Ниргэсэн хойно нь хашхирах бус урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ

Mongolian Economy
2021-05-18 12:16:09

Банк бол бизнес, гэхдээ тун онцлогтой, эмзэг бизнес. Итгэлцэл дээр тогтдог учраас тэр. Хэрэв банк хүндрэлд орвол зөвхөн хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид бус ард, олон нийтийн хөрөнгө эрсдэлд орохоос гадна эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх учир банкны салбар заавал “эрүүл” байх ёстой. Эрүүл байх үндэс нь “өвчнөөс” урьдчилан сэргийлэх. Энэ зарчмын дагуу эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалт, зохицуулалтын олон улсын аргачлалыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг Монголбанк хэрэгжүүлж байна.

Төв банкнаас арилжааны банкуудад тавьж буй хяналт шалгалт нь олон нийтийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжтэй, эрсдэл багатай хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэдэг. Харин эрсдэл даах чадварыг оновчтой тогтоож, санхүүгийн салбарын оролцогчдыг үнэн зөв мэдээллээр хангахын тулд олон улсын банкны хяналт шалгалтын Базелийн хорооны Базел I, II, III цуврал стандартыг Төв банк дотоодын банкны системийн онцлогт нийцүүлэн хэсэгчлэн нэвтрүүлж хэрэгжүүлж буй. Эдгээр стандарт нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, зохистой засаглал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон үр нөлөөтэй хяналт шалгалтын зарчмын шалгуурыг тогтоож өгдгөөрөө ач холбогдолтой юм.

Туршлагаар шалгарсан стандарт
1974 онд валютын зах зээлийн гол тоглогчдын нэг Германы Герштат банк долларын ханшийг буруу тооцсоны улмаас өөрийн хөрөнгөөс даруй 10 дахин их хэмжээний өрөнд орж дампуурчээ. Тухайн өдөр хэд хэдэн банк эл банкаар дамжуулан АНУ-руу гүйлгээ хийсэн боловч цагийн зөрүүний улмаас эдгээр шилжүүлгийг хийхээс өмнө татан буулгасан байв. Гинжин урвалын зарчмаар тэдгээр банк мөнгөн хөрөнгийн дутагдалд орж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Энэ туршлагаас сургамж авсан “Их 10”-ын төв банкны удирдлагууд 1974 оны сүүлчээр Олон улсын төлбөр тооцооны банкны дэргэд Базелийн хороог анх байгуулжээ. Энэ үеэс олон улсын банкны хяналт шалгалтын аргачлалын суурь тавигдаж эхэлсэн байна.

1988 онд тус хорооны баталсан Базел I  стандартаар банкуудад тавих өөрийн хөрөнгийн зохистой харьцааны тухай ойлголт анх бий болсон. Энэ баримт бичиг батлагдсанаар банкуудын балансын болон балансын гадуурх бүртгэлд өөрийн хөрөнгө хүрэлцээтэй байгаа эсэхийг тодорхойлох замаар зээлийн эрсдэлийг анхаарч эхэлсэн байна. Гэтэл 1990-ээд оны үед хэд хэдэн улсад эдийн засгийн болон санхүүгийн хямрал тохиосон бөгөөд 1997 оны Азийн санхүүгийн хямрал олон улсын хөрөнгө оруулагчдыг нэг их наяд орчим ам.долларын алдагдалд орууллаа. Энэ нь санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагын механизм сул байгааг илтгэсэн дохио байв. Улмаар шинэ зууны эхээр Базелийн хороо банкуудын өөрийн хөрөнгөд тавих шаардлагыг өөрчлөх санал гаргасан нь Базел II стандартын суурийг тавьжээ.

2006 онд батлагдсан Базел II стандарт нь өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шаардлагаас гадна хяналт шалгалт болон олон нийтэд нээлттэй байх шаардлагуудыг нэмж тусгасан гурван бүлэгтэй. Уг стандартын Бүлэг 1-т өөрийн хөрөнгийн зохистой харьцааг тусгасан бол Бүлэг 2 нь банкуудын эрсдэлд суурилсан, ирээдүйд чиглэсэн дотоод хяналт шалгалтын шаардлагыг нарийн зааж өгснөөрөө онцлогтой. Харин Бүлэг 3 нь банк өөрийн хөрөнгийн бүтэц, эрсдэлтэй активын талаар олон нийтэд мэдээлэх шаардлага тавьж, зах зээлийн сахилга батыг бэхжүүлэхэд чиглэдэг. Ингэснээр банкинд тавих олон нийтийн хяналт идэвхжиж, тэр чинээгээр банкууд хариуцлагатай үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм.

Энэхүү шаардлага батлагдаад удаагүй байтал 2008 оны олон улсын санхүүгийн хямрал нүүрлэсэн нь Базел II стандартыг чангатгах хэрэгтэйг анхааруулав. Банкны салбар хямарсан нь зээлээр бүрдүүлсэн хөрөнгө хэт их бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар хангалтгүй байсантай холбоотой. Банкуудын засаглал, эрсдэлийн удирдлага сул, урамшууллын бүтэц зохисгүй байсан нь “нэмэр” болж улмаар зээл болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлээ буруу тооцож, хэт их зээл олгосон нь хямралд хүргэжээ. Энэ бүх эрсдэлийг нарийн тооцож, өмнөх стандартын шаардлага, хамрах хүрээг өргөжүүлэн чангатгасан Базел III стандартыг 2010 онд батлан мөрдүүлж эхэлсэн байна.

Базел стандарт Монголд
Монгол Улс 1996 онд Базел I буюу өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шаардлагыг анх нэвтрүүлсэн. Зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тухайн үед зээлийн ангилал байтугай зээлийн тухай ойлголт муутай байсан монголчуудад сэтгэлгээний том өөрчлөлт хийх шаардлага тулгарав. Энэ үеэс хойш 2017 он хүртэл банкны хяналт шалгалтын аргачлалд зарчмын өөрчлөлт оролгүй явсаар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнээр шинэтгэлийн эхлэл тавигджээ.

Арилжааны банкуудад 2017 онд хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнд нийт долоон банк 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн боловч зарим банкны бүрдүүлсэн эх үүсвэрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуультай холбоотойгоор хүлээн зөвшөөрөх боломжгүйг Монголбанк мэдэгдэж байв. Активын чанарын үнэлгээгээр банкуудын зээл олгох процесс учир дутагдалтай буюу эрсдэлийн удирдлагын тогтолцоо сул байгааг тогтооожээ. Түүнчлэн, эргэн төлөх чадвар бус барьцаанд суурилсан зээл олгох тогтолцоотой боловч барьцаа хөрөнгийн үнэлгээ нь олон улсын стандартад нийцээгүй зэрэг банкны салбарын олон сул тал ил болсон юм.

Улмаар 2017 оноос Монголбанк Базел II стандартын Бүлэг 2-ыг нэвтрүүлэх чухал алхмыг хийсэн нь банкуудын системд нөлөөтэй байдлыг тооцож банк тус бүрт тохирсон хяналт шалгалтын аргачлалыг нэвтрүүлсэн явдал байв.

Мөн өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шаардлагаас гадна банкуудад тодорхой хэмжээний нөөц хөрөнгөтэй байх, гурван жилийн төлөвлөгөө шаарддаг болсноос гадна эрсдэлээр жигнэсэн активын харьцааг илүү оновчтой болгож өгчээ. Харин ил тод байдлыг хангах үүднээс Монголбанкнаас банкны санхүүгийн тайлан болон бусад мэдээллийг нийтэд нээлттэй мэдээлэх загварыг боловсруулан мөрдүүлж байна.

Базел III стандартын хүрээнд Монголбанк Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны журамд өөрчлөлт оруулж мөрдүүлж эхэлсэн. Гэвч арилжааны банкууд зохистой харьцааны шалгуурыг хангаж чадалгүй явсаар дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдэж, эдийн засгийн нөхцөл муудсанаар уг шаардлагыг хангах хугацаа хойшилсоор байна. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалд шилжих зорилгоор Банкны тухай хууль болон бүхий л холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Ингэснээр банкуудад авах албадлагын арга хэмжээ зөвхөн гаргасан зөрчилтэй холбоотой байсан бол эрсдэлийн түвшинтэй уялдаж ирээдүйд чиглэсэн шинж чанартай болох юм.

Монголбанкнаас эрүүл, найдвартай банкны тогтолцоог бий болгох цогц арга хэмжээ авч байгаа ч хэрэгжилт сул байгаа нь шинэтгэлийн явцыг удаашруулж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт зориулан бэлтгэсэн бодлогын тэмдэглэлд “хууль эрх зүйн орчин нь Монголбанкны хараат бус байдлыг сулруулж, хяналт шалгалтын үр нөлөөг муутгаж” буйг онцолжээ. Уг тэмдэглэлд “Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль, журам нь хууль тогтоомжийн үндсэн зарчимд нийцтэй байх шаардлагатай гэж үзээд Монголбанкнаас гаргаж буй бүх журам батлагдахын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх шаардлагатай байдаг нь бодит байдал дээр аливаа журмыг боловсруулах явцад хөндлөнгөөс оролцох боломжийг нээж өгч байна. Иймд журам боловсруулах явцад хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг хязгаарлах зорилгоор Монголбанкнаас гаргаж буй аливаа дүрэм, журмыг зөвхөн голлох хуулиудтай нийцтэй байдлыг нь харгалзан үзэж ХЗДХ-ийн яаманд бүртгүүлэх нь зүйтэй” гэж дурджээ.

Хяналт шалгалтын аргачлалын үндсэн зарчмыг ийнхүү өөрчлөхөд зөвхөн банк төдийгүй бүх талын оролцоо чухал үүрэгтэйг энд онцлох хэрэгтэй.

Тухайлбал, хянан шалгагчид шинэ шалгуур, аргачлалын зарчмыг сайтар ухамсарлаж чанарын үнэлгээ зэрэг субъектив үнэлэмж хийхдээ анхааралтай хандах шаардлагатай бол банкууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж эрсдэлээ зөв тооцож тохирох арга хэмжээг авдаг байх ёстой.

Түүнчлэн, олон нийт ч нээлттэй мэдээлэлд тулгуурлан эрсдэлээ тооцож банкинд хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг байх нь эрсдэлд суурилсан, ирээдүйд чиглэсэн хяналт шалгалтын чухал бүрэлдэхүүн юм. Иймд банк, хянагч, харилцагч гээд санхүүгийн салбарын бүх оролцогч хариуцлагаа ухамсарлаж, хандлагаа өөрчилж байж хуучин тогтолцоог халж чадна.

 

 

Mongolian Economy сэтгүүлийн 2020 оны арваннэгдүгээр сарын дугаараас

 

 

Mongolian Economy