Н.Энхбаяр: Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай
Монгол Улсын 2022 оны төсвийн бодлогоор хөдөлмөр, бүтээмж өсөлтийг дэмжиж найман чиглэлийн дагуу төр хувийн хэвшлээр зарим төрлийн ажлуудыг гүйцэтгүүлж, төрийн данхагар бүтцийг багасгаж зардал мөнгө хэмнэхээ онцолсон юм. Энэ тухай эдийн засаг судлаач Н.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
–Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулахаар төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөө биелэх боломжтой гэж үзэж байна уу?
-Улсын хэмжээнд зарлага маш их өссөн. 2017 онд төсвийн урсгал зардал 7 их наяд байсан бол 2022 онд 14 их наяд болсон байна. 2021 оных ч гэсэн энэ хавьцаа. Үндсэндээ 5 жилийн дотор Монгол Улсын төсвийн зарлага хоёр дахин өссөн гэж үзэж болно. Гэтэл энэ хэмжээгээр төсвийн орлого маань өсөөгүйд асуудал байгаа юм. Төсвийн орлого зарлагаасаа 2-3 их наядаар дутуу байна. Тийм хэмжээний алдагдалтай явж байж 2022 оны төсөв дээр алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь гэсэн зорилт тавьсан байсан. Энэ онд 10 их наядын төлөвлөгөө, нийгмийн халамж зэргээс болж Сангийн яамны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 8.8 хувь алдагдалтай гэсэн болохоор ирэх онд үүнийг бууруулах нь нэн чухал байгаа юм. Мөн 2022 оны төсвийн орлогоо маш өндрөөр төлөвлөсөн байна. Өссөн зарлагаа гүйцээхийн тулд түүхий эдэд тулгуурласан төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд эргэлзээтэй байгаа. Монгол Улсын экспортын 60-70 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гэсэн гуравхан төрлийн түүхий эд эзэлж байна. Монгол Улсын экспортын 8.5 тэрбум долларын 6.0-6.5 тэрбум долларыг эзэлдэг гэж хэлж болно.
-Цар тахал бүхэл улс орныг хамарч дэлхий нийтийн асуудал болоод байна. Харин манай улсын эдийн засгийн нөхцөл байдал бусад улсаас юугаараа ялгаатай байгаа вэ?
-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал бусад улс оронтой харьцуулахад амаргүй байгаа. Ирэх оны хувьд ч гэсэн төлөвлөсөн орлого маань биелнэ гэдэгт магадлал маш бага байна. Иймээс төсвийн зарлагын чиглэлээр томоохон өөрчлөлт хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоо гэхэд замбараагүй болсон. Тэгэхээр ийм хэмжээний зарлагыг манай эдийн засаг даахааргүй болчихсон байна. 2015, 2016 онд түүхий эдийн үнэ ханш унаад Олон улсын валютын сантай хамтраад бид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд таван төсвийг нэгтгээд төсвийн сахилга батаа сахиулаад явж байна. Гэтэл өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр дахиад эдийн засгийн сахилга батаа алдаад эхэлсэн. Төрийн албан хаагчдын орон тоо нэмсэн, төсвийн зарлага нь тоймгүй өсчихсөн, шаардлагагүй хөрөнгө оруулалт хийсэн.
Ирэх оны хувьд ч гэсэн төлөвлөсөн орлого маань биелнэ гэдэгт магадлал маш бага байна. Иймээс төсвийн зарлагын чиглэлээр томоохон өөрчлөлт хэрэгтэй.
-Төсвийн сахилга бат алдагдах болсон үндсэн шалтгаан нь юу вэ?
-Олон шалтгаан нөхцөл бий. Гэхдээ саяхан олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн. Зүүн Европын уул уурхайгаас хараат улс орнууд ч гэсэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэвийн үед болон хямралын үед гэж хоёр янзаар хэрэгжүүлж байна. Гэтэл манай эдийн засаг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, Ковидын дараах үеийн эдийн засаг гээд энэ их тэлчихсэн төсвийн ачааллыг яаж цааш нь авч явах вэ гэсэн бүтцийн том өөрчлөлт хэрэгтэй. Буцаад хэвийн, өр үүсгэхгүй зохистой хэмжээнд аваад явж чадах төсвийн зарлага нь юу вэ гэдийг бодох зайлшгүй нөхцөл байдалтай тулгараад байна.
-2022 оны төсөвт төрөөс зарим ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн санал байсан. Ковидоос болж зарим ААН байгууллагууд хаалгаа барьж байгаа хүнд үед хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдэд боломж бүрдэх юм биш үү?
-Ковидтой холбогдуулаад одоо л энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд их сайн бодож, алс хэтийг харсан төлөвлөгөөгөөр хийгүй бол зүгээр төсөв дагаад нэг УИХ-ын тогтоол, шийдвэр гаргавал хэрэгжих боломжгүй. Төр оролцох шаардлагагүй ажлуудаа бүтцийн өөрчлөлтийн хувьд харж байгаад цаашид төрийн оролцоогүй ажлууд дээр бараг хууль гаргах хэрэгтэй. Төрийн гүйцэтгэх ёстой ажил, төсвөөс санхүүжүүлж болох ажлын жагсаалт гаргаж төсвийн тухай хуульдаа оруулахгүй бол нэг удаагийн тогтоол, шийдвэрээр өөрчлөгдөх боломжгүй. Томоохон өөрчлөлт хийж байж 15 их наядын төсвийн зарлага аажмаар буурах боломжтой юм. Нөгөөтээгүүр, төсвийн орлогын тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх бодлого хэрэгтэй. Ингэж байж дунд хугацаандаа төсвийн орлого савлахаа болино. Нөгөө талдаа зарлагыг хэт өсгөхгүй байх нөхцөл бүрдэнэ. Төсвийн алдагдалд орсон ч ядаж хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулийн анхны шаардлага нь төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн зорилт тавьсан. Сүүлдээ өөрчилсөөр байгаад таван хувь болсон. Үүнийг хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа юм. Энэ бол хэвийн бус үзэгдэл.
Төрийн гүйцэтгэх ёстой ажил, төсвөөс санхүүжүүлж болох ажлын жагсаалт гаргаж төсвийн тухай хуульдаа оруулахгүй бол нэг удаагийн тогтоол, шийдвэрээр өөрчлөгдөх боломжгүй.
-Төрийн оролцохгүй ажил гэж ховор болжээ. Төр оролцохгүйгээр хувийн хэвшлээр ажил үйлчилгээгээ хийлгэсэн сайн жишгийг хуваалцахгүй юу?
-Зарим улс оронд нийтийн тээврийг нь хувийн хэвшил ажиллуулдаг жишиг байгаа. Ямар салбарт ямар ажлыг хувийн хэвшил хийх үү, алийг нь төр хийх үү гэдгээ л ялгаж салгахгүй бол асуудал шийдэгдэхгүй. Жишээ нь, Байгаль хамгааллын салбарын тухайд Монгол орон шиг 1.565.000 км квадрат нутаг дэвсгэртэй, 21 аймаг 365 сумтай газрын байгаль хамгаалах бүх ажил төсвийн санхүүжилтээр, төр гүйцэтгэж байна. Ингэж болохгүй шүү дээ. Ийм ачааллыг цаашид төр даах нөөц боломж ч байхгүй. Тодорхой хэмжээний санхүүжилтийг улс бүрдүүлж өгч болно. Зарим тохиолдолд байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газраа төр хамгаалаад аялал жуулчлалын парк байгуулсан жишиг байдаг.
Гэтэл Монгол Улсын жишиг уулын ам болгоныг төр хариуцаад байгаад л асуудал байгаа юм. Байгаль орчин аялал жуулчлалын яам гэхэд Туул голын сав газрын захиргаа, Богд уулын дархан цаазат газрын захиргаа гэх мэт ингэж олон салгах нь бүтцийг улам томруулаад байгаа юм. Социализмын үеийн сэтгэлгээнээсээ салж чадахгүй болохоор бүгдийг төр хийх ёстой гэж үзээд байгаа юм. Энэ ажлыг хувийн хэвшил, олон нийтийн оролцоотой хийх боломжтой. Хуулиараа эрхийг нь нээгээд л өгчих хэрэгтэй. Төр өөрөө зохицуулах гээд чадахгүй байгаа жишээ цөөнгүй. Жишээ нь, Улаанбаатар хот руу орж, гарч байгаа автомашины асуудал байна. Бусад улс автомат тоолуур хийгээд дараалалд зогсохгүйгээр шийдчихэж байгаа юм.
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар цаашид зохицуулвал хувийн хэвшлийнхэнд хүндрэл чирэгдэлтэй гэж үзээд байгаа юм. Үүнд ямар зохистой зохицуулалт хэрэгтэй вэ?
-1997 он хүртэл бид зүгээр л сонгон шалгаруулаад ажил гүйцэтгүүлдэг байсан. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гарснаар бөөн будлиан болсон. Бүх шатны ажлыг гацааж байна гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Тус хуульд сонгон шалгаруулдаг процесс нь маш төвөгтэй байгаа юм. Нэг суманд сургууль, цэцэрлэг барихад 1 тэрбум гэж бодвол түүний 10 хувийг тендерийн материал боловсруулахад зарцуулдаг. Манайд хэрэгжүүлж байгаа тендерийн үйл явц тохирохгүй байна гэсэн үг. Үүнийг хялбарчлах шаардлагатай байгаа юм. Тэр дундаа сумдад баригдаж байгаа 5 тэрбум доторх ажилд тендер ямар ч хэрэггүй. Тендерийг улсын хэмжээний томоохон авто зам, дэд бүтэц дээр ашиглавал болно.
21 аймаг 365 сумтай газрын байгаль хамгаалах бүх ажил төсвийн санхүүжилтээр, төр гүйцэтгэж байна. Ингэж болохгүй шүү дээ. Ийм ачааллыг цаашид төр даах нөөц боломж ч байхгүй.
Тендерийн хамгийн чухал зүйл нь чанар юм. Олон улсын төвшинд тендер зарлахдаа стандартыг л заадаг жишигтэй. Жишээ нь Америкт Төрийн департамент дотор нь худалдан авах ажиллагааг хариуцсан нэгж нь байдаг. Тэднийх авто зам барьдаг бүх компаниа шалгаруулаад техникийн үзүүлэлтээр нь жагсаалт гаргаад батлаад авчихдаг. 50 компани хүсэлтээ илгээхэд 20 компани нь шалгуурт нийцдэг. Дараагийн удаа тендер зарлахдаа шалгуурт нийцсэн 20 компани дотроосоо шалгаруулдаг. Бүх зүйл дээр техникийн үзүүлэлтийг нь илүүд харж чанарыг эрхэмлэдэг байна.
Монгол Улс тендер шалгаруулдаг үйл явцыг өөрчлөх, техникийн стандартаа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Зөв юм хийх гээд байдаг ч түүнийгээ хэтэрхий төвөгтэй болгоод байгаад л асуудлын гол нь байна. 1997 онд батлагдсан тухайн хууль Азийн хөгжлийн банкны санаачлагаар гарахдаа агуулга нь бол арай өндөр өртөгтэй гараад байгаа ажлыг бага өртгөөр хийх байсан боловч явцдаа нүсэр бүтэцтэй болж тендер нь бизнес эрхлэгчдийн ажлыг удаашруулдаг болчхоод байгаа юм.
-Ковидын дараах үеийн эдийн засгийн тухай иргэд, хувийн хэвшлийнхэн ямар ч чиг баримжаагүй таамаг төдий байгаа нь цаашид ямар бизнес эрхлэхээс эхлүүлээд тодорхойгүй зүйл их байна. Энэ тухай Засгийн газар юунд анхаарах шаардлагатай вэ?
– Одоо ковидын нөхцөл байдлын үед Засгийн газар дунд хугацааны бодлогоо дахин шинэчлэх шаардлагатай байгаа юм. Шинэчлэхдээ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг нэмж тусгах нь зөв. Улс орны макро эдийн засгийг иргэн бүр, аж ахуйн нэгж бүхэн ойлгохгүй шүү дээ. Жишээ нь 2022, 2023 онд төсвийн орлого яаж бүрдэх гэж байгаа юм. Дутсан төсвөө хаанаас бүрдүүлэх бол гэдэг ч юм уу эдгээр зүйл нь аж ахуйн нэгж байгууллагын, иргэний асуудал биш л дээ. Энэ дүр зургийг иргэд, хувийн хэвшилд ойлгомжтой болгохын тулд Засгийн газар дунд хугацааны бодлогыг ойлгомжтой зарлах ёстой. Бусад улс орон ийм л арга барилаар ажиллаж байна.
Таван жилийн дараа аль салбарт илүү хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм, таван жилийн дараа тээвэрлэлтийн асуудал саадтай байх уу гэдэг нь ойлгомжтой болж байж бизнес эрхлэгчид ажлаа төлөвлөнө шүү дээ. Өнөөдөр нэг сарын дотор ирж байгаа бараа тээвэрлэлт магадгүй 5 жилийн дараа 10 хоногийн дотор ирж байвал бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин нь бүрдэх нөхцөл болж байгаа юм. Гэтэл Засгийн газрын дунд хугацааны төлөвлөлт гэхээр бүтээн байгуулалт голчлоод байдаг. Иргэд, хувийн хэвшлийг зөв чиглүүлж манлайлах хэрэгцээ шаардлага л үүнд байгаа юм.
1997 он хүртэл бид зүгээр л сонгон шалгаруулаад ажил гүйцэтгүүлдэг байсан. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гарснаар бөөн будлиан болсон.
Тэр дундаа ковидтой үед иргэдийг зөв чиглүүлж, манлайлах нь Засгийн газрын нэг чухал зүйл болоод байна. Гэтэл шинжлэх ухааны үндэслэлгүй “хилээ нээнэ”, “ковидгүй зун болно” гэх мэт худал мэдээллээр бизнес эрхлэгч, иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Хөл хориог цуцална гэж мэдэгдчихээд хөл хориог сунгахаар боллоо гэж богино хугацааны шийдвэр гаргахаар бизнес эрхлэгчид хохирч, төөрөгдөлд ороод байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж байж энэ бүхэн ойлгомжтой, тодорхой болно.
Ирэх жилүүдэд энэ салбарын бизнес нээлттэй болно гэдгийг л төрөөс мэдээлдэг байх шаардлагатай. Тэгж байж бизнес эрхлэгчдийг өрсөлдөх орон зайг олон салбарт саадгүй болгосноор чанартай байх магадлал өндөр болох юм. 2016 онд баталсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэдэг шиг ойлгомжтой хөтөлбөр хэрэгтэй. Буцаад хэзээ хэвийн горимд ажиллах вэ. Үүний тулд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах гэж байгаагаа тодорхойлохоор бүтцийн өөрчлөлт гэсэн бодлоготой болохоос өөр гарцгүй. Экспортоо нэмэгдүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх, улсын төсвөө тогтвортой байлгах бодлогуудыг нэгтгэж байж эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломж бүрдэх бөгөөд үүнийгээ иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Тэгж байж дараа жил ямар бизнес хийх, ямар салбар хөгжих эсэх нь тодорхой болох юм.