Тогтворжуулсан татвар гэж юу вэ

Mongolian Economy
2022-03-24 16:49:56
Ангилал: ME-Товч тайлбар

 

“Mongolian Economy” сэтгүүл эдийн засаг, бизнесийн салбарын тун чухал боловч тэр бүр ойлгоход амар бус, зөвхөн эдийн засагч, судлаачид л мэдэх ёстой мэт ойлгогддог нэр томьёог жирийн иргэд, уншигчдадаа ойлгуулах, таниулах зорилгоор “МЭ-Товч тайлбар” цувралыг эхлүүлж байна.

Эхнийх нь томоохон төсөл, хөтөлбөрүүдэд түгээмэл хэрэглэгддэг Тогтворжуулсан татвар хэмээх ойлголт юм. Тус татварыг хэрэглэх нөхцөл, хууль эрхзүйн орчин, ач холбогдлын талаар дор өгүүлэв.

Тогтворжуулсан татвар гэж юу вэ: Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 4.1.1-д хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулахаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан байдаг.

Улмаар хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх гэж тусгаж өгчээ.

Практик жишээ: Монгол Улсын тухайд энэ талаарх онцлох жишээ бол мэдээж Оюутолгой мега төсөл юм. 2009 онд Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус гэрээнд төслийн хөрөнгө оруулагч тал нь тогтворжуулсан болон үл тогтворжуулсан татвар төлөх талаар тусгасан байдаг.

Түүнчлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар стратегийн ач холбогдол бүхий орд газар эзэмшиж, ашиглаж байгаа болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй нийт 17 компани тогворжуулалтын гэрчилгээ авсан байна.

Ач холбогдол: Тогтворжуулсан татвар нь гадаадын хөрөнгө оруулагч татах, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нөлөөлдөг нэн чухал хүчин зүйлийн нэг юм.

Татварыг ийн тогтворжуулж байгаа нь аливаа улсын Засгийн газрын зүгээс татварын орчныг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь тогтвортой байлгах үүрэг амлалт авч байгаа хэрэг юм. Ингэснээр Засгийн газрын зүгээс таатай нөхцөл санал болгоод, хөрөнгө оруулалт орж ирэнгүүт нь үүнийгээ өөрчлөх явдлаас урьдчилан сэргийлж байгаа болно.

 

Татварын ерөнхий газартай хамтран бэлтгэв

 

 

 

Mongolian Economy