ОҮИТБС-ын нээлттэй өгөгдлийг итгэлцлийг бэхжүүлэхэд ашиглана
Ил тод, хариуцлагатай уул уурхайн дэлхий нийтийн түншлэл болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлүүд болон эрдэс баялгийн салбарт ил болж буй бусад төрлийн өгөгдөл, мэдээллийг оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлэхэд бодлогын түвшинд ашиглахаар болжээ.
Энэ зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац УУХҮЯ-тай иргэд болон төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 13-нд байгуулав.
Арга хэмжээнд төрийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, “Уул уурхай ба орон нутгийн иргэд: итгэлцлийг бэхжүүлэх нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээр УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал уул уурхайн салбарын урт хугацааны бодлогыг танилцуулаад, “Өнөөдрийн арга хэмжээ мэдээллийн тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд оролцогч тал бүр ойлголтоо нэгтгэх нь чухал” гэдгийг онцолсон юм. Хөрөнгө оруулагч, нутгийн иргэд хоорондын ойлголцлыг нээлттэй өгөгдөлд түшиглэсэн бодит мэдээллийн тусламжтай сайжруулж, үр дүнд нь төрийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг оролцогч талуудад таниулах, ойлголтыг нэгтгэхэд хэлэлцүүлэг чиглэгджээ.
УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбар нь ирэх 20-30 жилд ч Монголын эдийн засгийн тулах багана хэвээр байх бөгөөд хамгийн гол нь олон улсын стандартын дагуу ил тод, хариуцлагатай байна гэдгийг тунхагласан. Тиймээс одоогийн Засгийн газар ч уул уурхайн засаглалыг хариуцлагатай, ил тод болгохоор “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж буй.
Эхний ээлжинд хайгуулын салбараа идэвхжүүлэхээр тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж эхэлсэн. Энэ нь орон нутгийн иргэдтэй одоогийнхоос илүү ойлголцож байж уг бодлого амжилттай хэрэгжинэ гэсэн үг. Тиймээс талуудын ойлголтыг нэгтгэж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгахад нээлттэй өгөгдлийг илүү сайн ашиглах нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилготой нийцэж буй аж.
Одоогоор Монгол Улсад эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг бий болгож буй 51 мэдээллийн сан байгаа юм байна. Үүнээс хамгийн том нээлттэй өгөгдлийн сан нь ОҮИТБС-ын Ereporting.eitimongolia.mn цахим систем юм. 2022 оны байдлаар тус системд уул уурхайн компаниудын 2006 оноос хойшхи 14 мянга гаруй тайлан цахим хэлбэрээр байршиж байгаа. Ил тод байдлыг хангах олон улсын стандартын дагуу нийт 29 хавсралтаар 100 гаруй төрлийн мэдээллийг компаниуд өгдөг бөгөөд үүнээс орон нутгийн иргэдийн хэрэгцээтэй байгаль орчны мэдээллүүдийг ч олж авах боломжтой юм.
Нээлттэй өгөгдлүүдийн ашиглалтыг нэмэгдүүлснээр олон нийт, орон нутгийн иргэд хариуцлагатай ба хариуцлагагүй уул уурхайн зааг ялгааг мэддэг болж, Үндсэн хуулийн 6.2-т заасан газрын хэвлийн баялгийн өгөөжийг тэгш, шударга хүртэх боломж нэмэгдэнэ.
Нээлттэй өгөгдлийн ач холбогдлын талаар ОУСК-ын Суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Уул уурхайн хөрөнгө оруулалтын өгөөжийг оролцогч тал бүр эн тэнцүү хүртэхэд дэмжлэг болохын тулд ил тод байдлыг үр дүнтэй хангах, өгөгдөл мэдээллийг ашиглах туршлага чухал” гэсэн юм.
Ялангуяа ажлын байр шинээр бий болгох, ханган нийлүүлэлтэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломжийг нээх гээд уул уурхайн эерэг нөлөө, түүнчлэн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн эрсдэлийг орон нутаг бодитой ойлгож мэдэх гээд олон чухал мэдээллийг нээлттэй өгөгдлийн тусламжтай олж авдаг. Тиймээс санамж бичгийн үр дүнд хөрөнгө оруулагчид, орон нутаг хоорондын харилцан итгэлцэл бэхжиж Монгол Улсад уул уурхайн салбар тогтвортой, хүртээмжтэй хөгжихөд түлхэц болно гэж ОУСК үзэж буй аж.
ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа өгөгдлийн сангийн ашиглалтыг сайжруулж, мэдээллийн тэгш бус байдлыг арилгахын тулд юуны өмнө хүлээн авагчийн хэрэгцээнд нийцүүлэх, баталгаатай, шинэлэг байх, нээлттэй өгөгдлийн форматтай байх, ашиглах ур чадвартай байх зэрэг сорилтуудыг даван туулж байж сая нээлттэй өгөгдөл итгэлцлийг бэхжүүлэх үүргээ гүйцэтгэдэг олон улсын туршлага байдгийг учирласан юм.