Н.Энхбаяр: Гоё, өөдрөг төсөөллөөр амжилтад хүрдэггүй гэдгийг маш өндөр өртөг, гашуун сургамжаар ойлгож авлаа

Mongolian Economy
2023-04-17 13:02:51
Ангилал: Ярилцлага

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг ирэх баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулна.

Хөгжлийн банкийг цаашид хэрхэн ажиллуулбал зүйтэй талаар бид эдийн засагч Н.Энхбаяртай товч ярилцсан юм.

-Нийгэмд ихээхэн шуугиан дэгдээсэн Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар та товч дүгнэлтээ хэлнэ үү?

-2011 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны тухай хуулийг батлан гаргаж, мөн оны тавдугаар сард Хөгжлийн банкийг байгуулсан. Тус банкны зорилгыг Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх явдал гэж тодорхойлж байлаа.

Хөгжлийн гараан дээр байгаа, аж үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүй манай улсын хувьд олон тооны аж үйлдвэр, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, эрэлт маш их, санхүүжүүлэх боломжтой хөрөнгийн эх үүсвэр харьцангуй бага байсан гэсэн үг юм. Ийм нөхцөлд Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төслийг маш цөөн, оновчтой төслийн хүрээнд эхлэх зайлшгүй шаардлагатай байлаа.

Гэвч Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад засаглалын, төслийн сонголтын, банк санхүүгийн, хууль эрх зүйн гэх мэт маш олон алдааг удаа дараа гаргаж ирсний улмаас Хөгжлийн банкийг анхлан байгуулсан зорилго төдийлөн хэрэгжсэнгүй.

Зөвхөн онолын түвшинд болно гэж тооцсон гоё, өөдрөг төсөөллөөр банк санхүүгийн байгууллага амжилтад хүрдэггүй гэдгийг бид маш өндөр өртөг, гашуун сургамжаар ойлгож авлаа.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд тус банкаар дамжуулан санхүүжүүлсэн олон зуун төслийн дундаас бодитой хэрэгжиж дууссан, одоо үйл ажиллагаа явуулж байгаа төсөл, үйлдвэрийн газар тун цөөн байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны анхны зорилгыг улс төрчид, эрх мэдэл бүхий хүмүүс гуйвуулж үндсэндээ улс төрчдийн аясаар шийдвэр гаргадаг, нэг төрлийн арилжааны банк болгон хувиргасан нь тодорхой болж байна.

– Цаашид Хөгжлийн болон Хөрөнгө оруулалтын банк манай улсад хэрэгтэй юу? Энэ тал дээр ямар шийдэл байж болох вэ?

-Монгол Улсын эдийн засгийн бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт голлон тулгуурладаг, урт хугацааны хөгжлийн бодлогод боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зорилт тусгагдсан.

Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлье гэвэл урт хугацааны, бага хүүтэй, олон төрлийн санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай гэдэг нь тодорхой юм.

Олон улсын жишгээр үзвэл боловсруулах аж үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалт харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг, хөрөнгийн эх үүсвэр их шаарддаг тул үүнийг зөвхөн нэг эх үүсвэрээр бус олон талын эх үүсвэр, үүний дотор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр, эсвэл хувийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж ирсэн байдаг.

Хэрэв үнэхээр аж үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлье гэж зорьж байгаа бол бид хөрөнгө оруулалтын банк, төслийн санхүүжилт гэж юу вэ гэдгийг бүх түвшинд сайтар ойлгох, төслийн санхүүжилт хийх боломж, чадавх бүхий банк, санхүүгийн байгууллагыг Монгол Улсад оруулж ирэх, тэдгээртэй хамтран ажиллах шаардлагатай.

-Бид томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ ямар алдаа гаргаж ирэв? Юуг хамгийн түрүүнд засах ёстой байна вэ?

-Өнгөрсөн 12 жилд бид олон алдаа гаргажээ. Үүнд:

-Манай хууль эрх зүйн орчин томоохон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх  түвшинд хүрээгүй,

-Гадаадын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээгүй,

-Банк, санхүүгийн байгууллагуудын активын хэмжээ бага, эх үүсвэр нь өндөр өртгөөр бүрдэж байгаа тул аж үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх боломжгүй,

-Хөгжлийн болон төслийн санхүүжилт хийх боломж чадавх бүхий институцийг бид хараахан байгуулж чадахгүй, иймээс гаднын сайн туршлага, менежментийн дагуу ажиллахаас өөр гарцгүй,

-Томоохон төслийн санхүүжилт урт хугацаанд үргэлжилдэг тул богино хугацааны бонд, үнэт цаасаар санхүүжүүлэх боломжгүй, урт хугацааны бага хүүтэй эх үүсвэрээр бүрдүүлэх ёстой,

-Аливаа Хөгжлийн банк, Баялгийн сангийн засаглалын асуудал манай өнөөгийн нөхцөлд тун тааруу түвшинд байгаа тул шинээр дахин байгуулах шаардлагагүй, дахиад дампууралд хүргэх эрсдэл тун өндөр,

-Нэгэнт байгуулсан Хөгжлийн банкны төслөө сонгох, шийдвэр гаргах эрхийг улс төрөөс хараат бус, зөвхөн банк, санхүүгийн мэргэжлийн хүмүүс, банкны удирдлага өөрөө хариуцан шийдвэрлэдэг байх,

-Аливаа хөрөнгө мөнгө төвлөрсөн банк, сангаас улс төрчдийн оролцоог хамгийн бага байлгах ёстой,

-Тухайн төслийн зөвхөн 30 хүртэл хувийг санхүүжүүлнэ гэх хязгаарлалтад баригдаж, төслийг зөнгөөр нь орхиж болохгүй, тухайн сонгон авсан төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон талын эх үүсвэрийг хольж бүрдүүлэх, төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байж тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой.

Өнөөгийн улс төрийн тогтолцоо, засаглалын ийм байгаа нөхцөлд дахин Баялгийн сан шинээр байгуулах шаардлагагүй. Юуны өмнө одоогийн тогтолцоог засаж сайжруулах, дээр дурьдсан менежментийн чадавх, зөв тогтолцоог бий болгосны дараа шинэ сан, банк байгуулж болох юм.

 

 

 

 

Mongolian Economy