“Рио Тинто бууж өглөө, Монголын Засгийн газар яллаа” гэсэн мессэж орон даяар түгэв. Ялсан талын баатрууд гарч ирж, мэдэгдэл хийв. Харин ялагдсан талынхан нам гүм.

Бид 30 жил улс төр, бизнесийг хооронд нь хольж, хутгаж ирсэн. Одоо энэ хоёр асуудлыг тус тусад нь ялгаж салгаж ойлгож, олон улсын бизнесийн ёс зүй, соёлоос суралцах, бизнесийн томоохон хэлэлцээрийн ширээний ард сууж сурах ч цаг иржээ. Хэдхэн сарын өмнө болсон Төслийн удирдлагын форум дээр “Бид улсаараа төслийн удирдлагад суралцах хэрэгтэй” гэж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Орхон хэлсэн юм.

Дэлхийн бизнесийн салбарын философи хэдийн өөрчлөгдөж эхэлсэн. Нэг нь ялж, ялагдах биш хамтдаа ялах, хамтдаа хожих, хамтдаа үр шимээ хүртэх тухай ярьж байна.

“Би хожъё, чи алд” гэдэг зэрлэг капитализм суурьтай бизнесийн харилцаа явахаа больж, “Би хожъё, чи ч хож, өөр хэн хожмоор байна” гэдэг тогтвортой хөгжлийн зарчим бизнесийн философид түрж орж ирсэн” гэж ШУТИС-ийн багш М.Дагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Бууж өглөө, ялагдлаа, ялалт байгууллаа гэх мэт үгсийн оронд яриа хэлэлцээр тохиролцоонд хүрлээ, хувьцаа эзэмшигчид бие биеэ хүндэлж, харилцан ойлгохыг хичээж байна, харилцан ойлголцолд хүрлээ, хамтрагчид гэх мэт үгс л хэрэглэгддэг болсныг бизнесменүүд хэлдэг.

Тухайлбал, уул уурхайн инженер, эдийн засагч Д.Жаргалсайхан “Хөрөнгө оруулагчдын зүгээс тавьсан саналыг “Рио Тинто” гэдэг компани бууж өгч байна, мөн өрсөлдөгчийн зүгээс тавьж буй санал гэсэн хандлагаар манай төр засаг хүлээж авахгүйгээр урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах хамтрагчийн маань зүгээс тавьж байгаа санаачилга гэж үзэх хэрэгтэй” гэсэн юм.

“Рио Тинто”-гийн хувьд бизнесийн шийдвэр гаргасан. Үүнийг нь дуу шуутай ч гэсэн нааштай хүлээн авснаа Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын холбогдох түр хорооны дарга зарим гишүүдийн хамт олон нийтэд мэдээлсэн нь эерэг үйлдэл.

“Рио Тинто”-гийн урагшаа хараад явъя гэсэн шийдвэр нь Монголын Засгийн газарт тавьсан таван саналаас ил тод харагдаж байна. Саналыг сийрүүлье:

1. “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
2. ДУББСТ болон “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;
3. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
5. “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюутолгой” ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.

Оюутолгой төслийн гүний уурхайн ажлыг хэрхэн урагшлуулах асуудлаар талууд багагүй хугацаанд ярилцлаа. Одоо ч дээрх саналын хүрээнд хэрэгжилтийг нарийвчлан ярилцана гэсэн эерэг, бүтээлч хүлээлт нийгэмд үүслээ.

Оюутолгой бол манай бизнесийн салбарын хамгийн том мега төсөл. Монголын хөгжилд үнэ цэн өгөхүйц, мөн нэг зуунаар яригдах хэмжээний төсөл. Ийм л төслийн хэлцэл талуудын дунд болж буй процессыг бид харж байна. Ийм хэлцлүүд дэлхий дахинд ч, манай хувийн хэвшлийнхний дунд ч өрнөж л байгаа. Гол ялгаа нь үнийн дүн том, талуудын нэг нь төр гэсэн хувьцаа эзэмшигчтэй хэлцэл хийж буй. Бизнесийн зарчим хэн хэн нь хожих, хэн хэндээ ашигтай байх ойлголт. Тэгвэл энэ хэлцлээс манай Засгийн газар ч, Рио Тинто групп ч хожих, ашигтай байх л асуудлаар талууд хэлцэж, тохиролцоонд хүрэх зам нээгдэж байна.

Дээрх таван санал бүхий захиа нь “Рио Тинто”-гийн ерөнхий захирал болон “Туркойз Хилл Ресурсес” -ын гүйцэтгэх захирлаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан хоёр дахь захиа юм. Энэхүү саналаараа хөрөнгө оруулагч тал Оюутолгой төслийн мухардмал байдалд цэг тавьж, гүний уурхайн ажлыг цаашид эрчимтэй явуулахыг хүссэн нь тодорхой харагдаж байна. Энэ саналыг гаргахад амаргүй байснаа тэд тодотгоод хариуг ондоо багтаж өгөх хүсэлт тавьсан нь төслийн үйл ажиллагааг хурдавчлахын чухлыг харуулж байна.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав. (2021.XI.22)

Учир нь гүний уурхайн огтлон малтах ажлыг 2022 оны нэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Хэрэв төлөвлөгөөт хугацаанд энэ ажлыг эхлүүлж чадвал 2023 оны эхний хагас жилд гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхэлнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулагч талаас Монголын засагт тохиролцоонд хүрэх хэмжээний тухайлбал засгаас, ажлын хэсгээс тавьсан хүсэлтийг бүрэн биелүүлэхүйц саналуудыг тавьжээ.

Хугацааны хувьд мэдээж богино ч ерөнхий зарчмаа тохирчихвол ирэх оны нэгдүгээр сард ажлаа эхлүүлэхийн зэрэгцээ бусад асуудлаар хэлэлцээрээ үргэлжлүүлэн явж болно. Хамгийн гол нь ерөнхий зарчмаа тохиролцохгүйгээр огтлон малтах ажлыг эхлүүлэх боломжгүй. Эхлүүлсэн нөхцөлд хэлэлцээрийн явцад асуудлууд үүсвэл төслийг зогсоох боломжгүй гэдгийг талууд, ялангуяа манай Засгийн газар сайтар ойлгох ёстой юм. Технологийн шийдлийн хувьд шүү дээ. Хэрвээ хүчээр зогсооход хүрвэл маш том хохирол аль аль нь амсаж, шинээр уурхай барих хэмжээний зардал гарахыг мэргэжлийн хүн тайлбарлав.

“Рио Тинто” бууж өгөв, цаашдаа яах л гэж байгаа бол, нэг л учиртай” гэх ч хүмүүс байна.

“Рио Тинто” төслийг зогсоохыг хүсэхгүй нь мэдээж. Манай засагтай ямар нэг байдлаар зөвшилцөлд хүрэхээр мэрийж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусаж, олборлолт руугаа шилжих мөч ирсэн бөгөөд тэд Оюутолгой төсөлд нийтдээ 13 тэрбум ам.доллар зарцуулчихаад байна. (2021 оны 3-р улирлын байдлаар. Эх сурвалж: ot.mn)

Энэ бол бага мөнгө биш. Хөрөнгө оруулагчид энэ хэмжээний мөнгөө шороонд хийсгээд гараад явахыг бодохгүй. Монголын талтай ойлголцолд хурдан хүрч, гүний уурхайг ашиглалтад өгч, үйл ажиллагаагаа тогтворжуулж, татвар мөнгөө төлж, ашиг хүртэхийн төлөө явах нь тодорхой юм. Энэ бол бас л бизнесийн зарчим. Тиймээс ч захиандаа Оюутолгой төслийг урагшлуулахад, хамгийн гол нь урт хугацааны найдвартай бөгөөд тууштай харьцаагаа баталгаажуулахад “Рио Тинто”-гоос гаргаж буй эцсийн томоохон алхам гэсэн санааг гаргажээ.

Яг одоо бол манай төр засаг үүргээ гүйцэтгэх л үлдээд байна. Тэдний тавьсан саналд хариу өгч ажил явах эрх зүйн орчныг богино хугацаанд бүрдүүлж өгөх нь чухал. Төр засаг, хувийн хэвшилд ч тустай зүйл болно. Төсвийн бүрдүүлэлт, цар тахлын дараах эдийн засгийн тэлэлтэд ч Оюутолгой төслийн үүрэг нэн том байр суурь эзэлнэ. Хувийн хэвшлийнхэн ч төсөл гацаанаас гарахыг хүлээн суугаа. Яг л 2015 оных шиг. Оюутолгой төсөлтэй дотоодын 600 гаруй компани хамтран ажилладаг тоо бий.

Харин хилийн чанадаас олон хөрөнгө оруулагч “Рио Тинто” болоод Монголын Засгийн газрын хэлэлцээр хэрхэн шийдэгдэхийг хараад сууж байгаа. Манай засаг асуудалд шуурхай хандаж, тохиролцоонд хүрэх шийдвэр гаргаж чадвал бусад хөрөнгө оруулагч Монголын зүг анхаарлаа хандуулна.

Монголын Засгийн газар хувьцаа эзэмшигчдэд асуудал тавьж чаддаг, хэлэлцэж чаддаг, бас хэлцэлд хүрч мөн түншилж чаддаг юм байна гэсэн ойлголт гадныхан авна.

Ийм эерэг мессэж дэлхийд түгнэ. Эс бөгөөс улс төрийн үзэл бодлоор асуудалд хандаж, муйхарлан зүтгээд байвал гадаадын шууд хөрөнгө оруулалт татах бодлоосоо бид татгалзах хэрэгтэй болно. “Рио Тинто” гэх үндэстэн дамнасан том компанитай хэл амаа ололцож чадаагүй улсад ямар хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулъя гэж ирэх вэ?

2015 оныхтой ижил нөхцөл байдал үүсээд байгаа талаар тодруулахад таван жилийн өмнө эдийн засаг хумигдан хүндэрч, хувийн хэвшил зогсонги байдалд орж, төрөөс гаргах гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг хүлээсэн байдалтай байсан юм. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэснээр эдийн засгийг тэтгэх нөхцөл болсон билээ. Хувийн хэвшлийнхэн ч баярлаж, том төслийг дагаад бизнес нь илт сэргэж ирсэн түүх үнэн. Тиймээс Дубайн гэрээ тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн болохыг мэргэжилтнүүд олонтоо хэлж ирсэн. Мэдээж алдаа дутагдалтай зүйл бий нь ч үнэн. Гэхдээ ямар ч том, жижиг гэрээ хэлцлүүд өөгүй төгс болох нь ховор. Хэрэгжих явцад нь, тухайн нөхцөл байдал тохируулан засаж залруулж, шинэчлээд явах нь л чухал юм.

Ирэх онд Оюутолгой ордыг нээж илрүүлсний 20 жилийн ой тохионо. Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал харилцан ойлголцолд хүрэх түүхэн үйл явдал шинэ оны босгон дээр тохиож, төрийн удирдлагууд шинэ жилийн оргилуун дарс буудуулахыг үгүйсгэхгүй юм.

“Рио Тинто” группийн тавьсан саналын талаарх эдийн засагчдын яриаг хүргэж байна.

Мэргэжлийн байгууллагуудын хүрээнд улстөрчдийг аль болох бага оролцуулж, асуудлыг шийдэх хэрэгтэй

Н.Энхбаяр: /Эдийн засагч/

Хөрөнгө оруулагч талаас нааштай саналууд дэвшүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ ажлын хэсгийн саналын түвшинд явж байгаа гэдгийг мартаж, сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй. Манай талаас саналын хариуг өгөх ёстой. Тэгж байж ажил албан ёсоор цааш үргэлжилнэ. Одоо тавиад буй саналууд тун боломжийн. Харин одоо төр саналуудыг албажуулаад гүний уурхайг ашиглалтад оруулах нь хамгийн эхний зорилго. Учир нь манай улсад Оюутолгойгоос өөр хэрэгжих боломжтой бэлэн том төсөл алга. Нөгөөтээгүүр, төсвийн орлого бүрдүүлэхэд Оюутолгой чухал нөлөөтэй. Төслөө амжилттай хэрэгжүүлж байж дараа дараагийн хөрөнгө оруулагчид орж ирнэ.

Засгийн газар мундаг гээд хэдэн хүнийг баатар болтол нь өргөмжлөөд гол зүйлээ анхаарахгүй орхиж болохгүй. Улстөрчдийн зүгээс шийдэх ёстой зүйлээ шийдлээ. Тиймээс ойрын хугацаанд мэргэжлийн байгууллагуудын хүрээнд улстөрчдийг аль болох бага оролцуулж, асуудлаа шийдэх хэрэгтэй.

Өрсөлдөгчийн зүгээс биш хамтрагчийн маань тавьж буй санал гэж үзэх хэрэгтэй

Д.Жаргалсайхан: /Уул уурхайн инженер, эдийн засагч/

Юуны өмнө энэ бол хоёр тал олон сар хүнд хэцүү нөхцөлд хийсэн хэлэлцээний үр дүнд “Рио Тинто” компанийн зүгээс Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг нааштайгаар үнэлж итгэж өгч байгаа санал гэж үзэж байна. Энэ санал нь хоёр талын хэлэлцээг мухардлаас гаргаж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон улс төрийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой алхам мөн.

Манай төр засаг “Рио Тинто”-гийн тавьж байгаа саналыг “Рио Тинто” гэдэг компани бууж өгч байна, өрсөлдөгчийн зүгээс тавьж байгаа санал гэсэн хандлагаар хандахгүйгээр харин ч урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах хамтрагчийн маань зүгээс тавьж буй санаачилга гэж үзэх хэрэгтэй. Засгийн газар боломжийг цаг алдалгүй албан ёсны тохиролцооны хэлбэрт оруулж баталгаажуулах шаардлагатай байх. Манай нийгмийн өмнө тулгарсан олон асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь Оюутолгой яах аргагүй мөн. Гадаад бодлогын хүрээнд ч мөн ялгаагүй.

Ер нь уул уурхай мэтийн өндөр эрсдэлтэй, хөрөнгө оруулалт их шаарддаг ашгийн төлөө төслүүдэд төр хувь, хувьцаа эзэмших нь оновчтой биш гэдгийг энэ төслийн явц харуулж байна. Угаасаа үндсэн хуулийн үзэл баримтлалаар төр нь бизнесийн баталгаатай орчныг нь бүрдүүлж өгөөд харин татвараа хурааж, нийгмийн бусад салбарт байгаа олон олон асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ үзэл баримтлалдаа төр хатуу захирагдахгүй бол төр өөрөө нийгэмд маш олон асуудлыг үүсгэдэг субъект нь болдог юм байна гэдэг дүгнэлтийг хийж болно.

Энэ санал цаашдын үйл ажиллагаанд маш таатай нөхцөл бий болгож байна

Ч.Хашчулуун: /Эдийн засагч/

Манай талд тавьсан санал цаашдын үйл ажиллагаанд маш таатай нөхцөл бий болгож байна. Зэсийн үнэ өндөр байгаа дээр талууд харилцан зөвшилцөлд хүрч, гүний уурхайгаа ашиглалтад оруулчихвал экспортын хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлэх боломж бий. Тэгэхээр татварын орлого асар их нэмэгдэнэ. Компанийн хувьд хөрөнгө оруулалтын үнэ цэнээсээ шилжүүлж байгаа ч гэсэн үйл ажиллагаагаа цаг алдалгүй тогтворжуулах, гүний уурхайгаа цаг хугацаанд нь ашиглалтад оруулах боломж гэж харж байна.

Цаашид хөрөнгө оруулагчидтай харьцахдаа анхнаасаа гэрээ хэлцлээ зөв хийх хэрэгтэй. Дараагийн ээлжид хоёр том алхам хийх шаардлагатай. Хайгуулын ажлыг эрчимжүүлэхгүй бол томоохон хөрөнгө оруулалт тасрах гээд байна. Хоёрдугаарт, дан ганц уул уурхайн салбар гэхгүйгээр үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах шаардлагатай.

 

Д.Бэхбаяр /Mongolian Economy сэтгүүлийн Эрхлэгч/

 

 

 

 

 

 

 

Mongolian Economy