“Тогтвортой Санхүүгийн долоо хоног 2023” амжилттай болж өндөрлөлөө

B Shurenchimeg
2023-06-16 17:57:59
Ангилал: Мэдээ Санхүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Тогтвортой Санхүүжилтийн долоо хоног 2023” хэлэлцүүлэг, цуврал арга хэмжээ зургаадугаар сарын 13-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Өнөөдөр “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын санхүүжилт” болон “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” сэдэвт салбар хуралдаан Шангри-Ла зочид буудалд болсон.

“Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” хуралдааныг нээж, Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар үг хэллээ. Тэрбээр “Бид санхүүжилтийн хөшүүргийг ашиглах замаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицох үндэсний зорилтод хувь нэмрээ оруулах юм. Үүн дотор, хүлэмжийн хийг бууруулах зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт малын чанар, ашиг шимийг сайжруулахад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан дэмжлэг үзүүлж ажиллана” гэлээ. Төрийн банк 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн  холбоонд элсэж, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэхээс эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтод үйл ажиллагаагаа нийцүүлэн, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн бөгөөд тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанд онцгойлон анхаарч буй юм. 

Уг салбар хуралдаанаар Монгол Улсын тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх асуудлаар өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тус хэлэлцүүлэг нь тогтвортой хөдөө аж ахуйн салбарын бодлого, бодлогын урамшуулал, тэдгээрийн үр нөлөө, тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгслүүдтэй холбоотой бодлогын дүр зургийг тоймлон харуулах зорилготой байсан юм. Мөн уг салбар хуралдааны үеэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тэдгээрийн бүтээгдэхүүний тогтвортой байдлыг сертификатжуулах, шошгожуулах тогтолцоог бий болгоход голчлон анхаарлаа. Илтгэлүүдийн дараа оролцогчид тулгамдаж буй саад бэрхшээлийг зохицуулах арга хэмжээ, боломжит шийдлүүдийг тодорхойлох зорилгоор дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогч талуудын хэлэлцүүлгээс гарсан үр дүнг панель хэлэлцүүлгийн үеэр танилцуулж, ярилцсан бөгөөд үүнээс гарсан үр дүн, санал дүгнэлтийг нь товч зөвлөмжийн баримт бичиг болгон нэгтгэж, холбогдох зохицуулагчид болон бусад байгууллагуудад хүргүүллээ.

Харин “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын санхүүжилт” сэдэв хуралдаан нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны экосистемийг бүрдүүлэх замаар барилгын салбарт эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулахад шаардагдаж буй бодлогын орчин, технологийн шийдэл, санхүүжилтийн механизмуудыг өндөр түвшинд хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой байлаа.  Энэ үеэр “Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууцыг хөгжүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ”, “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологийн шийдлүүд, боломж ба сорилтууд”, “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын санхүүжилт ба үр дүнг хэмжих ХасБанкны туршлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

ХасБанк нь уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр тэргүүлэгч банкны хувьд ААН болон иргэдийн хэрэглээний дадлыг сольж, үр ашигтай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шаардагдах шийдлүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэхээс гадна иргэд, ААН-үүдэд эрчим хүчний хэмнэлт, түүний үр ашгийг таниулан сурталчлах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Мөн хэлэлцүүлгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууцны бодлогын орчин, Монгол Улсад үр дүнтэй туршигдаж, батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, тэдгээрийг өргөн хүрээнд нэвтрүүлэх, хүртээмжийг дээшлүүлэхтэй холбоотой шийдлүүд, ногоон санхүүжилтийн боломжит механизмуудыг танилцууллаа. 

Хэлэлцүүлгээс гарсан санал, шийдлийг тусгасан баримт бичгийг “Салбар хуралдааны товч зөвлөмж” хэлбэрээр бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, бусад оролцогч, дэмжигч байгууллагуудад хүргүүлэх аж.

“Тогтвортой Санхүүжилтийн долоо хоног 2023” цуврал арга хэмжээний гурав дахь өдөр Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ыг баталсан.  

Уг таксономийг баталснаар улсын хэмжээнд аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын тогтвортой хөгжлийн зорилтод оруулж буй хувь нэмрийг бүртгэх, тайлагнах, дотоодын болон гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх эхлэл тавигдаж байгаа юм. Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)-ноос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “ТХЗ-уудын санхүүжилтийн Таксономи”-ийн баримт бичиг, ангиллыг олон улсын болон дотоодын сайн туршлага, стандартын дагуу боловсруулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг тусган, Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан. Ингэснээр Монгол Улс ТХЗ-ын таксономи баталсан дэлхийд анхдагч улсуудын нэг боллоо.  

Ийн “Ногоон таксономи”-ыг баталсны дараа “Тогтвортой Санхүүжилтийн долоо хоног 2023” арга хэмжээний үеэр ХААН Банк Монголын анхны ногоон бондыг гаргахаар болсноо зарлав. ХААН Банк дотооддоо анхны ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Тус банк өнгөрсөн гуравдугаар сард олон улсын зах зээлд хаалттай хүрээнд Монгол Улсаас анх удаа “Ногоон” бонд гаргаж байсан бол энэ удаа Монголын хөрөнгийн бирж дээр дотоодын анхны ногоон бондыг гаргаж байгаагаараа онцлог болж байна. 

Энэ жилийн “Тогтвортой Санхүүжилтийн долоо хоног 2023”  (ТоС долоо хоног) цуврал арга хэмжээ нь олон улсын хэмжээний ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж, өөрийн орны туршлага, сайн жишээг таниулан хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монголын Тогтвортой хөгжлийн зорилтуудын Таксономийг батлан танилцуулсан зэрэг олон томоохон үйл явдал дүүрэн олон улсын өндөр түвшний уулзалт, арга хэмжээ боллоо.

 

 

 

 

 

B Shurenchimeg