Тэтгэвэр шийтгэл биш
Араатан амьтан байгалийн шалгарлаар амьдардаг бол ухамсарт хүний нийгэмд үүнээс эсрэг хууль үйлчилдэг нь иргэддээ тэгш боломж олгож, ялгаварлалгүй ханддаг эрх зүйн систем юм. Үүний ачаар нийгэм эмзэг хэсгээ чирээд ч атугай нийтээрээ урагшилж, улс орон хөгждөг. Нийгмийн ийм ололтын нэг нь хөдөлмөрийн үр шимээ шударгаар хүртэж, аз жаргалтай өтөлдөг нь тэтгэврийн систем юм. Бидний үлгэр дууриал авч, хөгжлийн туршлага судалдаг ихэнх оронд ахмад үеийнхэн нь аз жаргалтай, дутагдах гачигдах зүйлгүй аж төрдөг нь тэтгэврийн тогтолцоо нь гурван тулгууртай байдагтай холбоотой. Эхнийх нь улсаас олгодог суурь тэтгэвэр бөгөөд энэ нь тухайн иргэний ажилласан жил, төлж байсан шимтгэлээс үл шалтгаалан өндөр настай болсон иргэн бүртээ олгодог тэтгэмж юм.
Хоёр дахь нь хувийн хэвшлийн оролцоотой хэрэгждэг тулгуур. Ажил олгогч, ажилтан, хувийн тэтгэврийн сангийн гурвалсан гэрээний үндсэн дээр цалингийн тодорхой хувийг сар бүр тэтгэврийн санд бүртгэлтэй нэрийн дансандаа хуримтлуулдаг. Энэ нь заавал даатгуулах журмаар хэрэгжих ба тухайн иргэн хуримтлалаа тогтмол хянах боломжтой. Гурав дахь нь сайн дурын хуримтлалд суурилдаг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн тэтгэвэрт төлдөг шимтгэлээс гадна хүсвэл орлогынхоо тодорхой хувийг тэтгэврийн санд хуримтлуулж болно.
Хоёр, гурав дахь тулгуурын хувьд иргэдийн хуримтлалыг тухайн тэтгэврийн сангууд санхүү, хөрөнгийн зах зээлээр дамжуулан ашигтай хувьцаанд хөрөнгө оруулж, өндөр өгөөжтэй бонд худалдан авах, хадгаламжид хийх зэргээр өсгөдөг. Үүнээс олсон орлогын тодорхой хувийг үйлчлүүлэгчдэдээ өгөөж болгон хуваарилдаг. Товчхондоо, иргэдийн хуримтлуулж буй мөнгийг өсгөж үржүүлэх нь сангийн үндсэн үйл ажиллагаа юм. Тиймээс тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоог дагаад өнөөгийн банкны салбар шиг бүхэл бүтэн цогц систем бүхий сангууд бий болно гэсэн үг. Иргэдийн тэтгэврийн найдвартай байдлыг хангахын тулд тэдгээр хувийн тэтгэврийн сангийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тухайн улс орны төв банк зохицуулалт хийж, хяналт тавьдаг. Нөгөө талаас, тэтгэврийн сан болон иргэд, үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа нь санхүүгийн зохицуулах байгууллагын хяналтанд байдгийг “Голомт” банкны ерөнхий эдийн засагч Г.Ганзориг тайлбарласан.
Монгол Улсын хувьд тэтгэврийн сангийн үйл ажиллагаа нь ХНХЯ, НДЕГ, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний нэгдсэн эвлэлийн төлөөллийн удирдлага дор байдаг бөгөөд 130 жилийн тэртээ Германы Канцлер Отто фон Бисмаркын санаачилсан эв хамтын тогтолцоонд суурилдаг. Энэ нь одоо ажил эрхэлж буй хүмүүсийн төлсөн шимтгэлийг ахмад настнуудад хуваарилдаг зарчим бөгөөд тэтгэврийн тогтолцоонд зах зээлийн бус халамжийн бодлого давамгайлдаг гэсэн үг. Тиймээс социалист систем задран унасны дараа посткоммунист орнууд эв хамтын зарчим бүхий тэтгэврийн тогтолцоогоо зах зээлийн зарчимд нийцүүлсэн “гурван тулгуурт” буюу хуримтлалын хэлбэрт аажмаар шилжүүлж эхэлсэн. Нийгмийн шинжтэй тэрхүү шилжилт улс орон бүрт дардан байсангүй. Зарим нь шинэчлэлийг огцом хийх гэж оролдсоноос, нөгөө хэсэг нь улсын тэтгэврийн сангаа санхүүжүүлэхэд хүнд байснаас шинэчлэлээс буцсан, удаашруулсан тохиолдол бий аж. Тухайлбал, Польшид тэтгэврийн шимтгэлийн 19 хувиас долоог нь хувийн тэтгэврийн сангуудад шууд шилжүүлснээс улсын тэтгэврийн сан алдагдалд орж, алдагдлаа санхүүжүүлэхийн тулд өмч хувьчлал хүртэл явуулж байжээ. Тиймээс үүнээс сургамж авч, эхний ээлжинд шимтгэлийн 0.5-1 хувийг хувийн тэтгэврийн сангуудад шилжүүлэх замаар алгуур хийх нь зүйтэйг тэтгэврийн реформыг түүчээлж буй санхүүгийн мэргэжилтнүүд онцолж байна.
Тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэхийг одоо л эрх баригчдаас эрчимтэй шаардахгүй бол бид магадгүй 10 жилийн дараа ч тэтгэврийн зээл тэглэлээ гээд алга ташаад сууж байхыг үгүйсгэхгүй. Гунигтай биш гэжүү. Нийтээрээ шаардаж, нийгмийн захиалга болгож чадаагүй учраас монгол хүн бүр тэтгэвэрт гармагцаа амьжиргаа нь эрс мууддаг харгис нийгмийн золиос болсоор ирлээ.
Тэд жонглёрддог бөмбөг биш
Хүүхэд, хөгшид гээд нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн амлалт, шийдвэрүүд нь эрх баригчид улс төрийн оноо авах гэсэн цор ганц итгэл үнэмшилтэйг илтгэдэг. Эрх мэдлийг атгаж чадсан ч эргүүлээд тавьж чадахгүй байгаа улстөрчид байр сууриа хадгалж үлдэхийн тулд ахмад настнуудаар үеийн үед жонглёр тоглосоор ирсэн. Хамгийн сүүлийн жишээ бол, зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэвэр барьцаалсан иргэдийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль. АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч ард түмэндээ хандсан шинэ жилийн мэндчилгээндээ эл шийдвэрийг дайж, МАН-ын үнэмлэхүй олонхтой УИХ хууль болгон баталсан. Эсрэг, тэсрэг үзэл баримтлалтай хоёр намын улс төрийн оноо авч, эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх бай нь тэтгэвэр авагчид учраас тийнхүү “эвлэлдэн нэгдэж”, үзэл баримтлалаараа “сүлэлдлээ”.
Өнгөрсөн 30 жилийн түүхийг харахад ахмад настнууд эрх баригчдын хамгийн түрүүнд шүүрээд авдаг жонглёрын бөмбөг байсаар ирэв. Энэ тоглоомд ялагч байхгүй. Харин улсаараа ялагдсаар ирсэн. Ялагдлын шархыг эрх баригчид мэдэрдэггүй. Чин шударгаар хөдөлмөрлөсөн нь, хөдөлмөрлөж байгаа нь л хамгийн их мэдэрдэг. Энэ оноос Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг 2017 онд баталсан бөгөөд энэ удаад тэтгэвэрт гарах нас нь дөхсөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээр эрх баригчид жонглёрдох нь. Тэтгэврийн урт хугацааны тооцооллын мэргэжилтэн (актуарч) Д.Гантулга “Энэ хуулийг хоёр талаас нь харж болно. Хувь хүнд маш ашигтай нөхцөлтэй. Ирэх онд тэтгэвэрт гарах ч НДШ огт төлөөгүй иргэн уг хуулийг ашиглан энэ жил таван сая төгрөг төлснөөр сүүлийн 10 жилээ НДШ төлснөөр тооцуулж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр нас бартлаа тэтгэвэр авах эрхтэй болно.
1.4 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстойгоос 1.1 сая нь төлж байна. Зөрүү болох 300 орчим мянган иргэн нь малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэж тооцож буй аж
Өөрөөр хэлбэл, нэг удаа таван сая төгрөг төлөөд л жил бүр 3.2 сая төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг” гэв. Энэ хууль цөөнхөд хожоотой ч нийт тэтгэвэр авагч,одоогийн хөдөлмөр эрхлэгчдэд хорлонтой. Сонгууль угтсан улстөрчдийн ээлжит нэг сюрприз. Иймэрхүү оролдлого хэзээ ч тасрахгүй. Яагаад гэвэл тэтгэврийн тогтолцоонд ирээдүй алга. Энэ бүхний улмаас одоо ажил эрхэлж байгаа, ирээдүйд тэтгэвэрт гарах иргэд илүү хохирч байгааг тэрбээр тодотгосон. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар хөдөлмөрийн насны 1.4 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстойгоос 1.1 сая нь төлж байна. Зөрүү болох 300 орчим мянган иргэн нь малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэж тооцож буй аж. Хууль хэрэгжих нэг жилийн хугацаанд НДШ төлдөггүй иргэдийн хэчнээн хувийг хамруулж, хэр зэрэг орлого төвлөрүүлэхийг таашгүй. Харин нэг иргэний төлсөн шимтгэл 18 сарын дараачаас тэтгэврийн санд алдагдал болж хуримтлагдах нь баттай. Статистикаас харахад монгол хүний дундаж наслалт 70.1 бөгөөд тэтгэвэрт гарснаас хойш дунджаар 13 жил амьдарчбайна. Уг хуулийн үр дүнд НДШ нөхөн төлсөн иргэдийн шимтгэл тэтгэвэрт гарснаас хойших 1.5 жилд л хүрэлцэнэ. Харин үлдсэн 11.5 жилд авах тэтгэвэр нь санд алдагдал болон хуримтлагдах бөгөөд алдагдлыг нь одоо хөдөлмөр эрхэлж буй татвар төлөгчид нуруундаа үүрнэ.
Яг ийм хуулийг 2012 онд АН засаг барьж байхдаа мөн баталж байв. 2019 оноор дуусгавар болсон Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тэтгэврийн сан алдагдалтай ажиллахад нөлөөлсөн гэж шинжээчид үздэг. Тухайлбал, хууль хэрэгжсэний дараа жил буюу 2013 оноос Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 268.6 тэрбум төгрөг хуваарилж эхэлсэн. Түүнээс хойш жил бүр тэтгэврийн сангийн татаас нэмэгдэж, хагас их наядыг давсан. 2018 оноос ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хувь хэмжээг үе шаттай нэмсэн ч татаасын хэмжээ 2019 онд 605 тэрбум төгрөгт хүрэв. Нэг ёсондоо иргэдийн татвар төлсөн 19-20 төгрөг тутмын нэг төгрөг нь тус сангийн алдагдлыг бууруулахад зарцуулагдаж байна.
Харин энэ хугацаанд тэтгэврийн сангийн орлого жилд дунджаар 35.7 хувиар өссөн ч зарлага нь 36.8 хувиар тэлжээ. Гэтэл тэтгэвэр авагчдын дундаж өсөлт жилд 4.5 хувь байсан атлаа 2014 оноос огцом нэмэгдэж, өндөр насны тэтгэврийн хэмжээ 36.7 хувиар тэлсэн. Энэ нь тус сангийн зарлагын тэлэлттэй дүйж байна. Уг хууль хэрэгжсэнээр тэтгэврийн сан 707 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буйг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өнгөрсөн оны “Хөрөнгө оруулагч үндэстэн чуулган”-ы үеэр мэдээлсэн юм. Үүнээс гадна 2016 онд хэрэгжүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 16 мянга орчим хүний цалинг буруу тайлагнаж байсан нь илэрсэн гэдгийг тэрбээр нэмж дурдсан.
Монгол молиго
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг удирдах чадавх тус сангийн үйл ажиллагааг хариуцсан төрийн төв байгууллагад алга. Дампуурсан “Капитал” банкинд байршуулсан 105 тэрбум төгрөгийн шимтгэлийг одоог хүртэл олж авч чадаагүй нь хамгийн тод илрэл. Нийгмийн даатгалын тухай хуулиар сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон төв банкны үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар арвижуулах боломжтой. Гэвч одоогоор арилжааны банкинд л байршуулж, хадгаламжийн хүүгээс жилд 58-59 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд хуримтлагддаг. Хоёр жилийн хуримтлалтай тэнцэх мөнгийг “Капитал” банкинд “залгиулжээ”. Бас хүүгийн орлого нь сангийн алдагдлыг бууруулахад нөхөөс төдий явсаар байна. Зах зээлийн тогтолцоондолон нийтийн мөнгөнөөс сохор зоос ч дутаалгүй удирдаж, хяналт тавих нь төрийн үүрэг. Энэ үүргээ эс биелүүлж, улстөрчид тэтгэврийн сангийн мөнгөөр дэндүү наадаж байгаагийн улмаас сангийн алдагдал төсөвт дарамт болж, ахмад настнууд тэтгэвэртээ, ажил эрхлэгчид төлж буй шимтгэлдээ сэтгэл хангалуун биш байна. Үүнийг зогсоохын тулд тэтгэврийн тогтолцоогоо илүү хяналттай, шударга, мэргэжлийн удирдлагатай, хуримтлал нь өсөж үрждэг болгох ёстой.
Шинэчлэлийг эрчимтэй шаардахгүй бол 10 жилийн дараа ч тэтгэврийн зээл тэглэсэнд баярлаад сууж байхыг үгүйсгэхгүй
Тэтгэврийн системийг шинэчлэх хэрэгцээ аль эрт үүссэн ч яагаад ч юм энэ ажлыг өнөөг хүртэл хийгээгүй. Анх 1999 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ээр бол Монгол Улс өдийд гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоонд бүрэн шилжсэн байх учиртай. Гэхдээ эл бодлогоо 2015 онд хүчингүй болгож, оронд нь “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” баталж, реформыг 2030 он болгож хойшлуулсан юм.
Салбар хариуцсан яамны үе үеийн сайд, удирдлагууд хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг боловсруулж байгаа, удахгүй УИХ-д өргөн барина гэх тайлбар өгсөөр ирсэн. Гэтэл Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээр ХНХЯ-нд “Одоогийн нийгмийн даатгалын үр ашиггүй тогтолцоог бүрэн шинэчилж, зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцсэн шинэ тогтолцоо бий болгох асуудлыг боловсруулах шаардлагатай” гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Тэтгэвэрт гарангуутаа сарын орлого нь хамгийн багадаа гурав дахин буурч, амьжиргаа нь эрс мууддаг хуваарилалтын тогтолцоог халах тухай нийгмээрээ давалгаалж байхад ч эрх баригчид гал унтраасан шийдвэрээ гаргасаар байна. Гэхдээ нийгмийн энэ давалгаанаас хамгийн их эмээсэн хүмүүс нь мэдээж нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, нөлөөтэй эрхмүүд байв. Монголтой адил посткоммунист орнууд 2000-аад оны үед тэтгэврийн системээ шинэчлэх оролдлого хийсэн ч одоо эргээд буцаж эхэлсэн, тэтгэврийн сангийн алдагдалд улстөржсөн шийдвэр нөлөөлсөн, дэлхий даяар насжилт нэмэгдэж байгаа нь хөгжингүй тогтолцоотой орнуудын толгойг ч гашилгаж байгаа гэх зэрэг тайлбар өгч эхэлсэн. Энэ бол зайлшгүй давалгааг сөрөх гэсэн тэдний оролдлого төдий. Мэдээж нийгмийн шинжтэй шинэчлэл тул болгоомжтой, ул суурьтай хандах нь зүй. Гэхдээ тэтгэвэр нь хүрэлцээтэй, мөнгийг нь найдвартай хадгалдаг, хуримтлуулсныхаа хэрээр хүртдэг, авах тэтгэврийн хэмжээ нь тодорхой, хуримтлалаа өвлүүлдэг тийм л тогтолцоог бид хүсэж, хийхээр зорьж байгаа.
Зөвхөн бид сорилттой тулгараагүй
Дундаж наслалт нэмэгдэж, төрөлт болон залуучуудын дундах ажил эрхлэлт багассан, хөгжиж буй орнуудын Засгийн газрын өсөн нэмэгдэж буй өр, дэлхий даяар буурч буй бүтээмж гээд тэтгэврийн системд хүн ам зүй, макро эдийн засаг талаас сорилт ирж байгаа нь үнэн. Монголд ч ийм байна. Манай улсад одоогоор 20 хүн тутмын нэг нь 65-аас дээш насныхан байгаа бол 2050 онд энэ тоо таван хүн тутмын нэг болж нэмэгдэнэ. Хэрэв бахь байдгаараа байвал 2100 он гэхэд тэтгэврийн сангийн алдагдал 75 хувьд хүрнэ. Нэг ёсондоо тэтгэврийн сангийн алдагдал зайлшгүй. “Монголтой адил зах зээлийн харилцаанд шилжсэн орнуудтай харьцуулахад манай улс тэтгэврийн шинэчлэлийг нэлээд сүүлд эхлүүлж буйгаараа давуу талтай” гэж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр онцолсон. Магадгүй посткоммунист орнуудтай зэрэгцээд эхлүүлсэн бол шинэчлэлээс буцсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ уул уурхайн орлого эдийн засагт жин дарж, Ирээдүйн өв сангийн тухай хуультай болсон тэр цаг тэтгэврийн шинэчлэл эхлүүлэх тохиромжтой үе байсныг хэлэх статистикч ч байна. Тиймээс тэтгэврийн сангийн алдагдал татвар төлөгчдийн нуруун дээр улам данхайхыг харсаар суух уу гэдэг шүүлт гарна.
Уул уурхайн орлогоос хангалттай мөнгө цугларч байна. Үүнийг тэтгэврийн сангийн алдагдлыг санхүүжүүлэх замаар шинэчлэлээ хийе. Нэгэнт тэтгэврийн систем гурван тулгууртай болвол хөрөнгийн зах зээлээр дамжин эдийн засгийн маш олон салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Хүн бүр хөдөлмөрийн үр шимээ шударгаар хүртэж, сэтгэл хангалуун өтөлдөг болохын төлөө одоо л урагшлах цаг нь.
Уг нийтлэл Mongolian Economy сэтгүүлийн 160 дугаарт нийтлэгдсэн болно