С.Тольмандал: Украинд суралцаж байсан Монгол оюутнууд эх орондоо үргэлжлүүлэн сурмаар байна
“Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга уулзалт-2022”-д оролцсон Украин дахь Монголын оюутны холбооны тэргүүн С.Тольмандалтай ярилцлаа.
-Украинд хэдэн Монгол оюутан суралцаж байсан бэ? Тэд эх орондоо ирээд үргэлжлүүлэн суралцаж байна уу?
-Харьков, Киев, Львов, Кривой Рог хотод нийт 68 Монгол оюутан суралцаж байсан. Бид дайны өмнө болон дайны үеэр хоёр хуваагдаад, хамгийн сүүлийн оюутнууд өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд эх орондоо ирсэн.
Бид Украинд суралцаж байсан чиглэлийнхээ дагуу Монголд үргэлжлүүлэн суралцахаар эх орондоо ирсэн цагаасаа уйгүй хөөцөлдөж байна. Ганцхан би ч биш бусад оюутнууд Монголын аль нэг их, дээд сургуульд үргэлжлүүлэн сурах гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Би таван сарын турш өөрийнхөө болон бусад оюутнуудынхаа төлөө үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа тухайгаа бичээд өргөдөл, цаас бариад бүх л газраар явж байна. Сүүлдээ ямар ч гарах гаргалгаагүй болчихлоо.
-Энэ талаараа ямар хүмүүстэй холбогдсон бэ?
–Хамгийн сүүлийн оюутнууд ирсэн өдрийн маргаашнаас нь эхлээд Боловсрол, шинжлэх ухааны яаманд суралцах өргөдөл өгсөн. Яг үнэнийг хэлэхэд бидний асуудлыг хариуцах мэргэжилтэнд өргөдөл маань хуваарилагдах хүртэл би гурван сар хөөцөлдөж явсан.
БШУЯ-ны Алтанзул гэдэг мэргэжилтэн нь та нарын бүх мэдээллийг удирдлагууддаа өгчихсөн, би юу ч шийдэж чадахгүй, дээрээс ирэх хариуг хүлээж байна гэж хэлсэн. Тэр хариуг нь хоёр сар хүлээсэн, одоо ч гэсэн хүлээсээр л байна.
-Та нар өөрсдөө суралцахыг хүсэж байгаа их, дээд сургуулиудад хандаж үзсэн үү?
-Мэдээж хандсан. Яамны Алтанзул гэдэг мэргэжилтэн нь суралцахыг хүсэж байгаа их, дээд сургуулийнхаа сургалтын алба болон удирдлагуудтай өөрсдөө очиж уулзаарай гэж хэлсэн. Тиймээс бид тухайн сургуулийнхаа сургалтын албанд өргөдөл өгсөн. Та нарыг дайны нөхцөл байдлаас шалтгаалаад эх орондоо ирснийг сайн ойлгож байгаа ч гэсэн манай сургуулийн дотоод журамтай нийцэхгүй байна. Тиймээс та бүгдийг элсүүлж авах боломжгүй гэсэн хариуг сургуулийн зүгээс өгсөн.
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадна Засгийн газрын бусад агентлагт хандаж үзсэн үү?
-Анх өргөдөл өгөхдөө Боловсрол, шинжлэх ухааны яам болон Гадаад харилцааны яам руу зэрэг хандсан. Бидний хувьд гадаадад сурч байсан нь үнэн, аргагүй нөхцөл байдлаас болоод эх орондоо ирээд байгаа учраас Гадаад харилцааны яаманд ч харъяалагдах ёстой. Тэгсэн ч бидний асуудлыг шийдэх газар нь БШУЯ-ны Гадаад харилцааны хэлтэс. Гэсэн ч шийдэгдээгүй таван сар боллоо.
-БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан уу?
-Аль хэдийн хандаад өргөдөл, бүх мэдээллээ өгөөд хариугаа авсан. Сайдад хандсаны эцэст тус яамны Алтанзул мэргэжилтэн бидний асуудлыг хариуцаж авсан. Уг нь энэ нэгдсэн хуралдаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцох ёстой байсан юм.
Уг чуулга уулзалтад оролцож байгаа шалтгаан маань ч 68 оюутныхаа дуу хоолой нь болж, сурах чин эрмэлзэлээ илэрхийлж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар олон нийтэд хэлэх явдал байлаа.
Хамгийн гол нь залуучууд бидэнд цаг хугацаа маш чухал. Бидний ирээдүй Монголын боловсролын салбарт ямар ч хамаагүй байна.
Бид Монгол-Украины Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байсан. Тиймээс Монголын их, дээд сургуульд үргэлжлүүлэн үнэ төлбөргүй сургах үнэхээр асуудалтай, боломжгүй гэж үү гэсэн асуултыг шийдвэр гаргах түвшний дарга нараас асуух гэж “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга уулзалт-2022” хуралдаанд оролцлоо.