С.Одонтуяа: Монгол Улс цөлжилттэй тэмцэхийн тулд ойн нөөцийг нэмэгдүүлэх, мод тарих төслүүдийг тууштай дэмжиж байна

Sarangerel
2025-02-05 13:16:16
Ангилал: Байгаль орчин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяатай ярилцлаа.

-Та байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг юунаас эхэлсэн бэ гэсэн асуултаас ярилцлагаа эхэлье?

-Засгийн газар дэлхий дахинд тулгамдсан уур амьсгалын өөрчлөлтөд онцгой анхаарч, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам(БОУАӨЯ)-ыг анх удаа байгуулж, миний бие сайдаар томилогдоод ажиллаж байна. Өмнө нь Байгаль орчин аялал жуулчлалын яам гэж байсан. Тэгвэл энэ удаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг аль нэг салбарын яамны чиг үүрэгтэй хольж хутгахгүйгээр дангаар нь байгуулж байгаа нь төр засгаас байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөд онцгой ач холбогдол өгч буйн илрэл гэж үзэж байгаа. Миний бие Монгол Улсын парламентад гурав дахь удаагаа сонгогдож байгаа хүний хувьд төрийн энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид БОУАӨЯ-ны бүтцийг есөн газар, арван хэлтэстэйгээр өөрчлөн байгуулсан. Ингээд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр урт, дунд, богино хугацааны бодлого, хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын уялдааг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, ногоон хөгжлийг дэмжих салбар дундын зохицуулалтыг хангах, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт нь нийгэм эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд эрсдэл бий болгох гол хүчин зүйл болж байна. Энэ чухал цаг үед бид салбарын хууль эрх зүй, бодлогын шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлж, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулахад онцгой ач холбогдол өгч байна. Яагаад гэвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дан ганц БОУАӨЯ хариуцаад хийчих ажил биш. Энэ чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон конвенцууд, олон улсын байгууллагуудаас гаргасан баримт бичиг, монгол төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүд бүгдээрээ зүтгэж байж хэрэгжих том асуудал. Төрийн бодлого хэрэгжүүлэх ажил хэр зэрэг байна вэ гээд аваад үзэхээр хамгийн гол асуудал хэрэгжилтийн түвшинд л яригдаж байна. Тийм учраас бид мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай түншлэл тогтоож, хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах бодлого барьж ажиллаж байна.

-Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс дэлхий дахинд мэдэгдэж, улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд хийж буй ажлын явц хэр байна вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 84 сая мод тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. Бэлтгэл үе шатанд 120 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэх, амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь нь мод үржүүлгийн газруудыг дэмжих, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажил юм. Тооллогын дүнгээс харахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж 124 зүйлийн 63 сая ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлж байна. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад даруй тав дахин өссөн үзүүлэлт юм. Эндээс үзэхэд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл үе шат амжилттай хангагдаж байна. Цаашид хэрэгжилтийг эрчимжүүлж, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад олон талын оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг онцолж хэлмээр байна.

-Монгол Улс шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх чиглэлээр өөр ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудал хүн төрөлхтний өмнө тулгарч буй нэгэн том сорилт болж байна. Монгол Улсад 2006-2020 он хүртэлх хугацаанд үе шаттай хийсэн цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрт эзлэх цөлжилтийн хувь хүний буруутай үйлдэл, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөр 72.0-76.9 хувь болон өссөн байдаг. Монгол Улс шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэхийн тулд ой модны нөөцийг нэмэгдүүлэх, мод тарих төслүүдийг тууштай дэмжиж байна. 2024 онд Улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 200 орчим га талбайд цөлжилтийг сааруулах, хамгааллын арга хэмжээ аваад байна.

Төрийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран цөлжилтийн эрсдэлийг бууруулах, газрын доройтлыг сааруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Иргэдийн дунд байгаль орчноо хамгаалах, мод тарих, усны нөөцийн удирдлагад сургах, мэдлэг олгох чиглэлээр сургалт явуулж, судалгаа мониторинг хийх ажлыг өргөтгөж байна. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод 1996 онд нэгдэн орж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа. Түүгээр ч зогсохгүй, цөлжилттэй тэмцэх хамтын хүчин чармайлтад манлайлан ажиллахаар зорьж, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон.

Монгол Улс бол социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд 30 гаруйхан жилийг туулж яваа, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртсөн хөгжиж буй орнуудын нэг. Хэдийгээр манай улс уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэлийг авч, олон улсын байгууллага, үндэсний арилжааны банкуудтай хамтран нийт 440 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ уур амьсгалын өөрчлөлтийн салбарт шаардлагатай байгаа 11.5 тэрбум ам.доллартой харьцуулахад өчүүхэн бага юм. Тиймээс бид НҮБ-ын суурь конвенцод нэгдэн орсон улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, ган гачиг, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх үндэс суурь нь олон талт хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт гэж үзэн энэхүү бага хурлын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Замын-Үүд хотоос Чойр хот хүртэлх автозам болон төмөр замыг дагуулан цөлжилтийг үнэлгээ хийх зорилгоор хэмжилтийн багажуудыг суурилуулаад байна

-Цөлжилттэй тэмцэх чиглэлээр Хятадын талтай хэрхэн хамтран ажиллаж буй талаар та ярьж өгнө үү?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын төрийн тэргүүн нарын 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ хүрээнд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, ган гачгийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр бид Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор хоёр талын хамтын ажиллагааг өрнүүлж “Цөлжилттэй тэмцэх Монгол Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг байгуулах ажлын хүрээнд төв байгуулах суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээр Бээжингийн Их Сургууль томилогдож, нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах хоёр улсын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

Одоо БНХАУ-ын Баруун хойд бүс нутгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтран Монгол орны цөлжилтийн төлөв байдлын үнэлгээг гаргах судалгааны ажлыг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь “Элсэн тасархай”-д цөлжилтөөс хамгаалах механик хаалт хийх туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Экологи газарзүйн хүрээлэнтэй хамтран Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Чойр хотод цөлжилтөөс хамгаалах туршилт судалгааны суурин байгуулах ажил хийгдэж байна. Бас Замын-Үүд хотоос Чойр хот хүртэлх автозам болон төмөр замыг дагуулан цөлжилтийг үнэлгээ хийх зорилгоор хэмжилтийн багажуудыг суурилуулаад байна.

 -Байгаль орчинтой холбоотой бусад чиглэлээр /мазаалай, хавтгай гэх мэт ховор амьтдыг хамгаалах/ Монгол Улс болон БНХАУ хэрхэн хамтран ажиллаж байгаа болон хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар Та бидэнд ярьж өгнө үү.

-Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2018- 2024 онд “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлсэн Төслийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн. Энэ нь мазаалай баавгайн амьдрах орчны судалгаа хийх, байгаль хамгаалагчид, байгаль орчны чиглэлээр ажилладаг судлаачид, эрдэмтдийн ажиллах нөхцөл, боломжийг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон. Түүнчлэн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтарсан судалгааны ажлыг хийсэн нь харилцан туршлага солилцох бололцоо олгосон гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг бол нэн ховор, ховордсон хөхтөн амьтад нутагладаг, олон улсын шим мандлын дархан газрын сүлжээнд хамрагдсан, хил дамнасан чухал нутаг төдийгүй дэлхий дахинд онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Тухайлбал, энд Монгол орны Улаан номд орсон, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенц (CMS), Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 1, 2 дугаар хавсралтад багтсан Мазаалай баавгай, Хавтгай тэмээ, Хулан адуу, Аргаль хонь, Цоохор ирвэс, нүүдлийн шувууд зэрэг нэн ховор, ховордсон амьтад нутагладаг. Тийм ч учраас Говийн их дархан цаазат газар Төв Азийн цөлийн өвөрмөц унаган зүйл хавтгай тэмээний амьдрах чадвартай тогтвортой популяцийг хадгалж үлдэх онцгой зорилт тавьсан.

Хавтгай тэмээ нь зөвхөн Монгол, БНХАУ-ын цөлийн бүсэд тархаж, үлдсэн, устах аюулд орсон амьтан юм. Цаашид бид хоёр орны хил дамнасан байгаль хамгааллын ажлыг өргөжүүлэх, ялангуяа нүүдлийн амьтдын тархац болон нүүдлийн замыг хамгаалахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, малаас зэрлэг амьтанд халдварладаг зооноз өвчнөөс сэргийлэх, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхаарч ажиллах болно. Тухайлбал, хавтгай тэмээг хамгаалахад БНХАУ-ын талтай хамтран хил дамнасан хамтын ажиллагааг сайжруулах, судлаачдын хамтран ажиллах боломжийг бий болгох, цаашид хил дамнасан коридор нутгийг байгуулах, генетикийн олон янз байдлыг хадгалах талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх нь тухайн амьтны зүйлийг уугуул нутагт нь хамгаалахад том хувь нэмэр болно гэж үзэж байна.

“Элсэн тасархай”-д цөлжилтөөс хамгаалах механик хаалт хийх туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн

Сүүлийн жилүүдэд уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн улмаас монгол орны говь, цөлийн бүсэд зэрлэг амьтдын тархац нутаг хумигдах, нүүдлийн замд саад учруулснаар цагаан зээр, хулан адуу зэрэг хол нүүдэллэдэг амьтдад аюул учирч байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд талуудын оролцоотойгоор шугаман дэд бүтцийг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх зорилт тавьж, зэрлэг амьтанд ээлтэй гарц, гарам, хашааны стандартуудыг баталж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр Эгийн голын усан цахилгаан станцыг барихтай холбогдуулан Санамж бичиг байгуулсан. Хоёр талаас Байгаль орчны үнэлгээ хийх Ажлын хэсэг байгуулагдаад байгаа бөгөөд Монголын талын Ажлын хэсгийг Та ахалж байгаа. Та мөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаад ирсэн. ЭГУЦС барих ажлыг монголчууд чих тавин ажиглаж байна. Москва хотноо хийсэн ажлын айлчлалын үеэр чухам ямар шийдвэр гарсан бэ?

-Хоёр талын Шинжлэх ухааныакадемийн эрдэмтдээс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулж, Эгийн голын УЦС-ын Байгал нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөллийг тогтоох юм. Ингэхдээ сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанд үндэслэнэ. Шаардлагатай тохиолдолд судалгаа хийнэ. Байгал нуур нь дэлхийн цэнгэг усны 20 хувийг агуулдаг. Байгал нууртай нийлж буй усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн дангаараа бүрдүүлдэг. Иймд Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах, зүй зохистой ашиглах, ган гачиг, үерийн болзошгүй аюулаас хамгаалах нь хоёр талын судлаачдын нэгдсэн эрх ашиг учраас хоёр талын судлаачдыг оролцуулж, ажлын хэсгийн календарчилсан төлөвлөгөөг хамтран гаргаж баталсан.

Эхний ээлжид Ажлын хэсэг ЭГУЦС-ын өмнө хийсэн бүх судалгааны үр дүн, тайлан, холбогдох материалд үндэслэн мэдээллийн сан үүсгэнэ. Дээрх судалгааны материалуудад түүхчилсэн байдлаар анализ хийгээд нэмэлт судалгаа, тодруулга хийх эсэхийг тогтооно. Оросын талтай судалгааны материалыг харилцан солилцож, дүгнэлт гаргана. Ийнхүү дүгнэлт гаргахын тулд усны нөөцийн тооцооллоос гадна экологи, байгаль орчин, ан амьтдад нөлөөлөх нөлөөллийг хамтад нь цогцоор нь авч үзэх юм.

-Хариуцлагатай уул уурхайн талаар маш их ярьж байна. Яамны зүгээс энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Манай улсад уул уурхайн салбар эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Тухайлбал манай улсын ДНБ-ий 25, аж үйлдвэрийн салбарын 69, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77, экспортын 80 гаруй хувь, улсын төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч байгаль орчны салбарын бодлого байгалиа хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг анх 1998 онд баталж, 2001, 2012 онуудад нэмэлт өөрчлөлт орж, эрх зүйн орчин бүрдсэн. Эрдэс баялаг, түүнийг олж нээхээс олборлон борлуулах хүртэлх бүхий л шат дамжлага хууль ёсны дагуу өрнөх учиртай. Гэсэн хэдий ч хууль, журмын хэрэгжилт төдийлөн хангалтгүй, түүнийг хэрэгжүүлэхээс зайлсхийж хариуцлагагүй уул уурхай эрхэлсээр байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулсаар байна. Тухайлбал, улсын хэмжээнд 21 аймаг, 197 сум, 6 дүүргийн хэмжээнд 1700 гаруй байршилд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын хэмжээ 31 мянга орчим га байгаа нь тогтоогдсон.

Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймаг хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд хамгийн их өртсөн байна. Уул уурхайн олборлолт явуулсны дараа нөхөн сэргээлт хийхгүй орхих, усыг норм хэмжээнээс илүү ихээр зарцуулах, гол горхи бохирдуулах, зөвшөөрөөгүй техник, тоног төхөөрөмж хэрэглэх, химийн хорт бодис ашиглах зэрэг үйлдлээс болж уул уурхайд итгэх нийгмийн итгэл алдагдаж байна. Хууль бус олборлолттой холбоотойгоор сүүлийн 5 жилийн хугацаанд 224 хүн ял шийтгэл эдэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас нийт 252 иргэн, 9 хуулийн этгээдэд 2.06 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 878,8 сая төгрөгийг буюу 42.5 хувийг нөхөн төлүүлж, 466,8 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн. Иймд манай яам байгаль орчны салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Салбарын шинэчлэлийг хийснээр байгаль хамгаалалд оролцогч талуудын үүрэг, оролцоо илүү тодорхой болж хариуцлагатай байх нийгмийн хэрэгцээ хангагдана гэсэн хүлээлттэй байна. Мөн уул уурхайн салбарын оролцогч талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, уул уурхайг хариуцлагатай байлгахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай “Хариуцлагатай уул уурхай” хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулаад байна.

2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон

 -Уул уурхайн хайгуул, олборлолт нэрийн дор зарим газрыг тусгай хамгаалалтаас гаргаж болзошгүй байна. Ер нь энэ тал дээр яам ямар бодлого барьж ажиллах вэ?

-Байгаль орчин, биологийн олон янз байдал, байгалийн болон түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох даян дэлхийн нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтыг нэмэгдүүлэх асуудал тэргүүлэх ач холбогдолтой. Иймд бид ирээдүйд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тогтвортой хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувиас багагүй хувийг тусгай хамгаалалтад авахын зэрэгцээ биологийн олон янз байдал, экологид үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, тэдгээрийг 42 хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж, сүлжээний хэмжээнд 826 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дөрвөн ангиллаар хуульд тогтоосон байдаг.

Дархан цаазат газар 23 буюу 13.8 сая га талбай, Байгалийн цогцолборт газар 37 буюу 13.5 сая га талбай, Байгалийн нөөц газар 47 буюу 5.3 сая га талбай, Дурсгалт газар 13 буюу 106.557 га талбайг тус тус эзэлж байна. Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50, ойн сангийн 40 хувь нь хамгаалагдсан. Цаашид ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх, хамгаалалтын үйл ажиллагааг тогтвортой удирдан зохион байгуулахын тулд хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчинг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, ТХГН-ийн ангиллыг олон улсын жишигт нийцүүлж, хамгааллын менежментийг бүхэлд нь эсхүл, түүний зарим хэсгийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий ТББ гэрээний үндсэн дээр гүйцэтгэх эрх зүйн орчныг тодорхой болгохоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хувийг хуулийн дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх чиглэлд олон талтай хамтран ажиллаж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалах зорилго, зорилтууд туссан бөгөөд эдгээр бодлого, арга хэмжээ нь Биологийн олон янз байдлын тухай конвенцын “Кунминг Монреаль Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ” хэлэлцээрийн зорилготой нийцэж байна.

БОУАӨЯ-тай хамтарсан “Ногоон хөгжил” сэтгүүлийн тусгай дугаараас 2025.01 сар