Т.Доржханд: Тодорхойгүй байдал ирэх онд ч үргэлжилнэ

Mongolian Economy
2020-12-10 15:28:27
Ангилал: Коронавирус

Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн тодотгол, эдийн засгийн цаашдын нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид байр сууриа “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны наймдугаар сарын дугаарт илэрхийлсэн юм. Тэдний байр суурь өдгөө ч үнэ цэнээ алдаагүй байгаа учир бид цувралаар хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд

ДЭМБ-ын гүйцэтгэх захирлын хийсэн мэдэгдлээс цар тахлын хүндрэл хоёр жил орчим үргэлжилнэ гэж ойлгосон. Вакцин гарч баталгаажсан ч түгээлт нь дор хаяж нэг жилийн хугацаа авах юм байна. Нөхцөл байдал ийм болж байгаа тул хорио цээр тогтоох, хил гаалиа хэр удаан хаах нь мөн тодорхойгүй. Гэтэл манай Засгийн газар, Сангийн яамныхан ирэх жилээс эдийн засаг тэлэх буюу КОВИД-19 цар тахлын нөлөө эдийн засагт V хэлбэртэй байна гэж үзэж байгаа. Миний хувьд V хэлбэртэй биш, тодорхойгүй нөхцөл байдал дахиад нэг жил үргэлжилнэ гэж үзэж байна. 2021 онд эдийн засаг сэргэнэ гэдэг эргэлзээтэй.

Монголын эдийн засаг өмнөд хөршөөс шалтгаалдаг нь үнэн. Хятадын эдийн засаг бусад том эдийн засгуудаас ганцаараа эерэг гарна гэсэн төсөөллийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд гаргасан. Засгийн газар энэ төсөөлөлд найдаад байх шиг байна. Би бол эргэлзэж байгаа. Хятадын тэлэлтийг хязгаарлах гэсэн геополитикийн бодлого, ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор их өрнөж байна.

Цаашдаа ч энэ чигээрээ үргэлжлэх юм бол Хятад гадагшаа чиглэсэн экспортын бодлогоо өөрчлөөд дотогшоо чиглүүлэхэд хүрнэ. Гэвч дотоодын эдийн засаг нь хөөс ихтэй байна. Тухайлбал, орон сууцны үнэ байх ёстой хэмжээнээс хэд дахин өндөр, Засгийн газрын дотоод өр нь маш их байгаа зэргээс харахад Хятадын эдийн засаг тогтвортой хадгалагдах уу гэдэгт “тийм” гэдэг хариулт өгч чадахгүй.

Манай улс энэ аварга эдийн засгийн нүүрснийх нь зах зээлд багахан байр суурь эзэлдэг учраас эдийн засаг тэлэх орон зай байгаа гэж манай эдийн засагчид дүгнэж байна. Гэтэл манайх төмөр замаа тавиагүй, авто замаар тээвэрлэдэг, хил гаалийн нэвтрэх чадвар, хөл хорио хэвээрээ байгаа нөхцөлд өөдрөг төсөөлөл буухгүй, экспорт нэмэгдэнэ гэж бодохгүй байна.

Экспорт сайжрахгүй бол ачаалал нь манай улсын төлбөрийн тэнцэл дээр ирнэ. Өнөөдрийн байдлаар төлбөрийн тэнцэл, төсвийн аль аль нь их хэмжээний алдагдалтай явж байна. Ирэх жил энэ байдал үргэлжилбэл ханшаа алдах эрсдэл өндөр. \

Хэдийгээр манай түүхий эдийн экспортын орлогын дийлэнх нь сүүлийн хагас жилдээ орж ирдэг нь үнэн боловч нөхцөл байдал тодорхойгүй байгаа тул урьдынх шигээ бодож, өөдрөг төлөвлөж болохгүй. Одоохондоо хилээр гарч байгаа нүүрс тээврийн машин хоёр мянгыг давсан ч энэ чигээрээ үргэлжилнэ гэдэг нь хэтэрхий өөдрөг төсөөлөл байх.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд ирэх онд эдийн засгийн өсөлт долоон хувь байна гэж тусгасан. Төсөв ийм их алдагдалтай, төлөвлөсөн орлогоо алдсан, санхүүгийн салбарын реформууд гацсан, мөн сонгуультай жилүүд тохиож байхад эдийн засаг долоон хувиар тэлнэ гэдэг худлаа.

Үнэнийг хэлэхэд энэ оны төсвөө сонгуульд зориулаад оны эхэнд тодотгоогүй шүү дээ. Ээлжит бус чуулганаар тодотгосон ч өнөө л сумын төвийн 1-2 км зам, конторын барилга, соёлын төв гэх мэт үр ашиггүй зардлуудад санхүүжилт гаргасан. Би үүнийг орон нутгийн сонгуульд зориулсан тодотгол гэж харж байгаа. Ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн ачаалал бас л төсөвт ирнэ. Тэгэхээр цаашдаа экспортоо нэмэгдүүлж, гаднын хөрөнгө оруулалтыг татаж, хөрөнгийн дотогшлох урсгал бий болж чадах эсэх нь тодорхойгүй болж байгаа юм.

Халдварыг дотооддоо алдаагүй нь үнэн юм бол бизнесүүдэд саад болсон хөл хориог цуцлах ёстой. Гэтэл есдүгээр сарын 15 хүртэл хорио цээрийн дэглэм хэвээрээ л байна. Хөрөнгө, хүчээ гаднаас вирус оруулахгүй байхад хуваарилаад явах нь зүйтэй ч дотооддоо бизнесийнхээ үйл ажиллагааг нээж, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байна. Харамсалтай нь төсөвт энэ чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн нэг ч зүйл алга. Энэ хүнд цаг үед иргэдийн хоол, орлогыг хамгаалах нь зүйтэй ч ажлын байрыг нь давхар хамгаалах учиртай. Бизнесийн үйл ажиллагааг сэргээж, идэвхжүүлэхэд тодорхой зохицуулалтууд төсвийн бодлогоор хийх боломж бий. Энэ боломжийг ашиглахын оронд өнөөх л үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгээд байна шүү дээ.

Ирэх таван жилд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр 50 орчим их наяд төгрөг тусгасан. Гэтэл Монгол Улсын нэг жилийн төсвийн бодит хэмжээ 10 их наяд орчим төгрөг. Үүний төлөө аймаг аймгийн төлөөллүүд тойрогтоо ажил гүйцэтгэх ТЭЗҮ суулгаж авбал болоо гээд л үзэлцэж байна. Өөрөөр хэлбэл, 2024 онд дахин сонгогдох нь л чухал. Түүнээс биш эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа, ер нь цаашдаа яахыг бодож байгаа төрийн түшээ ховор байна даа.

Тэгэхээр манай эдийн засаг хөгжихгүй байгаа эмзэг цэг нь сонгуулийн тогтолцоо гэсэн үг. Өмнө нь 76 тийшээ мөнгөний эх үүсвэр татах уралдаан явдаг байсан бол одоо 21 аймагт татах уралдаан өрнөж байна.

Уг нь Монгол Улс нэг тойрог болвол үр ашиггүй хөрөнгө оруулалт татаж, зулгаадаг нь багасна. Үндсэн хуульд тусгасан сонгуулийн системээ өөрчлөх ёстой. Гэвч найман жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Тиймээс ирэх найман жилийн хугацаанд эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа бодитой ажил хэрэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргоо эдийн засгийн бүсчлэлдээ зориулаад таван том тойрог болгочихвол хөрөнгө оруулалт, төслүүдээ үр ашгаар нь эрэмбэлж сурна. Ингэснээр эдийн засгаа урагшлуулах нэг бодит алхам болох юм.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 8-р сарын дугаараас

 

Mongolian Economy