Тусгаар тогтнолыг усаар баталгаажуулав
Ердөө л хагас зууны тэртээд Сингапур нь усаа картаар олгодог, хөлөг онгоцны хог хаягдалд дарагдсан, гахайн ферм, жорлонгийн бохир нь урсаж ордог, нэг ч загасгүй гол хот дундуур нь урсдаг, тусгаар тогтноод удаагүй улс байв. Харин өдгөө усны засаглалаар дэлхийд манлай улс. Хэцүү цаг үед тэсэж үлдэхийн тулд, хөгжихийн тулд, дэлхийд тэргүүлэхийн тулд Сингапурын эрх баригчид газар нутгаа, засаглалаа, ард түмнийхээ санаа бодлыг усны дусал бүрийг хэмнэхийн төлөө чиглүүлж байна.
Усны улстөржилт
Малайз гэдэг улс Сингапурт ус зардаг мөртлөө цэвэршүүлсэн ус Сингапураас худалдаж авдаг. Учир нь, ундны усны гол эх үүсвэр Малайзын Жохо гол шууд уух хэмжээний цэвэрхэн устай биш. Малайзууд өөрсдөө цэвэршүүлэх байгууламж бариад түвэгтэй процессыг удирдаж байснаас Сингапурт даатгачих нь хамаагүй зардал багатай хувилбар. Харин Сингапурт ус импортлох хэрэгцээ зайлшгүй учир ингээд ч болтугай Малайзыг хавхалж аваад өгөө аваатай харьцаж байх нь дээр. Хэдий Малайзын Жохо мужыг цэвэр усны хувьд өөрсдөөсөө харьяалалтай болгосон ч малайзууд усыг маань хямдхан авч байна, бидэнд ашиггүй байна гэж үе үе гомдоллож, айлгадаг учир сингапурчууд араа бодож, эх үүсвэрээ төрөлжүүлэх ажилд шамдаж буй талаар Сингапурын их сургуулийн Төрийн бодлогын сургуулийн туслах Профессор Леон Чин сэтгүүлчид бидэнд тайлбарласан юм.
Нийт 720 ам км газар нутагтай тус улсад жилд 2300 мм-ийн хур тунадас ордог. Энэ нь манай орныхоос 10 гаруй дахин их хэмжээ ч хүн амын усны хэрэгцээг хангахад хангалтгүй. Мөн ус нөөцлөх хангалттай багтаамж, усан давхарга хомс учраас Сингапурын газар нутгийн үе үеийн эздийн хувьд усны хомсдол гэдэг манайхаар бол зудтай зүйрлэм гамшиг юм.
Тиймээс өнгөрсөн хугацаанд усныхаа дийлэнхийг импортолдог байв. Сингапурчууд хөрш Малайзаас ус импортлох анхны хэлэлцээрийг 1927 онд байгуулсан түүхтэй. Үүний дараа 1961 онд 50 жил, 1962 онд 99 жилийн хугацаатай Малайзын Жохор мужаас ус импортлох хэлэлцээр хийсэн юм. Улмаар энэ хоёр хэлэлцээрийг 1965 онд Сингапур улс Малайзын талтай тусгаар тогтнолын хэлэлцээр хийхдээ тус улсын Засгийн газраар баталгаа гаргуулж авсан аж. Тухайн үед газар нутаг дээрээ ердөө гурван л усан сантай, ихэнх усаа Малайзаас импортолдог байв. 1961 оны хэлэлцээр 2011 онд дуусахад талууд сунгаагүй. Харин 2061 онд дуусгавар болох 99 жилийн хугацаатай хэлэлцээр нь одоо хоёр улсын маргааны нэг том шалтгаан болдог.
2018 онд Малайзын ерөнхий сайд Махатхир Мохамад 1962 оны хэлэлцээр манай талд ашиггүй бөгөөд талууд өөд өөдөөсөө харж суугаад иргэншсэн хүмүүс шиг энэ хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байсан юм. Тус гэрээгээр Сингапурын тал 1000 галлон буюу 3.78 мянган литр усыг гурван центээр импортолж, цэвэршүүлээд, буцаагаад 50 центээр борлуулдаг. Үнийн энэхүү зөрүү маш их алдагдал үүсгэдэг гэж Малайзын Засгийн газар үздэг бол Сингапурын тал усыг тээвэрлэх, цэвэршүүлэх, түгээх бүх шат дамжлагын зардлыг дангаараа хариуцаж 1000 галлон тутамд 45 цент зарцуулдаг гэж хэлдэг.
Бохирдол дахин үүсэхээс болгоомжилсон эрх баригчид матарнаас болгоомжлохыг анхааруулсан тэмдэглэгээ хүртэл байрлуулж байжээ.
Тэгэхээр бид угаасаа ашиг харахгүйгээр, импортоо аюулгүй байлгахын тулд асар их ажиллагаа нуруун дээрээ үүрдэг гэж хэлдэг. 1962 оны гэрээ талуудад газар нутгийн маргаанаас дутахааргүй том улс төрийн зөрчил үүсгэсээр ирэв. Гэхдээ усны хангамжийн хувьд өөр улсаас хараат байгаа нь Сингапурт усны урт хугацааны оновчтой бодлого хэрэгжүүлж, усны засаглал, технологиор дэлхийд тэргүүлэх давуу тал болжээ.
Үндэсний 4 цорго
Усыг засаглах бодлогыг түүчээлэгч Ли Куан Ю “Сингапурын хувьд усны бодлого нь бурхан бөгөөд бусад бодлого нь хөлд нь байж, уялдан дагах шинжтэй байх учиртай” гэж үзэж анхнаасаа суурийг нь тавьжээ. Тус улсын усны хэрэгцээ өдөрт 430 сая галлон буюу 1.6 тэрбум литрээр хэмжигддэг. Энэ хэрэгцээг дөрвөн эх үүсвэрээр бүрдүүлдгээс хоёр нь байгалийнх, үлдсэн хоёр нь технологийн хөгжлийн үр дүн юм. Байгалийн эх үүсвэрийг Малайзын Жохор мужаас импортолдог уснаас гадна хурын ус бүрдүүлдэг. Тусгаар тогтносон цагаасаа иргэдийн амьжиргаа, ирээдүйн хөгжилд ус хамгийн чухал гэдгийг ухаарсан эрх баригчид цаг алдалгүй 1972 онд усны мастер төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх тусгай нэгж байгуулсан байна.
Улмаар Сингапур гол болон арилжааны гол дүүрэгт байрладаг Каллангийн сав газрыг бохирдлоос нь салгахад Засгийн газрын бүрэлдэхүүний 11 байгууллага хамтран 1977-1987 оныг хүртэл 10 жилийн турш ажиллав. Гахайн 610, галууны 500 фермийг нүүлгэж, гудамжны худалдаачдыг хоолны төвүүдэд шилжүүлэн, хөлөг онгоц, завь зэргийг зүүн бүсэд төвлөрүүлжээ. Үүнээс гадна боловсон жорлонгүй, туйлын хүнд нөхцөлд амьдарч байсан орон гэргүй 46 мянган иргэнийг орон сууцны хороолол руу нүүлгэх ажил хамгийн хүнд байсан гэдэг.
Нийтдээ 260 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж, 1987 он гэхэд дахин төлөвлөлт хийж дууссанаар өнөөх өмхий гол загас амьдрахад хангалттай цэнгэг болсон байв. Бохирдол дахин үүсэх вий хэмээн болгоомжилж зүрхшээсэн төр захиргааны байгууллагууд эхэндээ иргэдийн хөл хөдөлгөөнийг аль болох хориглож, усан сангуудын ойролцоо матарнаас болгоомжлохыг анхааруулсан тэмдэглэгээ хүртэл байрлуулж байжээ.
Одоогоор борооны усыг тосож хуримтлуулан, цэвэршүүлэх зориулалттай 17 усан сан бий бөгөөд газар нутгийнх нь 66 хувийг эзэлдэг энэ байгууламжийг цаашид үе шаттай нэмэгдүүлнэ. Одоо импортын болон хурын ус нийт усны хэрэгцээний 60 орчим хувийг хангадаг. Алсдаа усны импортыг бүрэн орлож, аюулгүй байдлаа хангах урт хугацааны бодлого нь өндөр технологид суурилж буй. Хүн амын усны хэрэглээнд аль болох их хэмнэлт хийх, усаа дахин ашиглах урт хугацааны бодлогын хүрээнд ус цэвэршүүлэх анхны үйлдвэрийг 1975 онд нээв. Энэ бол усны эх үүсвэрийг төрөлжүүлэх гурав дахь “цорго” нь. Гэвч технологи нь шаардлага хангахгүй, эдийн засгийн хувьд ч үр ашиггүй байсан учраас хаахаас өөр арга байсангүй. Харин 1998 онд Сингапурын Тогтвортой байдал, байгаль орчны яамны дэргэдэх Нийтийн аж ахуйн зөвлөл усны нөхөн сэргээлтийн судалгаа хийж улмаар шинэ мянганы зааг дээр анхны ус цэвэршүүлэх үйлдвэрээ барьж эхлэв.
Ариутгах татуургын системээс ашигласан усыг цэвэршүүлж, микрофильтраци, урвуу осмос, хэт ягаан туяагаар ариутгах замаар усыг цэвэршүүлдэг NEWater үйлдвэр 2003 онд ашиглалтад орсноор өдгөө нийт усны хэрэгцээний 40 орчим хувийг хангаж байна. Усны чанар нь ДЭМБ, АНУ- ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн стандартыг хангадаг, ундад хэрэглэх боломжтой ч аж үйлдвэр болон хуурайшилттай улиралд усан сангуудаа дүүргэхэд голдуу ашигладаг аж. Харин усны дөрөв дэх “цорго” нь 2005 онд ашиглалтад орсон далайн усыг давсгүйжүүлэх үйлдвэр юм. Ийм үйлдвэр одоо гурав байгаа бөгөөд ирэх 10 жилд дахиад хоёрыг байгуулах зорилттой. Гэхдээ өртөг нь NEWater-аас хоёр дахин өндөр. Өртөг өндөр байгаа гол шалтгаан нь эрчим хүч. Үйлдвэрт далайн усыг эсрэг даралттай мембранаар шахаж 1000 л цэвэр ус гаргаж авахад цагт 3.5-4 киловатт эрчим хүч зарцуулдаг.
Тиймээс Сингапур улс электрохимийн аргаар усыг давсгүйжүүлэх буюу далайн уснаас цэвэр ус гаргах том хэмжээний туршилтын үйлдвэр барьж байгаа бөгөөд энэ нь дээрх эрчим хүчний хэрэглээг хоёр дахин бууруулна гэж найдаж байгаа аж.
Түүнчлэн эрдэмтэд хүний бөөрний давс шүүдэг үүргийг түшиглэн далайн усыг давсгүйжүүлэх технологийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Мэдээж энэ ажил цаг хугацааны хувьд нэлээд хэдэн жил шаардана. Бөөр давсыг шүүхдээ чухам яаж ажилладаг нарийн алхам бүрийн талаар их, бага ямар нэг хэмжээгээр ойлголттой болсон. Одоо үүнийгээ хэрхэн инженерчилж, биежүүлж, эмзимийн процессийг олох нь чухал аж. 2060 он гэхэд Сингапурын усны хэрэглээ 2016 оныхоос хоёр дахин ихсэх тооцоо бий.
Тиймээс усны хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хажуугаар хэмнэлт хийхэд ихээхэн анхаарч буй. Одоогийн байдлаар нэг хүнд өдөрт ногдож байгаа 148 литр усыг 2060 он гэхэд 124 литр болгож бууруулна. Үе шаттай хэрэгжүүлж буй эл бодлогын хүрээнд 2017 оны долдугаар сараас нэг жилийн хугацаанд усны төлбөрийг хоёр үе шаттайгаар нийт 30 орчим хувиар нэмсэн байна. Үүний үр дүнд өдөрт 165 литр байсан усны хэрэглээ 148 литр болж буураад байна.
Сингапурын усны хангамж
“Усны хангамж бол төлбөр шаарддаг үйлчилгээ. Ус нь үнэгүй шахам мөртлөө усны сайн менежменттэй улс гэж байхгүй” хэмээн Сингапурын Усны бодлогын институтийн дэд захирал, доктор Леон Чин судалгааны ажилдаа бичсэн байдаг. Сингапур улс усны бодлогыг нэгтгэж чадсанаараа өдгөө усны засаглалаар үлгэр жишээ болсон. Ихэнх улсад үер усны гамшгаас сэргийлэх болон усны хэрэгцээг хангах асуудлыг тус тусдаа байгууллагууд хариуцдаг.
Харин Сингапурт PUB (Public Utilities Board) буюу Нийтийн аж ахуйн зөвлөл нь усны бодлого, хэрэгжилтийг бүхэлд нь хариуцдаг агентлаг юм.
Өнөөдрийн түвшинд хүрэхэд шинжлэх ухааны үнэмлэхүй ололт бус улс төрийн хүсэл зориг л чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд бүх салбарыг УС гэсэн нэг зорилгод чиглүүлэхэд Засгийн газар манлайлж оролцсон нь энэ бүх амжилтын нууц. Аа гэхдээ, үүнээс илүүг хийх ёстойг усаар мэргэшсэн зарим эрдэмтэд хэлдэг. Учир нь, Сингапурын усны эх үүсвэрийн дийлэнхийг хангадаг Малайзын Жохо гол өдгөө хатах, усны хомсдолд үе үе орох болсон нь аюулын харанга дэлдэж буй. Усаар мэргэшсэн профессор Асит K Бисвас “2030 он гэхэд нэг хүнд ногдох усны хэрэглээг 140 литр болгоно гэсэн нь цаг үеийн шаардлагатайгаа нийцэхгүй зорилго. Хүн эрүүл амьдрахад өдөрт 75 литр ус хэрэгтэй гэж бидний хийсэн судалгаа байдаг. Тэгэхээр бид илүү амбицтай зорилго тавьж, эрсдэлээ багасгахад ард иргэдийнхээ ухамсар, хүчийг ашиглах нь зөв” гэж үзэж байна.
Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны 01, 02-р сарын дугаар (№171, 172)