Сэтгүүлч бидний сайд шиг “эрх дарх”-ын цаана…. 

Mongolian Economy
2022-04-12 15:20:34
Ангилал: Боловсрол

“Түүний нэрийг Аngel гэдэг. Филиппинээс Сингапурт ирж шөнийн клубт ажиллаж эхлэхдээ тэрбээр дуудахад хялбар бөгөөд ялдам гээд өөртөө ийм нэр өгчээ. Өчигдөр тэр 30 хундага архи уусны улмаас оочихдоо бие засах өрөөний суултуурт толгойгоо цохин ухаан алджээ. Ухаангүй байсаар 14 цагийн дараа сэржээ. Шөнийн клубт түүний хийдэг ажил нь үйлчлүүлэгчдэд хань болж ярилцах зууртаа, аль болох үнэтэй согтууруулах ундаанаас ихийг уулгах ажээ. 10 сингапур доллараас дээш үнэтэй уух зүйл тутамд, Angel-д менежер нь нэг оноо өгдөг бөгөөд долоо хоногт 210 оноо цуглуулах ёстой. Ингэж чадвал тэрбээр Сингапур дахь амьдралын зардлаа хаахын зэрэгцээ, Филиппинд үлдсэн хүнд өвчтэй аавдаа мөнгө явуулж, тэжээж чадна. Дөнгөж 21 настай мөртлөө 30 настай мэт харагддаг түүнд амралтын өдөр гэж байдаггүй. Angel Сингапур улсын хууль тогтоомжийн дагуу зургаан сарын дараа тус улсыг орхих ёстой. Гэхдээ визээ сунгуулна гэж найдаж байгаа…” хэмээн Филиппин улсын сэтгүүлч Раул Дансел өөрийн сурвалжлагыг бидэнд уншиж өгөхөөр эхлэв.

Энэ өглөө борооны дараах үл ялиг сэрүү татсан таатай агаарт баясан, сургуулийн автобусандаа баяртайгаар суусан бид Лий Куан Ю-гийн Төрийн бодлогын сургуулийн “Angsana” хичээлийн танхимд цугласан билээ. Гэвч Angel-ийн зүрх зүсэм түүхийг сонсож эхэлмэгц, хөнгөн инээд хоолой зангирах харууслаар солигдов.

Өнөөдөр 2018 оны наймдугаар сарын 13. “Asian Journalism Fellowship AJF” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 17 сэтгүүлч хамт амьдарч, суралцаад яг нэг сар болжээ. Эл өдөр Жорж Вашингтоны их сургуулийн сэтгүүлзүйн профессор, зочин багш Жанет Стилийн даалгаснаар “Narrative” бичлэгийн төрөл зүйлээр бичсэн нийтлэлүүдээ бид бусдадаа уншин өгч, сайжруулах хэсгүүдийг заан ярилцах байв. Хичээл филиппин биеэ үнэлэгчдийн тухай Раулын сурвалжлагаас эхэлсэн нь энэ. Харин дараа нь түүний өрөөний найз Малайз сэтгүүлч Тэк Лай бичсэн түүхээ уншиж эхлэхэд бид пир хийтэл инээж, тэр эрчээрээ сонсож дуусгав. Учир нь тэрбээр Раулын тухай тодруулбал, сурвалжлагаа хэрхэн хийж явсныг, тэр байтугай Angel-ийг гэртээ авчирч ярилцсан нэгэн шөнийн тухай нүдэнд харагдтал дүрсэлж бичсэн байв. Харин үүний дараа тэр хоёрын хэн нь илүү бүтээлч сэтгүүлч бэ гэдэг маргааныг бид хүчтэй өрнүүлсэн юм.

Бид AJF хөтөлбөрийн хүрээнд, өөрийн улсад тулгарч буй аль нэг томоохон асуудлаар судалгаа хийж, олон улсын ба Сингапурын туршлагаас авч хэрэгжүүлж болох гаргалгаануудыг олох байв.

Индонезийн алс бөглүү тосгонд төрж өссөн Индри сургуульд сурахын тулд эрчилсэн урсгалтай өргөн гол дээгүүр эвдэрч санжсан гүүрээр өдөр бүр сармагчин адил дүүжлэгдсээр гардаг байсан тухайгаа ярив. Сурахын төлөө үхэлтэй хүртэл нүүр тулсан аяллын замд зарим найз нь эндсэн бөгөөд өдгөө ч хүүхдүүд суралцахын тулд тэрхүү аюулт замыг туулан буйг тэрбээр ярилаа. Түүний мөрөөдөл бол  боловсролын хүртээмжийг сайжруулж, боловсролтой индонезичуудын тоог нэмэх. Яагаад гэвэл боловсрол түүнийг дээд мэргэжилд хүргэж, амьдралыг нь эрс өөрчилсөн. Сэтгүүлчид Индонезид нэр хүндтэй, боломжийн цалинтай байдаг аж. Индри ирээдүйд багш болно гэсэн. Түүнийг AJF-д хөтөлсөн нэг шалтгаан нь Сингапурын боловсролын салбарын амжилтаас Индонезчуудтай хуваалцах явдал байв.

Харин дэлхийн дээрх хамгийн аймшигтай, хогийн цэгүүд нь уул мэт овоорсон хэмээн жигшигддэг Энэтхэгээс ирсэн эмэгтэй сэтгүүлч Сингапурын хогийн менежментийг судлахаар ирсэн аж. Хятад, Энэтхэг улс нь тэрбум гаруй хүнтэй учир AJF тус бүрээс нь хоёр сэтгүүлч оролцуулдаг. Хувийн туршлагаас харахад, Азиуд дундаа Энэтхэг сэтгүүлчид мэдлэг чадвараараа толгой цохидог. Энэ удаад ч тийм байв. Хамгийн сайн англи хэлний мэдлэгтэй агаад ерөнхий мэдлэг өндөр бас сайн бичдэг, ярьдаг нь.

Харин энэтхэгийн хөрш Пакистанаас ирсэн сэтгүүлч Санагийн сэдэв бол усны менежмент. Учир нь, цэвэр усны хэрэгцээгээ хангахын тулд 7-30 хоног хүлээдэг иргэдтэй “цангасан” хотууд Пакистанд олон бий. Тэдэнд тулгарсан энэ асуудлын шалтгаан болвоос усны хомсдол гэхээс илүү усны мафи бүлэглэлийн эзэрхийлэл, авилгалд идэгдсэн төрийн муу менежменттэй холбоотой. Харин Монголоос ирсэн сэтгүүлч миний сэдэв “Баялгийн сан” байгуулах тухай байв. Хэдийгээр ихэнх оролцогчтой харьцуулахад миний сонгосон сэдэв хүн ардын суурь хэрэгцээ биш авч бусад сэтгүүлчийн сэдэв, судалгаатай танилцах тусам эдгээр асуудлууд Монголд ч байгаа, муу менежменттэй удаан явбал ийм байдалд хүрдэг байх нь хэмээн бодогдож байв. Хөгжиж буй орнуудаас ирсэн сэтгүүлч бидний сонгосон сэдвүүд үндсэндээ авилгал гэдэг нэгдмэл нэг тушаатай байсныг тэмдэглье.

Авлигад идэгдсэн тогтолцоог засахгүй аваас ямар ч сайн жишиг, бусад улс орны шилдэг туршлага эдгээр асуудлыг үндэс сууриар нь засдаггүй, зүгээр л аргацаах эмчилгээ төдий нөлөөлдөг тухай бид халуун яриа өрнүүлж, нэгэн дуугаар санал нэгдэж байв.

Зарим үед бид хөтөлбөрт заагдсанаас өөр, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг хийдэг байв. Манай группт Бангладеш болон Мьянмараас ирсэн хоёр эрэгтэй сэтгүүлч байв. Рохинжа хүмүүсийн нутаггүй хувь тавилан, дүрвэсэн нөхцөл байдал яг энэ үед олон улсын халуун сэдэв болж байсан тул энэ талаар эсрэг тэсрэг байр суурьтай хоёр орноос ирсэн сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлэхийг AJF хөтөлбөрийн дарга хэд хоногийн өмнөөс санал болгосон билээ. Тэрхүү өдөр дөхөх тусам эмээсэн мэдрэмж төрж байв. Өнөөх “түгшүүрт” өдөр ирлээ. Мьянмар сэтгүүлч Мёогийн зүгээс Исламын шашинт Рохинжа хүмүүсийг уугуул иргэд гэж түүхэн замналаараа үздэггүй учраас  хэзээ ч хүлээн зөвшөөрч, гэрчлэх баримт олгодоггүй гэлээ. Буддын шашин давамгайлсан Мьянмарт 135 үндэстэн ястны бүлэг байдаг ч, Рохинжа хүмүүсийг тэдний нэг гэж зөвшөөрөхгүй, олон арван жил ялгаварлаж ирсэн. 2017 онд цэргийн ажиллагаагаар 700 мянган Рохинжа хүмүүсийг шахсан бөгөөд хядах ажиллагаа ч явуулсан гэгддэг. Үүний дүнд хөрш Бангладешийн хил дээр дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран бий болчихоод байгаа билээ. Хуаранд байрлан ажиллаж байсан Бангладеш сэтгүүлч Адил “Бангладеш хүн ам ихтэй, буурай эдийн засагтай орон. Бидэнд бусдыг тэжээх, өөрийн орондоо шингээх боломж байхгүй. Яагаад бид танай дүрвэгсдийг байршуулах ёстой юм бэ” хэмээн ууртайхан мэтгэж байв. Олон улсын байгууллагуудын дарамт шахалт басхүү дэмжлэг дор Бангладеш дүрвэгсдэд хаалгаа нээсэн ч буцаах хүсэл маш их байгаа. Буцаах гэхээр Мьянмарууд тэдгээр Рохинжа хүмүүсийг хядчих гээд байдаг. Ийм гацаа үүссэнтэй адил Мьянмар болон Бангладеш сэтгүүлчид ч хоорондоо үзэл бодлын хувьд зөрөлдөн, дуугаа өндөрсөцгөөж, AJF хөтөлбөрийн дарга хэлэлцүүлгийг хүчээр өндөрлүүлэхэд хүрсэн билээ. Тэд дараа нь эвлэрсэн ч эцэст нь гол маргаант асуудлынхаа хүрээнд санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ мэтгэлцээний үеэр сэтгүүлч гэдэг бусдын түүхийг олон түмэнд хүргэж, алдаа оноо, амжилт бүтээлийг дэлгэн харуулж байдгаас өөрсдийнхөө сорилтот амьдралыг төдийлэн хүүрнэдэггүй, нуух хандлагатайг Филиппин сэтгүүлч бидэнд ойлгуулсан юм.

Рожер бол Филиппиний хамгийн олон сонсогчидтой радиогийн сэтгүүлч-хөтлөгч байв. Сэтгэл санаа, бие махбодийн хувьд үнэмлэхгүй чийрэг харагддаг, сонсогддог. Гэхдээ хэдэн өдөр тэрбээр өглөөний цайны үеэр харагдсангүй тул өрөөнийх нь найзаас сониучирхаад, хаачсаныг асуув. Рожерийг хар дарж зүүдлээд тавгүй амарсан тул унтаж байгаа, ер нь үе үе ингэдэг гэв. Рожерийн бэлтгэсэн эрэн сурвалжлах цуврал нийтлэлээс нь үүдэн нэг бүсгүй амиа хорложээ. Хэдийгээр цуврал нийтлэлээрээ тэрбээр шагнал авч олон авлигачдыг шоронд хийж чадсан ч, өөртөө насны шарх авсан нь энэ ажээ. Авлига авсан гэж яллагдсан даргын туслах эмэгтэй “Энэ хэргийг битгий задлаач, би өөрөө ч юунд орооцолдож байгаагаа мэдээгүй шүү дээ” хэмээн Рожер дээр ирж уйлж учирласан аж. Гэвч маргааш нь өнөөх бүсгүй амиа хорлосон байжээ. Тэрбээр олон түмний эрх ашгийн төлөө зөв зүйл хийсэн гэдгээ мэддэг ч, тэр эмэгтэйг нас барсанд үргэлж өөрийгөө буруутгаж амьдардаг бололтой.

Манай AJF хөтөлбөрийн дарга Алан Жонн “Strait Times” сонины редактор байхдаа, 2004 онд Азийг хөмөрсөн цунамигийн үеэр гамшгийн бүсүүдэд сэтгүүлч зурагчдаа сурвалжлагаар явуулсан тухайгаа хуучилж, сэтгүүлчдийн сэтгэцийн эрүүд мэндийг анхаарах ёстойг үүгээр дамжуулан онцолсон юм. Олон сараар ажиллаж ирээд үнэхээр мундаг ажилласан гээд тэднийг шагнаж магтаад л, ажилд нь оруулсан аж. Гэтэл тэд олон сар өөрөөс нь үхсэн хүний үнэр үнэртээд байгаа мэт санагдаж, орой бүр онгоцтой усанд хэвтэж, түр ч атугай тэрхүү үнэрээс салахыг хичээдэг байжээ. Мөн хар даран зүүдэлж, тэдгээр аймшигт дүр зургийг зүүдэндээ тод харж, “эргэж очдог” гэх мэтийг ирснээсээ хойш олон сарын дараа ярьсан нь редакцад эргэлт гаргажээ.

Сонины редакц ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах ёстойг ойлгож, чухалчилж авч үзэх болсон аж.

Сэтгүүлчдийг зугаалдаг гоё ажилтай л гэдэг. Худлаа биш. Зөвхөн AJF хөтөлбөрийн хүрээнд Сингапурт бидэнд очиж үзээгүй газар бараг үлдээгүй. Ресорт мэт тансаг хогийн цэг болох Semakau арал, Парламентын ордон, Marina Bay Sands дэх ерөнхийлөгчийн өрөө, Formula-1 уралдаан, Google, Facebook, Twitter-ийн оффис аялал, цаашлаад тоймгүй олон сонирхолтой хоолны газрууд, үзвэрүүд гээд Сингапурын өнцөг булан бүрд бид “зугаалсан”. Сингапурт олон жил амьдарч буй гаднынхан хүртэл очиж үзээгүй газруудаар асар богино хугацаанд аялж нүд тайлсан биднийг “Та нар ямар яасан гоё жаргалтай ажилтай юм бэ” гэцгээх хүмүүс олон. Гэхдээ бидний ерөнхийлөгч, ерөнхий сайд шиг “эрх дарх”-ын цаана тэр хэмжээний хүнд ачаа байдгийг уншигч Та ойлгоорой.

Азийн 15 орны 17 сэтгүүлчид бүгд л улс төр, эдийн засаг, нийгмийн эрс тэс ялгаатай улсаас ирсэн байв. Зарим улсад нь тухайлбал, Хятад, Вьетнам, Лаост хэвлэл мэдээлэл бараг эрх чөлөөгүй буюу хатуу хяналт шалгалт дор байдаг. Сэтгүүлч байх хүсэлгүй байгаагаа Хятадаас ирсэн сэтгүүлч нэг удаа хэлж байсныг тод санаж байна. Харин Филиппин, Малайз, Индонез зэрэг улсын хэвлэл мэдээлэл хагас эрх чөлөөтэй. Тухайлбал, Филиппинд 2009 онд 32 хэвлэл мэдээллийн ажилтныг нэр дэвшигчийн улс төрийн кампанит ажил сурвалжлахаар явж байхад нь өрсөлдөгч талынхан замд нь зогсоож, бүгдийг нь буудан хороосон явдал Филиппин улсыг сэтгүүлчдэд хамгийн ээлгүй дэлхийн хоёр дахь орон болгосон байдаг. Филиппиний өмнө Ирак жагсдаг. Сингапурын хувьд хэвлэл мэдээлийн салбар бүрэн эрх чөлөөтэй харагддаг ч, мэдээлэл авах, ярилцлага өгөх хүсэлтэд нэлээд хойрго хүнд сурталтай ханддаг нь сэтгүүлч бидэнд бүгдэд нь илт байсан юм. Манай хөтөлбөрийн дарга Алан Жонн редактор байх үед төрийн томчуудаас айхгүйгээр зоригтой сурвалжилга, нийтлэлүүд гаргадаг байсан талаар үлгэр домог мэт яригддаг юм билээ. Харин одоо нэлээд ярвигтай асуудлуудад мэдээлэхгүй өнгөрөх хандлагатай болсныг түүний дор ажиллаж байсан сэтгүүлчид хэлж байв.

Энэ хөтөлбөрийн гол зорилго нь сэтгүүлчдийг их ажлаас нь холдуулж, амрааж бас цэнэглэх. Учир нь, сэтгүүлчийн ажил хүнд хэцүү, стресстэй, цалин багатай, ачаалал ихтэй.

Ер нь сэтгүүлчид салбараа солих талаар амьдралынхаа туршид тоймгүй олон боддог гэж Алан Жонн хэлсэн. Тиймээс тэдэнд яагаад энэ мэргэжилд татагдах болсон тухайгаа мэргэжил нэгтнүүдтэйгээ ярилцаж, эрч хүч авах хэрэгцээ байнга гардаг.  Миний хувьд ч бас яг ийм эргэлзээтэй нүүр тулж, мөн хүү минь дөнгөж ой хүрч байх тэр цаг үед AJF намайг сонгож, урьсан билээ. Хүүгээ орхиж явахдаа “Юу л хийгээд байна даа”  хэмээн эргэлзэж, нүдэндээ нулимстай ниссэн ч одоо ингээд сурсан мэдсэнээ эргэцүүлэх үест, явахгүй үлдчихсэн бол яана хэмээн бодож сууна. Тус хөтөлбөрийн AJF-2017 анхны Монгол оролцогч З.Болор “Чи хэзээ ч харамсахгүй. Чи өөртөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулж байна гэж бодоод яв” гэж хэлэхэд зүрхэнд зориг “ассан”.

“Mongolian Economy” сэтгүүлийн сурвалжлагч Б.Энхцэцэг тус хөтөлбөрт 2018 онд хамрагдаж байв.

Сэтгүүлчид бие биенээ дэмжин, туслаж, сайжрахад нөлөөлөх нь хамгийн хүчтэй эерэг нөлөөллийг сэтгүүлзүйн салбарт үүсгэдэг гэж би боддог. “Ройтерс”-ийн ахмад сэтгүүлчдийн Монголд долоохон хоног хийсэн сургалт миний сэтгүүлзүйн карьерт огцом үсрэлт авчирсан бол “Asian Journalism Fellowship” ертөнцийг үзэх үзэлд маань эргэлт бий болгосон. Сэтгүүлчдийн сургалт хөтөлбөрийн хамгийн амттай хэсэг нь сэтгүүлчид хоорондоо үнэтэй туршлага, тэрхүү гайхамшигт баатарлаг түүхүүдээ хуваалцах нь байдаг. Учир нь энэ бол турбо хурдаар бие биенээ цэнэглэж, урамшуулдаг хүчтэй “даавар” юм. “Нэгэнт сэтгүүлчийн ажлын амтанд орсон бол, насаараа сэтгүүлч л байх болно. Чи хаана ч очиж, юу ч хийсэн сэтгүүлч шиг сэтгэж үйлдэх болно” гэж AJF хөтөлбөрийн дарга Алан Жонн хэлдэг. Бидний зарим нь ирээдүйд салбараа сольж, өөр газар ба талбарт ажиллах л байх. Гэхдээ эерэг өөрчлөлтийн төлөө эрсдэл сөрж, бодол ба үйлдлийн манлайлагч хэвээр байх нь дамжиггүй.

 

 

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2021 оны 01-02 сарын дугаараас

 

 

Mongolian Economy