Тахийн ертөнцөөр аялсан нь

Sarangerel
2025-02-24 14:16:37
Ангилал: Эдийн засаг

Хангал, Ургамал хоёр нэг насны зөрүүтэй. Эхээс мэндэлсэн цагаас эгнэгт хамт байж, тоглож наадаж, амьдралын алив эрсдэлийг хамтдаа туулан давсаар эр бяр жагссан насанд хүрэв. Бусдын нөмөр нөөлгөнд эрхлэн явсан нас дуусаж, амьдралын хатуу үнэнтэй нүүр тулж, хүч чадал, ухаан, бие бялдрын ширүүн тэмцлийн ирмэгт ирэв. Тэдний найрсаг, найрамдалт бага насны үерхэл яг энд дуусаж, биенээ ширүүн дориун нүдээр харах болсон юм. Тэднийг хайр энэрэлгүй амьдралын хатуу ширүүн тэмцэл, ялах, ялагдлын шорвог амт, үр удмаа үлдээх, хайрлан хамгаалахын эрсдэлтэй ертөнц хүлээж байгаа. Тэд ухарч зугтах бус, урагшлан тэмцэх замыг л мэднэ. Хангал, Ургамал хоёр бол нэг сүргээс төрсөн азаргууд. Тэд 5,6 нас хүрч, бие бялдар нь жигдэрч, сүрэг тасалж авах хэмжээнд иржээ.

Залуу тахийн хувьд галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй нас юм. Хоёр азарганы хосгүй түүх ингэж эхлэв. Ургамал анхлан хоёр гүүтэй сүрэг үүсгэснээр өргөжүүлэн тэлж тоог 16-д хүргэв. Харин энэ үед Хангал алс зайдуу газарт ганцаараа байж өөрийгөө бэлдэж, хүч чадлаа хадгалж, хоол ундаа зохицуулж байлаа. Ингээд би бэлэн болжээ гэж бодсон эргэх хорвоогийн ээлжит нэгэн өдөр Хангал анхны довтолгоог Ургамалын сүрэг рүү хийв. Хажууд нь өөр ялах магадлал өндөр олон сүрэг байхад Ургамалтай л эр бяраа үзэлцэхийг илүүд үзэв. Хангал ялагдав. Мэдээж, түүний анхны тэмцэл шүү дээ. Тэр дахин азнасхийж, биеэ бэлдэж байгаад дайрна. Ингээд 3-4 оролдлогын дараа тэр санасандаа хүрч, Ургамалын сүргийн эзэн болсон юм. Ургамлын хувьд сүргээ алдаад уруу царайлаад суухгүй шүү дээ. Бас л маш удаан хугацаанд бэлдэж, өвс усаа сойж байгаад тэмцэнэ. Эргээд сүргээ авч чадна, дахин алдана. Хамгийн сүүлийн тулаанд Хангал урд хөлөө хөшиглүүлснээр бэртэж, хоёр азарганы тулаан зогссон түүхтэй.

Гурван жил үргэлжилсэн хоёр азарганы зодолдооны гэрч нь Б.Лхагвадорж гэж тахь судлаач залуу бий. Тэрбээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Хомын талын тахь” ТББ-ын байгаль хамгаалагч, мөн тахь судлаачаар ажилладаг. Б.Лхагвадорж Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженерээр 2013 онд төгсөөд Хомын талын тахийн судлаачаар ажилд орж өдгөө 11 дэх жилдээ ажиллаж байна. Тэр энэ 11 жилд нийслэлээс 1400 орчим км-ийн алсад орших Хомын талын зэлүүд буйдхан газарт суурьшиж, ажиллаж, амьдарч, улмаар өдөр бүр 1-2 цагийг тахийн зан авир, бүтцийг судлахад зориулж иржээ. Судална, ажиглана, хамгаална, үржүүлнэ, хянана, хайрлана ч. Тиймээс дээрх хоёр азарганы зодолдооны түүх адил олон арван үйл явдлыг тэр мэднэ.

Хомын талынхаа 150 гаруй тахийг хаанаас ч хараад танина, нэр ус, өнгө зүсээр нь дурандаад хэлнэ. Тэр ч байтугай хэн нь хэнд дурлаад салж зодолдсоныг нь ч, үүх түүх, эцэг өвгөдөөр нь ярих хүн гэж хамт ажиллагсад нь ярьсан. “Би дөнгөж төрсөн унаганаас нь эхлэн биеийн байдал, хөхөө хэрхэн хөхөж буй, хоол ундандаа ямар байгаа, өсөлт бойжилтын явц, насанд хүрэх хүртэл бүх л зүйлийг нь мэдэх учраас гэр бүлийн минь гишүүн шиг болчихсон байдаг” хэмээн тахь судлаач ярив. Эдгээр зэрлэг амьтад ч хамгаалагчдаа сайн таньдаг бололтой. Ямар унаа хөсгөөр хэн ирж байна гэдгийг үнэрээр нь мэднэ. Хүмүүс, машин тэрэгний өнгө, дууг андахгүй. Өөр машин тэрэг сонсохоороо үргэнэ, стрэсдэнэ, зугтна. Хомын талын тахиуд бүгд нэртэй. Ургамал, Хангал, Одоо, Хун, Сарны гэрэл, Атлас, Мазаалай, Корсак, Зэс гэх мэт. Байгалийн энэ зэрлэг амьтан монгол адуунаас бол нэлээд өөр гэнэ. Нас бие гүйцсэн тахь монгол адууны шүдлэн, хязаалангийн дайны биетэй. Бие бахим, хөл богиновтор, толгой бүдүүн, дэл, сүүл ургадаггүй, шаргал зүстэй, ам, гэдэс, цавь хэсгээр цагаан, дээгүүрээ шаргал, хөлдөө судалтай. Хөлийн судлууд хэзээ ч давтагдахгүй.

Монгол адуу шиг л хавар төллөнө. 4,5-р сараас төллөж эхэлнэ. Жилдээ 4-5 унага л авдаг. Харин 2016 оноос хойш жилдээ 8-10 унага төллөсөн. Хорогдол багатайгаар жилээс жилд өсөн нэмэгдсээр энэ 20 жилд 150 гаран тоонд хүрчээ. Б.Лхагвасүрэн тахийн зан байдлыг судалгааг өдөр 1-2 цаг тогтмол хийх ёстой. Тахийн зан авир, сүргийн бүтэц өөрчлөлтийг ажиглаж, харж, таньж мэдэж ажиллана. Зан авирын судалгаа гэдэг нь сүрэг хоорондын харилцаа, сүрэгт хэрхэн өөрчлөлт орж буйг судлахыг хэлнэ. Тахь бол маш эмзэг. Ялангуяа төллөх үедээ маш эмзэг болдог. Үр удмаа хамгаалах, аюулд өртүүлчихгүй байхад анхаарч асар их сонор сэрэмжтэй болдог. Мөн энэ үеэр азарганы өрсөлдөөн гэж том үйл явдал өрнөнө. Азаргад сүргээ хамгаалах, өөрийн үр удмаа үлдээх, хамгаалах гэдэг маш их чухал учраас азарганы зодоон тэмцэл дундаас унага, мөн бүдүүн тахь ч хорогдох эрсдэл гарна. Тиймээс нэлээд мэдрэмтгий болж, хээл авахгүй байх, хээлээ хаях эрсдэлүүд гардаг байна.

Тахь хөөцөлдөх ажиллагаа

Сэтгүүлч миний бие Хомын талд тахь эргэн ирсний 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өнгөрсөн аравдугаар сард Завхан аймгийг зорьсон юм. Нэг түүх өгүүлэхэд, яг өдгөөгөөс 20 жилийн өмнө Франц улсаас анхны 12 тахийг Хомын талд авчирч нутагшуулах арга хэмжээг сурвалжлан очиж байлаа. Тэгвэл 20 жилийн дараа ийн зорьж, энэхүү сурвалжилгыг бичиж байна. Франц улсаас анхны 12 тахийг авчирч, 15 га газарт хашаалснаар Хомын талд тахь нутагшуулах ажил хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Францын Тахь хамгаалах холбоо, Швейцарын МАVА сангийн санхүүжилттэйгээр эхлүүлсэн төсөл. 2005 онд 12, 2011 онд БНЧУ-ын Прагын амьтны хүрээлэнгийн дэмжлэгээр дөрвөн тахь нэмж авчирсан байдаг. Улмаар УИХ-аас 2020 онд 411,403 га газрыг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаснаар уг зэрлэг амьтдыг байгальд нь зэрлэгшүүлэн өсгөн үржүүлэх, хамгаалах эрх зүйн нөхцөлийг өргөжүүлэн бүрдүүлсэн билээ.

“Байгальд нэгэнт устсан, дэлхийд нэн ховорт тооцогдох энэ амьтныг өсгөж үржүүлэх, амьдрах орчныг аюулгүй байлгах, хүн, малын сөрөг нөлөөллөөс хамгаалах нь онцгой чухал бөгөөд маш хэцүү, өдөр бүрийн анхаарал, үйл ажиллагаа шаардсан ажил байлаа. Одоо ч ийм л байгаа. Эцсийн эцэст тахь маань амжилттай нутагшиж, онцгой дасан зохицож, өсөж үржсээр эдүгээ 150 гаруй тоо толгойд хүрээд байна” гэж “Хомын талын тахь” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат ярилаа. “Бид энэ 20 жилийн хугацаанд Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Сайн хамт олны хүч, хөдөлмөр, сэтгэл зүтгэл, гаднын тухайлбал, Францын тахь хамгаалах холбоо, хувь хүмүүсийн дэмжлэг, ивээн тэтгэлэг дээр л түшиглэж төсөл амжилттай хэрэгжиж байна” гэдгийг тэрбээр тодотгосон. Европын орнуудын зоо паркад идээшлэн байсан эдгээр амьтад Хомын талын онгон дагшин газарт ирээд нэлээд зэрлэгшжээ.

Бид эхний өдөр өөрсдийн машинаар тахь идээшлэн буй газар руу явсан юм. Би жижигхэн толгод даваад л өнөөх сайхан амьтад урдаас бараг л инээгээд зогсож байх ухааны юм бодсон. Гэтэл намрын шаргал элсэн толгод, халиуран шаргалтах өвс ургамлаас ялгагдахааргүй зүсний амьтад байгалийг чимэн зогсож байснаа манай машины дуугаар хуйлран хурдлан толгодоос толгод даван алга болох нь тэр. Бид ч араас нь хөөцөлдлөө. Байгаль хамгаалагч нөгөө талаас нь ойртуулах гэж үзлээ. Жижигхэн хөөрхөн унагатай сүрэг бараа сураггүй алга болов. Өөр нэг сүрэг биднийг харангуут цааш хурдлав. Би ч араас нь зураг авах санаатай гүйв. Машин ч миний араас тэрхүү элстэй толгод руу уухилан ухасхийв. Нэгэнт гүйчихсэн, зугтчихсан сүрэг хэсэгтээ тогтдоггүй, хэдэн цаг гүйдэг гэж тахь судлаач маань аргаа баран ярив. Нэлээд хүйтэн салхитай өдөр байсан тул бид ч ихэд ядрав. Жолооч маань одоо цааш явбал машин эвдрэх аюултайг сануулснаар бидний тахь хөөцөлдөх ажиллагаа өндөрлөв.

Завхан аймаг, Дөрвөлжин сум, Хомын тал. Тахь судлаач Б.Лхагвадоржийн хамт 2024.10

Жуулчны бааз руу явахдаа замд тааралдах ганц нэгээрээ зогсох тахийн зургийг авлаа.Тэд бусад шигээ зугтсангүй, хөдлөх ч үгүй зогсоно. Учрыг нь лавлавал, залуу тахиуд нь сүрэг авахаар биеэ бэлдэж, зайдуухан ганцаар идээшилж байгаа, хөгшин тахь бол сүрэг авч чадахгүй учраас ганц хоёроороо ийн явдгийг мэдлээ. Бас л сонин ертөнц юм. “Маргааш би байгууллагынхаа машинаараа явж, тахийг жинхэнэ утгаар нь харуулна” гэж Б.Лхагвасүрэн хэлэв. Би ч өнөөдрийнх шиг юм болох байх гэж бодоод юм дуугарсангүй. Маргааш боллоо. Тусгай хамгаалалттай газар гэсэн машинаар явлаа. Гурван км хиртээ яваад байгаль хамгаалагч маань дурандав. Жижигхэн элсэн гүвээ давлаа, алга. Дахин нэгийг давлаа. Гэтэл нэг сүрэг тайван идээшлэн зогсож байна шүү. Зэсийн сүрэг байна гэж тахь судлаач танимхайрав. Одоо ч зугтчих байх даа гэж бодоод би машинаас хурдлан бууж, камераа гаргав. Нэлээд хэдэн зураг дарж амжлаа. Би гайхав. Нөгөөдүүл маань хүн, машин ирсэн чинээ тоосон шинжгүй байна. Өчигдрийн ум хумгүй зугтан гүйлдэж байсан сүрэг өнөөдөр амар тайван бэлчээрлэх аж. Харин азарга нь бололтой, нэг тахь толгой хөдөлгөхгүй биднийг ажин харж зогсоно. Тэд үнэхээр машинаа, хамгаалагчдаа дуу, үнэрээр нь таньдаг юм байна гэдгийг ингэж баталсан юм.

Тахь маш ухаалаг бөгөөд эмзэг амьтан гэж тахь судлаачийн хэлдэг ч оргүй бололтой. Зоо паркийн хашаанаас онгон зэрлэг байгальд ирсэн амьтдыг зэрлэгшүүлэх бодлого баримталж ажилладаг талаар дээр дурдсан. Үүний тулд хамгаалагч, судлаачид зай барьж, алсын зайнаас ажиглалт, судалгаагаа хийдэг аж. Тахийг үзэхээр Европоос жуулчид түлхүү ирдэг гэнэ. Биднийг очих үед Австралийн их сургуулийн судлаач ирсэн, ойр хавийн малчин айлуудаар орж, ярилцаж яваа гэж байв. Байгалийн энэ зэрлэг амьтныг дагасан аялал жуулчлалын үйл ажиллагааг “Хомын талын тахь” ТББаас явуулаад эхэлж. Алдарт Завханы голын хөвөөнөө 00 жорлонгийн асуудлыг бүрэн шийдсэн ая тухтай жуулчны бааз ажиллаж байна. Зөвхөн хамгаалалтад аваад зогсохгүй тухайн газарт байгальд ээлтэй хөгжлийн бодлого, зохистой менежмент хэрэгжиж буйн жишээ энэ юм.

Хомын тал нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт буюу Их нууруудын хотгорт оршдог, Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Бага нуур, Дөргөн нуур, Завхан гол, Тээлийн голоор хүрээлэгдсэн, ус намгархаг газруудтай, өмнө талаараа өндөр элсэн манхнуудаар хашигдсан байгалийн маш өвөрмөц тогтоцтой “арал” юм. Энэ өвөрмөц байдал нь ямар ч амьтны хувьд аюулгүй, таатай амьдрах орчин болдог. Магадгүй зарим амьтны хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болно. Түүнчлэн эрт үеэсээ л тахь тархан байсан уугуул нутгийн нэг юм билээ. Цөлөрхөг хээрийн экосистем зонхилж, олон зүйл туруутан амьтдын тааваараа өсөж үржих, шилжин нүүх коридор нутаг болдгоороо онцлогтой. Энэ бүхэн мэдээж тахь нутагшуулахад тохирох хамгийн тэргүүн чухал шалтгаан байсан.

Монгол Улсад гурван газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжиж байгаа. Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтайн тахийн тал, Завхан аймгийн Хомын тал. Тахийг эх нутаг нь авчирснаар ямар эерэг давуу тал бий болж байна вэ гэсэн асуултад Хомын талаар жишээлэн хариулъя. Хомын талд тахь ирснээр биологийн олон янз байдал хамгаалалтад багтаж, хүрээлэн буй орчны чанар сайжирснаар бүхий л амьтдын хувьд диваажин болж байгаа юм. Мөн бүс, орон нутгийн экологи, эдийн засаг, нийгмийн үнэ цэн өсдөг гэдгийг Ц.Мөнхбат онцлов. Тухайлбал, Хомын талд тахь нутагшуулж, бүс нутгийг хамгаалалтад авснаар цагаан зээр, монгол бөхөн, хар сүүлт, янгир, зэрлэг гахай зэрэг нэн ховор зүйл амьтны тоо толгой өсөж, маш олон зүйлийн шувуу үрждэг, дайран өнгөрдөг нүүдлийн зам нутаг болжээ.

Түүнчлэн Завхан гол дагуух зэрлэг чацаргана, бургасан ойн байгалийн нөхөн сэргэлтийг дэмжсэнээр эзлэх талбай 100 га-аас 1000 гаруй га болж тэлсэн. Одоо тахь болон бусад амьтан Завхан голоос ус уухад нь саад болохуйц тийм ширэнгэ шугуй бий болсныг дурдъя. Дэлхий дахинаа хурдтай явж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгалийн унаган төрхийг хэвээр нь хойч үед үлдээх үр дүнтэй ажлуудын нэг бол тахь сэргээн нутагшуулах гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тахь нутагшуулах төслүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, тахь байгальд дасан зохицож өсөн үржиж байгааг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд үнэлж байна. Тиймээс технологи, санхүү хөрөнгөөр дэмжиж тусалж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулаад явж байна.

Тахь хамгаалал гэдэг бол харахад амар хялбар мэт боловч цаанаа асар их хөрөнгө оруулалт, асран хамгаалал, хайр энэрэл агуулж байдаг ертөнц ажээ. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, онгон дагшин байгалийг ирээдүй үедээ өвлүүлэн үлдээхэд тахь хамгааллын энэ ажил томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Хомын талын чимэг болсон тахийн ертөнцөөр аялахад сэтгэл татам, бахдам, хайр хүрэм байлаа. Говь, ус ургамал, ховор ан амьтан өсөн үржих энэхүү таатай нутагт амар тайван ноёлж, агаар усны сайханд амтшин амрах бөлгөө.

 

Д.Бэхбаяр