Хадгалагсдын сэргэн мандалт

Sarangerel
2025-07-03 11:31:49
Ангилал:

Хямралын үед ч баян орнуудын хөдөлмөрийн зах зээл идэвхтэй хэвээр байна

/Калиум Уиллиамс Ахлах эдийн засгийн нийтлэлч, Сан Франциско/

2021 онд хөл хорио суларсны дараа баян орнуудын хөдөлмөрийн зах зээлийн сэргэлтийн хурд хүн бүрийн хүлээлтийг ардаа хаяв. Улмаар 2022, 2023 онд тасралтгүй сайжирсаар олон ч дээд амжилт эвдсэн билээ. Цар тахлын дараах энэ өсөлт зогсох болов уу? 2024 оны эдийн засгийн төлөв тодорхойгүй л байна. Хэдийгээр дэлхийн эдийн засаг хямарсан ч хөдөлмөрийн зах зээл идэвхтэй хэвээр байх бөгөөд ирэх онд ажил олоход урьд урьдынхаасаа хялбар байх болно.

Чинээлэг орнуудын ажилгүйдлийн түвшин тав ч хүрэхгүй хувь байгаа нь түүхэн бага үзүүлэлт юм. Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд авч үзэхийн тулд ажил эрхэлж буй 16-64 насны хүмүүсийн эзлэх хувийг сонирхъя. “Хөдөлмөрлөх насны ажил эрхлэлтийн түвшин” нь эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын тэн хагаст урьд өмнө байгаагүй өндөр түвшиндээ хүрээд байна. Итали, Португал зэрэг ажилгүйдэл өндөр байх нь хэвийн үзэгдэл болсон улс орнуудад ч ажил эрхлэлтийн түвшин дээд амжилтыг эвдэж байна. Хөдөлмөрийн зах зээл нь ажилтнуудад, тэр тусмаа бага орлоготой, ур чадвар сул хүмүүст сүүлийн үеийн эдийн засгийн түүхэнд байгаагүйгээр илүү ээлтэй болж байна.

Энэ нөхцөл байдал олон эдийн засагчийг төөрөгдүүлдэг. Компаниуд хиймэл оюун ухаан болон робот ашиглаж эхэлснээр сая сая хүн ажлын байраа алдаж “ажлын байрны төгсгөл” ирэх ёстой байсан биш бил үү? Үнэн хэрэгтээ сүүлийн үеийн судалгаагаар ихэвчлэн эсрэгээрээ байх боломжтой аж. Шинэ технологи нэвтрүүлсэн компаниуд зах зээлд илүү их хувийг эзэлдэг тул авсан олон захиалгаа биелүүлэхийн тулд илүү их хүн хүч хэрэг болдог тул ажилтнуудаа халахаас илүүтэй шинээр авах нь илүү байдаг байна. Саяхан гарсан нэгэн нийтлэлд 1978-2017 оны Япон улсын үйлдвэрлэлийг авч үзэхэд мянган ажилтанд нэг робот нэмэгдэх нь байгууллагын ажил эрхлэлтийг 2.2 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Бүтцийн гурван хүчин зүйл ажлын байрны өсөлтийг бүрдүүлж байна. Эхнийх нь хүн ам зүйтэй холбоотой. Чинээлэг орны хүн ам хурдацтай хөгширч байна. Залуучуудтай харьцуулахад ахмадууд ажилгүй байх магадлал бага байдаг нь илүү ур чадвартай холбоотой. Мөн тэдний хувьд ажилгүй байх нь илүү ичгэвтэр зүйл юм. Хоёр дахь нь бодлого. Сүүлийн хэдэн арван жилд засгийн газрууд ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулсны дотор тултал нь буулгасан ч тохиолдол бий. Тиймээс ажилд орсноор авах өгөөж харьцангуй өндөр юм. Гуравт, Indeed, LinkedIn зэрэг платформаас эхлээд технологийн дэвшлүүдийн ачаар хүмүүс тохирсон ажлаа олоход улам хялбар болжээ.

Ийнхүү хөдөлмөрийн зах зээлд 2021-2023 онд асар их хэмжээний шинэ ажлын байр бий болох боломжтой болов. Засгийн газрын тараасан мөнгө, өөрсдийн хуримтлагдсан хуримтлалдаа халаас нь түнтийсэн иргэд алдсан цагаа нөхөхөөр зочид буудал, зоогийн газар, зугаа цэнгэл зэрэг хөдөлмөр ихээр шаардсан үйлчилгээнд мөнгө “цацах” болжээ. Хөгжингүй орнуудын ажиллах хүчний нийт эрэлт нь нийлүүлэлтээ ардаа хаяснаар сул орон тоо олширч, ажил олгогчид ажиллах хүчний хомсдолын талаар шуугиж эхлэх нь тэр. Чинээлэг орнуудын цалин хэдэн сарын турш жилийн өмнөхөөсөө тав гаруй хувиар өндөрт байсаар байна.

Эрэлт, нийлүүлэлт тэнцвэргүй байгаа тул хямрал болж байж ажлын байрны зах зээл бодитоор унах магадлалтай. Сүүлийн саруудад ажиллах хүчний эрэлт буурч байгаа ч үр дүнд нь ажлын байр буурахаас илүү сул орон тоо цөөрч байна. Австралид Indeed дээрх ажлын зар оргил үеээсээ 20 гаруй хувиар буурчээ. Гэвч хөдөлмөрийн насны ажил эрхлэлтийн түвшин шинэ дээд түвшиндээ хүртэл өссөөр байна. Түүхэн хэвийн хэмжээндээ хүрэхээс өмнө сул орон тоо дахин буурах орон зай байсаар. Дундаж чинээлэг улсад цар тахлын өмнөхөөс гучин гурваад хувиар илүү сул орон тоо байсаар байна.

Хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдлыг хүлээх бас нэг шалтгаан бий. Хөл хорионы үеэр олон компани ажилчдаа цомхотгосон ч эдийн засаг дахин нээгдэхэд тэднийг ажилд нь буцааж авах гэж аргаа ядаж байв. Захирлууд нэг алдаагаа дахин давтахыг хүсдэггүй. Тиймээс эдийн засаг зөөлөн газардсан тохиолдолд компанийн удирдлагууд цалингаа тавьж чадахгүй болсон ч ажилчдаа авч үлдэх хандлагатай байх болов уу.

ДНБ-ийн одоогийн өсөлтийг харгалзан үзэхэд чинээлэг орнуудын ажилгүйдэл хүлээгдэж байснаас ч доогуур байгаатай дээр дурдсан “хөдөлмөр хуримтлуулах” онол нийцэж байгаа юм. 2023 онд Герман, Шинэ Зеланд зэрэг баян орнууд түр зуурын жижиг хямралд оржээ. Хөдөлмөрийн зах зээл доголдож буй шинж тэмдэг байна уу? Бараг л алга.

Компаниуд боломжтой бол ажилтнуудаа авч үлдэх өөр нэг шалтгаантай болно. Их төрөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарахын хэрээр ажиллах хүч хурдтай агшиж байна. Хөдөлмөрлөх хүсэлтэй, чадвартай хүний үнэ цэн улам бүр нэмэгдэж байгаа нь ажиллах хүчний хомсдол цагийн эрхээр түр зуурын бус байнгын үзэгдэл болж хувирна гэсэн үг юм. 2024 онд юу ч тохиолдсон хэт халсан хөдөлмөрийн зах зээл тэсч үлдэх магадлалтай.

/Дэлхий 2024 дугаараас /