Төрөөс хүчтэй мөнгө хүүлэлт
Хүрэн бөөрт “Хүү”
Цэцгээ мөнгө хүүлэгч. Кинонд гардаг шиг балмад түрэмгий зан араншинтай, мафи маягийн бүлэглэл бус гэр бүл, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зүтгэсэн жирийн эх хүн. Тэр наймаачин, ар амьдралаа авч явахын төлөө хуруу хумсаа хугартал зүтгэж яваа түмний нэг.
Энэ эмэгтэйн түүх их сонин. Учир нь тэр мөнгө хүүлэгч, бас зээлийн хүүнд дарлуулагч. Тэрбээр мөнгө хүүлж эхэлсэн жилээ эхлэлийн хөрөнгөө гурав дахин өсгөж дөрөвдүгээр хороололд хоёр ч орон сууц худалдан авчээ. Харин дараагийн хоёр жилд нэг ч байргүй, хэдэн зуун сая төгрөгийн өглөгтэй хоцорсон гэдэг. Тэр бүү хэл гэр бүлээ, эх орноо орхин зугтахаас өөр замгүй болсон байна.
Есөн жилийн өмнө анх 50 сая төгрөгөөр эхэлсэн түүний энэхүү мөнгө хүүлэх бизнесийг шаггүй ашигтай явж байгааг эргэн тойрныхон нь мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Тиймээс өөрт буй сул мөнгөө эргэлдүүлж, түүнтэй хамтрахыг санал болгоцгоосон аж. Тэдний санал ч тун таатай нөхцөлтэй байсан юм. Цэцгээ түншүүдийнхээ нийлүүлсэн мөнгийг сарын 10 хувийн хүүтэй бусдад зээлүүлж, түншүүддээ 6-7 хувийн өгөөж өгдөг байв. Зөрүү нь түүний ашиг болно. Гэхдээ энэ нь нэг их удалгүй том асуудалд оруулахыг тэр тааварлаагүй юм. Анх танилууддаа мөнгө зээлдүүлдэг байсан бол хувь нийлүүлэгчтэй болсноор зах зээлээ тэлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тэр орон зай нь гудамжны наймаачид байлаа.
Цэцгээ хэд хэдэн алдаа гаргасан. Эргэн төлөлтийг өдөр бүр бага багаар бэлэн мөнгөөр хийхээр хуваариллаа. Өдөр бүр хураан авсан мөнгөө нэг хоног ч хадгалалгүй буцаан өөр нэгэнд зээлдүүлнэ. Үүнээс болж түүний хөрөнгө зөвхөн цаасан дээр өсөж, данс, хэтэвч рүү нь үл орж байв. Тэр эрсдэлээ огт тооцсонгүй. Хүүлэгчид үлддэг ганц барьцаа нь иргэний үнэмлэх. Түүний хэд хэдэн зээлдэгч зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзсэн бөгөөд ихэнх нь төлбөрөө барагдуулах чадваргүй байснаас Цэцгээгийн бизнес нь нурах гол шалтгаан болжээ.
Хүүлэгч өөрөө адилхан наймаа эрхлэгчийн хувиар тэдний зовлонг ойлгож хугацааг нь сунгах зэрэг нинжин сэтгэл гаргадаг. Харин энэ нь хувь нийлүүлэгчдэд огтхон ч сонин биш. Эцэстээ тэднээс эд хөрөнгийг нь хураан авах гэтэл ихэнх нь ардаа 4-5 ам бүл тэжээдэг, өгье гээд ч эд хөрөнгө гэхээр юмгүй байжээ. Зээлдүүлсэн мөнгөө авч чадаагүй тохиолдол, алдсан цаг хугацаа бүрт хувь нийлүүлэгчдэд очих өгөөж бодогдсоор байгааг тэр дутуу тооцсон эсвэл огт тооцоогүй байлаа. Цэвэр итгэлцэл дээр тогтон өсөж байсан Цэцгээгийн бизнес түүний хамгийн итгэлтэй зээлдэгчид нь түүнийг мэхэлснээс үүдэн мухардсан юм. Түүнчлэн хувь нийлүүлэгчдэд төлөх хүү нь маш хурдан өссөн аж.
Хувь нийлүүлэгчид түүнийг залилангийн хэрэгт буруутган шүүхэд гомдол мэдүүлжээ. Харин тэд анхнаасаа тохиролцоонд хүрч, хамтран бизнес эрхэлсэн тул дампуурлын хариуцлагыг ч хамтдаа хүлээх учиртай байлаа. Гэвч хоёр жилийн хугацаанд зарим хувь нийлүүлэгч 130 гаруй хувийн өгөөж хүртсэн хэрнээ түүнээс анх нийлүүлсэн хөрөнгөө 6-8 дахин нэмэгдүүлж өгөхийг шаардаж байв. Тэр одоо ч хэдэн арван сая төгрөгийн өртэй. Монгол Улсын шүүх буруу, зөвийг ялган дэнсэлсний ачаар асар их хэмжээний хүүгийн дарамтаас салж, сэтгэлийн ачаа нь хөнгөрсөн. Гэвч өнгөрсөн хэдэн жилд тэрбээр амьдралдаа мөнгөөр үнэлж болшгүй олон зүйлээ алдсан юм.
Энэ бол мөнгө хүүлэлт гэх зүйл рүү ороод цөм ашиг олоод амжилтгүй газардсан хүний бодит түүх. Харин нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хүүлэлт ямар байгааг бид сурвалжлагадаа хөндлөө.
Хүүгээр шулж, шулуулж байна
Их хотын хамгийн ачаалалтай хэсэг Нарантуул, Хархорин тэргүүтэй худалдааны төвүүдэд амьдрал эд өрнөж байна. Тэнд мөнгө жинхэнэ эргэлдэж байна. Эдгээр захуудад мөнгө хүүлэлт хаврын яргуй шиг цэцэглээд л байхаас хагдарна гэж үгүй. Харин ч өдрийн зээлийн хүүнд хуулийн зохицуулалт үгүйлэгдэж төрөөс ч хүчтэй болж, төрийнхийг элсүүлжээ. Хэзээ эцэслэгдэх, хэнээс эхэлсэн нь үл мэдэгдэх хүүлэлтэд орчихсон олон худалдаа эрхлэгчийн нэг Б “Хархорин” худалдааны төвийн гадна таван жил жижиглэнгийн худалдаа эрхэлж буй бөгөөд бараагаа татахын тулд мөнгө зээлдүүлэгчээс 22 хоногийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг. Ингэхдээ өдөр болгон тодорхой хэмжээний мөнгө буцаан өгөх ёстой. Жишээ нь, сая төгрөг зээлсэн бол өдөрт 50 мянган төгрөг болно. Энэ мөнгийг мэдээж өдрийнхөө орлогоос өгнө. Хэрэв орлого сайн байвал зээлээ дарж чадна, үгүй бол өөр хүнээс зээлэх хэрэгтэй болдог. Тэрбээр “Би өдрийн зээл өгдөг хүмүүсийг буруутгадаггүй. Банкнаас зээл авах боломжгүй учраас л бид үүнийг авдаг. Би хоёр жилийн өмнө авсан өрөө төлж чадахгүй явсаар хүүтэйгээ нийлээд найман сая төгрөг болж, эцэстээ шүүхэд дуудагдсан. Зээлээ хугацаанд нь төлөөгүй бол голдуу сарын 0.5 хувийн хүү тооцдог. Гэхдээ шүүхийн шийдвэрээр алданги тооцохоо больж, гуйж байгаад наймыг зургаан сая болгосон. Одоо долоо хоногт 100 мянган төгрөг төлж байгаа” гэв. Түүний хувьд анх хэчнээн төгрөг зээлснээ мартатлаа “хүүлүүлж” явна. Өрөө төлөөд л байдаг, дуусдаггүй. Ингэсээр хувь хүн, ББСБ-аас авсан нийтдээ 12 сая төгрөгийн өртэй болжээ.
Түүний адил тус захын барилгын гадна бараа худалдаалдаг олон хүн ийм зээл авч байна. Зээлээ төлж чадалгүй сураггүй алга болсон нөхдүүд ч бий гэх. “Хархорин” захын шинэ барилга ашиглалтад орсноор гадаа зогсож буй худалдаачдыг хууль бус хэмээн хөөж туух нь энүүхэнд болж. Худалдаачин Б бараагаа хураалгаад долоо хоносны эцэст, арай хийж буцаан аваад зогсож байлаа. Тэр бүтэн долоон хоногийн орлого, зээлээ төлөх мөнгөө алджээ.
Бидэнтэй ярилцаж зогссон эмэгтэй болон бусад худалдаачин бараатай тэргэнцрээ тачигнуулан гулдчин цааш хэсэг явснаа хамгаалагчийг буцаад орох эгшинд тэрхэн зуураа зогсож наймаагаа үргэлжлүүлэв. Оймс зарж буй нь “Мянгад нэгийг аваарай”, ариун цэврийн цаас зардаг нь “Мянгад дөрвийг аваарай” хэмээн хашхирна.
БЗД-ийн 13-р хорооны иргэн Ц хуучин барааг (комиссын) нэг захаас худалдан авч нөгөө зах дээр борлуулахын тулд өдрийн зээл авдаг нэгэн.
Тэрбээр анх найман жилийн өмнө ийм зээл авчээ. Хувиараа жижиг бизнес эрхлэх хүсэл байв ч хуримтлалгүй тул хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч одоогийн ажлаа эхлүүлжээ. Сарын 10 хувийн хүүтэй зээл авч, зургаан хүнийг тэжээж явна. Банкны зээл авъя гэхэд барьцаа хөрөнгөгүй тул өөр сонголт түүнд алга. Харин арилжааны зарим банк кредит карт гаргаж байгааг олзуурхан хүлээн авчээ. Ц “Кредит карт зөв ашиглаж чадвал сарын 10 хувийн хүүтэй зээлээс гарах боломжтой болох нь” хэмээн инээмсэглэсэн юм. Анхлан 300 мянган төгрөгийн зээл авч байсан бол сүүлд 1.5 сая төгрөг зээлснээр, одоо өдөрт 75 мянган төгрөг хураалгаж байгаа гэнэ. Хачирхалтай нь сард хэчнээн төгрөг хүүнд төлж буйгаа огт тооцож үзээгүй хэмээх. Найман жилийн турш өдрийн зээлээр амьдарч буй энэ эмэгтэй “Банкнаас зээл авах нь бидний хувьд мөрөөдөл. Маш их бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийг төрөөс дэмждэггүй учир бид хувь хүний өндөр хүүтэй зээл авахад хүрдэг” гэлээ.
Харин Иргэн Б-гийн хувьд “Нарантуул” зах дээр жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Сүүлийн 10 жил тус захад наймаа хийж байна. Өдрийн зургаан хувийн хүүтэй дөрөв хүртэлх сая төгрөгийн зээл авна. Ийм төрлийн зээлийг хүмүүс ихэвчлэн баяр ойртох, эсвэл онцгой тэмдэглэлт өдрүүдийн үеэр авах нь элбэг аж. Нөгөөтэйгүүр баярын улирал дөхөхөд өдрийн зээлэнд мөнгө оруулж өсгөх сонирхолтой хувь хүн ч олон болдог байна.
Чөтгөрийн тойргоос гармаар байна
Хоёр жилийн өмнө мөнгө хүүлэлт гэх зүйл рүү 20 орчим сая төгрөгтэй ороод дийлэнхийг нь алдчихсан суугаа нэгэнтэй бид уулзсан юм. Д гэх энэ эмэгтэй өдрийн хүүтэй мөнгө зээлдүүлэгч. Бидний хэлдгээр “хүүлэгч”. Шүүхийн шийдвэр гарч бүтэн жилийн хугацаа өнгөрчихөөд байхад нэг ч төгрөг авч чадаагүй. Шүүхэд өгөөд ч ялгаагүй тул одоо аргадаж гуйдаг болсон гэв. Тэрбээр “Хүү авахаа больё. Нэг сая төгрөгөө өдрийн 10 мянгаар бодоод хуваагаад өгчих гэж ч гуйж үзэж. Бүтэн жил ингэж явахад сэтгэлтэй нэг нь мөнгөө өгч, сэтгэлгүй нэг нь алга болдог. Гэрийн хаяг дээрээ ч байхгүй зугтана. Хаана байгааг нь мэдэхгүй, хэдэн төгрөгөө алдчихсан эрэл сураг болоод явж байгаа олон хүн байна” хэмээн ярив. Түүний тооцооллоор анх оруулсан 20 орчим сая төгрөг нь өсдөг ч үгүй, алдсанаа л нөхөх зарчмаар явж буй.
Мөнгө хүүлэгч гэх хүмүүсийн зарим нь байраа барьцаалан зээл авч, түүгээрээ зээл олгож дундаас нь мөнгө унагах зорилготой энэ бизнест орчихсон байдаг байна. Гарч чаддаггүй гэж ярьцгаах. Харин тэрбээр орон сууцны зээлтэй бөгөөд анх өөрөө “Хархорин” захад комиссын бараа борлуулдаг байжээ. Өдрийн зээлийг олон жил гэрчилж суусан учир хийгээд үзье гээд орсон нь энэ.
Өдрийн зээл, мөнгө хүүлэлт гэх ойлголт хуульд байхгүй учир шүүхээс нарийн мэдээлэл гаргахад хүндрэлтэй байдаг аж. Зөвхөн зээлийн гэрээтэй холбоотой маргаан гэдэг талаас нь шүүх авч үздэг. Харин нэхэмжлэлийг хүлээж авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-63 дугаар зүйлийг баримталдаг тухай П.Ариунбилэг /Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хоёрдугаар хэлтсийн дарга/ тайлбарлав.
2014-2015 онд лангуу барьцаалсан зээлтэй холбоотой маргаан 3000 гаруйгаар ихэссэн бол 2016-2017 онд буурчээ. Чухам иргэд хоорондын зээлээс үүдэлтэй мөнгө хүүлэлтийн цаана хэдэн хүн, хэчнээн төгрөг эргэлдэж буйг одоогоор судалсан газар үгүй бөгөөд энэ төрлийн бизнест хууль, эрх зүйн орчин үгүйлэгдэж буйг дээрх олон маргаан харуулж байгаа юм.
“Новел Инвесмэт” компанийг үүсгэн байгуулагч Д.Ангар “Ломбардны хүү жилийн 200-300 хувь байна. Харин өдрийн зээлийн жилийн хүү нь 700 хувь. Энэ бүгдийн цаана төрийн дарга нар л байгаа учир хүүлэлтийг зогсоох, хүүг буулгах бодлого барьдаггүй. Бүх улс хөгжлийнхөө шатанд хүүлэлтийн эсрэг хууль гаргаад үүнийг үгүй болгосон. Ийм хуульгүй ганц улс нь Монгол” хэмээсэн. Харин зарим мэргэжилтэн мөнгө хүүлэлт, хүүг буулгах ойлголтыг тусад нь авч үзэх хэрэгтэйг сануулж байгаа.
Манай улс хүүлэлтийн эсрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлээгүйгээс олон иргэн өөрийгөө болон бусдыг хохироож, хохирч явна. Дээрх жишээнүүд бол зөвхөн худалдааны захуудад өрнөж буй хүүлэлтийг харуулна. Харин хувь хүн, байгууллага гээд Монгол Улс даяараа хүүлэлтийн сүлжээнд орсныг эцэст нь тэмдэглэе.