Стандартыг онцолсон хэлэлцүүлэг

Sarangerel
2024-01-09 14:48:42
Ангилал:

“Эрсдэл ба стандарт” форумын хоёр дахь өдөр “Гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий, “Оюу толгой” ХК-ийн аюулгүй байдал болон онцгой байдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Цэрэндорж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар оролцож салбар тус бүрд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар яриа өрнүүлсэн юм.

Дэлхий дахинд, тэр дундаа Монгол Улсад хотжилт нэмэгдэж, хот, суурин газарт амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед хот төлөвлөлт, эрчим хүчтэй холбоотой эрсдэлийн талаарх хоёр дэд сайдын яриа оролцогчдын анхаарлыг ихээхэн татав. Дэд сайд Э.Золбоогийн өгүүлснээр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 онд баталсан бөгөөд уг хуулийг Барилгын ерөнхий хууль нэртэйгээр шинэчлэн УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа аж. Тус хууль нь барилгын салбартай холбоотой бусад хуулийг удирдах гол хууль болох бөгөөд өнөөгийн хууль, дүрэм журамд тусгагдаагүй, орхигдуулсан, шинэчлэх шаардлагатай бүхий л зохицуулалтыг хамрах юм. Нэг жишээ дурдахад, барилга барих газрын 70 хувьд барилга барьж, 30 хувьд гадна тохижилт хийх ёстой.

Гэвч энэ стандартыг барьдаггүй, харьцааг 80:20, бүр 90:10 хувь болгож төлөвлөлт хийдэг, ийм зураг төсөл гаргасан этгээд ямар хариуцлага хүлээх нь тодорхой бус байдгаас шалтгаалж өнөөдөр Улаанбаатар хотын иргэд тав тухгүй орчинд амьдарч, замбараагүй байдал үүссэн. Түүнээс гадна 30 хувьд юу байгуулахыг тодорхой заагаагүй учраас барилгын компани нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бус дан автомашины зогсоол барих тохиолдол ч гардаг байна. Энэ мэт алдаа дутагдлыг шинэ хуулиар шийднэ гэж хэлэлцүүлгийн үеэр Э.Золбоо мэдээлсэн. Шинэ хуульд газрын харьцааг 60:40, эсвэл 50:50 хувь байлгах, улмаар ногоон байгууламж, тоглоомын талбай, машины зогсоолын эзлэх хувийг тодорхой зааж өгөхөөр тусгана. Ингэснээр төрийн байгууллага, хувийн компанийн хоорондох үл ойлголцол буурч, стандарт нь тодорхой, зөрчил гаргасан бол хүлээх хариуцлага нь ч тодорхой болно.

Орон сууцны барилгын паспортжуулалтын талаар хэлэлцүүлгийн чиглүүлэгч Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр дэд сайд Э.Золбоогоос лавлаж хариулт авсан юм. Газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой паспортжуулалтыг Улаанбаатар хотод хоёр байгууллага хийдэг. Зураг төслийн компаниудад уг үйл ажиллагааг эрхлэх эрх байдаг ч төсөв мөнгөнөөс шалтгаалж энэ чиглэлээр ажиллах сонирхолгүй байдаг аж. Түүнээс гадна паспортжуулалтыг амин чухал асуудал биш гэж үздэг учраас төсөв хэлэлцэх үед хойгуур эрэмбэлэгддэг байна. Улсын хэмжээнд нийт 130 мянган барилга байгууламж буйгаас 117910 барилга нь Улаанбаатарт, 12090 барилга хөдөө орон нутагт байдаг. 2002 оноос өмнө баригдсан 18442 барилгыг эрсдэлтэй гэж үздэг учир өдий тооны барилгад паспортжуулалт хийх шаардлагатай байна. Улаанбаатар хотод газар хөдлөх, эсвэл цахилгаан станцад гэмтэл гарах үед бэлэн байдлын төлөвлөгөө байна уу гэсэн нэгийг бодогдуулсан асуултын хариулт тийм ч таатай байсангүй.

Манай улсын ихэнх цахилгаан станц 50-60 жилийн насжилт бүхий барилга байгууламжтай, социализмын үеийн стандартаар баригдсан. Тиймээс баталгаа өгөх боломжгүй гэж Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай өчив. Гэхдээ газар хөдлөлтөөс хамгаалах арга хэмжээ, сургуулилтыг цахилгаан станцууд ОБЕГ-тай байнга хамтарч хийдэг байна. Гамшгийн үед ажиллуулах зөөврийн нөөц үүсгүүрийг тодорхой хэмжээгээр нөөцөлдөг боловч хангамж нь санхүүгийн чадамжтай шууд холбогддог аж. Зам тээврийн салбарт 648 стандарт, үүнээс авто замын чиглэлд 317 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамны салбар хяналтын газрын дарга Б.БатӨлзий мэдээлэв. Одоогоор салбарын хэмжээнд бүх стандартад үзлэг хийж дууссан агаад цаг үеийн шаардлага хангахгүй 106 стандартыг шинэчлэх, хоцрогдож ач холбогдлоо алдсан 32 стандартыг хүчингүй болгох, шинээр 45 стандарт бий болгох шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Ийнхүү стандартуудыг шинэчилснээр эрсдэл, аюулаас сэргийлнэ гэж салбарын яам үзэж байгаа аж. Харин “Оюу толгой” ХК-ийн аюулгүй байдал болон онцгй байдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Цэрэндорж өөрсдийн нэвтрүүлж буй туршлагаас хуваалцав. Тэрбээр “Манай компанид эрсдэлийн шинжээч нар ажилладаг. Баг хэсэг, нэгжийн түвшинд эрсдэлийг тодорхойлсны үндсэн дээр багасгах хяналтын арга хэмжээ авдаг. Бид ил уурхай, баяжуулах үйлдвэртээ Монгол Улсын стандарт, дүрэм журмыг хэрэглэдэг. Харин далд уурхайд Монголд төдийгүй дэлхийд ховор бүтээн байгуулалт явагдаж байгаа, энэ утгаараа олон улсын нэн шинэ стандартууд ашиглаж байна. Бид эдгээр стандартыг төрийн захиргааны байгууллагуудтай ярилцаж, зөвлөлдсөний үндсэн дээр нутагшуулдаг” гэж ярьсан юм.