Нүүдэл

Mongolian Economy
2023-09-20 14:09:23
Ангилал: Дэлхий 2023 онд

Уур амьсгалын өөрчлөлтөөс зугтсан улам олон хүн дүрвэхээс аргагүй болно

Өглөө бүр хэдэн арван автобус Бангладешийн замбараагүй, живж буй нийслэл Дакад ирдэг. Зорчигчид энд шинэ амьдрал хөөхөөр хөл тавьна. Өдөр бүр 2,000 хүн энэ хотод ирдэг аж. Бараг бүгд хөдөө орон нутгаас ирдэг бөгөөд ихэнх нь гэнэтийн гамшиг, байгаль орчны өөрчлөлтийн улмаас амьдрах аргагүй болсон зэрэг уур амьсгалын нөлөөллөөс шалтгаалж нүүдэг.

Ийм дүр зураг 2023 онд СабСахарын Африк, Зүүн Ази, Номхон далай, Өмнөд Азийн орнуудад илүү түгээмэл ажиглагдана. 2022 оны найм, есдүгээр сард Пакистаныг дайрч, бараг 33 сая хүнийг нүүхэд хүргэсэн үер зэрэг цаг уурын ноцтой үзэгдлийн улмаас гэр орноо орхих дүрвэгсэд хамгийн их байх болно. Дэлхий даяар хур тунадасны давтамжид нөлөөлдөг Ла Нина уур амьсгалын систем нь үүнд гол үүрэг гүйцэтгэдэг бололтой. Ядуу орнуудад ойр ойрхон байгалийн гамшиг болсноор хөрөнгө нөөцийг нь шавхаж, дараагийн  гамшгийг илүү хор хөнөөлтэй болгосоор.

Уур амьсгалын өөрчлөлт хорт нөлөөгөө аажимдаа үзүүлэх нь бий. Улам бага ургац гардаг болж, далайн түвшин нэмэгдэн тосгод руу “дайрч” байна. Дэлхийн дулаарал нь шилжилт хөдөлгөөнийг эхлүүлдэг ядуурал, мөргөлдөөн зэрэг бусад хүчин зүйлийг улам дордуулдаг “аюулыг үржүүлэгч” юм. Уур амьсгалын “удаан ”хүчин зүйлийн улмаас 2050 он гэхэд Саб-Сахарын Африк, Өмнөд Ази, Латин Америкийн 143 сая гаруй хүн (дэлхийн хүм амын 2.8 хувь) улс дотроо нүүнэ.

Ийм дүрвэгсдийн дөрөвний гурав нь улс дотроо шилжилт хөдөлгөөн хийнэ. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг “үйлдвэрлэдэг” баян орнуудын нөхөн төлбөрийн “Loss and damage fund” санд шилжилт хөдөлгөөний хүчин зүйлийг нэмэх шаардлагыг эдгээр улсууд илүү хүчтэй тавьж эхэлнэ. Тус сангийн санхүүжилт 2023 онд уур амьсгалтай холбоотой олон яриа хэлцлийн гол сэдэв болох ёстой.

Уур амьсгалын дүрвэгсдийн дийлэнх буюу дөрөвний гурав нь улс дотроо нүүнэ

Уур амьсгалын дүрвэгч олонтой улсууд дасан зохицох шуурхай аргуудыг хайна. Их хэмжээний дүрвэгсдийг Дака хүлээж авах боломжгүйг ойлгосон Бангладеш ажил, сургууль, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц амлан өөр газар луу явуулна. Хамгийн тод жишээ бол хөрөнгө оруулалтын ачаар сүүлийн 10 жилд хүн амын тоо нь гурав дахин өссөн Монгла боомт юм. Ижил хөтөлбөрүүд Этиоп, Ганад эхэлсэн.

Удаан хугацаанд хүнд суртлын сүүдэрт дарагдаж ирсэн уур амьсгалын шалтгаантай хил дамнасан шилжилт хөдөлгөөний учрыг олох гэж улсууд хичээнэ. Дайны болон мөшгиж мөрдөхөөс ялгаатай нь “уур амьсгалын дүрвэгч” гэсэн ойлголт байхгүй учраас хүмүүс уур амьсгалын өөрчлөлтөд үндэслэж, орогнох хүсэлт гаргах боломжгүй байна.

Сүүлийн үед “уур амьсгалын дүрвэгч” гэсэн ойлголтыг илүү хүлээн зөвшөөрөх болсон хэмээн Австралийн Kaldor Centre for International Refugee Law-ийг удирддаг Жэйн Макадам өгүүлэв. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага хүрээлэн буй орчны эрсдэлд өртөгсдийг хамгаалах удирдамжаа шинэчилсэн. 2023 оны арванхоёрдугаар сард болох Дэлхийн дүрвэгсдийн форумаар эл сэдвийг хөндөнө. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөд өртөх бага эрсдэлтэй орнууд дүрвэгсэд хүлээж авах хүсэлгүй учраас өөрчлөлт гарах магадлал бага.

Бага сага ахиц гарна. Байгалийн гамшгийн улмаас дүрвэгсдэд тусгай виз олгох журмыг Аргентин 2022 онд баталж, Финланд цаг уурын нөлөөлөлд үндэслэн дүрвэгсэд хүлээж авахаар ярилцаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий Номхон далайн арал улсуудын иргэдийн улирлын чанартай ажил эрхлэх журмыг хялбаршуулахаар Австрали зэхэж байна. Гэхдээ дэлхийн улсуудын хамгийн сайн хийж чадах зүйл бол нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн дулааралтай тэмцэх юм.

РЭЙЧЕЛ ДОББС Азийн мэдээний редактор, The Economist, СИНГАПУР

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy