Оросын дайны талбар

B Shurenchimeg
2022-10-13 12:13:18
Ангилал: Нийгэм Олон улс

Сонгууль, интернэтийг хянахаар улайрна.

Аркадий Островский, ОХУ хариуцсан редактор, The Economist

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг 2020 онд хордуулж, 2021 онд шоронд хорьсон явдал нь Владимир Путины дэглэмийг автократаас хуулийн болон үндсэн хуулийн хэм хэмжээнд захирагдалгүй цөөн бүлэг хүмүүс эрх мэдэлд хүрсэн дарангуйлал болсныг илтгэв. Кремль эл шилжилтээ бэхжүүлэх замдаа 1990-ээд оноос үлдсэн ардчиллын хоёр үлдэгдэлтэй тулгарав. Нэг нь сонгууль, нөгөөх нь интернэтийн эрх чөлөө. Тэд хоёуланг нь буланд шахаж эхлэв.

Сонгуулиас эхэлье. Өөрийг нь 2024 онд буухыг шаардсан үндсэн хуулийн заалтыг Путин 2021 онд хүчингүй болгов. Ингэснээр тэрбээр наад тал нь 2036 хүртэл төр барих эрхтэй боллоо. Одоо тэр эрх мэдлийн эзэн болсноо сонгуулийн “гоёл”-оор чимэх ёстой. 2021 оны есдүгээр сард болсон парламентын сонгууль Путины дэглэмийг дэмжигчид багассаныг харуулснаас бус ялалт байгуулахад нь саад болсонгүй.

Сонгуулийн дүнг засварлаагүй бол Путины Нэгдсэн Орос нам нийт саналын 30 гаруй хувийг авах байсан гэж өгөгдлийн шинжээч Сергей Шпилкин үзсэн. Гэтэл тус нам саналын 50 орчим хувийг авч, Думд үнэмлэхүй олонх болсон. Навальныйг хорьж, хамтрагчдыг нь Оросоос зайлуулж, дэмжигч болгоныг нь мөшгих замаар Кремль оролцооны улс төрийг үндсэндээ хориглов. Зорилго нь сонгуулийг авч үлдэнгээ Путины аливаа өрсөлдөгчийг зайлуулах юм.

Гэхдээ өрсөлдөгчдөө махан биеэр нь үгүй хийх нь хангалттай биш. Иргэний нийгмийг зохион байгуулалтад орох, Навальныйг сөрөг хүчний гол улс төрч болоход тусалсан интернэт бол Кремлийн хувьд хамгийн том сорилт нь юм.

Кремлийн хамгийн том сорилт нь интернэт.

Саяхныг хүртэл Оросын интернэт харьцангуй чөлөөтэй байв. Путин эрх мэдэлд телевизээр дамжиж хүрсэн агаад интернэтийг үл тоомсорлосон (компьютер, гар утас хэрэглэдэггүй, онлайнд огт ордоггүй гэдгээрээ тэр бахархдаг).

Гэвч сүүлийн арванд интернэт түгээмэл болсноор телевизэд монополь байх нь Кремльд ашиггүй болжээ. Мэдээллийн эх сурвалжид интернэт, нийгмийн сүлжээний эзлэх хувь 2013-15 онуудад 18 хувь байсан бол 2021 онд 45 хувь болж нэмэгдэв. Навальныйг улсын мэдлийн телевизийн сувгуудаар гаргахыг хориглосон ч түүний Youtube сувгийн үзэгчдийн тоо нь телевизийн ямар ч мэдээний нэвтрүүлэгтэй дүйцэхүйц болжээ.

Навальныйтай холбоотой бүх вэбсайтыг Кремль “экстремист” хэмээн цоллож, хориглов. Зураг, видеог байршуулахгүйн тулд төхөөрөмж суулгаж, твиттер лүү орох боломжгүй болгохыг интернэт операторуудаас шаардав. Навальныйгийн аппликэйшнийг Store-с хасахыг шаардаж, Apple, Google-ийн орос ажилтнуудын эсрэг хавтаст хэрэг нээлээ. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг “гадаадын тагнуул” хэмээн зарласнаар Орост ажиллах бараг боломжгүй болгов…

 

 

 

 

 

 

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн үнэ 44,000₮
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7011-5477, 9409-2904 дугаараас авна уу.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg