Оюу толгой, Рио Тинто компани тэтгэлэг гардууллаа

B Shurenchimeg
2022-01-12 17:43:17
Ангилал: Нийгэм

“Оюу толгой” болон “Рио Тинто Монгол” компани өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцахаар шалгарсан 31 оюутанд батламж гардууллаа. Энэ жил “Оюу толгой” компаниас дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт 22 оюутныг хамруулсан бол  “Рио Тинто Монгол” компани, ШУТИС-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт тэтгэлэгээр суралцах эрхийг есөн оюутанд олголоо. Эл тэтгэлэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой юм.

2010 оноос хойш “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 3000 гаруй оюутан, залуус хамрагдсан. Дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой эл хөтөлбөрийг “Оюу толгой”, “Рио Тинто Монгол” компаниуд 2.7 сая ам.доллароор санхүүжүүлэн ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна.

“Оюу толгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгохоос гадна шалгарсан оюутнуудаа хувь хүний хөгжлийг дэмжих “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-төө давхар хамруулан ур чадварыг нь хөгжүүлэх боломжийг олгодог онцлогтой.

2021 оноос эхэлсэн таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн судалгааны ажлыг дэмжих уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил зарласан. Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлээд байна.

Тодруулбал, агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултад үзүүлэх нөлөөллийг цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал, Баяжуулах үйлдвэрийн металл хийцүүдийн бат бэх, найдварт ажиллагааг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, Далд уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил тодорхойлох системийн судалгаа, Далд уурхайн хагарлын нэвчүүлэлтийн структур гэсэн дөрвөн судалааны төсөлд санхүүжилт олголоо.

“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг юм.

Оюу толгой төслийн хувьд хайгуулын шатнаас эхлэн Монголд геотехникийн бүхэл бүтэн багийг ил уурхайд ажиллуулж, сүүлийн үеийн геофизикийн тоног төхөөрөмжөөр өрмийн цооногт хэмжилт хийсээр ирсэн нь Оюу толгойд геотехникийг маш чухалд тооцдогийн илрэл юм. Эдгээр ур чадвар нь хүмүүсийн болоод үйл ажиллагааны аюулгүй байдал, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 орчим хувь нь байршдаг гүний уурхайд тухайн чулуулгийг блоклон олборлож болох эсэх, физик технологийн шинж чанар, тогтворжилт болон бэхэлгээний дизайныг геотехникийн судалгаагаар тооцоолж гаргадаг. Тэгэхээр уул уурхай, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт гээд олон салбарын амин сүнс болсон геотехникийн мэргэжилтнийг Монголд бэлтгэдэг болж байгаа нь боловсролын салбарт оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

 

 

 

 

B Shurenchimeg