П.Маринелли: Монгол хүмүүс шинэ бүтээгдэхүүн, шинэ зүйлийг маш их сонирхдог

Mongolian Economy
2022-09-29 11:04:29
Ангилал: Ярилцлага

Италийн TEDDY группийн Борлуулалт хариуцсан захирал, хөгжүүлэлт хариуцсан ерөнхий менежер Пьерлуйжи Маринеллиг Монгол Улсад айлчлах үеэр нь уулзаж ярилцсан юм.

– Европын хувцасны зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох группийнхээ тухай манай уншигчдад эхлээд сонирхуулна уу?

Teddy групп бол Италийн Ремини хотод 1961 онд байгуулагдсан хувцасны компани юм. Түүнээс хойш бэлэн хувцас, дотуур хувцас, аксессуар гэсэн чиглэлээр таван брэндийг үүсгэн байгуулж, дэлхийн 90 гаруй оронд 600 гаруй брэнд дэлгүүрийг өөрсдөө болон франчайз загвараар ажиллуулж байна. Манай компани эрэгтэй, эмэгтэй, хүүхдэд зориулсан Terranova, Rimascimento, Calliope, Kitana, QB24 гэсэн брэндтэй.

Компани маань хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангахыг, ингэснээр тэдний сонголтын эхэнд бичигдэх брэнд болохыг хичээж ажилладаг. Мэдээж үүнд дижиталчлал, тогтвортой хөгжил зэрэг олон сорилт тулгарч байгаа.

“Амбиц үгүй бол юуг ч эхлүүлэх боломжгүй” гэж философич Р.В.Эмерсон хэлсэн. Тиймээс бид өдөр бүр амбицтай, урам зоригтой ажиллаж, хэрэглэгч нараа болон Teddy-ийн 3000 гаруй харилцагч нартай үр дүнтэй, тогтмол харилцааг үүсгэж чадсан юм.

– Танай группийн хамгийн алдартай хоёр брэнд болох Terranova, Calliope-г манай хэрэглэгчид сайн мэднэ. Эдгээр брэнд манай улсад хэрхэн хөл тавьж байв? Номин компанитай хамтын ажиллагааг хэрхэн эхлүүлсэн бэ?

Манай компани их олон улсад үйл ажиллагаа явуулдаг ч Италиас алс хол оршдог, нөөц боломж ихтэй улсуудад үйл ажиллагаа явуулахдаа тун баяртай байдаг. Жишээлбэл, бид Зүүн Европын Чех, Словак, Югославт 1992 онд дэлгүүрээ нээж байсан бөгөөд энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулсан анхны Итали компаниудын нэг болж байлаа. Улмаар бид ОХУ, Казахстан, Киргизстан, Монголд дэлгүүрээ нээсэн.

Монгол Улсад бид найман жилийн өмнө дэлгүүрээ нээсэн. Юун түрүүнд Итали болон Европын хувцас загварыг сонирхдог хэрэглэгч, ялангуяа залуус Монгол Улсад байгаа эсэх нь бидэнд сонирхолтой байлаа. Тэдний хувьд үнэ маш чухал. Хоёрдугаарт, Монгол Улсад татвар, НӨАТ-ын хэмжээ өндөр биш. Татвар бага байх нь гадаадын компаниудыг татах учраас Монгол Улсын Засгийн газар энэ тал дээр зөв шийдвэр гаргасан гэж боддог. Тухайн улсын татвар, НӨАТ бага бол бид мэдээж барааны үнээ бууруулах боломжтой болно. Үнээ бууруулснаар хэрэглэгч, худалдан авагчдын тоо ч нэмэгдэнэ.

Ялангуяа Монгол шиг иргэд нь хувцас загварт маш их мөнгө зарцуулдаг улсад зөв, тохирох үнэ тогтоох юм бол худалдан авагчдын тоо бүр их байх боломжтой.

Бид ийм бодолтой ажиллаж, бүтээгдэхүүндээ Монголын худалдан авагчдад тохирсон үнийг тогтоож чадсан.

Та манай улсад есөн жилийн өмнө анх ирж байсан. Энэ жил 20 дахь удаагаа ирж байна. Таны ажиглалтаар энэ хугацаанд Монголын худалдан авагчдын таашаал, сонголт хэр өөрчлөгдсөн бэ?

– Сүүлийн есөн жилийн хугацаанд Монгол Улс, ялангуяа Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөн. Нийслэл хот их хурдан хөгжиж байна. Хот ийн хөгжихтэй зэрэгцээд оршин суугчдынх нь дадал, соёл ч өөрчлөгдсөөр байна.

Тэд гадаадын компани, брэндүүдийн тухай маш их мэдээлэл, мэдлэгтэй болсон. Бидний хувьд худалдан авагчдынхаа худалдан авалт, зарцуулалтад маш их анхаарч, мэдээлэлтэй ажилладаг. Ташрамд дурдахад монгол хүмүүс Монголд төрж өссөнөөрөө маш их бахархдаг, тийм учраас уламжлал, соёл заншлаа хадгалж үлдэхийг их хичээдэг нь надад анзаарагдсан.

Түүх, соёл, орчин цагийн хослол нь Монголд тун өгөөжтэй тэнцвэрийг бий болгожээ гэж үзэж байна.

Монголын бизнесийн орчны талаар та ямар бодолтой байна вэ? Монголд бизнес эрхлэх хугацаандаа ямар бэрхшээл, сорилтуудтай тулгарав?

– Давуу тал гэвэл монгол хүмүүс шинэ бүтээгдэхүүн, шинэ зүйлийг маш их сонирхдог. Энэ нь гадаадын компаниуд, бизнесийн хувьд маш том боломж, давуу тал гэж бодож байна. Хэрэв танайх сайн, чанартай бүтээгдэхүүнтэй бол Монголын хэрэглэгчид сонирхож худалдан авах нь гарцаагүй.

Нөгөөтээгүүр, худалдагч, борлуулагч талаас асуудал, бэрхшээл гэхээр зүйл бараг байхгүй. Хамгийн хэцүү нь газарзүйн байрлалын хувьд хол учраас Монгол руу тээвэрлэлт хийх. Транзит тээвэр, ачаа тээвэр хийх амаргүй ч үүнийг давж гарч чадах юм бол Монголд зах зээл бий. Монголын хүн ам цөөн хэдий ч шинэ бүтээгдэхүүн, олон улсын брэндэд дуртай учраас би ингэж хэлж байгаа юм.

НӨАТ болон татвар бага тухай өмнө дурдсан. Энэ нь гадаадын компанийг Монголд хөл тавих, хөрөнгө оруулахад тус болдог гэж үзэж байна.

Сүүлийн бөгөөд нэг чухал санаа бол Монголын зах зээлд Номин зэрэг том, сайн компаниуд байна. Мэргэжлийн, байр сууриа олсон байгууллага учраас хамтран ажилласан цагт Монголд бизнесээ амжилттай явуулах боломжтой болно.

Номин групптэй ирэх жилүүдэд хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

– Бид Номинтой найман жил хамтран ажиллаж байна. Бид харилцаагаа тун өндрөөр үнэлдэг бөгөөд хамгийн чухал нь хүн хоорондын харилцаа гэж боддог. Номин шиг буурь суурьтай компани, хүмүүс олох амар биш. Италичууд дөрөв биш 10 хөлтэй ширээ найдвартай гэж ярьдаг. Ийм ширээн дээр юу ч бүтээж босгож, тавьж болно гэсэн утгатай. Үүнтэй адилаар манай компани урт хугацааны бизнес харилцааг үнэлдэг. Номинтой бид ийм бизнес харилцааг өрнүүлдэг гэж бодож байна.

 

 

 

 

Mongolian Economy