“Хаан ширхэгт” брэндийн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргаж, Хятадын ноолуураас ялгахыг зорьж байна

Mongolian Economy
2020-04-24 14:04:53

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Монголын ноолууран брэнд бүтээгдэхүүнийг үндэсний болон дэлхийн зах зээлд гаргахад “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл” (ТННЭ)-ийн гүйцэтгэж буй үүрэг оролцоо, хичээл зүтгэлд талархаж буйг илэрхийлье.
Ноос, ноолуурын салбар нь уул уурхайн бус нийт экспортын 34 хувийг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жил нийт ноолуурын 25 хувийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгоход зарцуулжээ. Үлдсэн 75 хувийг угаасан, самнасан байдлаар нийлүүлжээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэх, мөн түүхий эдийн чанартай бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх юм. Гарал үүслийн баталгаатай, чанартай түүхий эдийг тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх болон Ноолуурын өртгийн сүлжээнд хамрагдсан үйлдвэрлэл, худалдааг бүртгэлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг энэхүү хөтөлбөрт тусгасан. Тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйн илрэл нь өмнө нь бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ердөө 8-9 хувийг хангадаг байсан бол тус хөтөлбөрийн хүрээнд нийт ноолуурынхаа 25 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхэд зарцуулсан байна. Нийт борлуулалтын дүн 1.3 их наяд төгрөгт хүрсэн нь 30 гаруй хувиар борлуулалт нэмэгдсэн үзүүлэлт. Мөн 1570 ажлын байр шинээр бий болсон нь Монгол Улсад хамгийн олон ажлын байрыг ноолуурын салбар бий болгожээ. Энэ нь мөн өнгөрсөн жил Хөгжлийн банк бидэнтэй хамтарч ажилласны үр дүн. Ноолуурын салбарынхан ч хариуцлагатай сайн ажилласан учраас ийм үр дүнд хүрсэн. Монгол Улсын Засгийн газрын Мал аж ахуйн салбарын 2020-2025 оны Хөгжлийн бодлого, стратегийн зорилтод, мэдлэгт суурилсан бэлчээрийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд оршиж байна. Мөн мал аж ахуйн үйлдвэрэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх хөгжлийн загвар нь уламжлалт өв, соёлтой уялдсан бэлчээрийн аж ахуйд зохицсон, байгалийн нөөц баялгийг тогтвортой, зохистой ашиглах, ногоон эдийн засгийн чиг баримжааг дэмжихэд суурилахаар заасан. Түүнчлэн мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага, стратегийн зорилтын хүрээнд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүртгэлээр дамжуулан хяналт тавьж, гарал үүслийг баталгаажуулахаар тусгасан нь нэн ялангуяа ноолуурын салбарт дэлхий дахины тавьж буй шаардлага. Ноолуурыг малчны хотноос чанартай, зах зээлийн шаардлагад нийцсэн чанар стандартаар бэлтгэн нийлүүлэх явдал нь ноолуурын өртгийн сүлжээг бүрдүүлэх амин чухал асуудал юм. Харамсалтай нь, өнгөрсөн жилийн ноолуур бэлтгэлийн дундуур ноолуурын гарц харьцангуй муудсан. Гол шалтгаан нь бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо асуудалтай, хяналт муу байсантай холбоотойгоор ноолуур дунд хонины ноос, бусад хог, шороо зэрэг орох нь нэмэгдсэн. Энэ асуудлыг засаж, залруулах ёстой. Ингэснээр малчдын орлого нэмэгдэнэ, эцсийн хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүрнэ. Тиймээс төрөөс “Малчны талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу малчдыг зах зээлд зөв бэлтгэхэд нэн тэргүүнд тэдний ноолуур бэлтгэх чанарыг сайжруулах нөхцөлийг дор бүрнээ зохион байгуулах арга замыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Бид “Хаан ширхэгт” гэсэн үндэсний брэндийг бий болгож өндөр чанартай ноолуураа тусдаа ялгаж “Хаан ширхэгт” брэндийн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргаж, Хятадын ноолуураас ялгаруулахыг зорьж байна. “Хаан ширхэгт”-ийн стратегийн түншлэгчээр Монголын Ноос, ноолуурын холбоо ажилладаг. Тэгэхээр ТННЭ-ийг Монголын Ноолуурын холбоотой хамтран ажилллахыг хүсэж байна. Стандарт, баталгаажуулалтыг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна.
ТННЭ-ээс зохион байгуулж буй олон улсын хурлаас гарах үнэ цэнтэй санал зөвлөмжийг манай яамны зүгээс цаашид бодлого, эрх зүйн чиглэлд зохистой орчинг бий болгох, бодитой ажил хэрэг болгоход хамтран ажиллах болно. Бид зөвхөн угаагаад экспортолдог байсан бизнесийн үйл ажиллагааг самнасан түвшинд чиглүүлэх эсвэл гүн боловсруулалтын үе шатыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ингэснээр малчдын орлого ашгийг нэмэгдүүлэх, ноолуурын салбараас Монгол Улс илүү ашиг хүртэх бодлогыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байна.

Mongolian Economy