С.Мөнхсайхан: Баянзагийг дэлхийн жишигт хүрсэн тусгай хамгаалалттай газар болгоно

Sarangerel
2023-09-14 10:16:15

Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг орчмын түүхэн олдворт бүс нутгийг соёлын өвийн хамгаалалтад аваад багагүй хугацаа өнгөрч буй. Үлэг гүрвэлийн олдворууд одоо ч олдсоор байгаа энэ газрыг гадаад, дотоодын олон жуулчин ирж сонирхон үздэг. Бид тус байгалийн дурсгалт газар байрлах “Баянзаг-Улалзах цонж” төвийн гүйцэтгэх захирал С.Мөнхсайхантай ярилцлаа.

-“Баянзаг-Улалзах цонж” төв жилд хэчнээн жуулчин хүлээж авч байна вэ?

-Манай төв 2019 оны зургаадугаар сарын 19-нөөс гадаад аялагчаас 10000, дотоодын аялагчдаас 3000 төгрөгийн хураамж авч эхэлсэн. 2019 онд дотоодын 5850, гадаадын 43 орны 12645 жуулчин хүлээж авсан бол цар тахал гарснаас хойш аялагчид цөөрсөн. 2020 онд мянга орчим аялагч ирсэн бол 2021 онд “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 600 орчим ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдаас гадна 400 орчим дотоод аялагч хүлээж авсан. Харин 2022 онд дотоодын 1128, гадаадын 5114 жуулчин ирээд буцсан. Энэ жилээс Ази номхон далайн бүс нутгийн аялагчид олноор ирэх болсон. Тэр дундаа Өмнөд Солонгосын аялагчид ихээр сонирхон ирж байна.

-Төвийн үйл ажиллагааны талаар сонирхуулна уу. Санхүүжилтээ хэрхэн шийдэж байна вэ?

-Манай төв Монгол Улсад анх удаа аялагчдын хураамжаар санхүүждэг, нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллага.   Өмнөговь аймгийн зүгээс 2022 онд 749 сая төгрөгийг манай төвд төсөвлөсөн. 2023 онд тодорхой хэмжээний төсөв төлөвлөөд, ажлуудаа хийж байна. 

Манай төвийн удирдах зөвлөл долоон гишүүнтэй. Гишүүд маань цалин авдаггүй. Бидний менежментийн төлөвлөгөөний гол зорилго бол Баянзагийг дэлхийн жишигт нийцсэн тусгай хамгаалалттай газар болгох, палеонтологийн олдворыг хамгаалж байгальд үзмэр бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Эдгээрийг хийхэд мэдээж цаг хугацаа орно. Хэрэв манай нутгийг зорьж ирэх аялагчдын цуваа тасрахгүй, орлого нэмэгдвэл нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэндэд хувь нэмрээ оруулна гэсэн зорилго ч бий. Цаашид тус бүс газраа олон улсын хэмжээнд хүргэхийн тулд ажиллаж байна. 

1971 онд Баянзагаас хоорондоо зууралдан тулалдаж байгаагаар чулуужин үлдсэн хоёр үлэг гүрвэлийн олдвор олдсон

-Жуулчдад зориулсан бүтээн байгуулалтын ямар ажлууд хийж байна вэ?

-Бид энэ орчиндоо 21.6 км урт хамгаалалтын шон татсан. Мэдээллийн хоёр төвтэй. Явган хүний 500 метр аюулгүй замыг барьсан. Баянзагийн сав газрын мэдээллийн төвөөс Өмнөговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлал, амьтан ургамал болон археолог, палеонтологийн маш чухал олдворуудын мэдээллийг хүргэдэг. 

100 жилийн тэртээ буюу 1923 онд АНУ-ын Байгалийн түүхийн музейн судлаач Рой Чэпмен Эндрюсийн удирдсан экспедиц Баянзагт ирж үлэг гүрвэлийн ховор олдворуудыг олсноор дэлхий даяар нэр нь алдаршсан байдаг. Тус түүхийг өгүүлэх 18 минутын киног жуулчдадаа сонирхуулдаг. Кино театр маань 30 хүний багтаамжтай.

Үлэг гүрвэлийн олдворуудаас гадна эртний “Цайны зам” жуулчдын сонирхлыг ихээхэн татах боломжтой. “Цайны зам” нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Булган сумын нутгаар дамжин Монголын эртний нийслэл Хархорин цаашлаад Ховд, Улиастайгаар дайрч Түркистан, Кашгар улс хүртэл аялдаг байсан түүхэн баримт байдаг. Тиймээс тус түүхэн газрыг тодотгохын тулд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баянзагт тэмээн жингийн цуваа бүхий хөшөө дурсгалын цогцолбор байгуулж байна. 

-Биднийг сонирхоод явж байхад үлэг гүрвэлийн өндөг таарсан. Их сонирхолтой санагдлаа. Ер нь жуулчдын сэтгэгдэл ямар байдаг вэ?

-Манай энэ хавийн орчин энгийн шийдэлтэй байгаа нь аялагчдад таатай байдаг. Тэдний баярлаж байгаа нь сайхан санагддаг. Бид үзэх үзмэртэй байх талаас нь ихэд анхаарч ажиллаж байна. Нэг үеэ бодвол асуудлууд маань харьцангуй шийдэгдээд явж байгаа учраас аялал жуулчлалын бусад газрууд биднээс үлгэр жишээ авдаг.

Баянзагт динозавор үлэг гүрвэл олноороо амьдарч байсан учраас хаа сайгүй чулуужсан өндөг байдаг. Хүчтэй салхилах, хур бороо их орох үеэр ил гарч ирдэг. Ил гарсан үед нь Палеонтологийн хүрээлэнд мэдэгдээд холбогдох байгууллага нь ирж авдаг.

-Энэ жил гадаад аялагчид, тэр дундаа Өмнөд Солонгосын жуулчид ихээр ирж байгаа гэж та хэлсэн. Танай бүс нутагт жуулчдад зориулсан үйлчилгээ хэр хүртээмжтэй байдаг вэ. Аялал жуулчлалаа дагаад иргэдийн орлогыг өсгөх ямар шийдлүүд байдаг вэ?

-Энэ жил өмнө нь ирж байгаагүйгээр олон жуулчин ирлээ. Наймдугаар сарын байдлаар дээд тал нь өдөрт 400 гадаадын жуулчин ирсэн.

Булган сум хөгжихийн тулд аялал жуулчлалын бүтээн байгуулалт хэрэгтэй. Боловсон бие засах газар, кофе шоп, хоолны газартай болох хэрэгтэй байна. Үүнийг шийдвэл Булган сум аялал жуулчлалын төв болж, орлого олох боломж бий. Наад зах нь нутгийн брэнд болох үлэг гүрвэлийн зураг, хэлбэртэй бэлэг дурсгалын зүйл хийж болно. Энэ мэтчилэн боломж нь байна. Тэр хэрээр өрхийн орлого ч нэмэгдэнэ. Аялал жуулчлалын сум атлаа брэнд бүтээгдэхүүн байхгүй байгаа нь бидний хамгийн том тулгамдсан асуудал болоод байна.

Дэлхийд анх удаа динозаврын өндөг олдов

Баянзагаас олдсон үлэг гүрвэлийн олдворуудын тухай

Гадаадын жуулчид гар урлалын мунхлагуудаас худалдан авалт хийж буй

Өмнөговь аймаг, Баянзаг-Улалзах цонжид наран жаргах агшин

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баянзагт тэмээн жингийн цуваа бүхий хөшөө дурсгалын цогцолбор байгуулж байна

Явган хүний 500 метр аюулгүй зам барьжээ