Таван толгойн таван түүх

Дэнсмаа
2023-01-17 14:22:29
Ангилал: Эдийн засаг

     Монголын төр 6,4 тэрбум тонн нөөцтэй, үүний дотор коксжих нүүрсний нөөц нь 1.5 тэрбум тонн буюу дэлхийд эхний аравт багтах нүүрсний том ордыг эзэмшиж байна. Эдийн засаг, улс төрийн шуурган дундуур гарч, эгээ л кино шиг түүхийг туулсаар Монголын ард түмний мэдэлд үлдсэн Тавантолгойн ордыг өөрийн мэдэлд оруулах олон улсын сонирхол одоо ч бий. 

Төр муу менежер биш гэдгээ харуулсан гэж болох ганц төсөл бол Тавантолгой. 2012 онд 400 сая ам.доллароор “Шиньхуа Энержи”-д зарах шийдвэр гарсан ч  “2015 онд БНХАУ-ын “Шиньхуа Энержи” компани, “Энержи Ресурс” компанитай хийсэн гэрээ нь Монгол Улсад илт хохиролтой гэж УИХ-ын ажлын хэсэг үзээд цуцалсан. Харин энэ хугацаанд “Хөгжлийн банк”-наас 400 сая ам.долларын зээл авахаар тооцож, эхний 200 сая ам.долларын санхүүжилтийг урьдчилан авч олборлох ажлыг эхлүүлж байсан билээ.

Энэ мэтчилэн олон даваа нугачаа, бизнес, эдийн засгийн болоод улстөрийн олон сорилттой тулгарсаар ирсэн тус уурхайтай холбоотой таван онцлох түүхийг дурдая. 

1. 2016-2017 онд БНХАУ-ын нүүрсний дотоодын бодлого, олон улсын нүүрсний ханш зэрэг гадаад нөхцөл байдал Монголын талд ашигтайгаар эргэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 онд “Чалко” компаниас авч “Эх орны хишиг” хэмээн тараасан мөнгөний хариу болох нүүрс нийлүүлэх гэрээний өрийг 2017 оны гуравдугаар сард 100 хувь барагдуулж, борлуулалт нэг жилийн дүнгээр 13 хувиар өсөж, орлого 2.5 дахин, улсад төлсөн татвар, хураамжийн дүнгээ 3.4 дахин нэмэгдсэн. Мөн Хөгжлийн банк болон бусад банкнаас авсан зээлийн өрөө хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан бөгөөд 2018 он дуусахад дотоод, гадаадын ямар ч өргүй компани болсон байлаа.

Өнгөц харахад улс төрийн элдэв нөлөөллөөс шалтгаалан хөрөнгө оруулалтууд нь бүтэлгүйтсэн мэт боловч эцэст нь Монголын ард түмний өмч хэвээр үлдсэн Тавантолгойн орд ийнхүү үүцээ задалж, эдийн засгийн томоохон хөшүүрэг болохоо харуулж эхэлсэн.

2. “Эрдэнэс ТавантолгойХК-ийг түшиглэж 2018 онд байгуулсан “Тавантолгой түлш” ХХК нь утаагүй түлш буюу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж Улаанбаатар хотыг бүрэн хангасны дүнд нийслэлийн агаарын бохирдол тодорхой хувиар буурсан гэж үздэг. Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулж, олон жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг тавьж дуусгаад байгаа юм. 

3. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь цаг үргэлж Монголын нүүрсний зах зээлийн гол тоглогч байгаагүй. 1990-ээд оноос эхлэн олон улсад Тавантолгойн ордыг таниулах, хөрөнгө оруулалт татах ажил тасралтгүй хийсэн боловч нэг ч улс орон сонирхоогүй. 

1998 онд дэлхийн хамгийн том уул уурхайн компанийн нэг, үндэстэн дамнасан “BHB Billiton” компани Тавантолгойн лицензийг авч ажлаа эхлүүлсэн хэдий ч нэг жилийн дараа дэд бүтэц хөгжөөгүй, дэлхийд нүүрсний ханш унасан гэх шалтгаанаар лицензээ буцааж тушаагаад Монголыг орхиж одсон түүхтэй. 

Өнөөдөр Тавантолгойн ордын 81.5 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК, 18.4 хувийг Монгол улсын нийт хүн амын 70 орчим хувь буюу нийт 2.5 сая орчим иргэн, үлдсэн хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монгол Улсын Засгийн газар Монголын иргэн бүрд байгалийн баялгийнхаа ашиг шимийг шууд утгаар хүртэх боломжийг хувьцаагаар дамжуулж олгосон. Хувьцаа эзэмшигчдийнхээ тоогоор 3.5 сая хувьцаа эзэмшигчтэй Энэтхэгийн “Reliance Power Ltd”-ийн ард дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

4. “Эрдэнэс Тавантолгой” бол Эрдэнэт шиг суурьшмал хоттой төсөл. Үүгээрээ Оюутолгой төслөөс ялгардаг. Хуучнаар ЗХУ-ын “Гипрошахт” хүрээлэн энэ төслийг маш нарийн судалсны үр дүнд 50 мянган хүний орон сууц, сургууль цэцэрлэг, соёлын төв, хүнд, хөнгөн үйлдвэрийг цогцоор нь төлөвлөсөн байдаг.

Цаашид “А6-20” бизнес төлөвлөгөөнд тусгасан шинэ цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, коксны үйлдвэр, химийн үйлдвэр, “Эрдэнэсийн хот” байгуулах зэрэг 13 мега төслийн ажлыг эхлүүлээд байгаа юм. 

5. Сүүлийн жилүүдэд ашиглалтад орж буй баяжуулах үйлдвэрүүдийн ачаар Монголын экспортын нүүрсний чанар хэлбэлздэг асуудал шийдвэрлэгдэж эхэлсэн. Одоогоор ашиглалтад ороод буй нойтон болон хуурай баяжуулах үйлдвэрүүд нийтдээ 50 гаруй сая тонн нүүрс боловсруулах боломжтой бол шинээр төлөвлөгдсөн үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр 100 гаруй сая тонн нүүрс баяжуулдаг болох юм. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н дэргэд байгуулахаар төлөвлөсөн 30 сая тонны нүүрс угаах үйлдвэрийн эхний модуль буюу 10 сая тоннын үйлдвэрийн (EPC гэрээ байгуулагдсан. Уг төсөлд Хятадын “Норинко” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд уг үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний чанар харьцангуй тогтвортой болно гэж үзэж буй.

Цаашид дэлхийн жишиг уурхай болохоор зориг шулуудсан төрийн өмчит “Эрдэнэс ТавантолгойХК-ийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болсноор хяналт тавих боломж илүү нэмэгдэж, улс төрчдийн гар дүрэгдэхгүй бол хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа шударгаар хүртэх, цаашлаад улс орны хөгжилд бодитой нөлөөлөх боломж “Эрдэнэс тавантолгой ХХК” бий. 

 

Дэнсмаа