ТОП-100 аж ахуйн нэгжийг “Оюутолгой” компани тэргүүллээ
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа. 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн ТОП-1 дүгээр байранд “Оюутолгой” ХХК шалгарлаа. Цом, өргөмжлөлийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар “Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнд гардуулан өгөв.
ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн орлого, төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн таван гол үзүүлэлтийг харгалзан үздэг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна. ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж, төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа бөгөөд эдгээрт ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.
“Оюутолгой” ХХК-ийн хувьд 2024 оны гуравдугаар улиралд 363 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. Тус компани үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 2010 оноос хойш 45.7 их наяд төгрөг дотоодод зарцуулсан байна.
-“Оюутолгой” ХХК аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.17 байснаар, 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо амжилттай биелүүлжээ.
-Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ус ашигладаг бол, “Оюу толгой” компанийн хувьд нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2024 оны гуравдугаар улиралд 0.37 шоо метр ус ашигласан) ус зарцуулдаг.
-2010 оноос хойш нийт 45.7 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төлсөн. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
-Гуравдугаар улирлын байдлаар нийт 917 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 609 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг дотооддоо зарцуулжээ.
-2023 оны III улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 19 хувиар өссөн нь гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч, баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон цаг агаарын таагүй байдал нь ил уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж, үйлдвэрлэл өмнөх улирлаас 5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-Гүний уурхайн 0-р Панел нийт 120 хүдэр буулгуурыг нээж, энэ улиралд зургааг ашиглалтад орууллаа. Энэ улиралд гүний уурхайгаас 2.05 хувийн дундаж зэсийн агуулгатай 1.5 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.39 хувийн дундаж агуулгатай 7.4 сая тонн хүдэр боловсрууллаа. Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, 2028-2036 онуудад гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) олборлох зорилготой ажиллаж байна.
ТОП-10 аж ахуйн нэгж:
ТОП-10 “АПУ” ХК
ТОП-9 “ХҮРЭН ТОЛГОЙ КОЛЛ МАЙНИНГ” ХХК
ТОП-8 “ПРЕМИУМ НЕКСУС” ХК
ТОП-7 “НИК” ХХК
ТОП-6 “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” ХК
ТОП-5 “ГОЛОМТ БАНК” ХК
ТОП-4 “МОНГОЛЫН АЛТ МАК” ХХК
ТОП-3 “ХААН БАНК” ХК
ТОП-2 “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК
ТОП-1 “ОЮУ ТОЛГОЙ” ХХК