С.Цэнгүүн: Эрчим хүчний реформыг дэмжих бүлэгт УИХ-ын 100 гаруй гишүүн гарын үсэг зурсан
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
-Эрчим хүчний салбарыг хэрхэн харж бна вэ?
-Эрчим хүчний салбар социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн байдлаараа өнөөг хүртэл явж байгаа. Зах зээлийн системд шилжээгүй сүүлийн салбар болоод үлдчихсэн. Ашигт ажиллагаан дээр суурилахгүйгээр зөвхөн төрөөс л бүх бодлого, төлөвлөгөөг баталж, үнийг тогтоодог, үйл ажиллагаа нь хүртэл төр дангаар хариуцдаг салбар. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах боломжгүй болон үлдсэн ганц салбар. Үнийг нь өртгөөс нь багаар тогтоохоор систем нь өөрөө дааж явж чадахгүйд хүрчээ. Эрчим хүч тасалдал, доголдолгүй байнгын, найдвартай ажиллах ёстой. Үүний тулд байнгын засвар үйлчилгээ, тордолгоо хийх ёстой атал энэ засвар үйлчилгээгээ хийж чадахгүйд хүрсэн байдалтай байна. Техник технологийн шинэчлэл хийхгүй, ажилтнуудынхаа цалин урамшууллыг нэмж чадахгүй явснаас болж хүний нөөцийн хомсдолд орж, хуучирсан техник технологитой цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсчихээд байна. Бид бодит үнэнтэй нүүр тулах ёстой. Эрчим хүчний салбарыг чөлөөт өрсөлдөөний зарчимд нь оруулах зайлшгүй шаардлагатай. Үүний төлөө эрчим хүчний реформ хийхээр ажиллаж байна.
-Реформ гэдгийг хэрхэн ойлгох вэ?
-Бид үзэл баримтлалын хувьд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай. Реформ хийнэ гэдэг нь хууль эрх зүйн орчинд маш том шинэчлэл хийнэ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн зарчимд нийцүүлнэ гэсэн үг. Энэ салбар төрөөс хамааралгүйгээр бие дааж ажиллах ёстой. Энэ үзэл баримтлал дээр тулгуурлаж бодлого, эрх зүйн орчинд өөрчлөлт хийх юм.
Энгийнээр хэлэхэд, эрчим хүчний салбарт төрийн оролцоог халж зах зээлийн систем рүү л шилжүүлэх тухай ойлголт. Төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулж, алдагдалгүй ажилладаг болгож, олон нийтийн хяналтыг тогтоох асуудал. Үнэ тарифын хувьд маш зөв, зах зээлийн индексжүүлсэн зарчмаар өрсөлдөөн бий болгох байдлаар бодлогын орчныг шинэчилнэ. Дэлхий дахинд эрчим хүчний салбарын уламжлалт сэтгэхүй өнөөдөр ихээхэн өөрчлөгдөж байна. Ялангуяа ОХУ, Укрианы дайны дараагаас улс орнууд тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхэд анхаарч байна. Тархмал эх үүсвэр нь ч давуу тал болж хурдтай хөгжиж байна. Шийдвэрлэх боломж, техникийн нөхцөлүүд гарч ирлээ. Энэ нь жижиг хөрөнгө оруулагчдад боломж болох юм. Айл өрхийн түвшинд ч эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологийн дэвшлүүд гарч ирж байна. Эрчим хүчийг үзэл баримтлалын хувьд өөрөөр харах зайлшгүй шаардлага гэж энэ бүхнийг хэлээд байгаа юм.
Эрчим хүчний реформыг ямар нэг улс төр, попролгүйгээр явуулж өгөөсэй гэж хүсч байна
Реформыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид эхлээд үнэ тарифыг өртөгт нь хүргэх хэрэгтэй байна. Мэдээж үүнд олон үе шат, дамжлага шаардагдана. Нөгөө талд, эрчим хүчний үйлдвэрүүдийн шинэчлэлийг даруй хийх ёстой. Салбарын үйлдвэр, компаниудыг ашигтай ажиллуулах талд зохицуулалт хийхгүй бол үр дүнд хүрч чадахгүй. Хамтад нь шинэчлээд явах ёстой. Зарим хүн төрийн компаниудын алдагдлыг байхгүй болгочихоод дараа нь үнэ тарифаа ярих ёстой гэж хэлдэг. Монгол Улсад эрчим хүчний мега төслүүд хэрэгжихгүй олон жилийн турш гацсан. Эдгээр мега төслийг хөдөлгөхийн тулд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Энэ төслүүдийг хөдөлгөхийн тулд үнэ тарифыг хөндөх шаардлагатай болж байгаа юм. Ингээд харахаар шинэ эх үүсвэрүүд барих, хөрөнгө оруулалт татахын тулд үнэ тарифт шинэчлэл хийх шаардлагатай.
Үнэ нэмж, тогтоохдоо бус, үнэ тариф зах зээлийн зарчмаараа явдаг л эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал юм. Үнэ нэмнэ гэж олон нийтэд буруу ойлголт өгөөд байна. Эхлээд үнийг өртөгт нь нийцүүлэх тухай асуудал юм. Өртгөөсөө хэд дахин бага үнээр явсаар ирсэн салбар учраас өнөөдөр ийм алдагдалд орчихсон байна. Өмнөх засгуудын явуулсан алдаатай бодлогын үр дүн. Тиймээс 20,30 хувиар үнийг өсгөх хэрэгтэй болж байна. Одоо бид эрчим хүчний салбарын асуудлыг ойлгож, бодит байдлыг хүлээн зөвшөөрч, үнийг өртөгт нь хүргэж, мөн шинэчлэл хийхгүй бол энэ салбар удахгүй зогсоно гэдэг нь тодорхой байна. Эрчим хүчний доголдол хөгжлийн доголдол юм.
-Дэд хорооны гишүүд өнгөрсөн хугацаанд салбарын үйл ажиллагаатай танилцаж, салбарынхантай уулзаж, асуудлыг сонсож явсан. Ингэж явахад танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Нэг зүйлд бахархмаар, нөгөө талдаа гунигтай санагдсан. Эрчим хүчний салбарынхан ихэнхдээ инженер,техник мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ хүмүүс өнөөг хүртэл салбараа аврахын төлөө, үйл ажиллагааг тасалдуулахгүйн төлөө явж иржээ. Өдөр шөнөгүй ажиллаж, өөрсдийн бие, сэтгэлээр эрсдлээ хүлээгээд хар аргаар ч хамаагүй технологио засч сэлбээд засварлаж иржээ. Хүн ажиллах боломжгүй нөхцөлд ч асуудал ярилгүй ажиллаж, биднийг гэрэл цахилгаантай байлгахын төлөө явсан байна. Энэ бол бахархал. Нөгөө талдаа салбарын ажилтнууд улаан дохиог эрт хэлж, сануулж, анхааруулж, дуугарч явахгүй яав даа гэж бодож харамсч сонссон. Гэхдээ тэд хэлж ярьж байсан ч түүнийг нь хүлээн аваагүй байх. Дараагийн хамгийн том асуудал бол эрчим хүчний салбарт хүний нөөцийн хомсдол. Салбартаа чин сэтгэлээсээ ажилласан туршлагатай ажилтнууд нь өнөөдөр ихэнхдээ тэтгэвэрт гарчээ. Залуу үеэ бэлдэе гэхээр ажиллах сонирхолтой залуус алга байна. Энэ нь цалин хангамжтай холбоотой. Бидний өнөөгийн амьдрал дулаан, цахилгаантай зайлшгүй холбогдчихсон шүү дээ. Тог тасраад хоёр цаг болоход бидний амьдрал хэцүүднэ. Хотоороо, улсаараа цахилгаан, дулаангүй болох, цаашлаад хөлдөх ч эрсдэлд орчихоод байна. Энэ асуудлыг бид цогцоор нь шийдэхээс өөр аргагүй. Реформыг богино хугацаанд эхлүүлж, хэрэгжүүлж явахаас өөр сонголтгүй.
-Салбарын талаарх олон нийтийн ойлголт мэдээлэл ямар байна гэж харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд олон нийт эрчим хүчний салбар хүнд байгаа, үнэ тарифыг нэмэхээс өөр аргагүй байна гэдэг талаар мэдээлэл авч тодорхой ойлголттой болсон. Салбарын нөхцөл байдлыг олон нийт ерөнхийдөө гадарлаж байна. Нэг зүйл хэлэхэд, реформ хийхэд олон нийтийн сэтгэлгээ, хандлага их чухал. Олон нийтэд асуудлаа илэн далангүй ярьж, мэдээллээд явах нь ач холбогдолтой. Энэ хүнд цаг үеийг хамтдаа давж гарахад олон нийтийн дэмжлэг маш чухал. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө, салбарын найдвартай, аюулгүй байдлын төлөө тал талдаа зөв ойлголт, мэдээлэлтэй, бие биенээ дэмжсэн хандлагатай ажиллахаас өөр аргагүй. Нөгөө талд, салбарын ажиллагсдын сэтгэлгээг өөрчлөх нь тулгарч буй том бэрхшээл юм байна гэж харсан. Энэ хүмүүсийн буруу биш. Социализмын 70, зах зээлийн системийн 30 гээд уламжлалт системийн бараг 100 жилийн түүхтэй системийг эвдэж өөрчилнө, зах зээлийн зарчмаар нь ажиллуулна гэхээр хүлээж авч чадахгүй байна. Шинэ, хуучны ялгаа гарна. Гэхдээ бид салбарын ажилтнуудтай сайн тулж ажиллаад хамтдаа гарц шийдлийг хайж шинэчлэлийг хийнэ.
Бид үзэл баримтлалын хувьд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай. Реформ хийнэ гэдэг нь хууль эрх зүйн орчинд маш том шинэчлэл хийнэ. Энэ салбар төрөөс хамааралгүйгээр бие дааж ажиллах ёстой
-Бодлого тодорхойлогчдын зүгээс эрчим хүчний салбарын реформыг дэмжих, хүлээн авах хандлага ямар байна вэ?
-Сайн байгаа. Шинэ УИХ 126 гишүүнтэй. Эрчим хүчний реформыг дэмжих бүлэгт 100 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Энэ бол өөрөө маш том дэмжлэг гэж бодож байгаа. Миний хувьд энэ лобби бүлгийг байгуулаад, ахлаад явж буйн хувьд гишүүн бүртэй уулзсан, ярьсан. Тэд эрчим хүчний салбарыг ойлгож, асуудлыг зөв өнцгөөс харж, танилцмаар байна гэж байсан. Энэ бол зөв дохио юм. УИХ ын гишүүд эрчим хүчийг хамгийн чухал салбар гэж харж, хүлээн авч байгаа нь маш том ач холбогдолтой. Реформд маш том дэмжлэг болно. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр цөөн гишүүн өөр байр суурьтай байгаа. УИХ-ын чуулган дээр үг хэлж буй байдлаас нь харж болно. Өөрийн рейтингийг өсгөх үүднээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, попорч хандаж байгаа. Харамсалтай. Учир нь эрчим хүчний салбарыг шинэчилж, өөрчилж, хөгжүүлж байж улс орон хөгжинө. Тиймээс ямар нэг улс төр, ямар нэг попролгүйгээр реформыг явуулж өгөөсэй гэж хүсч байна.
-Таны хувьд УИХ дахь хамгийн залуу гишүүн, Gen Z үеийн төлөөлөл. Эрчим хүчний салбарыг яагаад сонирхож, асуудлыг барьж авав?
-Би АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед “Мөрийн хөтөлбөр” боловсруулахын тулд бид удаан хугацаанд ажилласан. Намынхаа гишүүдээс, ард иргэдээс, байгууллагуудаас санал авсан. Энэ хооронд бүх байгууллага, иргэд Монгол улсад тулгамдаж буй хамгийн гол асуудал эрчим хүч гэдэгтэй санал нэгдсэн. Хөгжлийн бодлого ярихаар л эрчим хүчний салбар дээр ирээд зогсдог. Хөгжлийн гол гогцоо, тушаа нь эрчим хүч гэдэг нь харагдсан. Би асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой гэж үздэг. Эндээс эрчим хүчний асуудлыг шийдэхгүйгээр бид аж үйлдвэржилт, хөгжил ярих ямар ч боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс энэ салбарын асуудлыг шийдэхийн төлөө орж ажиллая, дахин цаг алдаж болохгүй гэдэг үүднээс эрчим хүчний салбарт түлхүү анхаарч орсон.