Тэрбумын зах зээл дэх монгол тоглоомууд
Энтертайнмент ертөнцийн “нүүр царай” болсон кино, дуу хөгжим зэрэг уламжлалт салбарыг видео тоглоомын зах зээл хэдийнэ ардаа орхижээ. Тус салбар өдгөө хөгжим, кино урлагийн салбарын орлогыг нийлүүлснээс ч их ашиг олж байна. 2019 онд дэлхийн кино урлагийн салбарын орлого 103 тэрбум ам.доллар, хөгжим, дуу бичлэгийн салбар 27 тэрбум ам.доллар байсныг “IBISWorld”-ийн зах зээлийн судалгаанд дурджээ. Тэгвэл видео тоглоомын салбарын орлого өнгөрсөн онд есөн хувь өссөнөөр 152.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2022 он гэхэд эл салбарын орлого 196 тэрбумд хүрнэ гэсэн таамгийг зах зээлийн судалгааны “Newzoo” компани гаргажээ.
Эх сурвалж: Newzoo Global Games Market Report
Хэдэн тэрбум доллароор хэмжигдэх тоглоомын зах зээлд бид зөвхөн хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох анхны алхмыг видео тоглоомд дурлагч залуус хийгээд байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр “Beer night studio”-ийн хамт олон “Fragile” 2D видео тоглоомынхоо демо хувилбарыг дэлхийн видео тоглоомын хамгийн том платформ болох “Steam”-д оруулсан. Монголын анхны сонирхогчийн бус гэдгээрээ онцлог уг тоглоомыг долоон мянга гаруй хүн тоглож, “Steam” дээрх демо хувилбарууд дундаа хамгийн их хандалттай тоглоомын жагсаалтад багтжээ. Тоглоомыг бүтээгчид “Kickstarter” платформоор дамжуулан 20 мянган ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөсөн ч товлосон хугацаандаа шаардлагатай хөрөнгөө босгож чадаагүй аж. Кампанит ажил хэдий амжилтгүй болсон ч “Beer night studio”-ийн хамт олон тоглоомынхоо бүрэн хувилбарыг энэ оны тавдугаар сард багтаан гаргахаар зорьж байгаа аж. Ташрамд дурдахад ийм төрлийн тоглоом дэлхийн зах зээлд дунджаар 10-20 орчим ам.долларын үнэтэй борлуулагддаг.
Видео тоглоомын салбарын гуравны нэгийг бүрдүүлж буй гар утасны тоглоомын салбарт ч манай хөгжүүлэгчид амжилт гаргаад байна. “Hyper casual” буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай төрлийн тоглоомыг амжилттай хөгжүүлж буй Монголын гурван компани бий. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Nomadic Bear” компани нийт 40 гаруй тоглоом бүтээснээс хамгийн амжилттай нь нийт 14 сая удаа татагдсан “Ball shoot” юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнес урсгалыг системчлэн удирдах боломжийг олгодог “Alchemist” платформоор тус компани анхлан орлогоо бүрдүүлдэг байсан бол эдүгээ тоглоомоос олсон орлогоороо санхүүжих хэмжээнд хүрээд байна. Харин “Black Candy” компанийн “Commuters!” тоглоом 3.8 сая таталттайгаар АНУ, БНСУ зэрэг найман улсын “Аpp Store Top Chart”-ийн эхний тавд багтжээ. Энэ салбарын өөр нэгэн төлөөлөгч болох “Stone Axe” компани нийт 14 тоглоом хөгжүүлсэн бөгөөд хамгийн амжилттай “Traffic turn” тоглоом нь таван сая удаа татагдсан. Тэдний бүтээсэн тоглоомууд АНУ-ын “App store”-ийн топ 5 болон топ 10-т багтаад байна.
Энэ төрлийн тоглоом хөгжүүлэгчид орлогоо гол төлөв сурталчилгаанаас олдог бөгөөд таталт өндөртэй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн тоглоомнууд сурталчилгаанаас хамгийн багадаа 200 мянган ам.доллар олдог байна. Түүнчлэн орлогын хэмжээ нь “publisher” буюу хамтарч буй маркетингийн компанитай хийсэн гэрээнээс хамаарч ялгаатай байдаг ажээ.