Татварын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулганд багтаан батална
УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд өчигдөр МҮХАҮТ дээр томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй санал солилцох уулзалтыг хийлээ.
Тус хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Өнөөдрийн хэлэлцүүлгүүд бол манай татварын тогтолцоо юун дээрээ болохгүй байна гэдэг асуудлуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдээс сонсоно. Жишээлбэл, иргэдийн хувьд гар дээрээ авч байгаа цалин бага, цалин нэмэгдсэн ч татвар дагаад нэмэгддэг гэсэн гомдол их байгаа. Харин аж ахуйн нэгжийн хувьд хуримтлалтай болж чадахгүй байна гэдэг асуудал. Энэ шалтгаан нь НӨАТ, ААНОАТ-аас болоод байгаа. Жишээлбэл, импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, түүхий эд материалаа авдаг, гаалиар орж ирэх мөчид гааль, НӨАТ төлдөг. Ямар ч борлуулалт хийгээгүй байж гааль, НӨАТ төлөх гэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч төлөхөөс өөр арга байдаггүй. Нэг ёсондоо одоо байгаа энэ тогтолцоо шаардлагагүй өндөр хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлээд байна гэх мэт асуудлууд дээр бид зөв гаргалгааг хайж байна” гэлээ.
МҮХАҮТ-ын зүгээс татварын хууль тогтоомжтой холбоотой олон уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хууль, дүрэм журмуудын нийцгүй байдал, хуулийн хэрэглээ зэрэг бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудын талаар, санал зөвлөмжийг МҮХАҮТ-ын зүгээс холбогдох байгууллагуудад уламжилж байсан хэдий ч дорвитой өөрчлөлтийг бий болгож чадахгүй байсаар өдийг хүрчээ. Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас татварын багц хуулийг шинэчлэх талаар санаачлан ажил хэрэг болгож буйд талархалтай байна. Энэ 2 өдрийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, ажлын хэсэгт хүргүүлж, холбогдох хуулийг шинэчлэх, та бүхний саналуудыг тусгуулах чиглэлд идэвхийлэн ажиллах болно” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Жүр Үр ХХК-ийн дэд захирал Б.Мөнхзул нар оролцогчдын асуултад хариуллаа.
Эх сурвалж: МҮХАҮТ