Нийлүүлэгчээс үйлдвэрлэч

Mongolian Economy
2020-04-24 15:13:24

“Ноолуурыг байгаль орчин ээл­тэй байдлаар үйлдвэрлэж, мал­чин өрхүүдийн амьжиргааг батал­гаажуулж, тэдний аж төрж буй амин чухал, эмзэг байгаль орчныг хамгаалах нь бидний алсын хараа юм”

“Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ

Ноолуурын салбарын гол тоглогчид

Монгол бол дэлхийн хамгийн том ноолуур үйлдвэрлэгч улсуудын нэг. Ерөнхийлөгч Х.Баттулга “2017 онд манай улс дэлхийн ноолуурын 50 хувьтай дүйцэх 9400 тонн түүхий ноолуур үйлдвэрлэснээс ердөө 1100 тонныг боловсруулж, үлдсэн 8300 тонныг нэмүү өртөг огт шингээлгүй түүхийгээр нь Хятад руу экспортолсон” гэж мэдэгдсэн билээ. Монгол Улсын экспортын 40 хүртэлх хувийг ноолуур эзэлдэг бөгөөд сүлжмэл бүтээгдэхүүний эрэлт олон улсад нэмэгдэх болсноор Монголын уудам тал нутагт ноцтой үр дагавар тарьж эхэллээ.
БНХАУ бол боловсруулсан ноолуур болон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс. “Өвөр Монгол, Шинжааны тал нутаг, Төвдийн өндөрлөгөөс Гималайн өндөр уулс, мөн Монгол Улсын газар нутгийн гуравны нэг хувийг бүрдүүлдэг говьд эрх тааваараа бэлчих ямаа бол Хятадын ноолууран бүтээгдэхүүний эх үүсвэр юм. Ноолуурыг орон нутагт самнаж, угааж, боловсруулж, ээрээд Хятадын умардад орших үйлдвэрүүдэд сүлжмэл эдлэл болгодог эсвэл экспортолдог” гэж Марина Романов “Mongolia Briefing” сар тутмын сэтгүүлд бичжээ.
Улс болгон өөрийн асуудалтай
Гэвч холбогдох улс бүрт өөрийн гэсэн бэрхшээл бий. Хятадад ноолуурын чиглэлийн ямааг бэлчээрт хариулдаггүй, фермд тэжээдэг учир амьтны эрхийг хамгаалагчдын шүүмжлэлийн бай болдог. Жишээ нь, “Ямааг майлуулж, зовоон байж ноолуурыг нь самнаж байгаа малчдын аймшигт үйлдэл” гэж нэрлэсэн бичлэгийг Yahoo News цацаж байв. Хятадын ноолуурын 70 орчим хувийг Өвөр Монголд бэлтгэдэг учир эл дуулиант хэрэгт Монгол Улсын нэр санамсаргүй мөн тун таагүй байдлаар хавчуулагдсан юм. Тал нутгийн Монгол Улс өнөөг хүртэл уламжлалт, ямааг зовоолгүйгээр ноолуурыг нь самнах хадгалж үлдсэн билээ. Нөгөөтэйгүүр, монголчууд хонь ямаагаа фермд хашдаггүй, бэлчээдгийг мартаж болохгүй.
Хэдий ямааг бага орон зайд хашиж, тэжээдэг боловч Хятадын ноолуурыг олон улсад тогтвортой гэж үздэг бол Монгол ноолуурыг харамсалтай нь, тэгж дүгнэхгүй байна. Үүнд нэн чухал шалтгаан бий. Glacier Hub байгууллагын судлаач Питер Дени энэ тухайд “Ноолуур үйлдвэрлэлийн дэлхийн хоёр дахь том улс болох Монголд уур амьсгал, улс төрийн хүчин зүйлийн нийлбэрээс гадна дэлхийн ноолуурын эрэлт тогтворгүй байдал үүсгэж байна” гэж бичжээ. Ноолуур үйлдвэрлэл нь бэлчээрийн доройтлын гол шалтгаануудын нэг болоод байна.
Ардчилсан хувьсгалаас өмнө Монгол Улс 4.4 сая ямаатай байв. Төрийн зохицуулалт үгүй болж, зах зээлийн хууль үйлчилж эхэлснээр сүүлийн 20 жилд ямааны тоо толгой дөрөв дахин нэмэгджээ. Ямаа нь хамгийн үржил шимтэй ургамлыг сорчилж мөн үндсээр нь сугалж иддэг. Манай улсын ямааны тоо толгойг өргөн уудам гэж нэрлэдэг тал нутаг маань нэгэнт тэжээж хүчрэхээ больж буй нь илэрхий болж эхэлсэн тул ямаан сүргийн тоог бууруулах шаардлагатай нь тодорхой болоод буй ч шилмэл үүлдийн тоог нэмэгдүүлэх замаар ноолуурын нийт гарцыг бууруулахаас сэргийлэх нь зүйтэй. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар “Рио Тинто” компанийн санхүүжилтээр “Тогтвортой ноолуур” төслийг эхлүүлээд буй. Уг төсөл сонгон үржүүлгийн аргаар цагаан өнгийн ямааг голлон өсгөх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Үйлдвэрлэгчид ч эл аргыг дэмждэг. Түүнчлэн мал сүргээ тогтвортой өсгөж, үржүүлэхэд чиглэсэн сургалтуудыг “Тогт­вортой ноос ноолуурын эвсэл” төрийн бус байгууллага (SFA) зохион байгуулж байна.

Үйлдвэрлэлийн шугамаас гадна

SFA-ийн захирал Чарльз Хуббард, “Johnstons of Elgin” компанийн гүйцэтгэх захирал Саймон Коттон нар Mongolian Economy сэтгүүлд ярилцлага өгч, тогтвортой ноос ноолуурын салбарыг эдийн засаг болон төрийн бус байгууллагын байр сууриас хэрхэн тодорхойлж буй талаарх асуултад хариулсан юм. “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” төрийн бус байгууллага нь бэлчээр нутгийг хамгаалах, нөхөн сэргээх, малд ээлтэй, малчдын амьжиргааг дэмжихийн тулд ноолуурын үйлдвэрлэлд тогтвортой стандарт хэрэгжүүлэх зорилго бүхий бэлтгэн нийлүүлэлтийн маш өргөн сүлжээтэй хамтран ажилладаг.
Харин “Johnstons of Elgin” компани БНХАУ, Монголын аль алинаас ноолуур худалдаж авдаг. Хэдий эл хоёр улсаас импортолж буй ноолуурын хэмжээ ойролцоо боловч тэд Хятадын ноолуурт илүү өндөр үнэ төлдөг гэнэ. Учир нь чанарын хувьд илүү сайн учраас угаах, боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн явцад илүү тохирдог аж.

Боломжит шийдэл

Хятад, Монголын аль аль нь ноолуур үйлдвэр­лэлийн хэмжээгээ бууруулах төлөвлөгөөгүй байна. Монгол Улсын нийт малын гуравны нэг орчим хувийг ямаа эзэлдэгийг бид мартаж болохгүй. Ямааны ноолуураас гадна ашиг тусаар огт дутахааргүй сарлагийн хөөвөр зэрэг түүхий эдээ бид сайтар боловсруулдаг байх хэрэгтэй юм.
Өнгөрсөн сард Улаанбаатарт болсон “Тогтвортой ноос ноолуур эсвлийн дунд хугацааны тойм”-д оролцсон “Hangai Mountain Textiles” компани АНУ-ын Колорадо мужид төвтэй бөгөөд Монголд төлөөлөгчийн газартай аж. Тэд сарлаг, тэмээ, ямааны ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд малчдад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх боломж олгодогоороо онцлог хэмээн ярьсан юм.
Ноолуур нь Монгол Улсын хувьд тун чухал, үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Тиймээс ноолуурын салбарын тогтвортой байдлыг хангаж, үйлдвэрлэл, хангамжийн сүлжээг олон улсын стандартад нийцүүлэх нь бидний хувьд ирээдүйдээ хийх томоохон хөрөнгө оруулалт болох юм.

Mongolian Economy