Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлнэ
Гүний уурхайн олборлолт эхэлснээр бид төслийн оролцогч талууд, санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат хэллээ.
Оюутолгой төслийн хувьд 2022 он бэрхшээл, сорилт тулгарсан ч амжилт бүтээл дүүрэн ард нь гарч чадсан түүхэн жил болж өнгөрлөө. УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоол батлагдсан. Энэхүү тогтоолын хүрээнд холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 2.3 тэрбум төгрөгийн өр тэглэсэн асуудал үүнд багтана. Мөн Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюу Толгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байхаар зохицуулсан.
Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох асуудлаар талууд өнгөрсөн оны 9-р сард хэлэлцэж тохиролцоонд хүрлээ. Мөн Засгийн газраас эрчим хүч, байгаль орчин, нийгмийн засаглалыг сайжруулах үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргана гэсэн тогтоолын заалтыг бүрэн хэрэгжүүлсэн. Монгол Улсын эрчим хүчний салбар хангалттай нөөц бололцоотой болсон цагт Оюутолгой компани эрчим хүч худалдан авах асуудлыг талууд гарын үсэг зурж гэрээ албажсан байгаа. Байгаль орчин, засаглалын хүрээнд Оюутолгой компани тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж 2022, 2023 онд хэрэгжүүлэх ажлуудаа тодорхой болгосон.
Зарим ажил дээр “Эрдэнэс Оюутолгой” компани хамтран ажилласан бөгөөд хамтын ажиллагааг эрчимжүүлсэн жил байлаа гэж дүгнэж болно.
Гүний уурхайн геологийн болон уулын ажлын төлөвлөгөө графикийн дагуу бүрэн хэрэгжиж байна. Бид төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу энэ оны гуравдугаар сард гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ. Ингэснээр Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэг болох боломж нээгдэж байгаагаас гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж эрс нэмэгдэнэ.
Гүний уурхайн олборлолт ийнхүү эхэлснээр бид төслийн оролцогч талууд, холбогдох санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагуудын хувьд оруулсан хөрөнгө нь баталгаажиж, эрсдэл нь багасаж байна. Бүх оролцогч талын төслөөс хүртэх өгөөж нь нэмэгдэнэ. Гүний уурхайн олборлолт нь Монголын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулна. Гэсэн хэдий ч эдийн засгийн хурдтай өсөлтийг бий болгохын тулд Оюутолгойгоос гадна олон томоохон төслийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Оюутолгой компани улсад олон төрлийн татвар төлдөг. Мөн жил ирэх бүр улсын болон орон нутгийн татварт төлж буй хэмжээ ч нэмэгдэж байна. Эрдэнэс Оюу Толгой ХХК Монгол Улсын Оюу Толгой төслөөс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, ногдол ашиг авч эхлэх хугацааг аль болох наашлуулах зэрэг чиглэлээр ажиллаж, Монголын талын эрх ашгийг хамгаалж ирсэн. Цаашид ч хамгаалж ажиллана.
Оюутолгой төсөл 2022 оны байдлаар 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. 2022 онд Монгол Улсад нийт 171 сая ам.долларын татвар хураамжийг төлж, нийт төсвийн орлогын 3.4 хувийг бүрдүүлсэн байна. Нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 11.4 хувийг бүрдүүлжээ.
2023 онд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Засгийн газраас 2022 онд Ханбогд сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Ханбогд сумыг хөгжүүлэх, цаашид 25 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болгох зорилтын хүрээнд нийгмийн дэд бүтцийн суурь төслүүдэд Оюутолгой хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Цаашдаа Оюутолгой төсөл 80-100 жил үргэлжилнэ гэсэн алсын зорилгын хүрээнд дагуул хотын хөгжлийн суурийг тавьж байна гэж ойлгож болно.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлнэ гэдэг нь энэ том төсөл өөрөө тогтвортой үйлдвэрлэлийн түвшинд хүрч, уул уурхайн мега төслийн хувьд гурав дахь шатандаа гарч байгаа юм. Үүний дараа бид ашгийг хэрхэн нэмэгдүүлэх асуудалд гол анхаарлаа төвлөрүүлнэ. Нэгд, хамгийн том асуудал зээлийн хүү байна. Төслийн санхүүжилтэд олон улсын санхүүгийн байгууллагууд, хувь нийлүүлэгчдээс авсан зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулж чадвал төслийн үр ашиг сайжирна. Хоёрт, технологи. Баяжуулалтаас ямар хэмжээнд металл татан авалтын хэмжээг нэмэгдүүлж чадах вэ гэдэг асуудал бий. Гуравт, гадаад зах зээл дээрх металлын үнийн өсөлт. Энэ гурван зүйлээс төслийн үр ашиг нэмэгдэх эсэх шалтгаална.
Оюутолгой төслийн хайгуулын үе шатнаас өнөөг хүртэл бид байнга бүтээн байгуулалтын тухай ярьж ирсэн. Харин одоо тогтвортой үйлдвэрлэл эхэлсний дараагийн үйлдвэрлэлийн үе шат, үүнд хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад анхаарал хандуулах ёстой. Энэ чиглэлд Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардлагаа тавина. Рио Тинто компанитай хамтарч гаргалгаа хайж, зардлуудыг бууруулах талаар хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Оюутолгой нь дэлхийн хэмжээний том төсөл. Мэргэжлийн геологи, санхүүгийн хувьд хяналт тавих, Монголын талын эрх ашгийг хангуулах үүрэг хүлээсэн компанийн хувьд өнгөрсөн хугацаанд боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч ажиллалаа. Геологи, уул уурхайн хэлтсийн ажилтан албан хаагчид дэлхийн ижил түвшний үйлдвэр, удирдаж буй албан тушаалтнуудтай уулзаж, практик олон сургалтуудыг хамтран зохион байгуулсан. Монголын уул уурхайн салбарт Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр энэ салбарын хөгжил ямар түвшинд хүрсэн талаар гадны хүмүүсээс үгийг нь сонсож, гаднын төслүүдтэй харьцуулж, бид хаана явж байгаагаа харах бахархам сайхан байсан.
Чадвартай боловсон хүчин бол Оюутолгой төслийн ирээдүй.
Тиймээс Эрдэнэс Оюу Толгой ХХК компани мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах алсын хараатай ажиллаж байна. Энэ хүрээнд уул уурхайн төдийгүй инженерийн чиглэлээр сурч буй оюутан залуусыг төсөл хөтөлбөрт хамруулах, улс, дэлхийн олимпиадыг дэмжихэд анхаарч ирлээ. Тухайлбал, өнгөрсөн онд хими, физик, математик, мэдээлэл зүйн улсын олимпиадыг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан. 2023 онд ч энэ ажлаа үргэлжлүүлэх бөгөөд энэ жил Ази тивийн физикийн 23-р олимпиад Монгол Улсад анх удаа зохион байгуулагдана. Эрдэнэс Оюу Толгой ХХК мөн л дэмжиж, хамтран ажиллах болно.
Эх сурвалж: Дэлхий 2023 онд тусгай дугаар