Удирдлагын асуудал
Жо Байден, Дональд Трамп 2024 онд дахин сонгуульд өрсөлдөхийг хүсэж байгаа ч намууд нь өөр санаа агуулж байна
Улстөрийн сонирхолтой шинэ эрин, эсвэл хэн ч хүсэхгүй зодооны гэрч нь Америк болох гэж байна. Дональд Трампыг ялж чадсан тэр л хүн эл хоёр ирээдүйн аль нь вэ гэдгийг шийднэ. Тэр хүн нь нам доторх өрсөлдөгч байх уу? Эсвэл 2024 оны сонгуулиар Жо Байден, эсвэл намын шинэ замыг зурах Ардчилсан намын өөр нэр дэвшигч байх уу?
Трампын нарциссист үзэл нь ойрын хугацаанд Америкийн улстөр тойрон эргэлдэх хар нүх хэвээр байна. Зөвхөн улс төрөөс гадна эрхзүй, сэтгэл зүйн учир шалтгааны улмаас ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөс өөр сонголт түүнд алга. Тэгэхгүй бол эрүү, иргэний хэрэгт буруудах эрсдэл нь улам нэмэгдэнэ. Мартагдан унтарч олны анхаарлаас холдсоноор ивээн тэтгэгчид, үнэнч дэмжигчдээсээ салах нь түүнд хамгийн харуусалтай юм.
Гэвч завсрын сонгуулийн дүн Трампыг дахин ялагдагч болгож, түүний дэмжиж байсан олон нэр дэвшигчийг сонгогчид үл хайхрав. Энэ зуур гол өрсөлдөгч Флоридагийн захирагч Рон ДеСантис Бүгд найрамдах намд ихээхэн байр суурьтай болов. Трампаас салахын түүс болж байсан Бүгд найрамдах намын донорууд, албан тушаалтнууд ДеСантисын талд орно.
Харин бусад нь Флоридагийн захирагчтай харьцуулбал илүү сайхан сэтгэлтэй, боловсон хувилбар гэгдэж буй Виржиниагийн захирагч Гленн Янгкинийг дэмжинэ. Трампын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Майк Пенс өөрийгөө бүгд найрамдахчуудын сонгогч нарт эв нэгдлийг эрхэмлэгч хэмээн рекламдаж магадгүй. Энэ нь сонгогчдыг татахад хэр нөлөөлөх вэ гэдэг нь сонирхол татна.
Нөлөөлөхгүй ч байж болно, учир нь Трампыг тооцооноос хасаж огт болохгүй. Тэрбээр хөшүүргийн дүрмийг сайн мэддэг учир олон жилийн турш сул талаа асар том үр дүн авчирхуйц байдлаар ашиглаж ирсэн. Тэрбээр цэрэгжсэн дэмжигчдээ өөрийн өрсөлдөгч, шүүмжлэгчдийг айлгах клуб болгон ашигладаг, тэд нар нь ямар хор хохирол учруулж болохыг 2021 оны нэгдүгээр сарын 6 харуулсан билээ. Анхан шатны сонгуулийн үеэр өөрийнх нь эсрэг саналыг хуваах нэр дэвшигч олон байх тусам сайн гэж тэрбээр үзэж буй.
Гэхдээ Трампын арга барил сонгуулийн үеэр түүнд хазаар болно. Дэмжигчдийнхээ үнэнч байдлын талаарх алдартай мэдэгдэл буюу Тавдугаар өргөн чөлөөнд хүн буудсан ч гэсэн дэмжлэгээ алдахгүй гэсэн Трампын итгэл үнэмшил нь асуудлын зөвхөн нэг тал юм. Үүний хариуд тэрбээр сонгогч нартаа үнэнч гэдгээ байнга харуулах ёстой болсон. Ковид-19-ийн вакцин хийлгэсэн гэдгээ ч тайван зарлаж чадахгүй байдалд орж байв. Нэмэлт тун хийлгэсэн гэдгээ Трамп нэгэн уулзалтын үеэр зарлахад дэмжигчид нь түүний эсрэг хашхирч байлаа. Фанатуудаа ийн үнэнч болгон хөгжүүлэх дон нь Трамп яагаад олонхын дэмжлэгийг огт авч байгаагүй, цаашид ч авах найдваргүй вэ гэдгийг тайлбарлаж байгаа юм. Ихэнх америкчууд түүний үйлдлүүдээс залхсан.
Харин Жо Байденд нас, сонгогчдын дэмжлэг сул зэргээс нь шалтгаалж дахин нэр дэвшихгүй байх дарамтыг Ардчилсан нам үзүүлнэ. Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом, Мичиганы Гретчен Витмер, Колорадогийн Жаред Полис нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлана, өөр хүмүүс ч нэмэгдэнэ.
Нийгэм, эдийн засгийн ноцтой асуудлуудтай тулгарсан ерөнхийлөгч нарт түүх харгис хандсаар ирсэн ч Байден бууж өгөхгүй байж мэднэ. Хэрэв тэгвэл огт хүсэхгүй байгаа хоёр хөгшин өрсөлдөгчдийн аль нэгээс сонгох сонголттой америкчууд тулгарна.
Хэрэв Байден нэрээ дэвшүүлэхгүй бол Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй, өнгөт арьст эмэгтэй гэдэг шалтгаанаар Камала Харрис Ардчилсан намыг лоббидно. Зарим нь түүний талд орно. Гэхдээ Тээврийн сайд Пит Баттигег, Худалдааны сайд Жина Раймондо зэрэг Засгийн газрын гишүүд нэрээ дэвшүүлэх бөгөөд Ардчилсан намын цаашдын чиглэлийн талаар эрч хүчтэй маргаан өрнүүлнэ.
Ардчиллын эрүүл мэндийн талаар америкчууд айдастай байна. Гэхдээ хоёр намын удирдлагын төлөө шинэ үеийн манлайлагчид өрсөлдөж байгаа учир тэд ардчиллын үнэ цэнийг харуулахын төлөө чармайх хэрэгтэй.
Жэймс Беннет Лексингтон тоймч, The Economist, ВАШИНГТОН
Эх сурвалж: Дэлхий 2023 онд дугаар, “АНУ” булан
The Economist сэтгүүлийн онцгой зөвшөөрлийн хүрээнд Mongolian Economy хүргэж байна.