэн туршлагыг судалж болно. НҮБ энэ тал дээр судалгаа мэдээллээр хангах цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлж байна. 

-НҮБ Монгол Улсын Засгийн газар хоорондын шинэ таван жилийн хамтын ажиллагаа ирэх онд эхэлнэ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ногоон хөгжлийн чиглэлд хэр хэмжээний санхүүжилт хийхээр төлөвлөж байна вэ? 

– НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дараагийн шинэ хөтөлбөр эхэлж байгаа гэж хэлж болно. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид жилд 12 тэрбум орчим амдолларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тооцоо гаргасан. Энэ төсөл хөтөлбөрүүдийн 60 хувь нь ногоон хөгжил рүү чиглэнэ гэж ойлгож болно. Гэхдээ маш олон төрлийн үйл ажиллагаа багтсан учраас нарийн тоо хэлэхэд хэцүү. НҮБ бол тухайн улсын төр, нийгмийн байгууллагуудтай хамтарсан төлөвлөгөө гаргаж тодорхой амин чухал шаардлагуудад тулгуурлан хөгжлийн хөтөлбөрүүдээ боловсруулахыг чухалчилдаг. 

-Ногоон хөгжлийн үзэл санааг улам түгээн дэлгэрүүлэхэд бид юунд анхаарах ёстой байна вэ?. 

-Монгол Улсын төрийн болон ТББ-уудын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд ногоон хөгжлийн үзэл санаа шингэж эхэлж байна. Цаашид илүү өргөн хүрээнд ногоон эдийн засагт шилжих зорилгод нийцсэн чиг үүргүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудын дүрэмд тусгаж өгөх нь үр дүнтэй. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай. БОАЖЯ барилга, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн салбартай хамтрах шаардлагатай байна.

Тухайлбал, ногоон барилгын стандарт бий болгох уул уурхай, аж үйлдвэр, боловсруулах үйлдвэр, барилга, худалдаа зэрэг эдийн засгийн салбар бүрд ногоон стандартуудыг баталснаар энэ талын ойлголтыг нэгтгэж, дагаж мөрдөх дүрмийг тодорхой болгох юм бол харьцангуй сайн үр дүн гарна. 

Мөн хог хаягдал, агаарын бохирдол, нийтийн тээвэр, цахилгаан дулаан хангамж гэх мэт нийтлэг асуудлуудад Улаанбаатараас бусад хотууд ч одооноос анхаарах хэрэгтэй.

Эрдэнэт хотын хувьд ногоон байгууламж сайтай, агаарын бохирдол бага боловч замын түгжрэл, хүн амын нягтаршлын асуудал үүсэж эхэлж байна. Тиймээс хот бүр одооноос ногоон хөгжлийн бодлогодоо анхаарал хандуулах шаардлагатай гэж хэлмээр байна. 

 

 

 

 

Дэнсмаа