ОУСК төгрөгийн зээл олгохоор судалж байна
Дэлхийн Банк Группын гишүүн, хувийн хэвшлийг дэмжигч байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) “Транскапитал” ББСБ-д олгох 12 сая ам.долларын синдикат зээлээ төгрөгөөр олгох тухай хэлэлцэж байна.
Тус гэрээ нь ОУСК-ийн хувьд төгрөгөөр хийх анхны хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улсын ББСБ-тай хийх анхны хэлэлцээр болох тухай тус байгууллага мэдэгдлээ. Ингэснээр бичил бизнес эрхлэгч, эмэгтэйчүүд болон хөдөө, орон нутагт амьдарч буй хүмүүс зэрэг хангалттай санхүүжилт авч чаддаггүй бүлэгт олгох “Транскапитал” ББСБ-ын санхүүжилтийн нөөц нэмэгдэх аж. Түүнчлэн бичил бизнесүүдэд дунд хугацаатай санхүүжилтийг төгрөгөөр олгож, байгууллагын чадавхийг бэхжүүлэх замаар Монголын бичил санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.
ОУСК-аас “Транскапитал”-д олон улсын хөрөнгө оруулагчдаас зээл авахад тусламж үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Ковид-19-оос үүдэлтэй дэлхийн болон Монголын эдийн засгийн хямралын улмаас ийм төрлийн санхүүжилт улам багасах төлөвтэй байгааг мэдэгджээ.
ОУСК манай улсын санхүүгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бизнесээс эхлээд дэд бүтэц, тогтвортой уул уурхай зэрэг эдийн засгийн бүхий л голлох салбарт хөрөнгө оруулдаг. Тус байгууллага анх 1997 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 470 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй.
Тус байгууллагаас өнгөрсөн онд ХААН банкинд олгох бонд болон өрийн багцаа 70 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлжээ.